Төрийн зарим хяналт шалгалтыг зогсоох тухай хэлэлцэнэ

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.
Төрийн зарим хяналт шалгалтыг зогсоох тухай хэлэлцэнэ

Засгийн газраас энэ сарын 11-нд өргөн мэдүүлсэн Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг өнөөдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор шийднэ.

Хууль батлагдвал 2022 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үйлчлэх юм байна. Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх зорилгоор 3 жилийн хугацаанд төлөвлөгөөт хяналт шалгалт хийхгүй бөгөөд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээллээр, эсвэл эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан тохиолдолд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийхээр заажээ.

Мөн төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийхэд зөрчил илэрсэн бол эхний ээлжид зөвлөн туслах, сануулах шинжтэй албан шаардлага хүргүүлнэ. Түүнчлэн энэ хуулийн үйлчлэх хугацаа дууссан нь төрийн хяналт шалгалтыг нөхөж хийх үндэслэл болохгүй аж. Энэ хуулийн төлөвлөгөөт хяналт шалгалтыг зогсоох, үйл ажиллагааг шууд зогсоохоос бусад төрлийн зөрчилд эхлээд зөвлөн туслах, сануулах шинжтэй албан шаардлага хүргүүлэх тухай зохицуулалт нь Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, татвар, гааль, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан эрх бүхий байгууллагаас хийх хяналт шалгалтад хамаарахгүй юм байна. Мөн энэ хууль нь төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээдэд төлөвлөгөөт хяналт шалгалт хийхийг зогсоохгүй.

Хууль батлагдсанаар үйлчлэх хугацаанд бизнес эрхлэгчдэд хяналт шалгалтын улмаас учирч буй дарамтыг хөнгөвчлөхөд тус нэмэр болно гэж төсөл санаачлагч Засгийн газар үзсэн байна. Төрийн хяналт шалгалт давхарддаг, дарамт болдог байдлыг өөрчлөх ёстойг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Б.Баасандорж өчигдөр болсон Монголын эдийн засгийн чуулганы урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр онцолж байлаа.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn