Хүнсний аюулгүй байдлын талаарх зорилт бүрэн хэрэгжээгүй гэж дүгнэжээ

Импортоос хамааралтай хүнс иддэг монголчуудын өмнө хүнсний аюулгүй байдал тулгамдсан асуудал болоод байна.
Хүнсний аюулгүй байдлын талаарх зорилт бүрэн хэрэгжээгүй гэж дүгнэжээ

Үндэсний аудитын газар энэ онд Хүнсний аюулгүй байдлыг хянах өнөөгийн тогтолцоо, төсвөөс зарцуулсан хөрөнгийн үр дүнгийн аудитыг хийсэн байна. Энэхүү тайлантай УИХ-ын Төсвийн байнгын хороо өчигдөр (2022.05.24) танилцжээ. Ерөнхий аудитор Д.Занданбат дараах ерөнхий дүгнэлт гаргасан талаар танилцуулав.

Үүнд:

1. Хүнсний аюулгүй байдлын талаар төрөөс баримтлах бодлогын зорилт бүрэн хэрэгжээгүй, хуулиар тогтоосон эрх зүйн зарим актуудыг батлаагүй, Засгийн газар, яамд чиг үүргээ бүрэн хэрэгжүүлж ажиллаагүй байна.

2. Хүнс, хөдөө аж ахуйн салбарт босоо болон хөндлөн тогтолцоонд бодлогын уялдаа хангагдаагүй байна.

3. Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангаж чадаагүй, импортын хамаарал 42.1% буюу хүнсний бие даасан байдал алдагдсан байна.

4. Хүнсний аюулгүй байдлын талаар төрөөс баримтлах урт, дунд, богино хугацааны бодлогын баримт бичигт хэрэгжүүлэх арга хэмжээний шалгуур үзүүлэлт, суурь болон хүрэх түвшнийг оновчтой тусгаагүйгээс бодлогын хэрэгжилт хангалтгүй, үр дүнд хүрээгүй.

5. Хүнсний сүлжээний бүх үе шатны нэгдсэн бүртгэл, хяналт мэдээллийн нэгдсэн тогтолцоо байхгүй, хяналтын байгууллагууд Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хуульд заасан мэдээллийн санг бүрдүүлэх ажил хангалтгүй байна.

6. Хүнсний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн үндэсний хөтөлбөрүүдийг батлахдаа санхүүжилтийн эх үүсвэрийг нарийвчлан тусгаагүйгээс хэрэгжих нөхцөл бүрдээгүй.

7. Хүнсний аюулгүй байдлын зөвлөл, Кодексын үндэсний зөвлөл нь орон тооны бус, тогтвортой үйл ажиллагаа явуулахгүй байгаагаас олон улсын стандартыг нэвтрүүлэх ажил цаг хугацаандаа хийгдээгүй гэжээ.

Эдгээр дүгнэлтэд үндэслэн Засгийн газарт 4, Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлд 1, Хүнс, хөдөө аж ахуйн яаманд 9, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт 2, Боловсрол, шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Үндэсний статистикийн хороо, Мэргэжлийн хяналтын газарт тус бүр 1 зөвлөмж өгчээ.

Хүнсний салбарт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны урсгал зардлаас нийтдээ 182.4 тэрбум төгрөгөөр 8 хөтөлбөр санхүүжүүлжээ. Мөн 2018 онд нийт 285 тэрбум, 2019 онд 286 тэрбум, 2020 онд 198 тэрбум төгрөгийг гадаадын зээл тусламж, улсын төсөв, бусад эх үүсвэрээс хүнсний салбарт зарцуулсан мэдээлэл байна.

Эх сурвалж: Улсын Их Хурал, Аудитын ерөнхий газар

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn