Цахим хөгжлийг дэмжих хуулиудын хэрэгжилт анхан шатанд хангалтгүй байна

Багц хуулийн хэрэгжилт анхан, дунд шатанд хангалтгүй байгааг салбарын төлөөлөл хэлж байна
Цахим хөгжлийг дэмжих хуулиудын хэрэгжилт анхан шатанд хангалтгүй байна

Монгол Улс 2005 оноос эхлэн төрийн цахим шилжилт хийж эхэлсэн байдаг. Харин энэ парламентын үед цахим хөгжлийг дэмжих багц хуулиуд батлагдсанаар хувь хүний мэдээлэл, нийтийн мэдээлэл, кибер аюулгүй байдлын тухай хууль болон Монгол Улсын иргэд тоон гарын үсэгтэй болж эхэлсэн. Багц хуулийн хэрэгжилт анхан, дунд шатанд хангалтгүй байгааг салбарын төлөөлөл хэлж байна.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар 67 төрлийн мэдээллийг нийтэд ил болгосон. Энэ нь аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс эхлээд нээлттэй болсон гэсэн үг. Мөн сүүлийн үед хамгийн их хэл ам таддаг, авлига ашиг сонирхлын зөрчилд өртдөг гэдэг асуудал бол тендер байдаг. Тэгвэл энэ хуулиар тендерт шалгарсан болон шалгараагүй хуулийн үндэслэл, шалтгаанаа нээлттэй байлгахаар заасан. Ингэснээр хууль бус тендер явуулсан бол тэр нь ил тод харагддаг байх юм.

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиар хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгөх, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглосныг баталгаажуулж байгаа юм. Мөн хувь хүн нууцаа өөрөө хамгаалдаг байсан бол шинэчилсэн найруулгаар хүний хувийн мэдээллийг хувь хүнээс гадна ажил үүргийн хувьд мэдсэн мэдээлэл хариуцагч давхар хамгаалдаг байхаар зохицуулж өгчээ.

Кибер аюулгүй байдлын тухай хууль нь Монгол Улсад анх удаа батлагдаж байгаа анхдагч хууль бөгөөд сүүлийн 15 жилийн хугацаанд энэ асуудал яригдаж, 7 удаа төсөл боловсруулагдаж байсан. Технологийн хөгжилтэй зэрэгцээд шинэ төрлийн цахим гэмт хэргийн тоо олон улсын хэмжээнд ч өсөж байгаа учраас Кибер аюулгүй байдлын хууль чухал үүрэгтэй юм.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Цахим гарын үсгийн тухай болон Кибер аюулгүй байдлын тухай хуулиуд 2022 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Харин Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль нь ердийн журмаар хэрэгжиж байгаа юм.

Эх сурвалж: mongoltv.mn

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn