Г.Дамбадаржаа: Ард иргэдээ хэмнэ гэж загнаж байхаар өөрсдийн унадаг том том жийпнүүдээ багасга

Сүхбаатарын талбайд болсон, “Сандалтай суулт”-д нэгдэв. Тэд үнийн өсөлтийн эсрэг болон хоёр жил хөл хорио гэж гэртээ суусан иргэдийг хэмнэлтийн горимд шилж гэж хэлсэн УИХ-ын даргыг болон авлига албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүсийн шийтгэлийг чангатгахыг уриалж буй юм. Энэхүү жагсаалд нэгдэж буй иргэн Г.Дамбадаржаатай ярилцлаа.
Г.Дамбадаржаа: Ард иргэдээ хэмнэ гэж загнаж байхаар өөрсдийн унадаг том том жийпнүүдээ багасга

-Энэ жагсаалд та ямар зорилготой ирэв?

-Үнийн өсөлт тэнгэрт тулж, төгрөгийн ханш газарт шигдээд байна. Сард 100 мянган төгрөгөөр хүнс авдаг байсан бол одоо яг тэр хүнсээ бараг 200 мянган төгрөгөөр авч таараад байна. Түүнд маш их бухимдаж байна. Төр засаг нь ямар ч арга хэмжээ авахгүй юм. Тэгснээ ард иргэдээ хэмнэлтийн горимд шилж гэнэ үү. Өөрсдөө хэмнэж байгаа юм уу тэгээд.

-Таныг энд сууж байх хугацаанд төрийн ордноос ямар нэгэн төлөөлөгч гарч ирж бичиг шаардлага авъя гэв үү?

-Би өнөө өглөө (өчигдөр) 10:00 цагаас хойш суулаа. Ямар нэгэн байдлаар гарч ирж уулзсан хүн байхгүй. Ард иргэдээ хэмнэ гэж загнаж байхаар өөрсдийн унадаг том том жийпнүүдээ багасга. Нэг дарга нь явахаар дагаж хэдэн машин явдаг билээ. Ард иргэд нь бүсээ чангалчихаад байхад л хэмнэ гээд байдаг. Тэд өөрсдөө хэмнэвэл хэмнэх зүйл зөндөө байна. Хэрэггүй баахан дэд сайдуудаа болиул. Дарга, зөвлөхүүдийн хангамж гэх зардлаа хас. Утга учиргүй олон төрийн өмчийн гэсэн нэртэй компаниуд байна. Түүнийгээ нэг тал руу нь гаргаж цэгцэл. Хэмнэе гэвэл зөндөө л зүйл байна. Хэрэгтэй хэрэггүй баахан хөшөө барьдаг, бензин их зардаг жийпнүүдээ багасгаж өөрсдөө хэмнэмээр байгаа юм.

-Ард иргэдийг яг юугаа хэмнэ гээд байгаа юм бол. Хоёр жил хөл хорионд ямар ч цалин мөнгөгүй байсан хүмүүст хэмнэх зүйл үлдсэн юм болов уу?

-Одоо ард иргэдэд ганцхан идэж ууж байгаа хоол хүнс л байна шүү дээ. Өмнө нь бол 800,000-1 сая төгрөгийн цалин аваад 300-400 мянгад нь хувцас аваад өмсчихдөг байлаа. Одоо нөгөө мөнгө нь хоол хүнсэндээ л таарч байна. Хувцас хунар, хүүхдүүддээ илүүчилдэг байсан тав гурван цаас илүү гарахаа байсан. Төгрөгийн ханш навс уначихаар тийм байдалд хүрдэг юм байна. Нэг харьцуулсан зураг яваад байсан шүү дээ. Тийм зүйл дээр л залуу хүний хувьд бухимдаад байна.

-Жагсаалын зорилго юу вэ. Төр засгаас ямар шийдвэр хүлээж байна вэ?

-Өмнөх жагсаалуудыг хараад байхад ямар нэгэн нам хүчний оролцоотой байдаг. Дандаа тэтгэвэртээ гараад гэртээ суучихсан хөгшчүүд ихэвчлэн мөнгөний төлөө оролцоод байх шиг анзаарагддаг. Энэ жагсаалыг харахад ихэнх нь залуучууд байгаад бахархаж байна. Залуучууд нэгдэж, оролцоо нь нэмэгдэж байж дундаасаа шийдлээ яриад шаардлагаа гаргах хэрэгтэй. Тэгэхгүй тус тусдаа нэг нь огцор, нэг нь тар гээд өөр өөр юм яриад байж болохгүй. Хоорондоо ярилцаад огцруулах юм уу үгүй юү, хуульд нь өөрчлөлт оруулбал яаж ямар өөрчлөлт оруулах гэх мэт байдлаар оролцоо их болчихвол чухал. Өмнөх жагсаалуудыг хараад байхад оролцоо ихтэй, нэг дуугаар хүчтэй массаа илэрхийлчихээр хүлээж аваад байсан юм байна. Энд ирсэн хүмүүсийн ихэнх нь залуус байгаад би олзуурхаж л байна.

-Та хэзээг хүртэл ингэж суух вэ?

-Нэг шийдэлд хүртэл сууя л гэж бодож байна. Урин дулаан цаг ч ирчихлээ. Тэгэхээр суусан ч доороосоо даарч хөрж жиндээд байхааргүй болж. Төр засгаас ямар нэгэн хариу иртэл сууя л гэж бодож байна гэв.

"Сандалтай суулт"-ыг зохион байгуулагч, иргэн О.Отгонтөгс ярихдаа "Авлига, албан тушаалын хэрэгт хүлээлгэх хариуцлага нь 40 сая төгрөгөөр торгох, нийтийн албанд ажиллах эрхийг 2-8 жилийн хугацаанд хязгаарладаг. Мөн 2-8 жил хорьдог ялтай. Гэхдээ энэ бол ял биш, иллэг. Төрийн албанд ажиллаад, хэдэн тэрбумыг идчихээд 40 саяар торгуулна гэвэл хэн ч дуртай хүлээж авна. Бүх насаараа идэх мөнгөө замын хашлага солиод л хийчихнэ. Энэхүү хуулийн заалт өөрчлөгдөж байж л энэ байдал өөрчлөгдөнө. Өнгөрсөн хоёр жилийн асуудлыг Ковид-19 рүү, одоо үнийн өсөлтийг хил гааль, дайн руу чихэж байна. Тэгснээ иргэдийг бүсээ чангал гэж байна. Энд байгаа хүмүүст хэмнэх юу ч байхгүй. Ийм байдалд хүргэсэн хүмүүст хариуцлага тооцох гэхээр хууль байхгүй" хэмээв.

"Сандалтай суулт" өчигдөр 16:00 цаг хүртэл үргэлжиллээ. Өнөөдөр дахин 10:00-16:00 цагт үргэлжлэх юм. Энэхүү суулт үзэл бодлоо илэрхийлэх хүсэлтэй хүн бүрд нээлттэй аж.

Мөн иргэн О.Хонгорзул "Утасны цаанаас орилохоо больё. Бодитоороо оролцож, үг, үзэл бодлоо илэрхийлье гэж уриалмаар байна. Нийгэмд болж бүтэхгүй байгаа бүхий л зүйлд маш бухимддаг байсан. Өнөөдөр харин зорьж ирлээ. Нийгэм ямар байгааг хүн бүр л харж байна, үүнийг дуугүй тэвчилгүйгээр илүү сайхан нийгмийг бүтээхийн төлөө нэгдэж байгаа" гэсэн юм.

С.Отгонбаяр

Эх сурвалж: Өдрийн сонин

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn