Цахим бүслэлтэд орсон сэтгүүл зүй

-Бага төлбөртэй ч бүтээмжтэй сэтгүүл зүй буюу уншигч өөрсдөө санхүүжүүлдэг шинэ хэлбэр рүү орох нь-
Цахим бүслэлтэд орсон сэтгүүл зүй

ЮНЕСКО-гоос гаргасан Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн 2022 оны уриалга нь “Цахим бүслэлтэд орсон сэтгүүл зүй” ажээ. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр 1994 оноос жил бүрийн 5 дугаар сарын 3-нд тэмдэглэн ирсэн билээ. Гэхдээ энэ бол хэвлэлийнхний баярын өдөр биш хэвлэлийн эрх чөлөө, мэргэжлийн ёс зүй, хараат байдлаас хэрхэн гарах вэ зэргийг тойрон хэлэлцдэг уламжлал нэгэнт тогтжээ. Энэ өдөр дэлхийн даяар сэтгүүлчид хэвлэлийн эрх чөлөөг үнэлж, хараат бус байдлын тухай хөнддөг хэмээн ЮНЕСКО ч энэ жилийнхээ уриалга дор тэмдэглэсэн байна.

Дэлхийн олон оронд хэвлэл мэдээллийг хянаж, хааж, сэтгүүлч, редактор, нийтлэлчдийг дарамталж, дайрч, хорьж, тэр ч бүү хэл хөнөөж байна. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн нэг чухал зүйл нь ажлаа хийж яваад амь насаа алдсан мэргэжил нэгтнүүдээ дурсдаг билээ. Хамгийн сүүлд гэхэд Орос, Украины дайныг сурвалжилж байгаад Америкийн 3 сэтгүүлч амь эрсэдсэн харамсалтай мэдээ бий.

Picasa

Нийгмийн сүлжээ хөгжихийн хэрээр хүн бүр мэдээлэгч, бичигч, шууд дамжуулагч, бараг л баримттай эх сурвалж болсоор л байна. Ийм сошиалын давалгаанд эргэлт буцалтгүй орсныг ЮНЕСКО тодотгосон байхад сэтгүүлч, сэтгүүл зүй одоо болон цаашид юугаараа ялгарах вэ. Мэдээж олон талын эх сурвалжтай, нотолгоотой, баримттай мэдээллийг ёс зүйн өндөр түвшинд мэргэжлийн редакцын ширээнээс хараат бусаар олонд түгээх нь чухал. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр бид хаана явж буй, хаашаа зүглэж буй, хаа хүрэх гэж байгаагаа ч дүгнэдэг билээ.

Бараг сүүлийн 10 жилийн явцад уламжлалт сэтгүүл зүй бага зэрэг хумигдаж, цахим сэтгүүл зүй хүчтэй түрэн гарч ирсэн. Хүлээн авагчид зурагтын удирдлага барьж, радиогийн долгион тааруулахаас илүүтэй гар утаснаасаа мэдээлэл олж авдаг эрин үе юм. Хэдийгээр хэлбэрийн хувьд тэс өөр болон хувирч буй мэт боловч агуулга нь яг дүрээрээ л буй.

Тодотговол Монголын хэвлэлийн салбарт 1990-ээд оны сүүлээр шар хэвлэл цойлж, олны танил хүмүүсийн ор хөнжлийг “мэдээлдэг” байсан бол 20-оод жил өнгөрчихөөд байхад өнөөдөр яг л ийм агуулгыг цахим сэтгүүл зүйд дэвэргэж байна. Үүнийг ойрын хэдэн өдөр цахим хуудсаар хөвөрсөн Монголын нэгэн тэрбумтны гэр бүлийн хөнжил дотор “орсон” сэтгүүл зүй гэрчилнэ. Энэ нь тухайн хувь хүн өөрөө бичиж дэлгэсэн мэдээлэл буюу эхэнд дурдсанчлан үсрэнгүй хөгжсөн нийгмийн сүлжээнд бичигчийн мэдээг хэвлэл дамжуулсан явдал бөгөөд энэ нь Монголд байх сэтгүүл зүй биш юм.

Цахим бүслэлтэд ороод буй сэтгүүл зүй хүний хувийн нууц мэдээллийг хэрхэн мэдээлэх, хадгалах, хамгаалах тухайд энэ цаг үед онцгойлон хөндөх сэдэв болоод байна.

Дөнгөж сая буюу 5 дугаар сарын 1-ээс хэрэгжиж эхэлж буй Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай шинэчилсэн найруулгад сэтгүүл зүйн зорилгоор мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах тухай зохицуулалт орсныг дурдъя.

Хуульд:

12.1.Сэтгүүл зүйн, эсхүл нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглаж болно.

12.2.Мэдээллийн эзний зөвшөөрөлгүйгээр эрүүл мэнд, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх мэдээллийг энэ хуулийн 12.1-д заасан зорилгоор цуглуулж, боловсруулж, ашиглахыг хориглоно.

12.3.Сэтгүүл зүйн зорилгоор мэдээлэл цуглуулж, боловсруулж, ашиглахдаа мэдээллийн эзэн болон бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж болохгүй.

Хуулийн энэ заалтын талаар УИХ-ын дарга Г.Занданшатар “Сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх Үндсэн хуулиар олгосон эрхийг хангаж, сэтгүүл зүйн зорилгоор мэдээлэл цуглуулахад заавал мэдээллийн эзний зөвшөөрөл авах шаардлагагүй болж байна” хэмээн онцолсон юм. Гэхдээ мэдээж эх сурвалж нь үнэн бодитой байх шаардлагатай, гүтгэж доромжилсон бол хуулийн хариуцлага хүлээнэ гэдгийг энэ хууль дээр ажилласан ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Н.Учрал хэлж байв.

Монголын сэтгүүл зүй үнэхээр эрх чөлөөтэй, бүхнийг мэддэг, чаддаг, бичдэг гэвэл бас үгүй юм. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч З.Боргилмаа “Монголд хэвлэлийн эрх чөлөө бий, харин чөлөөт хэвлэл байхгүй” гэсэн нь манай салбарт хэвлэлийн хараат байдал байгааг тодорхойлсон мэт.

Бид эздээсээ, хөрөнгө оруулагчдаасаа, хувь эзэмшигчдээсээ, гэрээт байгууллагаасаа, хаалтын гэрээлэгчдээсээ, реклам сурталчилгаа нийлүүлэгчдээсээ, улс төрөөс болон улстөрчдөөс хараат байсаар байгаа нь үнэн билээ. Яагаад гэвэл санхүүгийн эрх чөлөөнд хүрээгүй учраас тэр л дээ. Монголд бараг бүх редакц, сэтгүүлч санхүүгийн хараат байдалд ажиллаж байна. Нэг тийм хямдхан, хараат байгаа ч гэлээ хамгийн үнэ цэнтэй мэдээллийг хамгийн богино хугацаанд шуурхай байдлаар олонд хүргэж байгаа. Ахархан төсвөөр өндөр бүтээмжтэй ажилладаг салбар гэмээр юм уу. Монголд 500 орчим хэвлэлийн байгууллага ажилладаг гэсэн судалгаа бий. Төрөөс санхүүждэг МҮОНРТ-ийг эс тооцвол үлдсэн 499 нь өөрөө өөрсдийгөө санхүүжүүлдэг, хувийн статустай байгууллагууд. Бусдаасаа бараг ялгарах хэв маяг, агуулгагүй, ижил төрлийн мэдээллийг бусдаасаа түрүүлж мэдээлэх, арай өөр эх сурвалжаас хүргэх, илүү гоё өгөгдөлтэй дамжуулах гэх мэт ялгарал бий байх. Олон тооны камер, микрофон, үзгүүд жижиг зах зээл дээр өрсөлдөж, нэг тогооноос хоолоо хувааж байгаа учраас тус бүрдээ маш хямд, бага санхүүтэй ажилласаар байна. Ийм нөхцөлд сэтгүүл зүй маань хүний хувийн ор хөнжил дотор орохоос өөр аргагүй байдалд байсаар л.

Хуульч М.Батсуурийн “Редакцын хараат бус байдал: Эрх зүйн зохицуулалт ба харьцуулалт” судалгаанд дараах төрлийн хараат байдал сэтгүүлчийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байдаг хэмээн дурджээ.

  1. Улс төрийн хараат байдал

  2. Эдийн засгийн хараат байдал

  3. Редакцын хараат байдал гэжээ.

Мөн “Санхүүгийн сул дорой байдал нь хэвлэл мэдээллийн байгууллага бие даан хөгжихөд бэрхшээл учруулдаг бөгөөд томоохон зар сурталчилгааг байнга нийтлүүлдэг байгууллагууд түүн дээр нь дөрөөлж хэвлэлийг хатуу хяналтдаа байлгахыг хичээдэг байна. Төрийн байгууллагад ч энэ байдал ашигтай байдаг бөгөөд санхүүгээр дамжуулан өөрийн нөлөөгөө тухайн хэвлэлд бэхжүүлж авдаг. Өөрийн ашиг сонирхолд үйлчилсэн мэдээ, мэдээлэл бичүүлэхийн тулд улс төр, бизнесийн хүрээнийхэн цалин багатай сэтгүүлчдийг хахуульдах чиглэлээр ч ажилладаг нь бас нууц биш болжээ. Иймд, хэвлэл мэдээллийн хэрэгсэл эдийн засаг ба нийтлэлийн сонирхлыг хооронд нь хатуу зааглаж чадсан тохиолдолд түүний хараат бус байдал хангагддаг ажээ. Энэ нь мөн редакцын хараат бус байдлыг хангах үндсэн нөхцөл болдог” гэжээ.

Тэгэхээр өнөө үеийн сэтгүүл зүй хараат бусаар ажиллахын тулд эдийн засгийн хүчирхэг болох шаардлагатай байна. Ингэхдээ барууны чиг хандлага шиг уншигч, үзэгч нь санхүүжүүлэгч байхыг зорьцгоож буй.

Дээр дурдсан хүчин зүйл том зургаараа Монголын сэтгүүл зүйд байгаа. Харин яг редакцын хараат бус байдал буюу эрхлэгчийн эсвэл ерөнхий редакторын хяналт тэр бүр байдаггүй болов уу. Эрхлэгч, дарга, редактор нь эзнээс илүү эрх мэдлийн цензур тавьдаггүй, харин нийтлэлийн бодлогоо тодорхойлогч, чиглүүлэгч юм.

Тэгэхээр өнөө үеийн сэтгүүл зүй хараат бусаар ажиллахын тулд эдийн засгийн хувьд хүчирхэг болох шаардлагатай байна. Ингэхдээ барууны чиг хандлага шиг уншигч, үзэгч нь санхүүжүүлэгч байхыг зорьцгоож буй. Сэтгүүл зүйн өндөр чанартай бичвэр, ярилцлага, мэдээг тухайн үзэгч, уншигч төлбөрөө төлж авдаг байх юм. Мэдээж хөгжиж буй орны эдийн засгийн шок, цочролтой үеийн сэтгүүл зүйн үйлчилгээ хямд төсөр байх нь ойлгомжтой. Юу юугүй өнөөдөр, маргааш гэхэд барууны, европын сэтгүүл зүй манайд шууд бий болохгүй ч ирэх зун, намар гэхэд ийм чиг хандлага, соёл руу орох биз ээ.

Олон нийтийн хүлээж буй чанартай, өндөр бүтээмжтэй, үнэн бодитой, олон эх сурвалжтай, тэр нь найдвартай гэх мэт бүгдийг агуулсан мэдээллийг хүргэхийн тулд цаг хугацаа, хүн хүч хангалттай байхыг шаардана. Тэгэхээр одоогийн жижиг, олон редакц нэгдэх, нийлэх, групп болох зэргээр том зах зээлд цөөн тооны чанартай тоглогч бий болсноор эдийн засгийн хараат бус байдалд хүрэх болов уу. Сониноос хуулдаг сайт, сайтаас санаа авдаг сонин, хувь хүний сэтгэгдлээс хуулдаг телевиз гэх мэт байгаа нь үнэн. Нэг нэгнээсээ санаа, мэдээ, материалаа хуулж байхаар нийлээд групп болж хүчирхэгжих нь нэг мэдээг тэнцвэртэй, чанартай бэлтгэхэд дөхөм болно.

Хэвлэлийн хүрээлэнгийн Мэдээллийн төвийн менежер Д.Доржхорол редакцын хараат бус байдлын асуудлаар сэтгүүлчдийн дунд тандалт судалгаа хийсэн бөгөөд үүнд сэтгүүлчид дараах байдлаар хариулжээ.

  • Зар сурталчилгаа өгдөг томоохон түнш байгууллагуудаас хараат байдаг 38.6%.

  • Эзэн, эрхлэгчийн ашиг сонирхлын зөрчил 29.5%.

  • Улс төрийн дарамт шахалт 22.7%.

  • Удирдлагын мэргэжлийн мэдлэг хариуцлагагүйгээс 6.8%.

  • Сэтгүүлчид өөрсдийн хариуцлагаа мэддэггүйгээс 6.8%.

  • Сэтгүүлчдийн цалин хөлс бага байдаг учраас 11.4%

Ийм хараат байдал төрөл бүрээр байгаа бөгөөд нийгмийн сүлжээ хөгжсөн, цахим сэтгүүл зүй хүч түрсэн энэ үед сэтгүүлчид бүтээлээ худалдах нь байж болох юм. Гэхдээ энэ нь тухайн редакцын бодлого байх бөгөөд хэн нэгний, эсвэл намын захиалгаар санааны зоргоор утга уянгын халил төлбөртэйгөөр бичиж пэйж хуудсуудаар зориуд бүүстэлдэг хэлбэр биш. Хэн хөгжим захиалсан нь дуугаа сонсдог биш дуунд нь тохирсон хөгжмөө өөрсдөө бичдэг болох нь манай сэтгүүл зүй эдийн засгийн хагас ч болтугай эрх чөлөөнд хүрэхэд дөхөмтэй биз ээ. Уншигчдадаа хандахад, бага өртөгтэй ч бүтээмжтэй сэтгүүл зүйг бий болгоё. Та багыг төлж, бид ихийг бүтээе гэсэн санаа юм. Сайнтай, муутай нь салбарынхаа асуудлыг ярилцсан өнгөрсөн баасан гарагийн цахим сэтгүүл зүйн форумын том зорилго ч агуулга, хэлбэрээ өөрчлөхөд чиглэсэн болов уу.

Цахим бүслэлтэд орсон сэтгүүл зүйн эерэг гэмээр талыг ч дурдаж болно. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед редакц олуулаа, бүтнээрээ цуглахгүй, заавал ярилцлагын эзэнтэй биечлэн уулзахгүй, эх сурвалжаа ч онлайнаар олж, цахимаар уулзах, хуралдах, ярилцах шинэ соёл, боломжийг дадал болгожээ. Одоо эдийн засгийн шокийн үед бага төлбөртэй ч бүтээмжтэй сэтгүүл зүй буюу уншигч өөрсдөө санхүүжүүлдэг шинэ хэлбэр рүү орох нь бидний цаашдаа нутагшуулах шинэ соёл болох юм.

Ашигласан эх сурвалж:

1. World Press Freedom Day (unesco.org)

2. Хууль | Parliament

3. "Редакцын хараат бус байдал: Эрх зүйн зохицуулалт ба харьцуулалт судалгаа" хуульч М.Батсуурь.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn