Х.Ганбаатар: Бид залуусаа хэтэрхий эрх танхи, дураараа болгож хүмүүжүүлснээс ажлын байран дээр гологдох болсон

Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатартай ярилцлаа.
Х.Ганбаатар: Бид залуусаа хэтэрхий эрх танхи, дураараа болгож хүмүүжүүлснээс ажлын байран дээр гологдох болсон

-Сүүлийн үед ажил олгогчид ажилтан олдохгүй, ирсэн нэг нь ажлын байранд тэнцэхгүй байгаа талаар ярих боллоо. Үнэхээр тийм чадваргүй хүмүүс бий болчихоод байна уу?

-Ажил олгогчид ажил хийх хүн олдохгүй байна гэх зовлонг маш олноор хэлдэг болсон.

Нэг талаас энэ үнэн. Нөгөө талд ажил хийе гэсэн залуус алга байна. Залуучууд ажил хийхээ больчихлоо гэж ярьж байгаа хэсэг ч байна. Энэ бүхнийг ажил олгогчийн байр сууринаас үзэхэд зарим тал дээр тийм ч оновчтой тодорхойлолт биш.

-Ажлын байрны орон тоо, ажил хийж байгаа хүмүүсийн тоо гээд хоёр талд л олон тоо гараад байдаг. Гэтэл дунд нь ажил хийх хүн алга аа гээд байгаагийн учир юу юм бэ?

-Үүн дээр жишээ хэлье л дээ. Монгол Улс эдийн засгийн шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлж байна. Коронавирусийн хүндрэлийн улмаас зогссон жижиг дунд үйлдвэрүүд сэргэж байна. Дээр нь газар тариалан, мал аж ахуй, барилга, уул уурхай зэрэг гол салбарын үйл ажиллагаа сэргэж эхэлж байна. Хөдөлмөрийн зах зээлийн судалгаагаар энэ онд Монгол Улсад 78,000 ажлын байр шинээр бий болох тооцоо гарчихаад байна. Түүнээс гадна ерөөсөө монголчууд ажил хөдөлмөр хийх хүсэлгүй болчихов уу гээд хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийг харахаар тийм ч биш юм. Өнөөдөр манай улсад 78 мэргэжлийн боловсрол олгох сургуульд 42,000 хүүхэд сурч байна. Өөрөөр хэлбэл, мэргэжил эзэмшээд ажил хийе гэсэн зорилготой 42,000 хүн байна. Хөдөлмөрийн яамны харьяаны түр сургалтын төвүүдэд энэ онд гэхэд 27,000 хүн сургана гэж байгаа. Дээр нь Хөдөлмөрийн яамны Хөдөлмөр эрхлэлтийн албанд ажил идэвхтэй хайж байгаа 20,000 гаруй хүн байгаа гэдэг. Статистикаас гаргаж байгаа мэдээллээр ажил хөдөлмөр эрхлээгүй хүмүүсийн эзлэх хувь долоо болчихлоо. 100,000 хүн ажилгүй байна гэж гарч байгаа юм. Энэ бүгдийг харахаар Монгол Улсад ажиллах хүчний нөөц, ажил хөдөлмөр хийх хүсэл эрмэлзэлтэй хүмүүс нэлээд байна гэж харагдана. Гэтэл нөгөө талд 78,000 ажлын байр байна. Яагаад энэ бүхэн уялдахгүй байна вэ гэдэг дээр бид дүгнэлт хийх ёстой.

-Тэр л энэ асуудлыг гогцоо бололтой. Та үүнийг юу гэж үзэж байна?

-Хөдөлмөр эрхлэлтийн нөөцийн баланс, ажлын байрны эрэлтийн балансыг харвал Монгол Улсад ажилгүй хүн байхгүй баймаар итгэл найдвар төрүүлсэн дүр зураг харагддаг. Харамсалтай нь ажилгүй хүмүүс нь байсаар байна, ажил олгогчид хүн хайсаар байна.

Яахав, төр засаг арга хэмжээ авахгүй байна гэсэн шүүмжлэл ч явдаг. Гэтэл МСҮТ-д сурч байгаа 42,000 хүүхдэд Засгийн газар 100 тэрбум төгрөг зарцуулж байгаа. Хуулийг нь харвал ажил олгогчийн эрэлтэд нийцсэн ур чадварыг суралцагчдад олгоно гээд заачихсан. Харамсалтай МСҮТ-д сурч байгаа хүүхдүүд яг энэ хөдөлмөрийн зах зээл дээр эрэлттэй байгаа 78,000 ажлын байрны шаардлагад нийцсэн мэргэжил, ур чадварыг эзэмшиж чадахгүй байгаа л асуудал юм. Түүнээс гадна хөдөлмөр эрхлэлтийг дэмжих түр сургалтын байгууллагуудаар , хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж 5,000 хүн сургана гээд дахиад 100 тэрбум төгрөгийг төсөвлөөд зарж байгаа. Засгийн газар иргэдээ мэргэжилтэй, ажилтай байлгахын төлөө хангалттай хөрөнгө зарж байна. Тиймээс эрэлттэй мэргэжлээр нь сургах, сурч байгаа хүүхдийг ажил олгогчтой холбох асуудал дээр уялдаа холбоо байхгүй учраас нэг талд суралцаад төгссөн хүүхдүүд ажлын байран дээр тэнцдэггүй явдал бий болж байгаа хэрэг.

-Тэгвэл дунд шатанд завхрал явагддаг юм биш үү?

-Мэргэжлийн боловсрол сургалтын хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хуульд хүүхэд залуусыг чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрөөр сурга гэчихсэн. Энэ нь үйлдвэрийн ажлын байран дээр байгаа мэргэжлийн ажилчны чадамжийг хүүхэд сурч байх хугацаанд нь эзэмшүүлэх тухай асуудал. Энэ бол ХБНГУ-аас үүсэлтэй Европын холбооны бүх орнууд, Азийн орнууд. Тухайлбал, Япон, Солонгос зэрэг орнууд ерөөсөө тэр 42,000 хүүхдийг сурч байх хугацаанд нь мэргэжлийн байгууллага дээр дадлага хийлгэж, мэргэжлийн хүмүүсийг дагалдуулж, үйлдвэрийг танилцуулж, мэргэжлийн ойлголт өгдөг. Төгсөнгүүт нь шууд үргэлжлүүлж ажиллуулдаг тогтолцоо. Энэ тогтолцоогоор ажил хийе гэдэг хууль нь манайд гарчихсан ч амьдрал дээр хэрэгжихгүй байна. Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагууд нь элсэлт авахаар өөрийнх нь сургуульд үсчин, тогоочийн багш байвал тэр чиглэлээр л элсэлт аваад байдаг. Гэтэл зах зээл дээр үсчин, тогоочийн захиалга ирдэггүй.

-Эсвэл ажил олгогчид хэт өндөр, дааж давшгүй шаардлага тавьдаг юм уу?

-Манай холбооноос сүүлийн таван жил энэ чиглэлээр судалгаа хийсэн. Таван гол шаардлага байна. Нэгд, ажил хийх хүсэлтэй хүн бид нарт хэрэгтэй байна гэж байна. Хоёрт, мэргэжлийн анхан шатны жаахан мэдлэг ойлголттой болчих. Гуравт, аюулгүй ажиллах зан үйлийн талаар мэдлэгтэй байх хэрэгтэй. Тэр бол ядаж өөрөө аюулгүй ажиллах чадвар гэсэн үг. Дөрөвт, тэвчээр хүлээцтэй бай, тавд, багаар ажиллах чадвартай бай гэж байна. Ийм ерөнхий зөөлөн ур чадвартай хүн байвал бид ажилд авахад бэлэн. Ийм хүнийг цааш нь мэргэшүүлээд, сургаад явъя гэж байна.

-Энгийн нийтлэг л шаардлага байх чинь?

-Ажил олгогч өндөр шаардлага тавьдаг гэдэг ойлголт больсон шүү дээ. Ажилчин олдохоо байгаад маш хүнд байдалд орж байгаа.

-Тэгвэл хүндээ энэ асуудал байна. Төр засгийн халамжаар өдөр хоногийг өнгөрөөж, ажил хийхгүй яваа нэлээд хэсэг байгаа шүү?

-Ерөөсөө л залуучуудын ажил амьдралд нь чиглүүлэх үүрэгтэй эцэг эхчүүд хүүхдээ энэ мэргэжлийг эзэмшвэл төгсөж гараад ийм ажилтай болно. Ийм цалин авна. Ингээд амьдрал чинь сайжирна гэж бодож хүүхдээ бэлдэхгүй байна. Нөгөө талаас манай ажил олгогчид ч өөрийнхөө ажилд хэрэгтэй хүнийг идэвхтэй хайдаггүй, сурталчилдаггүй, хүүхдийг хүлээж авч үйлдвэрийн дадлага хийлгэдэггүй. Мэргэжлийн хүнийг дагалдуулдаггүй дутагдал байгаа. Тал талын дутагдлыг арилгаж чадвал Монголд ажлын байр багагүй байна. Яахав жижиг дунд үйлдвэрүүдийн хувьд цалин бага, хөдөлмөрийн нөхцөл хүнд гэсэн шүүмжлэл гардаг. Тиймээс хүүхэд авч байгаа бол сайн сурга, сайн цалин өг. Тэгж байж хамтарч баялаг бүтээнэ. Зүгээр ажиллуулсан, ажиллуулаагүй нэр зүүгээд ашиг олно гэж бодож болохгүй гэж гишүүддээ хэлээд л сууж байна.

-Зах зээлийн нийгэмд ажил хийсэн хүн сайхан амьдардаг. Хөдөлж байж мөнгө олно гэдэг ойлголт залуус гэлтгүй л бүх насныханд бүдгэрээд байна уу даа?

-Маш чухал асуулт. Би нэг зүйлийг хэлье. Монголын төр социалист нийгмээс шилжилтийн үе шатандаа явж байгаа учраас нийгмийн халамжийн бодлого маш их явуулж байгаа. Үүгээр сайхан амьдардаг, баяжсан хүн нэг ч байхгүй. Зөвхөн амин зуулга идэх хоолтой л байлгаж байгаа. Үүнд сэтгэл ханаж, амьдрал болж байна гэж харж байгаа хүмүүс байвал харамсалтай. Гэтэл хүн төрөлхтөн ялангуяа бидний сүүлийн 30 жил хөгжиж байгаа зах зээлийн эдийн засгийн нийгэмд ажилгүй хүн амьдардаггүй. Ажил хийж байж өөрийнхөө амьдралыг авч явдаг. Үүр хүүхдийнхээ амьдралыг баталгаажуулдаг. Сайн мэргэжил, сайн ажилгүй бол эхнэр авдаггүй нийгэм. Өөрийн чинь хэлдэг тэр шаардлага энэ нийгэмд илүү хатуу тавигдаж байгаа.

-Төр засгийн халамж хэтрээд монголчууд залхуу, хойрго болж байна гэсэн хатуу шүүмжлэл ч гардаг?

-Хүн гэдэг сайн мэргэжилтэй, сайн цалинтай, сайхан ажил хийвэл яаж амьдардгийн жишээ гадаадад их байна шүү дээ. Гол нь хэрэгтэй мэргэжлээр сайн суралц. Зах зээлийн нийгэмд сайн хөдөлмөр хийж, шударга ажиллаж байгаа хүн сайхан амьдарна. Мэргэжилгүй, мэдлэггүй хүнд хэн ч тусалдаггүй айхтар хатуу нийгэм л дээ. Тийм учраас ийм нийгэмд зохицож, ажиллаж өөрийгөө бэлдэж амьдрах асуудал их чухал юм. Өнгөрсөн 30 жилийн түүхээс харахад бид залуусаа, үр хүүхдээ хэтэрхий эрх танхи, хүний үүрэг даалгаврыг хүлээж авдаггүй, дураараа болгож хүмүүжүүлчихэж. Ажлын байран дээр 08:00 цагт ирээд 12:00 цагт завсарлаж, орой 17:00 цагт ажлаа тардаг гэдэг сахилга, дэг журмыг хүлээж авах чадваргүй залуус олон байна. Тийм учраас өдрийн 100,000 төгрөгийн цалин өгье гэхэд хүн олдохгүй байна. Нэг залуу ирээд хоёр өдөр ажиллаад гурав дахь өдрөөсөө 08:00 цагтаа ирж чаддаггүй, унтаад хоцорчихдог. Үгүй бол яг ажлын 08:00-12:00 цагийн хооронд өгсөн үүрэг даалгаврыг нь хийдэггүй, гар утсаа оролдоод суугаад байдаг. Эцэг эхчүүдийн хүүхдээ бэлэнчлэх сэтгэлгээнд сургасан явдал өнөөдрийн энэ асуудалд бас л муу үр дагавар үзүүлж байгаа юм.

-Ажиллах хүн олдохгүй учраас гаднаас ажиллах хүч авдаг гэдэг. Өнөөдөр ч тийм байна уу?

-Хувийн хэвшил нэгэнт өөрт нь хэрэгтэй ажилтан, ур чадвартай хүн олдохгүй болохоор аргаа барахдаа гаднаас ажиллах хүч авдаг. Одоогийн байдлаар Засгийн газрын тогтоол гаргуулаад 14,000 гадаад ажилчин оруулж ирэх үйл ажиллагаа үргэлжилж байна. Дээр нь ойрын үед нь нэмж 10,000 гаруй ажиллах хүчин гаднаас оруулж ирэх болов уу гэж харж байна. Өөрөөр хэлбэл, өнөөдөр манайд мэргэжилгүй, ажилгүй байгаа монгол залуус ийм мэргэжил эзэмштэл нь хүлээж суух цаг хугацаа бизнес эрхлэгчид байхгүй. Тиймээс аргаа барахдаа гаднын хүмүүсийг авч байна. Урд хөршөөс ирж байгаа нэг ажилтан гэхэд сард 6,000 юанийн цалин авдаг. Монгол мөнгөөр 2.4 сая, дээр нь хоолны мөнгө, аюулгүй ажиллагааны зардал, ирэх очих тээврийн зардал гээд маш их нэмэлт зардал гардаг. Тэр хүмүүсийн оронд манай монгол залуус ажилладаг болчихвол сайн цалинтай ажил хийх бололцоо нээлттэй байгааг л хэлэх ёстой.

Б.Энхзаяа

Эх сурвалж: Өдрийн сонин

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn