Хүүхдийн эрх хаана ч хамгаалагдахгүй байгааг лифтний осол харуулав

Цахилгаан шат нь эвдэрсэн бол засаж амжаагүй юм гэхэд ядаж л анхааруулга байршуулах ёстой ч аль нь ч байсангүй. Үүний улмаас нэгэн амь тасарч, гэр бүл нь хагацал үзлээ.
Хүүхдийн эрх хаана ч хамгаалагдахгүй байгааг лифтний осол харуулав

Томчуудын хайхрамжгүй үйлдлийн уршгийг хүүхэд амиараа төлсөн дахин нэг тохиолдол өчигдөр гарч, нийгмийг цочроов.

Бяцхан хүү гэртээ орох гэж байхдаа цахилгаан шатны хонгилд унаж, бэртсэний улмаас амиа алдсан нь үнэхээр харамсалтай.

Цахилгаан шат нь эвдэрсэн бол засаж амжаагүй юм гэхэд ядаж л анхааруулга байршуулах ёстой ч аль нь ч байсангүй. Үүний улмаас нэгэн амь тасарч, гэр бүл нь хагацал үзлээ.

Хүүхэд хамгааллын тухай хуулийн 2.2-т "Хүүхэд хамгаалал нийгмийн бүх орчинд хүүхэд бүрийг үл хайхрах байдал, дарамт, хүчирхийлэл, мөлжлөгийн бүх хэлбэрээс, эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хариу үйлчилгээ үзүүлэх зорилготой олон талт, цогц, мэргэшсэн үйл ажиллагаанаас бүрдэнэ" хэмээн заасан байдаг.

Өөрөөр хэлбэл, хүүхэд бүхий л орчинд хамгаалагдах учиртай.

Монголын нөхцөл хүүхдийн хамгаалагдах эрх нь хангагдаж байна уу гэвэл дэндүү чамлалттай үзүүлэлт гарна. Ерөнхийдөө хүүхэд хаана ч хамгаалагдахгүй байна гэхэд болохоор нөхцөл байдал бий болсоор удаж байна. Гэр бүлийн хүчирхийлэл, сургуулийн орчин дахь дээрэлхэл, эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмж муу гэх мэтээр тоочоод байвал урт жагсаалт гарах биз ээ.

Ослын буруутан хэн бэ?

Иргэд осол гарсан тухайн байрны Сууц өмчлөгчдийн холбоо, мэргэжлийн хяналтын газрыг буруутгаж, СӨХ нь өөрсдийгөө өмөөрсөн ийм л байдал өнөөдөр үргэлжилж байна.

Цахилгаан шаттай холбоотой осол үе үе гардаг. Энэ бүрийд осол гарлаа гэж шуугиад л өнгөрөхөөс бусдаар нэгдсэн хяналт шалгалт хийгдэж, урьдчилан сэргийлэх ажил дорвитой хийгдээгүй гэхэд болно.

Улаанбаатар лифт ОНӨААТҮГ-ын дарга Д.Ган-Эрдэнэ "Нийслэлд 7,000 орчим цахилгаан шат байдаг. Холбогдох журмын дагуу тухайн лифтийг ашиглагч байгууллага нь хариуцаж, эвдрэл гэмтлийн засвар үйлчилгээг хийх үүрэгтэй байдаг. Тиймээс аюулгүй байдлыг хангах нь СӨХ-ны үүрэг" гэлээ.

Тэгэхээр Сууц өмчлөгчдийн холбоо аюултай нөхцөл байдал үүссэн байхад анхааруулаагүй, арга хэмжээ аваагүй тул буруутай нь тогтоогдож байгаа юм.

Албаны хүний дурдсанаар нийслэлд одоогоор ашиглагдаж буй 7,000 орчим лифтнээс 134-ийнх нь ашиглалтын хугацаа дууссан байна. Эдгээрийг гадаадын хөнгөлөлттэй зээл, тусламжаар солихоор төсөл хэрэгжүүлэхээр болжээ.

Иймд дахин харамсалтай хэрэг гаргахгүйн тул мэргэжлийн хяналтынхан цахилгаан шатны аюулгүй ажиллагаанд хяналт шалгалт хийж, Сууц өмчлөгчдийн холбоо, аж ахуйн нэгж, байгууллагууд цахилгаан шатаа дахин нягталж, эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн гэж үзвэл яаралтай анхааруулга байрлуулж, мэргэжлийн засвар үйлчилгээг хийлгэх шаардлагатай байна.

Хэнэггүй, хээгүй зан одоо бидэнд хангалттай. Аюулгүй ажиллагаа, чанар стандарт хамгийн чухал. Энэ нь хүний эрүүл мэнд, амь настай шууд холбоотой учир.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn