Гаатай тамхийг хориглож эхэлцгээе

АНУ-ын Хүнс, эмийн хяналтын газраас (FDA) ментол буюу гаатай тамхи болон амт оруулсан навчин тамхины хэрэглээг хязгаарлах санал гаргалаа. Уг санал дэмжигдэж, хууль болох магадлал өндөр байна.
Гаатай тамхийг хориглож эхэлцгээе
@ Forbes

"Шинжлэх ухааны нотлох баримтуудыг харгалзан үзэж мөн тамхины хяналтын тухай хуулийн дагуу сайтар судалсны үндсэн дээр АНУ-ын эрх баригчид гаатай тамхи болон амт оруулсан навчин тамхины хэрэглээг хориглох нь нийтийн эрүүл мэндийг хамгаалах чухал ач холбогдолтой болохыг тогтоосон" тухай FDA-ийн комиссар доктор Роберт Калифф Сенатын дэд хороонд мэдэгджээ.

Мөн "Уг санал нь гаа болон бусад төрлийн амт оруулсан тамхины хэрэглээг бууруулж, хэрэглэгчдийн эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлнэ" гэж онцлон дурдсан байна.

Америкийн Уушгины нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч Эрика Свард пүрэв гарагт хийсэн мэдээлэлдээ "Энэ шийдвэрийн хамгийн чухал тал бол хүүхдүүдийг тамхи хэрэглэж эхлэхээс сэргийлэх явдал юм. Ялангуяа тамхи хэрэглэгч хүмүүсийн амь насыг аврахад асар их нөлөө үзүүлнэ" хэмээлээ.

FDA сүүлийн арав гаруй жилийн туршид гаатай тамхитай холбоотой асуудалд анхаарлаа хандуулсаар ирсэн. Ментол нь 2009 оны АНУ-ын тамхины хяналтын тухай хуулиар тамхинд хэрэглэхийг зөвшөөрсөн тусгай гааны амт бүхий нэмэлт бодис юм. 2009 онд бүх төрлийн нэмэлт амттай тамхинуудыг хориглох, тамхины үйлдвэрлэлийг зохицуулах зэрэг эрхүүдийг FDA-д хариуцуулан өгсөн байдаг.

Асуудал гүнзгийрэх нь

Тамхи үйлдвэрлэгчид өнгөт арьстнууд болон бусад цөөнхийн бүлгүүдэд зориулан гаатай болон нэмэлт амттай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Мөн тодорхой бус нутгуудад борлуулалтаа идэвхжүүлэн зах зээлд ихээр нийлүүлдэг байна.

Цагаан арьст тамхи хэрэглэгчдийн 30 орчим хувь нь ментолтой тамхийг сонгон хэрэглэдэг бол өнгөт арьст тамхи хэрэглэгчдийн бараг 85% нь ментолтой тамхи татдаг. Түүнчлэн FDA-ийн судалгааны дагуу эмэгтэйчүүдийн 40 орчим хувь нь эрэгтэйчүүдийн 31% нь ментолтой тамхи татдаг гэжээ.

Үүгээр ч зогсохгүй ЛГБТИ хүмүүсийн ментолтой тамхи татах магадлал өндөр байдаг аж.

"Өнөөдөр ментолтой тамхины төгсгөл эхэлж байгаа бололтой. Энэ бол нийт иргэдийн хувьд түүхэнд бичигдэхүйц мөч юм. Хэдэн арван жилийн турш тамхины компаниуд залуучуудыг үхлийн аюултай бүтээгдэхүүндээ уяхын тулд энэ төрлийн бүтээгдэхүүнийг зориудаар үйлдвэрлэж, өнгөт арьст америкчуудыг ч зориудаар онилсон. Үүний тулд арьс өнгөөр​​ ялгаварлан гадуурхах маркетингийн хөтөлбөр хэрэгжүүлсээр ирсэн" гэж Жонсоны Сан өмгөөллийн байгууллагын гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Роберт Вуд, доктор Жули Морита нар мэдэгдсэн юм.

Тамхи татдаг хүүхдүүдийн талаас илүү хувь нь ментолтой тамхи хэрэглэдэг талаар CDC мэдээлсэн байдаг. Харин тамхи татдаг насанд хүрэгчдийн дунд явуулсан судалгаагаар дийлэнх хэрэглэгчид ментолтой тамхинаас эхлэн тамхинд орж эхэлдэг болохыг тогтоожээ. Ментолтой тамхи татдаг хүүхдүүд л гэхэд хааяа тамхи татдаг насанд хүрэгчдээс илүү олон давтамжтай тамхи татдаг гэнэ.

АНУ-д тамхи татдаг иргэдийн тоо 2018 онд хамгийн доод түвшинд хүрсэн гэж CDC мэдээлсэн боловч тус улсад урьдчилан сэргийлэх боломжтой нас баралт, архаг өвчлөл, хөгжлийн бэрхшээлийн гол шалтгаан тамхи хэвээр байна. Тамхинаас болж АНУ-д жил бүр 480 мянган гаруй хүн нас бардаг бол үүний 41 мянга гаруй нь дам тамхидалтаас болж нас бардаг гэсэн тооцоолол бий.

Ментолын амтыг хориглох нь ирэх 40 жилийн хугацаанд 650 мянган хүнийг нас барахаас урьдчилан сэргийлнэ. Харин тамхины үйлдвэрлэлээс хориглож эхэлсэн эхний жил хагасын дотор 923 мянган хүнийг тамхинаас гарахад хүргэнэ гэж тооцоолж байгаагаас 230 мянга нь Африк гаралтай Америкчууд байх аж.

Шилжилт

2009 онд хуулиар нэмэлт үнэр оруулсан тамхины үйлдвэрлэлийг хориглосны дараа тамхи хэрэглэгчид, ялангуяа хүүхэд багачууд амт оруулсан навчин тамхи, тэр дундаа ментол, жимсний нухаш, гүзээлзгэнэ, усан үзмийн амттай навчин тамхийг ихээр татах болсон юм.

АНУ-д хагас сая гаруй залуучууд амт оруулсан навчин тамхи татдаг гэж FDA мэдээлжээ. Эдгээр тамхины хэрэглээ хүүхдүүд, ялангуяа өнгөт арьст, испани гаралтай хүүхдүүдийн дунд түгээмэл байдаг бөгөөд тэд цагаан арьст тамхи хэрэглэгчдээс хоёр дахин их тамхи татдаг байна.

FDA нэг судалгаагаар 12-17 насны өсвөр үеийнхний бараг 74% нь тамхи татдаг, учир нь өсвөр насны хүүхдүүд амттай тамхи хэрэглэх сонирхол өндөртэй байдаг байна.

Америкийн Зүрхний Ассоциацийн Гүйцэтгэх захирал Нэнси Браун "Тамхины хэрэглээ болон тамхинаас үүдэлтэй өвчний эсрэг олон арван жил үргэлжилсэн тэмцэлд түүхэн эргэлтийн цэг болж байна. Ментолтой тамхи нийгмийн эрүүл мэндэд илүү хор хөнөөлтэй. Тэд тамхи татдаг залуучуудын донтох магадлалыг нэмэгдүүлдэг. Энэ төрлийн тамхинуудыг зах зээлээс хасах нь асар том ашиг тус юм" гэжээ.

Хэрэглэгчид эрүүгийн хариуцлага хүлээхгүй

Хэрэв хууль батлагдвал зөвхөн тамхины компаниуд болон томоохон үйлдвэрүүдийг л хамаарах аж. Тиймээс хуулийн дагуу ментол агуулсан бүтээгдэхүүн эзэмшсэн хувь хэрэглэгчдийг шийтгэхгүй.

Энэ асуудлын тухай нийтэд мэдээлж эхэлснээс хойш Аль Шарптон болон Ээжүүдийн хөдөлгөөн зэрэг зарим идэвхтэй бүлгэмүүд хуулийг хэрэгжүүлэх явцад эсэргүүцэл үзүүлнэ гэж анхааруулсан юм.

Тамхины эсрэг тэмцэгчид болон зарим иргэний эрхийг хамгаалах байгууллагууд хэдэн арван жилийн турш тамхи үйлдвэрлэгчдээс их хэмжээний мөнгө авч байсан нь тогтоогдож байсан удаатай. 2019 онд Нью Йорк Таймс сонинд тамхи үйлдвэрлэгч Рейнолдс Американ компани Шарптоны үйл ажиллагаанд олон жилийн турш хандивлагч байсныг хүлээн зөвшөөрсөн боловч "энэ бол мөнгөний тухай асуудал биш" хэмээн эсэргүүцэж байжээ.

FDA пүрэв гарагт хийсэн мэдэгдэлдээ "Төрийн болон орон нутгийн хууль сахиулах байгууллагууд хууль тогтоомжийг иргэдийн эрх тэгш байдал, олон нийтийн аюулгүй байдалд заналхийлэл учруулахгүй байдлаар хэрэгжүүлэх тал дээр ажиллаж байна” гэлээ.

Энэхүү хуулийг АНУ-ын хууль тогтоогчид дэмжих нь тодорхой болж байгаа ба Австрали зэрэг зарим улсууд гаатай тамхийг хориглох талаар хэлэлцэж эхэлжээ. Монголын нийгэмд ч хамаатай энэ асуудлыг хэлэлцэж эхлэх үү дээ?

Эх сурвалж: Edition.CNN, The Conversation

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn