Ж.Батбаатар: Иргэдийн мэдээллийн боловсролыг нэмэгдүүлэх шаардлагатай

-Уншигч мөнгөө төлөөд өөрт хэрэгтэй чанартай мэдээллийг уншдаг арга барил руу шилжих нь зөв-
Ж.Батбаатар: Иргэдийн мэдээллийн боловсролыг нэмэгдүүлэх шаардлагатай

-Барууны орнуудад иргэнд хэрэгтэй мэдээллийг хүргэхийн тулд редакц бүр хэрэглэгчийн судалгаа хийдэг-

-Иргэдийн мэдээллийг шүүлтүүртэй хүлээж авах боловсролыг дээшлүүлэх шаардлагатай-

-Уншигч мөнгөө төлөөд өөрт хэрэгтэй чанартай мэдээллийг уншдаг арга барил руу шилжих нь зөв-

Жил бүрийн тавдугаар сарын 3-нд дэлхийн Хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиодог билээ. Дэлхий нийтээрээ эл өдрийг 31 дэх жилдээ тэмдэглэж байна. Чөлөөт зах зээлийн жамаар замнаж, ардчилал, хүний эрхийг дээдэлсэн манай улсын хувьд хэвлэлийн эрх чөлөө гэдэг ус агаар шиг үнэ цэнтэй зүйл. Нийгмийн чөлөөт байдал олон ургалч үзлийг дагаад хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоо ч өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Өнөөдөр манай улсад 500 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэлд 4,750 гаруй хүн ажиллаж буй талаар Хэвлэлийн хүрээлэнгийн судалгаанд дурджээ. Ингэж мэдээллийн хэрэгсэл өсөхийн хэрээр иргэд хяналтгүй мэдээллийн далайд “живж” байна гээд хэлчихвэл хэлмэгдүүлсэн болохгүй биз ээ.

Манай улсад хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай, сонин телевиз, сайтуудаар цацагдаж буй мэдээллийн агуулгын талаар хийсэн судалгаа мониторинг олон байдаг ч хэрэглэгч яг ямар мэдээлэл уншихыг хүсэж байна вэ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй мэдээлэл хэн нэг иргэнд ач холбогдлоо өгч чадаж байна уу гэдгийг өргөн хүрээнд судалсан судалгаа алга. Сэтгүүл зүйн онолоор бол мэдээлэл уншигчид ач холбогдолтой, соён гэгээрүүлдэг, үр өгөөжөө өгдөг байх учиртай. Гэвч өнөөгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс энэ талын үүргээ гүйцэтгэж буй нь хуруу дарам цөөн байгаа юм. Тухайн уншигчид хэрэгцээт мэдээллийг нь бэлтгэж хүргэхийн тулд редакц болон сэтгүүлч юун түрүүнд хэрэглэгч юу мэдэхийг хүсэж буйг судлах шаардлагатай. АНУ болон бусад орнуудын хэвлэл мэдээллийн хэрэгсэл үйл ажиллагаа явуулж эхлэхээсээ өмнө заавал хэрэглэгчийн судалгаа хийдэг байна. Энэ тухайн мэдээллийн хэрэгслийг уншигчид хэрэгтэй үнэ цэнтэй мэдээлэл бэлтгэж хүргэхэд ихээхэн тус болдог аж. Тус улсын энэхүү туршлагыг Монголд нутагшуулах зорилгоор Сэтгүүлзүйн инноваци хөгжлийн үүр төвийнхний дэмжлэгээр “Spirit of America, Peaple in need” байгууллагын санхүүжилтээр Сонгинохайрхан дүүргийн 100 хэрэглэгчийг хамруулсан судалгаа явуулсан.

Судалгааны дүнгээс харахад оролцогчдын 50 гаруй хувь нь голдуу нийгэм, халамжийн талаарх мэдээлэл унших хүсэлтэй гэж хариулсан. Харин 25-35 насныхны дийлэнх нь спорт, урлагийн мэдээлэл түлхүү уншдаг гэж хариулсан байна. Гэтэл судалгаанд оролцогчдын ердөө гуравхан хувь нь улс төрийн мэдээлэл уншдаг гэсэн хариулт өгчээ. Үүнээс харахад иргэд улс төрийн мэдээллээс залхсан нь харагдаж байгаа юм. Харин амьдралд нь тус дөхөм болохуйц гудамжны тохижилтын талаар эсвэл хүүхдийн мөнгө хэзээ буух вэ гэсэн мэдээллийг иргэд илүү сонирхож байна. Тэгэхээр хүмүүсийн амьдралд тодорхой байдлаар нөлөө үзүүлэх мэдээ бэлтгэж байж бид өнөөдөр мэдээллийн үнэ цэнийг бүтээж чадна гэсэн үг.

Нөгөө талаар өнөөдөр цөөн хүн амтай жижиг зах зээлтэй Монгол шиг улсад хэт олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл санхүүгийн бие даасан байдлаа хангаж ажиллахад амаргүй байгаа юм. Иймээс зарим мэдээллийн хэрэгсэл зах зээлд оршин тогтнохын тулд хэн нэгэн улстөрчөөс санхүүжиж улс төрийн хараат байдлаар үйл ажиллагаа явуулдаг нь нууц биш. Уг нь ардчилсан зарчмаар хөгжиж буй улсад хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь санхүүгийн хувьд бүрэн бие даасан хараат бус байдлаар үйл ажиллагаа явуулах учиртай билээ. Гэвч зах зээлийнхээ журмаар орлогоо бүрдүүлж, санхүүгийн хувьд хараат бусаар үйл ажиллагаа явуулах боломж хомс. Томоохон мэдээллийн агентлагууд төлбөртэй мэдээллийн хэрэгсэл рүү шилжих замаар санхүүгийн асуудлаа шийдэж, хараат бусаар үйл ажиллагаа явуулах боломж руу дөхсөөр байна.

Энэхүү бичвэртэй холбогдуулан сэтгүүл зүйн салбарын багш нар хийгээд сэтгүүл зүйн чиглэлээр судалгаа явуулдаг байгууллага, туршлагатай сэтгүүлч, уншигчийн төлөөллөөс зарим асуултад хариулт авснаа хүргэж байна.

Иргэд хэвлэл мэдээллээс илүү фейсбүүкээс шүүлтүүргүй мэдээ уншдаг

Хэвлэлийн хүрээлэнгийн захирал М.Мөнхмандахаас бид хэвлэлийн эрх чөлөө болон уншигч мөнгөө төлөөд мэдээлэл авах боломж нөхцөл бүрдсэн үү гэдэг талаар тодруулсан юм. Тэрээр “Зарим мэдээллийн хэрэгсэл төлбөртэй уншуулах систем рүү орох талаар судалж байна. Энэ бол чанартай мэдээлэл бэлтгэж хүргэж буй нөхцөлд хязгаарлагдмал хүрээнд байж болно. Иргэд хэвлэл мэдээллийн хэрэгслээс илүү фейсбүүкээс мэдээлэл аваад тэрийг болж байна гэж ойлгодог. Өнөөдөр манай монголчууд фейсбүүкийг харилцааны хэрэглүүр гэдгийг ойлгохгүй л явна шүү дээ. Сошиалаар цацагдсан мэдээлэл бүрийг үнэн мөнийг нь магадлахгүйгээр хүлээж авч байна. Өндөр хөгжилтэй улс орнуудад мэдээллийн боловсрол сайн байгаа” хэмээв.

pressinst.medium.com
pressinst.medium.com

Сэтгүүл зүй өөрийн үүргээ чанартай гүйцэтгэх хэрэгтэй

Иргэд нэг ёсондоо холимог мэдээллийн дунд төөрч, цаг заваа гарздаж байна. Энэ нэг талаараа иргэдийн мэдлэг боловсролтой холбоотой. Чанартай, чанаргүй мэдээллийг ялгаж салгаж ойлгох чадамжгүй байна.

Ж.Батбаатар

www.montsame.mn
www.montsame.mn

МУБИС-ийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн захирал сэтгүүл зүйн доктор Ж.Батбаатартай холбогдож, мэдээллийн үнэ цэнийг бий болгох арга замын талаар тодрууллаа. Тэрээр “Дижитал ертөнц мэдээллийн хэт урсгалд “живж” байна. Гэтэл эдгээр мэдээллийн ихэнх нь чанаргүй байдаг. Тиймээс иргэдэд зайлшгүй хэрэгтэй мэдээллийг өгч чаддаггүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаж буй хэт олон мэдээллийг нягталж шалгах орон зай хоосорсон. Иргэд нэг ёсондоо холимог мэдээллийн дунд төөрч, цаг заваа гарздаж байна. Энэ нь нэг талаараа иргэдийн мэдлэг боловсролтой холбоотой. Чанартай, чанаргүй мэдээллийг ялгаж салгаж ойлгох чадамжгүй байна. Тэгэхээр иргэдийн мэдээллийг шүүлтүүртэй хүлээж авах боловсролыг дээшлүүлэх шаардлага тулгарч байгаа юм. Сэтгүүл зүй өөрийн үүргээ чанартай гүйцэтгэх хэрэгтэй байна” гэлээ.

Уншигч мөнгөө төлөөд өөрт хэрэгтэй чанартай мэдээллийг уншдаг арга барил руу шилжих нь зөв

Бид хэвлэл мэдээллийн хэрэгсэл санхүүгийн хувьд хэрхэн бие даасан байдлаар үйл ажиллагаагаа явуулах талаар МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн багш, доктор Б.Болд-Эрдэнээс тодрууллаа. Тэрээр “Сэтгүүл зүй эрүүл чөлөөтэй, санхүүгийн хувьд хэн нэгэн эрх мэдэлтнээс хараат бус байх зах зээлийн нөхцөл боломжийг нь хангаж өгөх хэрэгтэй байна. Ингэхийн тулд хөрөнгө оруулагчид томоохон компаниуд үндэсний үйлдвэрлэгчид хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтарч ажиллах ёстой. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн бодит үнэн, прагматик эрүүл байх боломжийг бүрдүүлж өгдөг гол дэмжигч бол бизнес эрхлэгчид. Дэлхийн жишиг ийм байна. Сонин сайтын редакцууд санхүүгийн хараат бус байдлаар үндсэн үүргээ гүйцэтгэхийн тулд олон улсад ашиглаж буй сүүлийн үеийн арга туршлагуудыг нэвтрүүлж болно. Тухайлбал, блокчейн технологийг ашиглаж үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. Энэ нь уншигч мөнгөө төлөөд өөрт хэрэгтэй чанартай мэдээллийг уншдаг арга барил” хэмээн хариуллаа.

Мэргэжлийн редакц хариуцлагатай, ёс зүйтэй байж чаддагаараа ялгаатай

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн гишүүн асан сэтгүүлч Д.Нарантуяагаас бид мэргэжлийн редакцын онцлогийн талаар тодруулсан юм. Тэрээр “Мэргэжлийн редакц бол нийтлэлийн бодлого, ёс зүйтэй байж чаддагаараа ялгардаг. Мөн хариуцлагатай байдгаараа давуу талтай. Манай Монголын нөхцөлд мэргэжлийн редакц л сэтгүүлчийг сайн бэлтгэж төлөвшүүлж чадаж байна. Сэтгүүлч хүн сургууль төгсөөд диплом өвөртөлсөн л бол шууд сайн сэтгүүлч болчихгүй. Редакц тэднийг нарийн мэргэшүүлж, чиглүүлж, дадлагажуулж өгдөг. Энэ үүргийг мэргэжлийн редакц л хамгийн сайн биелүүлж чадна. Гэхдээ редакц бүр чадвар чансаанаасаа хамаараад үнэлэмж нь их ялгаатай байна” гэлээ.

Ихэнх сайт хандалт авах зорилгоор хуурамч гарчиг тавьж биднийг төөрөгдүүлдэг

Хэвлэл мэдээллийн хэрэгслийн уншигчийн төлөөлөл болгож, Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны иргэн Н.Хонгорзулаас өөрт хэрэгтэй байгаа мэдээллээ сонин, сайтаас уншиж чаддаг уу гэсэн асуултад хариулт авлаа. Тэрээр “Би сайтаас түлхүү мэдээлэл авдаг. Өөрийн хэрэгцээт мэдээллээ авахын тулд чамгүй цаг зарцуулдаг. Ихэнх сайт хандалт авах зорилгоор хуурамч гарчиг тавьж биднийг төөрөгдүүлдэг. Уншаад үзэхээр яг үнэндээ гарчиг дээрх мэдээлэл нь эх бичвэр дотроо байдаггүй нь харамсалтай. Энэ бүхнээс болоод мэдээлэл бүрд ач холбогдол өгөхөө больсон. Өөрөөр хэлбэл итгэдэггүй гэж хэлж болно” гэсэн хариулт өгсөн юм.

Хүний анхдагч хэрэгцээний түвшинд яригдах болсон мэдээллийн үнэ цэн, мөн чанарыг хэрхэн хадгалах, хамгаалах вэ? Бид амьд үлдэх, амьдрахын тулд хоол хүнс зэрэг анхдагч хэрэгцээндээ мөнгө зарцуулдаг шиг өөрт хэрэгтэй, үнэн бодит, хараат бус мэдээллийг худалдаж авдаг болох цаг ойрхон байна. Ингэж хэмээн хязгааргүй мэдээлэл дунд хөл алдан живэхгүй, хараат бус тэнцвэртэй мэдээллээр өөрийгөө цэнэглэх боломжтой юм.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn