Шинэ үеийн сэтгүүлчдийн эзэмшвэл зохих ур чадварууд

-Томоохон редакцууд бизнес загвараа өөрчилж эхэлж байгаа нь сайшаалтай-
Шинэ үеийн сэтгүүлчдийн эзэмшвэл зохих ур чадварууд

Үзэг бариагүй ч, утас барьсан “сэтгүүлчид”-ийн эрин үе

Шинэ үеийн сэтгүүлчийн талаарх сэтгүүл зүйн салбарын мэргэжилтнүүдийн санаа яг таг нийлэхгүй ч дижитал эриний хөгжлийн энэ үед үзэг бариагүй ч, утас барьсан “сэтгүүлчид”-ийн тухай ойлголт бий болсныг үгүйсгэх аргагүй. Хүмүүс бидний амьдрал цахим ертөнцөд давхар өрнөдөг болсон энэ шинэ үед нийгмийн сүлжээ сэтгүүл зүйд шинэ боломж болон сорилтыг бий болгож байна.

Уншигчид сэтгүүлчийн хувийн сошиал хаяг дээрээ бичсэн аливаа бичвэрийг ч албан ёсны эх сурвалжийн мэдээлэл гэж хүлээн авдаг учир сэтгүүлч цахим орчинд ч ёс зүйгээ чанд баримтлах шаардлагатай болжээ. Нэг биш нэлээн хэдэн үгээр хэлбэл цахим хөгжил бидэнд хязгааргүй эрх чөлөөг хязгааргүй хариуцлагын хамтаар өгөхөө мартаагүй бололтой.

Түүнчлэн сүүлийн жилүүдэд ширүүн өрнөөд буй мэдээллийн дайн, худал мэдээллийн шуурга сэтгүүлчдээс ихээхэн ур чадвар шаардах болов. Олон талын байр суурийг нэгтгэн дүн шинжилгээ хийх, ёс зүйн хэм хэмжээнд хэвлэн нийтлэх нь ахисан түвшний мэдлэгийг шаардах нь мэдээж.

Энэ бүх асуудал дунд сэтгүүлч хэрхэн “амьд” үлдэх вэ?

“Редакцын зурвас” номын зохиолч Б.Нарантуяа “Хараат бус сэтгүүл зүй сэргэх үү, мөхөх үү” хэлэлцүүлгийн үеэр энэ асуултыг дэвшүүлсэн. Тэрээр “Сэтгүүл зүйг бизнес утгаар нь хөгжүүлэх цаг болсон” гэдгийг онцолж байв. Зах зээлийн хэрэгцээ шаардлагаар энэ нь туулах ёстой жим болоод буй. Томоохон редакцууд бизнес загвараа өөрчилж эхэлж байгаа нь сайшаалтай.

Нийгэм, зах зээл сэтгүүл зүйгээс дээрх байдлаар өөрчлөлтийг шаардаж байгаа бол сэтгүүл зүйн гол цөм сэтгүүлчдээс ямар өөрчлөлтийг хүлээж байгаа вэ гэдэг асуулт анхаарал татна. Доор дурдагдах ур чадваруудаас гадна нийгмийн үйл явдалд соргог хандах, зөв үнэлэлт дүгнэлт өгөх ур чадварт суралцах, ёс зүйн хэм хэмжээг сайтар ухамсарлаж, дагаж мөрдөх зэрэг тоочвол багагүй ур чадварыг эзэмшсэн байх ёстой байна. Шаардлагатай биш ёстой гэж бичсэн санамсаргүй үгийн сонголт биш юм шүү.

Дэлхий дахинд уламжлалт хэвлэлийн мэдээ үнэ цэнтэй хэвээр байна. Арав, хорин жилийн дараа гэхэд хэвлэмэл сонин байх, үгүй нь тийм ч чухал биш бөгөөд мэдээлэл хаана хэвлэгдэх нь дараагийн асуудал юм. Хамгийн чухал нь мэдээний чанар бөгөөд хүргэж буй сэтгүүлчийн ур чадварыг анхаарах хэрэгтэй. Дижитал эрин зуунд мэргэжлийн сэтгүүл зүй чанартайгаар оршин тогтнох үндэс энэ.

Ингээд бүх зүйл цахим хэмээх үгтэй холбогдож сошиал медиагаар дамжих болсон өнөө цагт АНУ-ын “St. Bonaventure” их сургуулиас гаргасан дижитал үеийн сэтгүүлчдээс шаардаж буй арван чадварыг сонирхуулъя.

1. Ярилцлага

Ярилцлага хийх нь сэтгүүлчдэд найдвартай, үнэн зөв, нөлөө бүхий түүх өгүүлэхэд тусалдаг учир сэтгүүл зүйн хамгийн чухал ур чадваруудын нэг хэвээр байна. Энэ нь зөвхөн асуулт тавихаас илүү өргөн ойлголт юм. Түүнчлэн ярилцлагын үеэр идэвхтэй сонсох, ярианы урсгалыг хадгалах, анхаарлаа төвлөрүүлэх чадвар хэрэгтэй. Чанартай ярилцлага хийх нь амаргүй учраас сайн ярилцлага хийх чадвар ямагт эрэлттэй байдаг.

2. Сурвалжилга

АНУ-д ихэнх насанд хүрэгчид мэдээллийн байгууллагуудыг илүү ил тод нээлттэй байх хэрэгтэй гэж үздэг байна. Тэд сэтгүүлчид эх сурвалжийг хэрхэн олж, сонгож, мэдээгээ бэлтгэж, асуудлыг засан залруулж байгаа үйл явцыг мэдэхийг хүсдэг. Эдгээр нь сэтгүүл зүйн хамгийн чухал ур чадваруудын нэг болох сурвалжилгатай холбоотой юм. Сурвалжилга нь сэтгүүл зүйн гол зүрх гэж тодорхойлогддог. Өнөөгийн сэтгүүлчид мэдээллийг тодорхойлох, ажиглах, цуглуулах, үнэлэх, хуваалцахаас гадна тухайн мэдээлэлдээ хүнлэг, энэрэнгүй байдлыг орхигдуулж болохгүй. Түүнчлэн хуваалцаж буй мэдээллийнхээ утгыг ойлгох нь чухал байна.

3. Ёс зүй

Олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд (ОНМХ) үл итгэх байдал улам бүр нэмэгдэж байгаа нь сэтгүүл зүйн мэргэжлийн ёс зүйд дахин анхаарал хандуулахад хүргээд байна.

2000 онд АНУ-ын насанд хүрэгчдийн тал орчим хувь нь мэдээллийн хэрэгсэлд “итгэж болох хангалттай хэмжээний” үнэмшилтэй байсан гэх судалгаа байсан бол энэ үзүүлэлт 2020 он гэхэд 40% болж буурсан байна.

Сэтгүүл зүй олон нийтийн итгэлийг олсноороо өндөр стандарт бий болгож чадах бөгөөд үүний тулд ёс зүйтэй сэтгүүл зүйн ур чадвараа харуулах ёстой. Энэ нь үнэн зөв, шударга, олон талт байдал, үг хэлэх эрх чөлөөнд тулгуурласан байхыг хэлнэ.

4. Бичих

Бичих нь сэтгүүлчийн суурь чадвар учир сэтгүүлч бүх төрлийн бичгийн болон ОНМХ-д ажиллах чадварыг эзэмшсэн байх ёстой. Үүнд, өгүүлэл бичих, подкаст хийх, зураг оруулах болон сошиал медиа дээр нийтлэх зэрэг чадварууд багтаж байгаа юм. Бичихтэй холбоотой сэтгүүл зүйн ур чадварт зөв бичгийн дүрмийг баримтлах, ойлгомжтой бичих, нарийн төвөгтэй мэдээллийг хялбарчлах зэрэг чадварууд багтана.

5. Дижитал сэтгүүл зүйн чадвар

Олон нийт дижитал буюу цахим хэвлэл мэдээллийн хэрэгслийг илүүд үзэж байгаа нь дижитал сэтгүүл зүйн ур чадвар зайлшгүй шаардлагатай үе ирснийг харуулж байна. Сэтгүүлчид янз бүрийн платформ дээр үзэгчидтэй холбогдохын тулд техник, технологийн сүүлийн үеийн төхөөрөмжүүдийг ашиглах чадвартай байх ёстой. Үүнд:

· Гар утаснаас твиттер болон фэйсбүүкээр лайв (Live) хийх.

· Мэдээллийн хүснэгтийг вэб сайтын дүрслэл болгон хувиргах.

· Цуврал GIF болгон видео бичлэг хийж мөн засварлаж чаддаг байх.

6. Эрэн сурвалжлах сэтгүүл зүй

Эрэн сурвалжлах ур чадвар нь нийгмийн хариуцлагыг баталгаажуулж, ардчиллыг хамгаалдаг. Энэ чадварын ачаар хувь хүн болон нийгмийг хор, хөнөөлтэй үйлдлээс хамгаалахад сэтгүүлч хүн хувь нэмрээ оруулдаг юм. Хууль бус үйлдэл хийх боломжтой газарт эрэн сурвалжлах ажиллагаа явуулах боломж байдаг. Тийм ч учраас энэ нь сэтгүүл зүйн гол ур чадваруудын нэг байсаар байх болно.

7. Гар утас эзэмшсэн байх

Сэтгүүл зүйн ур чадварт гар утас эзэмшсэн байх чадвар орж байна.

Тиймээс сэтгүүлчид:

· Зураг авах болон засварлах.

· Дуу болон дүрс бичлэг хийх болон засварлах.

· Сошиал медиа болон уламжлалт мэдээллийн сувгуудад болж буй үйл явдлыг тухайн цагт нь мэдээлэх.

· Цаг алдалгүй стори (Story) хийх зэрэг нь эзэмшсэн байх зайлшгүй ур чадварт багтаж байгаа юм.

8. Хянан засварлах чадвар

Энэхүү чадвар нь сэтгүүл зүйн хамгийн эрэлттэй ур чадваруудын нэг юм. Сэтгүүлчид өөрийнхөө болон бусдын ажилд хэрхэн шүүмжлэлтэй хандахаа мэддэг байх ёстой. Ингэхдээ тухайн мэдээний үнэн бодит, шударга, тодорхой, тохиромжтой хэв маяг болон зөв бичгийн дүрмийг эзэмшсэн байх шаардлагатай.

9. Сошиал медиа

АНУ-ын насанд хүрэгчдийн дунд явуулсан судалгаагаар сошиал медиа нь цахимаар мэдээллээ авдаг хамгийн түгээмэл гурав дахь эх сурвалж болдог гэжээ. Тэдний 53% нь мэдээллийг үргэлж биш гэхэд ихэвчлэн олон нийтийн сүлжээнээс авдаг байна. Энэ тоо цаашдаа ч өсөх хандлагатай байгааг өмнөх жилүүдийн судалгаа харуулсаар байгаа юм.

Сэтгүүлчид бүх төрлийн нийгмийн платформ дээр цаг алдалгүй, тухайн цагт мэдээллийг дамжуулах нь ямар чухал болохыг харуулна. Ингэхийн тулд сэтгүүлчид өөрсдийн хувийн брэндийг бий болгох хэрэгтэй. Твиттер сэтгүүлчдийн дунд тэргүүлэх нийгмийн сүлжээ бөгөөд линкедин (LinkedIn) удаалж байна.

10. Видео хийх ур чадвар

Сэтгүүлчид видео бичлэгээр нөлөө бүхий контент хэрхэн бүтээхийг мэддэг байх ёстой. Видео хийх ур чадвар нь редакцын болон техникийн шинж чанартай. Өнөөгийн сэтгүүлчид анхаарал татахуйц өгүүлэл боловсруулахаас эхлээд хөдөлгөөнт төхөөрөмж дээр видео бичлэг хийх, засварлах хэмжээний чадвартай байх ёстой.

Мөн Ройтерс (Reuters) агентлагийн цахим хуудсанд хиймэл оюун ухаан (AI), криптовалют, метаверс (виртуал эсвэл хагас виртуал ертөнц) зэрэг дараагийн үеийн технологиуд нийгэмд шинэ сорилтуудыг бий болгосоор байгааг дурджээ.

Гэвч хүний оршин буй нийгэмд өөрчлөгдөх ёсгүй олон зүйлс байдаг билээ. Тиймээс техник технологийн хөгжил, хүний ур чадвараас илүү хүн чанар, ёс зүй энэ нийгэмд хамгийн ихээр үгүйлэгдэж байна. С.Гандөл сэтгүүлчийн хэлснээр “Үзгийн чинь үзүүрт бусдын амьдрал бий, ижийгээ бодож бичиж байгаарай” хэмээн хэлсэн үг олон зүйлийг дахин бодоход хүргэдэг.

Сэтгүүл зүйн үүргийг нэр төртэйгөөр гүйцэтгэж, нийгэмд гэрэл гэгээг түгээхээр амьдралаа зориулж буй олон сэтгүүлч, эерэг хандлагад уриалж байдаг иргэн бүрийг үүнд дурдсангүй. Харин мэргэшсэн сэтгүүлчид дижитал эринтэй хөл нийлүүлэн алхахдаа нийгмийг соён гэгээрүүлэх үүргээ гүйцэтгэн цахим орчинд үлгэрлэж, үнэнийг ёс зүйтэйгээр хүргэхэд уриалан мэдээллийн чанарыг дээшлүүлэхэд та бүхний оруулах хувь нэмэр хамгаас чухал болжээ.

-Сэтгүүлчид нийгмийн баялаг бүтээгчид мөн-

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn