Стандартыг хамтдаа хөгжүүлье!

Хүүхэд амь насаа алдсан эмгэнэлт явдал шил шилээ даган гарахад, эсвэл мах махан бүтээгдэхүүн буюу бидний хоол хүнстэй холбоотой сэтгэл сэрдхийлгэм мэдээ тарахад л үүнийхээ горыг амсаж, сая энэ тухай санан зах зухаас нь хөндөх жишээтэй байна.
Стандартыг хамтдаа хөгжүүлье!

Нийгмийн амьдралыг олон төрлийн хууль, дүрэм журам, стандартаар зохицуулдаг. Бид хууль дүрмийн талаар цуцталаа ярьдаг ч стандартыг хэлэлцдэггүй, хэрэгжүүлдэггүй нь магадгүй мэдэхгүйн учраас биз ээ. Хүүхэд амь насаа алдсан эмгэнэлт явдал шил шилээ даган гарахад, эсвэл мах махан бүтээгдэхүүн буюу бидний хоол хүнстэй холбоотой сэтгэл сэрдхийлгэм мэдээ тарахад л үүнийхээ горыг амсаж, сая энэ тухай санан зах зухаас нь хөндөх жишээтэй байна.

Стандартгүй Монгол?

Стандарт хэрэглэдэггүй үйл ажиллагаа, салбар гэж хаана ч үгүй. Гагцхүү бидний хэрэглэж буй бүтээгдэхүүн, авч байгаа үйлчилгээ стандартын шаардлага хэр хангаж байна вэ? Ер нь бидний хэрэглэж буй стандартууд өөрөө зах зээлийн өнөөгийн хэрэгцээ шаардлагад нийцдэг үү?

Манай улсад дунд сургуулийн хөл бөмбөгийн талбай ямар стандарттай байдаг юм бэ? Эмийн сан, дэлгүүр хамгаалалтын ямар стандарттай ажиллах ёстой юм бол? Дарханы зам ямар стандарттай тавигдах ёстой байв? Жилийн турш зам арчилгаа ямар стандартын дагуу хийгдэх ёстой юм бол?

Зам тээврийн ослоор жилд 500 хүн нас бардаг гэсэн аймшигтай статистик байх бөгөөд үүнээс хэдэн хувь нь стандартын шаардлага хангаагүй замаар зорчсоны улмаас гарсан осол бол? Хурдан морины уралдааны унагчид (Хүүхэд үү? Насанд хүрэгчид үү?) ямар стандарт тогтоох ёстой вэ? Цахилгаан хэрэгслийн залгуур хаанахын стандартыг хэрэглэх хэрэгтэй вэ? Хоёр шонтойг уу гурван шонтойг уу? (Европ стандарт уу? Азийн стандарт уу? Хойд Америкийн стандарт уу?) Худалдаа, үйлдвэрлэл, ахуй амьдралд цахилгааны яг ямар утас, хэдэн ваттын чийдэн хэрэглэхээр заасан бэ?

Гэртээ зурагтын сувгаа солих бүрд суваг бүр өндөр нам өөр өөрөөр дуугарч цочоох нь юуных вэ? Дугуйн зам байтугай явган хүний замгүй шахуу гудамж бас замууд бий болсон нь, барилга байшинг эмх замбараагүй чигжин барьж байгаа нь хот төлөвлөлт, тохижилтын зохих стандарт байхгүй, байсан ч хэрэгсэхгүй байгааг илтгэж байгаа бус уу?

70 сая малтай монголчууд дэлхийн хамгийн том хоёр зах зээлийн дунд оршдог ч мах махан бүтээгдэхүүнээ олигтойхон экспортолж чаддаггүй нь, мөн Европын зах зээлд бүтээгдэхүүнээ гаргаж амждаггүй нь мөнөөх олон улсын стандартын шаардлага хангаж чадахгүй байгаатай л холбоотой билээ. Зах зээлд шилжээд 30 гаруй жил болсон манай улс эдгээр асуудлыг өдийг хүртэл шийдэж чаддаггүйн учир юунд байна вэ гэх мэтээр алхам тутамд олон асуулт хариултаа нэхэж байна. Энэ бүгдийг нарийн тусгасан, үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны үйл ажиллагаанд хэрэглэх стандартын нэгдсэн цэгцтэй бодлого, зохицуулалт үгүйлэгдсээр байгаа юм.

Стандарт гэж юу вэ?

Стандарт гэдгийг “Тодорхой салбарт үйл ажиллагааны оновчтой хувилбарыг бий болгоход чиглэсэн, нийтлэг, дахин давтан хэрэглэгдэх журам, ерөнхий зарчим буюу төлөв байдлыг тогтоосон, зөвшилцлийн үндсэн дээр боловсруулсан, эрх бүхий байгууллагаас баталсан баримт бичиг” гэж орчуулан тодорхойлжээ.

Европт аж үйлдвэрлэл хөгжиж ирсэн XVIII зуунаас эхлэн үйл ажиллагаа, бүтээгдэхүүнд нөлөөлж байгаа хүчин зүйлээс хамааруулж тодорхой хэм хэмжээ, аргыг албан журмаар тогтоож, түүнийг стандарт гэж нэрлэж, хөгжүүлж иржээ. Хөгжилтэй орнууд стандартыг хөгжлийн түлхүүр гэж үздэг, ингэж ач холбогдол өгсөн улс орнууд, ялангуяа Зүүн Европын хуучин социалист гэгдэж байсан орнууд дэлхийн шилдэг стандарт, зарчмыг хэрэглэснээр өдгөө эрчимтэй хөгжиж байна.

Монгол угаас стандартгүй амьдарч ирсэн гэхэд хилсдэхгүй улс ажгуу. Нүүдэлчин амьдралын хэв маяг ч үүнд нөлөөлсөн биз. Гэвч орчин үеийн амьдралын хэв маяг, даяаршлын эрин үеийн хөгжлийн хурд дэлхий нийтийн жишигт нийцсэн улс байхыг шаардаж байгаа билээ. Бид эрүүл, аюулгүй стандартын шаардлага хангасан орчинд амьдарч чадахгүй байгаагаа бүгд нэгэн дуугаар хүлээн зөвшөөрөөд удаж байна. Өдрөөс өдөрт иргэдийн бухимдал өсөн нэмэгдэж байгаа нь ердөө стандартгүй орчинд амьдарч байгаагийн илрэл юм. Гадагшаа явсан нь эргэж ирэхгүй, аль болох тэндээ шингэх сонирхолтой байгаа нь тухайн улс оронд хэн хүн амьдарч болох амьдралын чанарын стандарт өндөр байгаагаас өөр юу ч биш юм. “Эх орондоо амьдармаар л байна, очмоор л байна, даанч Монголд амьдрал алга” гэдэг үг бол угтаа энэ улс бүх түвшиндээ стандартын зохих шаардлага хангахгүй, зарим талаараа бүр стандартгүй байгааг л хэлээд байгаа хэрэг.

Гэхдээ Монгол Улс огт стандарт хэрэглэдэггүй юу гэвэл мэдээж үгүй. Манай улсад өнөөдрийн байдлаар 6000 гаруй стандарт хэрэглэж буй бөгөөд эрэлт хэрэгцээгээ хангахын тулд зах зээлийн харилцаатай улсын жишгээр үндэсний стандартын тоог наад зах нь 4-5 дахин нэмэгдүүлэх шаардлагатай гэж мэргэжилтнүүд үздэг байна. Зөвхөн энэ тоо баримт бидний хэр хэмжээний стандартын зохицуулалтгүй нийгэм, баталгаагүй орчинд амьдарч байгааг харуулна.

Шийдэл

Олон тооны стандартыг шинээр боловсруулахад хэдэн арван жил, ихээхэн хөрөнгө шаардагдана гэдэг. Энэхүү зардал, хугацааг хэмнэн үндэсний стандарттай болох гол арга бол олон улсын болон тэргүүлэх хөгжилтэй орны бэлэн стандартыг өөрийн орны онцлогт нийцүүлэн хэрэглэх явдал юм.

Амьдралын хэв маяг улам бүр суурин шинжтэй болж, үйлдвэрлэл үйлчилгээ хөгжихийн хэрээр нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт стандарт тэргүүн зэргийн ач холбогдолтой болдог. Стандартыг бүх салбарт, бүх шатанд хэрэгжүүлж чадвал бидний амьдралын олон асуудал шийдэгдэх боломжтой. Ялангуяа техникийн шинжтэй олон саад тотгорыг стандарт арилгаж чадна.

Стандартыг хэрэглэх асуудал нь өргөн утгаараа үндэсний аюулгүй байдалтай холбогддог тул стандартчилал нь төрөөс онцгой анхаарах асуудал яах аргагүй мөн билээ. Төр иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө, хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангах хариуцлага хүлээдгийн хувьд стандартыг хэрэгжүүлэх нэгдсэн бодлого боловсруулж гаргах нэн шаардлагатай. Юуны өмнө стандартын талаарх төрийн үзэл баримтлалыг тодорхойлж, стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгох, зах зээлийн харилцаанд нийцсэн стандартын бодлого боловсруулж хэрэгжүүлэх нь чухал юм.

Монголын стандартын ирээдүй

2018 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж буй “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай” хууль энэ салбарт ахиц дэвшил авчирч буй хэдий ч дан ганцаар бүх асуудлыг шийдвэрлэж чадахгүй. Нөгөө талаар стандарт тогтоох нь төрийн чиг үүрэг боловч стандарт боловсруулах, тогтолцоог нь сайжруулахад бүх нийтийн оролцоо чухал гэдгийг онцолмоор байна.

Олон улсын стандартчиллын тогтолцооны үндсэн зарчмуудын нэг бол зөвшилцөх болон ил тод байх. Өөрөөр хэлбэл төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагууд, мэргэжлийн холбоод зөвшилцөж стандарт тогтоодог гэсэн үг. Иргэн танд ямар нэг стандартын санал байвал холбогдох төрийн байгууллагад зохих журмын дагуу илэрхийлэх боломжтой бөгөөд зохих шалгуур шаардлага хангаж байвал таны санал үндэсний стандарт болон батлагдах бололцоотой ийм цаг үед бид аж төрж байна. Үр хойчийнхоо төлөө, наад захын амьд явах эрхээ эдлэх, айх аюулгүй, эрүүл тайван орчин бүрдүүлэхийн төлөө иргэн бүр, байгууллага бүр санал санаачилгатай баймаар байна шүү дээ.

Төр засгаас, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдээс, ерөөс аливаа үйл ажиллагаа эрхлэгч бүгдээс стандарт шаардъя! Үүний сацуу стандарт тогтоож хэрэгжүүлэхэд орон даяар бүгдээрээ идэвхийлэн оролцъё! Ялангуяа мэргэжлийн байгууллагууд, холбоод үүнд онцгой үүрэгтэй оройлон оролцох ёстой.

Хуучин социализмын үеийн стандартуудыг халж, салбар бүрийнхээ стандартыг хэлэлцэж, шаардлага хангахгүйг шинэчлэн тогтоож, огт байхгүйг нь шинээр боловсруулан батлуулъя, хэрэгжүүлье! Эс бөгөөс хариуцлагагүй, стандартгүй байгаагийн төлөөсийг иргэдийнхээ цаг бусаар одох амьдрал, гэм зэмгүй бяцхан үрсийнхээ амь насаар төлсөөр байх нь ээ.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn