СУРВАЛЖИЛГА: Шатахуун түгээгүүрийн хошуу буруу шахахгүй

Шалгалт баталгаажуулалтын ажил нь шатахуун түгээх станцын хошуу бүрийн шахалтыг үзэхийн дээр электрон самбарыг үзэх, тэг тохиргоо хийх гээд олон процесс болдог учраас нэг шатахуун түгээх дээр хошууны тооноосоо шалтгаалаад багадаа хоёр цаг болдог аж. Өвлийн хүйтэнд хоёр цаг гадаа зогсоно гэсэн үг.
СУРВАЛЖИЛГА: Шатахуун түгээгүүрийн хошуу буруу шахахгүй

“Сурвалжилга хийх санаатай бол дулаан дээр, төвдөө ойрхон станцуудаар дагаж яваад ир” гэж Хэмжих хэрэгсэл, шалгалт баталгаажуулалтын газрын ахлах мэргэжилтэн Н.Мяасүрэн эгчийн анхааруулаад байсныг зүүн дөрвөн замын “Петровис” дээр баталгаажуулалт хийх, улсын шалгагч Б.Байгалийг дагаж өглөө очихдоо л мэдрэв. Хэдийгээр энэ өвөл харьцангуй дулаан байгаа ч өвлийн тэргүүн сарын өглөөний 8 цагт гадаа зогсоно гэдэг амар ажил биш байна лээ.

Шатахуун түгээх станцуудын бензиний шахалт үнэн зөв эсэхэд олон нийтийн эргэлзээ их байдаг. Үүнтэй холбоотойгоор Стандарт, хэмжил зүйн газрын Хэмжих хэрэгсэл шалгалт баталгаажуулалтын газраас жилд хоёр удаа тогтмол явуулдаг, шатахуун түгээх станцуудад хийдэг баталгаажуулалтын ажлыг сурвалжлахаар очсон нь энэ юм.

Шалгалт баталгаажуулалтын ажил нь шатахуун түгээх станцын хошуу бүрийн шахалтыг үзэхийн дээр электрон самбарыг үзэх, тэг тохиргоо хийх гээд олон процесс болдог учраас нэг шатахуун түгээх дээр хошууны тооноосоо шалтгаалаад багадаа хоёр цаг болдог аж. Өвлийн хүйтэнд хоёр цаг гадаа зогсоно гэсэн үг. Эзлэхүүн шалгадаг эталон гэж хэмжих хэрэгслээр шатахууныг шалгах тэр процесс нь математикчаас дутахгүй олон тоо боддог, нарийн төвөгтэй зүйл юм билээ.

“Гадаа удаан зогсохоор гар эвлэдэггүй юм. Гайгүй дээрээ бичилтээ хийхгүй бол” хэмээн Б.Байгаль ах доторх ажлаа амжуулж байх зуур гадаа хэдэн зураг авах гэж золтой л гар хөлдчихсөнгүй. Аппаратаа алдаг оног барьж, завсраар нь гараа дулаацуулж байгаа би ингэж хөлдөх гээд байхад үргэлж гадаа байдаг, төмөр голдуу техник хэрэгсэлтэй улаан гараараа харьцдаг эд нар яаж тэсдэг байна аа л гэж бодсон. Гэтэл Б.Байгаль ах шатахуун түгээх станцуудын баталгаажуулалтын ажлаар 40-өөд хоног гадуур явж байна гэж байгаа юм. “Манай ажлынхан мягмар гарагт ажил дээрээ нэг цугладаг юм. Бусад үед өглөө гараад л тал тал тийшээ ажилдаа гарчихдаг болохоор биеийнхээ барааг харахгүй шүү дээ” гэж тэрээр инээмсэглэн ярьсан. Жил ирэх тусам шатахуун түгээхийн тоо өсдөг ч улсын шалгагч нарын тоо хэвээрээ байдаг болохоор тэдний ачаалал хэрхэн нэмэгдэж байгаа нь ойлгомжтой. Хошууны олон цөөнөөсөө шалтгаалж, өдөрт 3-4 колонкоор орж амждаг гэсэн.



Шатахуун шингэн зүйл учраас цаг агаарын хэмээс хамаарч эзлэхүүн нь нэмэгдэж, буудаг бүтээгдэхүүн аж. Өөрөөр хэлбэл, хүйтрэх тусам эзлэхүүн нь багасаж, дулаарах тусам эзлэхүүн нь нэмэгддэг байна. Тиймээс энэ хэлбэлзлийг зөв горимд оруулах үүднээс өвөл, хаврын улиралд хоёр удаа баталгаажуулалт хийдэг ажээ. Тэр нь яг өвлийн хүйтэн, хаврын хавсарган цагаар таардаг нь энэ аж. Дээр нь шатахууны стандартыг шалгадаг эталоноо фургон машиндаа ачиж явдаг болохоор байнгын бензин үнэрлэж явна. Нэг шатахуун түгээхээс нөгөө рүү өдөржин сууж явах битгий хэл машинд дөнгөж оронгуут манартал хурц үнэртдэг юм билээ. Зүгээр задгай бензин ачиж яваагаас ялгаагүй үнэртэй гээд бод. Гэрийн мод эрээлдэг будагчдын ажил хөдөлмөрийн хүнд нөхцөлд ордгийг мэдэх юм. Харин өдөржин бензин үнэрлэж, гар хуруугаа дүрэх шахуу ажилладаг энэ хүмүүсийнх хүнд нөхцөлд ордоггүй юм билээ. Бас баталгаажуулсан хэрэгсэл дээрээ лац тавихын тулд хар тугалга ашигладаг, түүнийг бас л улаан гараараа наадаг аж.

Яг ийм нөхцөлд 21 аймгийн бүх улсын байцаагч нар нэгэн зэрэг баталгаажуулалтын ажлаа хийдэг байна.

Б.Байгаль: Өөрсдийн лац тэмдгээ тавьдаг болохоор шатахуун түгээгүүрийн хошуу буруу шахахгүй гэдэгт үнэхээр бардам байдаг

Улсын шалгагч Б.Байгаль энэ байгууллагад 22 жил ажиллаж байгаагаас 17 жил нь нефтийн бүтээгдэхүүн дагнасан улсын шалгагчаар ажиллаж байгаа. Түүний ажилладаг эзлэхүүн зарцуулалтын лаборатори нь зөвхөн шатахуун гэлтгүй архи спиртийн тоолуур, усны тоолуур, нөөцлөх сав гээд шингэн, хий урсаж байгаа зүйл болгоны шалгалт, баталгаажуулалтыг хийдэг, ачаалал ихтэй газар аж.

Дээр нь өглөө гараад л үдшээр буудаг энэ ажлаасаа гадна тэд шинэ бүтээгдэхүүний загварын туршилтын ажилд оролцдог. “Жишээ нь, нэг байгууллага усны тоолуурын лаборатори бий болгоё гэх юм бол манайхаас мэргэжилтэн ажлын хэсэгт нь орж дүгнэлт гаргаад хуралд нь танилцуулах процесс явагддаг” гэдгийг тэрээр тайлбарласан. Түүний их ажлын хажуугаар цөөн хором ярилцлаа.

-Иргэдээс бензин дутуу шахлаа гэдэг гомдол яагаад гараад байдаг юм бол?

-Шатахуун түгээгүүрийн хошуунаас дутуу шахна гэж байхгүй. Бид өөрсдийн тэмдэг, лацаа тавиад явдаг болохоор түүндээ үнэхээр бардам байдаг. Тэгээд ч одоо колонкууд олон болсон учраас өрсөлдөөн их, хэрэглэгчээ алдахгүйн тулд дутуу шахахыг бодохгүй. Гол нь цаанаасаа ирж байгаа бензиний чанарт буюу хувийн жингийн асуудал байгаа юм. Үүнийг энгийн тайлбарлая л даа. Өглөө 500 гр цэгээ уугаад гарлаа гэж бодъё. Цаг гаруйн дараа өлсөнө. Харин 500 гр хийцтэй цай уугаад гарвал хагас өдрийн өл бол даачихна. Учир нь энэ хоёрын эзлэхүүн нь адил ч хувийн жин нь өөр байгаатай холбоотой.

-Бензиний чанар муудсан гэсэн үг үү?

-Тийм. 2000 оноос өмнө шатахуун руу гараа хийхэд цавцайтал цайдаг байсан бол одоо зүгээр тос гялайх төдий болоод гарч ирнэ. Хувийн жинг нь үзэхэд АИ-92 бензин гэхэд 7850 гр-тай байдаг байсан бол одоо 7420 ч юм уу, бүхэл бүтэн 300 гр-ийн дутуу байгаа. Хүний чанар муудна гэдэг шиг нефтийн чанар муудаж байгаа хэлбэр. Уг нь нефтийн байгууллагуудын чанарын асуудлыг манайхтай уялдаа холбоотой болгох ёстой байгаа юм.

-Тэгэхээр одоо нефтийн чанарын асуудлыг хаана хариуцдаг гэсэн үг вэ?

-Газрын тосны газар тэр жинг нь хариуцдаг. Уг нь уялдаа холбоог нь хангавал бид чанарыг нь давхар шийдэх боломжтой гэж хардаг.

-Таны ажлын сайхан тал, бэрхшээлтэй тал юу вэ?

-Дэндүү сайхан ажил шүү дээ. Ах нь 22 дахь жилдээ энэ байгууллагадаа ажиллаад явж байна. Үе үеийн ахмадууд дунд бойжсон, их зүйл сурсан. Жолооч, хэвлэгч ч хийлээ. Жин болгоны зохист хэмжээг нь тааруулж явдаг буянтай ажил.

-Ингэж дандаа гадаа ажиллаад байх хэцүү биш үү?

-Сурчихдаг юм байна. Ингээд л явж байвал сайхан санагддаг болчихсон. Залуучууд 5 хоног яваад өнжөөд байдаг. Миний хувьд яваад сурчихсан ч юм уу, бие дасчихсан ч юм уу болоод байдаг. Энэ чиглэлдээ олон жил болсон болохоор нефтийнхэн ч намайг андахгүй. Зарим нь тоглоом шоглоомоор “Та байсаар л байгаа юм уу” гэдэг юм.

-Бухимдах зүйл хэр гардаг вэ?

-Хүн ингэж юм хийгээд байхад бидний ажлыг үнэлэхгүй бол жаахан бухимддаг л юм. Зарим нь биднийг “юм иддэг нөхөд” гэж хардаж сэрддэг шиг байгаа юм. Шалгалт баталгаажуулалт хийх явцад бидний гараар дамжих ямар ч гүйлгээний асуудал байдаггүй. Чи сая харсан байх. Бүх зүйл цаагуураа данс тооцоогоороо явдаг.

Улсын шалгагч Б.Байгальтай тал өдрийн турш хамт явахад үнэхээр л ажилдаа дуртай, мэргэжлийнхээ үнэ цэнийг мэддэг хүн нь харагдсан. Ер нь Стандарт, хэмжил зүйн газрынхан их тогтвортой ажилладаг юм уу гэж анзаарагдсан. Жишээ нь, жолооч Б.Түвшинбаяр өдгөө 11 дэх жилдээ, П.Баттэнгис 9 дөх жилдээ ажиллаж байгаа юм билээ. Олон жил шалгалт баталгаажуулалтын ажлаар явсан болохоор улсын шалгагч нараасаа ч дутахгүй, ажлаа мэднэ. Ийнхүү өвлийн илч муутай ч, өглөөнөөсөө хамаагүй дулаан үдийн нар налайж гарах үед би үлдэж, тэд Нисэх рүү дараагийнхаа шатахуун түгээх рүү фургондоо суун хөдөлсөн юм.

2021 он 11 дүгээр сар

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
logo
Press Center
www.presscenter.mn