ТӨРИЙН БУС байгууллагуудын гадаадаас САНХҮҮЖИХ замыг ТӨРӨӨС нээх үү?

Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг дагалдан 143 хуульд өөрчлөлт оруулан өргөн хэмжээний зохицуулалт хийх гэж байна. Эдгээр төслийн талаар УИХ-ын гишүүдийн байр суурь зөрүүтэй байгаа тул хэлэлцэх эсэхээс МАН-ын бүлэг завсарлага авсан юм.
ТӨРИЙН БУС байгууллагуудын гадаадаас САНХҮҮЖИХ замыг ТӨРӨӨС нээх үү?

Холбоодын эзэд нь 76 мөн үү?

Хууль зүйн яамнаас боловсруулж Засгийн газраас УИХ-д өргөн барьсан Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэх үү, үгүй юү гэдгийг парламент шийдэж чадаагүй байна. Учир нь УИХ-д 63 гишүүнтэй МАН-ын том бүлэг өнгөрсөн пүрэв гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ төслийн хэлэлцэх эсэхээс завсарлага авсан юм. Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг дагалдан нийт 143 хуульд өөрчлөлт оруулахаар өргөн барьжээ. Цар хүрээний хувьд маш том гэсэн үг. Агуулга, мөн чанар, үр нөлөөний хувьд ч асар их ашиг сонирхлын зөрчлийг өдөөж байна. Энэ хуулийг баталж чадвал өнөөдөр Монголд борооны дараах мөөг мэт олширсон эзэн холбогдогч, санхүүжүүлэгч нь тодорхой бус Төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллага, холбоодын үйл ажиллагаа, харилцааг өргөн хүрээнд зохицуулах юм байна.

Энэ олон холбооны толгойд улстөрчид, УИХ-ын гишүүд, төрийн захиргааны томоохон албан тушаалтнууд суудаг болохоор эрх баригч хүчнийхэн ч санал зөрүүтэй, маргаантай, дотооддоо байр сууриа нэгтгэж чадахгүй байна. УИХ-ын гишүүд бүгд холбоотой, нэг хүний нэр дээр хэд хэд ч бий. Хууль санаачилсан Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Боксын холбооны ерөнхийлөгч байх жишээний. Олон улсын тэмцээнд сагсчдаа тоглуулж чадахгүй хэд талцаж хэрэлдээд буй Сагсан бөмбөгийн холбооны тэргүүн нь С.Эрдэнэ гишүүн. Махны холбооны дарга бас парламентад суудаг. Ж.Бат-Эрдэнэ гишүүн ч нэг биш нэлээд холбоог тэргүүлдэг гэдгээ өөрөө баталж хэлсэн. Мөнхийн хэрүүлтэй байдаг Монголын үндэсний бөхийн холбоо ч гэж бий. Гэх мэтчилэн 76 гишүүний олонхын эрх ашгийг хөндсөн хуулийн төсөл учраас шууд хэлэлцэхэд ярвигтай байгаа юм.

Гол нь хуулийн төсөлд улстөрчид холбоодын удирдлагад орохыг хориглосон байна. Энэ нь Үндсэн хуулиар олгосон иргэд сайн дураар эвлэлдэн нэгдэх эрхийг зөрчих үү гэдэг асуулт гарч ирнэ. Улс төрийн өндөр албан тушаалтны хувьд зарим эрхээ хуулиар хязгаарлуулдаг учраас Үндсэн хуультай зөрчилдөхгүй гэж төсөл санаачлагчид үзжээ.

Нэг хүн олон холбоо байгуулж, түүндээ хандив тусламж цуглуулж компани болгон өргөжүүлэх, гадаадын зээл тусламжаар санхүүжих үзэгдэл элбэг байсаар байна. Гэвч иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг хуулиар хориглож болохгүй. Нэг иргэн хэдэн ч холбоонд гишүүнээр элсэх боломжтой. Өнөөдрийн бүртгэлээр хамгийн олон нь 34 холбоог үүсгэн байгуулж удирдсан хувь хүн бий гэнэ. Яваандаа үйл ажиллагаа, санхүүгийн ил тод байдал цэгцэрнэ гэж төсөл боловсруулсан албаныхан үзэж байгаа юм.

Хуулийн төслийн талаарх зөрүүтэй байр суурь гэвэл хаанаас санхүүжих вэ, санхүүжилтээ ил тод зарлах уу, гадаадаас санхүүжиж төрийн эсрэг турхирдаг байдал даамжирч Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрэх үү, мөнгө угаах, терроризмыг дэмжих вий гэсэн болгоомжлол байна. Хуулийн төслийг Олон улсын мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагын өгсөн зөвлөмжийн дагуу боловсруулсан гэдгээ Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг хэлж байв.

Хуулийн гол агуулга нь холбоо заавал 5-аас доошгүй гишүүнтэй байна, удирдлагад нь улстөрчид оролцохгүй, төлбөртэй үйл ажиллагаа явуулж болно, энэ нь аж ахуйн үйл ажиллагааны 50%-иас хэтрэхгүй байна, ашгийн бус үйл ажиллагаа явуулна, нийгэмд тустай ажилладаг гэдэг утгаар татвараас чөлөөлнө, санхүүжилтээ хаанаас ч авч болно, төрийн зарим чиг үүргийг холбоодод шилжүүлж хийлгүүлнэ, ингэхдээ Засгийн газраас жагсаалт батална гэсэн байгаа юм.

Намуудын дэргэдэх холбоодыг татан буулгана

Мөн хуулийн төсөлд улс төрийн намууд ТББ-тай хамтарч ажиллахыг хоригложээ. Энэ нь намуудын дэргэд байдаг эмэгтэйчүүд, залуучууд, ахмадын холбоо зэрэг нь татан буугдана гэсэн үг. Эдгээр холбооны дарга нь намынхаа удирдах багт байдаг учраас мөн л ашиг сонирхолд нь харш төсөл болоод байна. Манай улсад л улс төрийн намууд нь дэргэдээ баахан холбоотой байдгаас биш олон улсад барууны үзэл баримтлалтай намын дэргэд холбоо байдаггүй гэнэ. Тэгэхээр МАН-ын дэргэдэх НАМЭХ, НАМЗХ, мөн Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан залуучууд, эмэгтэйчүүдийн холбоо зэрэг байхгүй болох нь.

Иймд хүчээ нэгтгээд олуулаа нийгмийн сайн сайхны төлөө явдаг байгууллага болохоос биш нэг хүн ганц цүнх барьчихсан, тэр дотроо нэг тамгатай, түүгээрээ мөнгө олдог, өөрөө хөлждөг байдлыг цаашид хална. Илүү зөв зүг рүү нь зааж иргэдэд эвлэлдэн нэгдэх эрхийг нь энэ хуулиар илүү баталгаажуулна гэж төсөл боловсруулагчид үзэж байгаа юм.

Монголд нийт 21040 төрийн бус байгууллага бүртгэгджээ. Үүнээс 406 нь тайлангаа өгдөг байна. 8578 нь үйл ажиллагаа явуулдаг бол 5430 нь огт ажилладаггүй, 3340 нь ажлаа зогсоож, 63 нь хаяг тодорхойгүй гэсэн бүртгэл байна. Эдгээр ТББ-ын 81% нь нийгэмд, 12% нь гишүүддээ үйлчилдэг гэжээ.

Олон жилийн үр бүтээлтэй холбоо гэвэл Монголын зохиолчдын нэгдсэн эвлэл, Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Хөгжмийн зохиолчдын холбоо гэх мэт уран бүтээлийн холбоод байна. Гурил үйлдвэрлэгчдийн холбоо, Нефть импортлогчдын холбоо, Хүнсний холбоо гэх мэт эдийн засгийн холбоод байна. Мөн урлаг, спортын мэргэжлийн холбоод ч орно.

ТББ-ын орлогод татвар ногдуулахгүй

Иргэний нийгмийн байгууллагуудыг гадаадын санхүүжилттэй үйл ажиллагаа явуулдаг, төрийн ямар нэгэн шийдвэрийн эсрэг турхирдаг гэдгийг Х.Нямбаатар, Б.Энх-Амгалан, Б.Энхбаяр нарын гишүүд хэлж байсан юм.

Дээр дурдсан нийт ТББ-ын 3.9% нь гишүүнийхээ татвараас, 21.4% дотоодын хандиваас, 67.7% олон улсын байгууллагын хандив тусламж, зээл зэргээс санхүүжилтээ бүрдүүлдэг байна.

Гадаадаас санхүүждэг 67.7%-ийг хууль боловсруулсан Хууль зүйн яамныхан хүлээн зөвшөөрч байгаа юм. Учир нь төрөөс иргэний нийгмийн байгууллагуудыг санхүүгийн хувьд дэмждэггүй учраас өөрсдөө мөнгөө босгодог гэнэ.

Иймд одоогийн хэлэлцэж буй хуулийн төсөлд өөрсдөө санхүүжилтээ олох бололцоог нь нээж өгөх, төрийн зарим чиг үүргийг гүйцэтгүүлэх, эндээсээ орлого олох, түүнийгээ дүрэмд заасан үйл ажиллагаандаа зарцуулах, тэр орлогыг нь татвараас чөлөөлөх, өөрсдийгөө санхүүжүүлэх бололцоог нь төр хангаж өгөх зохицуулалт оржээ. Ингэснээр гадаадын эх үүсвэртэй санхүүжилтийг бууруулах бололцоо бүрдэнэ гэж үзсэн байна. Хэдий ийм ч одоо ч үргэлжилсээр буй гадаадаас хандив тусламж, санхүүжилт авч болох замыг нь илүү нээж өгсөн хууль гарах нь, энэ нь эргээд Монголын төрд халтай гэж олон гишүүн байр сууриа илэрхийлж байсан юм. Учир нь холбоо нь аж ахуйн үйл ажиллагааныхаа 50 хувийг төлбөртэй явуулж болно гэсэн заалтыг хуулийн төсөлд оруулжээ. Энэ нь олон гишүүний хардалт, шүүмжлэлд өртсөн юм.

Гишүүдийн байр суурь, хууль боловсруулагчдын тайлбар:

Хуулийн төслийн талаар УИХ-ын зарим гишүүний байр суурь, төсөл боловсруулсан яамны дэд сайд, газрын даргын тайлбарыг хүргэе.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

-Хууль гарснаар гадаадаас санхүүжилт авах зам нээлттэй болох нь. Өнгөт хувьсгал болох эхлэл болно. Гадаад улс, гаднын байгууллагын санхүүжилт аваад татварын хөнгөлөлт эдлээд төрийн зарим чиг үүргийг холбоод нэртэй ТББ-ууд хэрэгжүүлэх нь хэр зохимжтой вэ. Төрийн дэргэд төр бий болно шүү. Үндэсний аюулгүй байдал, Монгол төрийн халдашгүй байдалд аюул учирна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:

-Олон компани ТББ-ын нэрээр үйл ажиллагаа явуулж байна. Тэр ч бүү хэл олон их, дээд сургууль ТББ-ын нэрээр ашгаас зугтаж үйл ажиллагаа явуулж байгаа. Тиймээс тэдгээрийн харилцааг тодорхой болгох шаардлага үүссэн. 2018 оноос хойш энэ хуулийн төсөл хөдлөөгүй. Иргэний нийгмийн байгууллага гээд 2-3 хүн гаднын байгууллагын санхүүжилтээр энэ хуулийг явуулахгүй гэсэн оролдлого хийж байгаа.

Ё.Баатарбилэг:

-Төрийн бус байгууллагуудыг цэгцлэх гэж байгаа чухал хууль юм. ТББ, ашгийн бус, мэргэжлийн холбоод зэрэг олон бий. Холбоодыг улстөрчид, төрийн захиргааны албан хаагчид даргалдаг, маш их хэл ам гардаг. Ялангуяа урлаг, спортын холбоод юм. Энэ бол буруу. Гадаадын хөрөнгө оруулалт авдаг, санхүүждэг холбоод бас бий. Хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах гэх мэт нийгмийн халамж, дэмжлэг үзүүлдэг холбоод ч бий.

Ш.Раднаасэд:

-2008 онд Чөлөөт ахмадын холбоо, Оюутны холбоо нь тэтгэвэр тэтгэмж нэмэхийг шаардан Төрийн ордон руу чулуу шидэж байсан. Ард нь улс төрийн явуулга байсан. Ингэж ард нь улс төр байдаг, улс төр явуулдаг зүйлийг улам гааруулах зохицуулалт гэж харж байгаа.

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонго:

-Иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг баталгаажуулах, иргэний нийгмийг дэмжих зорилготой төсөл. Бие даан, санхүүгийн хувьд тогтвортой үйл ажиллагаа явуулах боломжтой болно. Гадаадаас, үүсгэн байгуулагчаас хараат бус байлгахын тулд тодорхой хэмжээгээр төлбөртэй үйл ажиллагаа явуулж болно, энэ нь үйл ажиллагааны 50%-иас хэтрэхгүй байхаар зохицуулсан. Мөн нийтэд тустай үйл ажиллагаа явуулж байгаагийнх нь хувьд татвараас чөлөөлөхөөр зохицуулсан. Энэ нь олон улсад байдаг жишиг.

Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг:

-Иргэний нийгмийн байгууллагууд яагаад гаднаас санхүүждэг вэ гэхээр төрөөс ямар нэгэн дэмжлэг байдаггүй. Тэдний санхүүжилтийн 2%-ийг төрөөс дэмждэг учраас өөрийгөө санхүүжүүлэхээс өөр аргагүй. Иргэд нэг зорилгоор хэд хэдэн холбоо байгуулах эрх нээлттэй хэвээр байх болно. Нэг хүн нэг л холбоог удирдана, нэг л холбоонд элсэнэ гэсэн Үндсэн хуулиар олгосон эрхийг хаагаагүй. Үйл ажиллагаа явуулж орлого олж болно, түүнийгээ зорилгодоо нийцүүлж зарцуулж болно. Хэт их бизнесийн үйл ажиллагаа явуулж болохгүй.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn