Жилээс жилд газар нь жижгэрч, өнгө нь гундсан үндэсний парк

Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн баруун талд нь Мон-Уран компанийн оффис, зүүн жигүүрт Шангри-Ла сүндэрлэж, ар талд нь Шонхор тауэр баригдсан. Паркийн газрыг Бодийнхон бодийг нь хөтөлсөн үү?
Жилээс жилд газар нь жижгэрч, өнгө нь гундсан үндэсний парк

Улаанбаатар хотын төвд оршдог хамгийн сайхан газрын нэг нь Үндэсний соёл амралтын хүрээлэн /ҮСАХ/ буюу парк гэдэгтэй маргах хүн үгүй биз ээ. Улирлын онцлогоос шалтгаалаад ҮСАХ жилийн турш ажиллах боломжгүй байдаг. Бусад улс орны паркуудтай жиших аргагүй жижигхэн, бас хөгжүүлэлт тааруу хэдий ч хүүхэд гэлтгүй томчууд паркт дуртай. Жил бүр шахам “Паркаа аваръя” хөдөлгөөн хаврын ногоотой зэрэгцэн “ургадаг” ч үр дүн гаралгүй өнөөдрийг хүрсэн. Энэ жилийн хувьд ҮСАХ буюу паркийн газар эзэмшилтэй холбоотой асуудал анхаарал татаж байна.

Тэртээх 1965 онд анх байгуулахдаа 35 га газартай байсан бол өдгөө 31.2 га болж хумигджээ. Чухам хэзээнээс ийн паркийн газраас хумслан хумьсныг хөөн үзвэл 16 жилийн түүх өгүүлэгдэнэ. Анх 2005 онд Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, 358,714 метр квадрат газрыг “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК-д 15 жилийн хугацаатай эзэмших эрх олгосон байдаг. Энэхүү компанийн 26 хувийг хотын захиргаа, үлдсэн 74 хувийг “Бодь интернэшл” ХХК эзэмшихээр болж. Одоо ч хэвээрээ. Бодийнхон Японы Иточу корпорацтай хамтран паркийг дэлхийн хэмжээнд хөгжүүлнэ гэж амласан. Амлалт тэр хэмжээнд хүрээгүй. Өнгө зүс гундуу хэвээр. Энэ удаад өнгө төрхөөс илүү газрын эзэмшлийн асуудлыг хөндөх тул түр орхиё.

Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн баруун талд нь Мон-Уран компанийн оффис, зүүн жигүүрт Шангри-Ла сүндэрлэж, ар талд нь Шонхор тауэр баригдсан. Паркийн газрыг Бодийнхон бодийг нь хөтөлсөн үү гэдэг асуултад “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Батнягт хариулахдаа “Харин ч үгүй шүү. Газрын маргаанаас болоод парк бараг таван жил хаалгаа хаахад хүрсэн. Анх 1998 онд “Монтоно” ХХК-д 0.49 га газрыг олгож эхэлснээс паркийн газрын асуудал хөндөгдсөн. “Монтоно” ХХК Хуримын ордны хажууд газар эзэмшдэг байсан бөгөөд тэр газрыг нь П.Очирбат ерөнхийлөгчид олгож, оронд нь паркийн газраас олгосон хэрэг. Хожим нь тэр газарт Шангри-Ла баригдах болж, эзэмшил газрын хэмжээг нь 3.3 га болгон М-Си-Эс эзэмшиж байгаа” хэмээн хариулжээ.

Мон-Ураны газрыг тухайн үеийн паркийн дарга өгчихсөн байдаг бол Сөүл ресторан орчмын 2,217 метр квадрат талбайг 2003 онд тухайн үеийн хотын даргын захирамжаар бусдын эзэмшилд шилжүүлжээ. Хотын дарга иргэн Д.Өнөрболорт /өдгөө УИХ-ын гишүүн/ тухайн газрыг 60 жилийн турш эзэмших эрхийг олгосон байна.

26 хувийг нь хот эзэмшдэг хэр нь үе үеийн хотын дарга нарын гарын үсгээр газрыг нь бусдад эзэмшүүлсээр...Бүгдийг нь мэдэж байгаа Шангри-Ла, Мон-Уран, Д.Өнөрболороос гадна “Хайр тохой” ХХК, УБЦТС, “Төгс-Эрдэм” ТББ, ҮСАХ ХХК гэхчлэн нийт найман газар паркийн 35 га газрыг хуваан эзэмшиж байна. Хамгийн том буюу 31.2 га нь мэдээж “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК-ийн эзэмшилд байна. Энэхүү эзэмшил газартаа эзний ёсоор хандаж өөд татах үүрэг нь ч мөн тус компанийнх.

Хориод жилийн өмнө Диснейлэндийн дайтай хөгжүүлэхээр амласан тус компани нийтдээ 53 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулчихаад байгаа гэнэ. Ганц галзуу хулгана л гэхэд 5.5 тэрбум төгрөгөөр босжээ. Хойшид хэдий хэрийн хөрөнгө мөнгө, хичээл зүтгэл гаргахыг хүлээх л үлдэж.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn