Хөдөлмөрийн тухай хууль Цуврал 5: Үл өрсөлдөх үүрэг

2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж буй Хөдөлмөрийн тухай хуультай холбоотой анхаарвал зохих зохицуулалтуудыг хууль таниулан сурталчлах, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэхэд зориулан цувралаар хүргэж байна.
Хөдөлмөрийн тухай хууль Цуврал 5: Үл өрсөлдөх үүрэг
www.hksar.org

Хөдөлмөрийн гэрээний нэмэлт нөхцөлд хамаарах үл өрсөлдөх үүрэгтэй холбоотой зохицуулалт нь Хөдөлмөрийн тухай хуулийн онцлог, шинэ зохицуулалтуудын нэг юм. 1999 оны хуульд хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсноос хойш ажилтныг ажил олгогчтой үл өрсөлдөх, тодорхой үйл ажиллагаа эрхлэхийг нь хязгаарласан ямар нэг заалт байгаагүй.

Ажил олгогчид шаардлагатай тохиолдолд ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээнд хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсноор ажилтан ажил олгогчтой ижил төрлийн үйл ажиллагаа эрхлэх, эсвэл өрсөлдөгчид нь ажиллахгүй байх гэх мэт нөхцөлийг тусгадаг байсан. Ингэхдээ ямар нэг ялгамжгүйгээр энэ үүргийг ажилтнуудад хүлээлгэх, хэт урт хугацаа тогтоох зэргээр хүний ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг зөрчих тохиолдлууд байсан бол шинэ зохицуулалтаар үл өрсөлдөх үүргийг хэнд, хэрхэн, хэдий хугацаагаар хүлээлгэхийг тодорхойлсноороо онцлогтой.

Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу ажил олгогч онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ (хуучнаар контрактын гэрээ)-тэй ажилтантай харилцан тохиролцож үйлдвэрлэл, бизнесийнхээ нууцыг хамгаалах зорилгоор хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсноос хойш тодорхой хугацаанд ажил олгогчтой шууд өрсөлдөгч аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүнд ажиллах, эсхүл ажилтан өөрөө ажил олгогчтой шууд өрсөлдөх үйл ажиллагаа эрхлэхгүй байх тухай үүрэг хүлээх нэмэлт нөхцөлийг хөдөлмөрийн гэрээнд тусгах, эсхүл энэ талаар дагалдах гэрээ байгуулж болно.

Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ гэдэг нь өмчлөгч буюу түүнээс эрх олгогдсон этгээд өмчлөх эрхийнхээ тодорхой хэсгийг ажилтнаар дамжуулан хэрэгжүүлэх, аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлагын түвшний ажил үүрэг гүйцэтгүүлэх зорилгоор тухайн ажилтантай тодорхой нөхцөлүүдийг тохирч байгуулсан хөдөлмөрийн гэрээ юм. Эндээс үзвэл үл өрсөлдөх үүргийг дурын ажилтанд хүлээлгэх боломжгүй байна.

Жишээ: А компани тээвэр зуучийн үйлчилгээ эрхэлдэг бөгөөд ажилтан Г компанийн төлөөлөн удирдах зөвлөлтэй онцгой нөхцөл бүхий гэрээ байгуулан гүйцэтгэх захирлаар нь ажилладаг. Түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд “Ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсноос хойш 1 жилийн хугацаанд ажил олгогчтой ижил төрлийн үйл ажиллагаа эрхлэгчид аливаа хэлбэрээр ажиллахгүй, өөрөө ижил төрлийн үйл ажиллагаа эрхлэхгүй, өрсөлдөхгүй. Энэ хугацаанд ажил олгогч ажилтны сүүлийн сарын цалингийн 60 хувьтай тэнцэх хэмжээний олговрыг ажилтанд сар бүл олгоно” гэсэн заалт тусгагджээ.

Ажилтанд үл өрсөлдөх үүрэг хүлээлгэхэд тавигдах шаардлагууд:

  1. Өрсөлдөөнийг хориглох үндэслэл, хамаарах үйл ажиллагааны төрөл, хязгаарлалтад хамаарах нутаг дэвсгэр, үйлчлэх хугацаа, уг хугацаанд ажил олгогчоос олгох нөхөн төлбөр зэрэг нөхцөлийг хөдөлмөрийн гэрээнд, эсхүл үл өрсөлдөх тухай гэрээнд тусгана.

  2. Хөдөлмөрийн гэрээн дэх үл өрсөлдөх нэмэлт нөхцөл, эсхүл дагалдах гэрээний үйлчлэх хугацаа нь ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсноос хойш нэг жилээс илүүгүй байна.

  3. Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсноос хойш үл өрсөлдөх нэмэлт нөхцөл, эсхүл дагалдах гэрээ үйлчлэх хугацаанд ажил олгогч ажилтанд хамгийн сүүлийн сарын цалин хөлснийх нь 50-аас доошгүй хувийн олговрыг сар бүр олгоно.

  4. Үл өрсөлдөх үүрэг нь ажилтан гадаадад ажиллахад хамаарахгүй.

  5. Насанд хүрээгүй ажилтан, туршилтаар болон дагалднаар ажиллаж байгаа ажилтанд үл өрсөлдөх үүрэг хүлээлгэхийг хориглоно.

Үл өрсөлдөх үүргээ зөрчсөн ажилтанд хүлээлгэх хариуцлага

Өмнө дурдаж байсанчлан Хөдөлмөрийн тухай хуулийн шинэ хориглолт, зохицуулалтуудтай холбоотой зөрчилд хүлээлгэх хариуцлага одоогоор Зөрчлийн тухай хуульд тусгагдаагүй, тодорхойгүй байна.

Хөдөлмөрийн тухай хууль Цуврал 5: Үл өрсөлдөх үүрэг
Хөдөлмөрийн тухай хууль Цуврал 1: Хууль батлагдахаас өмнө байгуулсан гэрээ, хэлэлцээрүүдийн тухайд
Хөдөлмөрийн тухай хууль Цуврал 5: Үл өрсөлдөх үүрэг
Хөдөлмөрийн тухай хууль Цуврал 2: Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд барьцаа хэрэглэхийг хориглох
Хөдөлмөрийн тухай хууль Цуврал 5: Үл өрсөлдөх үүрэг
Хөдөлмөрийн тухай хууль Цуврал 3: Хөдөлмөрийн гэрээ, түүний талууд, хөдөлмөрийн гэрээний хэлбэр
Хөдөлмөрийн тухай хууль Цуврал 5: Үл өрсөлдөх үүрэг
Хөдөлмөрийн тухай хууль Цуврал 4: Хөдөлмөрийн гэрээний гол ба нэмэлт нөхцөлүүд, хөдөлмөрийн гэрээний хугацаа

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn