Өндөг шиг дарагдсан Үндсэн хуулийн өөрчлөлтүүд

Монгол Улсын шинэ, ардчилсан Үндсэн хууль баталсны 30 жилийн ой энэ сарын 13-нд тохиож байна. Энэ өдөрт зориулж Үндсэн хууль бүтсэн товч түүх, дордуулсан долоон өөрчлөлт, засаж сайжруулсан зургаан зүйлийн талаар сийрүүлэв.
Өндөг шиг дарагдсан Үндсэн хуулийн өөрчлөлтүүд

Эхлэл

Бид Үндсэн хууль гэдэг хоёр үгийг сайн мэддэг ч дотор нь өөрт хамаатай ямар эрх үүрэг, боломж байгааг төдийлөн сонирхож сөхөж уншдаггүй. Хүн бүр тэнгэрийн дор төрж хуулийн дор амьдардаг гэдэг. Амьдралын алхам тутамд мөрдөж болохуйц эрх үүрэг Үндсэн хуулийн агуулгаар хэмжигддэг гэхэд хилсдэхгүй биз ээ. Үндсэн хуулиар олгогдсон амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэж цээжээ дэлдэхээс өөрцгүй ард түмэн юм, бид. Наад захын жишээ гэвэл бид амьд явах эрхээ өнөөдөр дэлхийг айлгасаар буй коронагаар хэмжүүлж байгаа бол эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ Улаанбаатар, аймгийн төвүүдийг нөмөрсөн хорт утаанд мэдүүлсээр байна.

Нөгөөтээгүүр Үндсэн хуулиар олгосон эрхээ эдлэх ёстой гэдэг ч өөрт тохирсон боломж, үүргээ ухамсарладаггүй. Ямар нэгэн болж бүтэхгүй зүйл гарлаа гэхэд л хариуцлагагүй засаг төр, шударга бус сонгууль, газар авсан авлига хээл хахууль, шударга ёс Монголд алга гэж хашхичдаг. Өнөөдөр бол бид өмнөд хилээ нээгээд өг, өмд гутлаа авмаар байна, амьдармаар байна гэсэн арга ядсан шаардлага тавьсаар. Нэг хэсэгт нь амьдрахад хүнд юм шиг санагдаж буй ч аль ч дэлгүүрийн лангуу гурил будаатай, 67.3 сая толгой мал тоолуулчихаад сууж буй баян улс юм аа. Нэг их өмд гуталгүй өнгө гундсан юм бол байхгүй. Байгаагаа өмсөөд, идээд зүтгээд байхад цар тахлыг туулаад гарах биз ээ. 30 жил болсон Үндсэн хуульд бидний амьдрах, ажиллах бүх боломж, эрх үүрэг зохицуулагддаг, түүнийг бүрэн ашиглая, ашиглаж буй боломждоо сэтгэл өөдрөг байя гэсэн л санааг эхэнд нь тэмдэглэв.

Товч түүх

Монгол Улс ардчилсан нийгэмд шилжсэний дараа 430 гишүүн бүхий Ардын Их Хурал 76 хоногийн турш хэлэлцэж, 1992 оны нэгдүгээр сарын 13-нд Монгол Улсын шинэ, ардчилсан Үндсэн хуулийг баталжээ. Үүнийг Монгол Улсын дөрөвдүгээр Үндсэн хууль гэдэг бөгөөд оршил, 6 бүлэг, 70 зүйлтэй. Шинэ Үндсэн хуулийг гавьяат хуульч Б.Чимид голлон боловсруулсан гэдэг. Тэрээр "Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс" хэмээн зүйрлэсэн байдаг. Мөн тэрээр тусгаар тогтнол, иргэнд эрх чөлөө, эрх тэгш байдал, төрд ардчилсан дэглэм тогтоосон шинэ Үндсэн хууль нь тухай үеийн олон улсын жишигт нийцсэн, нийгмийн шилжилтийн үед тохируулсан баримт бичиг учир хожим нэмж засварлаж болохыг тухайн үед хэлж байжээ.

Өөгүй урт настай хууль мөн үү, эсвэл өөрчлөх ёстой юу гэдэгт Их хурал, Бага хурлын депутатууд, эрдэмтэд, судлаачид, багш нар олон талын байр суурийг илэрхийлсээр ирсэн. Сүүлийн жилүүдэд Үндсэн хуулийн өдөрт зориулж төр засгийн тэргүүнүүд хүндэтгэл үзүүлэхээс гадна шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнийг Төрийн ордонд зохион байгуулдаг уламжлалтай болжээ. Энэ жил ч түүхэн өдрийг ийм байдлаар тэмдэглэн өнгөрүүлж байна.

Дордуулсан долоо

Цаг үе, нийгмийн шаардлагаар өнгөрсөн хугацаанд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар хэд хэдэн санал гарч, 2000 оны 12 дугаар сарын 14-нд долоон зүйлд өөрчлөлт оруулсан нь өнөөг хүртэл “дордуулсан долоо” гэж эрдэмтэн судлаачид ярьж, сэтгүүлчид ингэж бичиж тэмдэглэсээр ирсэн юм.

2000 онд хийсэн өөрчлөл­түүд дотроос УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний ажлыг давхар гүйцэт­гэж болохоор заасан нь Үндсэн хууль болоод төрийн хүчийг сулруулж маш их шүүмжлэлийн бай болсоор байв. Ингэж “давхар дээл” гэх нэр нийгэмд бий болсон юм. Тодруулбал, Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэж заасан юм.

Энэ нь УИХ-ын гишүүд сайдын алба давхар хашиж тэр хэрээр төрийн ажил цалгардах, нэг хүнд илүү албан тушаалын боломж олгосон сул талтай байлаа. Олонх сайд нар Ерөнхий сайдтайгаа хамт УИХ-д ороод суучихаар хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын холбоо сүлбээ нарийсаж хяналт тавих механизм ч бүдгэрэв. Мөн Засгийн газрын эрх мэдэл сул, амархан огцрох, хүссэн бүлэг фракц Засгийн эрхийг авах нөхцөл илүү байснаар тогтворгүй төр засагтай, бодлого шийдвэр нь ч амархан өөрчлөгддөг, ард түмэнд ойлгомжгүй зүйл их байлаа.

Зассан зургаа

Бүтэн 19 жилийн турш “дордуулсан долоо” хэмээн цоллуулсаар, өндөг шиг байрнаас нь хөдөлгөж болохгүйгээр дарсан Үндсэн хуулийг 2019 онд өөрчилж чадсан юм. Үндсэн хуульд нэмэлт оруулах төслийг боловсруулах багийг 2008-2019 онд долоон удаа байгуулж, 2011, 2012, 2015 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ-д өргөн барьж байсан ч хэлэлцээгүй. Харин хамгийн сүүлд буюу 2019 оны 6 дугаар сарын 6-нд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-ын өргөн мэдүүлсэн юм. Уг төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаанаар хэлэлцэн 2019 оны 11 дүгээр сарын 14-нд эцэслэн баталж, тухайн өдрийн морин цагт буюу 11:40 цагаас улс даяар мөрдөж эхэлжээ.

Энэ өөрчлөлтөөр Үндсэн хуулийн 70 зүйлийн 19 зүйл, 36 заалтыг хөндсөн байна. Эдгээр өөрчлөлтөөр засаглалын хяналт, тэнцлийг хангаж, Засгийн газрын тогтвортой байдал, парламентын хариуцлагыг нэмэгдүүлж, нутгийн захиргааны бие даасан байдлыг бэхжүүлэхэд чиглэж, 2000 оны долоон өөрчлөлтийн зургааг нь засаж сайжруулсан гэдэг.

Гол онцлогоос дурдвал Төрийн тэргүүнийг зургаан жилийн хугацаагаар нэг удаа сонгож байхаар өөрчлөлт оруулсан юм. Тодруулбал, Үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно" гэж заажээ. Ингэснээр иргэд сонгогчид 6 жилийн хугацаатай, нэгэн бүрэн эрхтэй анхны Төрийн тэргүүнээ өнгөрсөн жил сонгосон юм.

Мөн хуулийн 39 дүгээр зүйл 1-т “Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” хэмээн заажээ. Ингэснээр олон жил ярьж, бичиж ирсэн “давхар дээл”-ийг халж, зөвхөн Засгийн газрын бодлогын чиг үүргийн дөрвөн яамыг УИХ-ын гишүүд дундаас давхар удирдаж сайдаар ажиллаж болох, бусад сайдыг парламентын танхимын гаднаас томилж ажиллуулах нөхцөлтэй болсон юм. Түүнчлэн “Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөнө" хэмээн заасан нь Засгийн газрын тэргүүнд нэлээд эрх мэдэл олгосон, тогтвортой ажиллах нөхцөл бүрдүүлсэн өөрчлөлт байлаа.

Мөн 48 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд шүүхийг тойргийн зарчмаар байгуулж болно. Шүүхийг эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулж болно. Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно” зэргээр шүүх эрх мэдлийг зохицуулж өгснөөрөө онцлог юм.

Төгсгөл

Хэдий хуулиар төр засаг, Гүйцэтгэх засаглал, түүний эрх мэдлийн хуваарилалтын тухай хөндөж буй боловч төрийн эрхийг барих сонголтоо хийдэг иргэдэд ч эрх, үүрэг хариуцлага нь ногдсон хэвээр. Бид амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах үндсэн эрхээ нэхдэг шигээ өөрсдийн бүтээж яваа нийгмээ эрүүл, соёлтой байлгадаг, гудамжинд хог, шүлс цэрээ хаядаггүй, ил задгай газар бие засдаггүй, хүүхдийнхээ сургууль, цэцэрлэгийн орчинд архи ууж, тамхи татдаггүй баймаар байна.

Ковидоос үлдэж буй олон сургамж бидэнд бий. Хүссэн зүйлээ хийдэг эрх чөлөө гэж байхгүй. Хэн нэгний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагддаг. Дуртай үедээ нэгнийхээрээ хэсэж, айлын хүүхдийг дураараа барьж авч үнсдэг байдлаа болих, аливаа зүйлийн дараалалд эмх цэгцтэй зай барьж сурах, амьсгалын замын өвчин туссан бол амны хаалт зүүдэг соёлд суралцаж байна. Жил бүрийн нэгдүгээр сарын 13-ны Үндсэн хуулийн өдрийг баярын өдөр гээд богинохон хугацаанд бужигнаад өнгөрүүлдэг биш гэм зэмээ ойлгож ухаардаг төрт улсын ухамсарт хүн байя гэсэн л санаа юм.

Үндсэн хууль гэхээр том дарга нарын сөхөж уншдаг, мэддэг зүйл биш. Жирийн бидэнд ч хамаатай сэтгэлгээний асуудал юм. Үндсэн хуулийг бичиг үсэг тайлагдсан хүн бүр жилд нэгээс хоёр удаа уншдаг байгаасай, оюутан сурагчид өөрийн бол­гож унших нь асар том боломж, хүмүүжлийг олгодог гэж зарим депутат ард түмэндээ онцлон захидаг билээ. Уг нь 70 зүйлээс бүрдсэн сурагчийн дэвтэр шиг нимгэн ном юм билээ.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn