Даяаршил гэж юу вэ?

Даяаршил гэж нэг соёл дэлхийг бүрхэхийг хэлж байна уу? Үүний улмаас бусад соёл устах уу? Аль эсвэл огт өөр үү...
Даяаршил
ДаяаршилPhoto Credit hackernoon

Даяаршил гэсэн нэр томъёо XX-р зууны хоёрдугаар хагаст хүртэл төдий л олонд түгээгүй, саяханы нэршил мэт боловч уг үгийн гарал бүр эрт үетэй холбогддог байна. Тухайлбал, англи хэлний бөмбөрцөг гэх нэршил нь аль XV зууны үеэс (латин хэлний globus гэх үгнээс гаралтай) эхлэлтэй бөгөөд хэдэн зууны турш дэлхийн бөмбөрцгийг илэрхийлж байв. Улмаар XVII зууны сүүлээс энэ үгийн хэрэглээ улам идэвхжиж, XIX зууны сүүл үеэс бөмбөрцөг гэсэн утгаас гадна дэлхийн цар хүрээг тодорхойлох болжээ. Харин даяарчлах гэсэн үйл үг нь 1940-өөд онд даяарчлал гэсэн нэр томъёоны хамт гарч ирж, 1950-иад оноос толь бичигт оржээ (Scholte, 2007).

1990-ээд оноос даяаршлын тухай судалгаа урьд өмнө байгаагүйгээр эрчимжиж, нийгэм-хүмүүнлэгийн ухааны бараг бүх салбарын судалдаг том сэдэв болон хувирав. Судлаач Шолтэ (2007) энэ үеэс л даяаршлын тухай хамгийн түгээмэл дөрвөн хандлага бүрэлдэн бий болсон гэж үздэг.

  • Даяаршил бол олон улсын болох үйл явц

  • Даяаршил бол чөлөөт байдал

  • Даяаршил бол түгээмэл байдал

  • Даяаршил бол баруунжилт зэрэг болно.

Олон улсын болно гэдэг нь улс орон хоорондын хамаарал нэмэгдэхийг хэлж байна. Улс орнуудын хооронд хөрөнгө оруулалт, худалдаа, аялал жуучлал, олон улсын утасны болоод интернетийн холбоо харилцаа ямар нэгэн саадгүй нэвтэрч, олон улсын байгууллагын гишүүнчлэл ч нэмэгдэхийг дээрхэд оруулан тооцож болно. Энэ үүдээс нь үзэх юм бол даяаршил гэдэг саяханы гэхээсээ илүү Пакс Роман, Пакс Монголикагийн үеэс эхтэй ч гэж мэтгэх судлаачид бий.

Харин даяаршлыг чөлөөт байдал гэж үзэх хандлагын үүднээс дэлхий ямар нэгэн хил хязгаар гэх зааггүй, нээлттэй эдийн засаг, зах зээлтэй гэж ойлгогдоно. Тиймээс худалдааны тээг саад, валютын ханшийн зөрөө, виза зэрэг саадыг байхгүй болгох хэрэгтэй гэсэн үг. Мөн энэ санааг энгийнээр өнөө цагийн нео-либерал эдийн засаг, дэглэмийн тухай гэж болно.

Даяаршил улам түгээмэл байдалд шилжих гэж үздэг хандлагаар бол дэлхий дахин, хаа саагүй гэсэн утга бий. Өөрөөр хэлбэл хаа сайгүй Грегорийн хуанли хэрэглэж, хослол өмсөж, барбигаар тоглож, кола ууж байгаа гэсэн үг. Соёл, хэл, улс төр эдийн засгийн бүтэц, хууль эрх зүйн хувьд дэлхий дахин нэг болох үйл явц гэсэн санаа. Харин баруунжих үйл явц гэсэн санаа нь даяаршил зөвхөн Барууны гэсэн нэг соёлыг түгээмэл болгож байгаа хэрэг гэж үзэх үзэл юм. Баруун гэсэн бүх зүйл барууны бус зүйлсийг даван гарах үйл явц буюу орчин үежих тухай ойлголт, капитализм, аж үйлдвэржилт, рационализм, хотжилт газар авч, үнэн зөв, цорын ганц гарц мэтээр ойлгогдохыг хэлж байна. Энэ утгаараа даяаршил нь колончлолын нэгэн хувилбар гэсэн үг. Гэвч баруунжилт, орчин үежилт, колончлол гэдэг даяаршлаас ч урт түүхтэй үйл явц гэдгийг анхаарах хэрэгтэй.

Судлаач Питерсэ (2012) даяаршил бол зөвхөн Европ төвт эсвэл капитализм төвт үйл явц биш харин үүнийг илүү дэлхийн түүхэн үйл явц гэж үзэх хэрэгтэй гэжээ (Pieterse, 2012, 3-4). Өөрөөр хэлбэл даяаршил гэж товчхондоо улс үндэстэн, хүн ард хоорондоо холбоо хамааралтай байх тухай гэж үзсэн гэсэн үг. Түүний үзэхээр даяаршил аль эрт ХТӨ 3000 жилийн тэртээгээс эхэлсэн аж.

Эхний энэ үеийг Евро-Азийн даяаршил гэж болох бөгөөд хөдөө аж ахуй, суурин амьдралд гарсан хувьсал, шилжилт хөдөлгөөн, худалдааны үүсэл, эртний эзэнт улсуудын цаг байв.

Хоёрдугаар шат бол Афро-Евро-Азийн гэж нэрлэгдэх, МЭӨ1000 жилээс эхэлсэн Грек-Ромын эзэн улс, Баруун Ази, Зүүн Африкийг хамарсан худалдааны хувьсгал байжээ.

Гуравдугаар үе болох Дорно дахины даяаршил – 1 гэх үе нь МЭ500-гаад оны үеэс Арабын улсуудын хавиар үүссэн, ердийн хөсөг ашигласан худалдаа, улмаар дэлхийн эдийн засгийн үүсэл тавигдсан цаг хугацаа гэнэ.

Дорно дахины даяаршил – 2 гэх дараагийн үе нь 1100-аад оноос Зүүн, Өмнөд Азид олон төвтэйгээр үүссэн, бүтээлч байдал, технологийн дэвшил, хотжил, Торгоны замын тухай агуулгатай шат ажээ.

Харин олон төвтэй гэгддэг дараагийн шат нь 1500-гаад оноос Атлантын далай дамнасан тэлэлттэй холбоотой, Америк тивийн тухай байсан гэнэ.

Үүний дараа Евро-Атлантик гэх дараагийн шат 1800-аад оноос Европ-Америкийн эдийн засгийн харилцаанаас үүссэн бөгөөд аж үйлдвэржилт, колончлол, боолчлол зэрэг голлох үйл явдал өрнөжээ.

1950-иад оноос 20-р зууны даяаршил АНУ, Европ, Японыг хамарсан гурвалсан төвтэй эхэлсэн бөгөөд үндэстэн дамнасан корпораци, хүйтэн дайны төгсгөл, дэлхий нийтийн нэг үнэт зүйлийн сүлжээ гэсэн гол үйл явдал болжээ. Харин 2000-аад оноос хойш 21-р зууны даяаршил эхэлсэн нь илүү Зүүн Ази, БРИКС-ийн улсууд, шинээр хүчирхэгжиж байгаа эдийн засаг, газрын тосны нөөц ихтэй улсуудад төвлөрч буй (Pieterse 2012, 18-19) бөгөөд худалдааны шинэ чиглэл, хүчний харилцааг дахин тэнцвэржүүлэх чиглэлд явж байгаа билээ.

Судлаач Стегерийн (2015) үзэж буйгаар даяаршлын тухай судалгаа хийдэг судлаачдын санаа бодлыг дөрвөн хэсэгт хувааж болох гэнэ. Тэдгээр нь даяарчлагчид, үгүйсгэгчид, тээнэгэлзэгчид, тодотгогчид ажээ.

  • Даяарчлагчдын үзлээр бол даяаршил нь хүний түүхийн нэгэн шинэ хуудсыг нээх шилжилтийн үйл явц болдог байна. Мөн энэ үйл явц нь цогцолбор, олон зүйлийн өөрчлөлтийг агуулсан байх тул өнөөгийн нийгмийн бараг бүх чухал гэсэн өөрчлөлтийн гол хөдөлгөгч хүч нь гэнэ.

  • Үгүйсгэгчдийн хувьд даяаршлын тухай өнөөг хүртэл хийгдсэн олон судалгаа энэ үйл явцыг хэт ерөнхийлсөн, өргөн хүрээтэй болгосон дутагдалтай гэж үздэг байна. Даяаршил гэдэгт кока коланоос өгсүүлэн интернетийг хүртэл багтаадаг нь эргээд энэ үзэгдлийг хэн хүнд амар хялбар ойлгогдох боломжгүй болгосон байна. Тиймээс энэ хандлагын баримтлагчид даяаршил гэх ойлголт, ухагдахуунаа илүү ойлгомжтой, бага хүрээтэй, тодорхой болгох хэрэгтэй гэж үзэж байна.

  • Тээнэгэлзэгчид даяаршил яг бүх нийтийг хамарсан зүйл биш гэж үздэг. Жишээ нь эдийн засгийн хувьд дэлхий яг нэг тогтолцоотой болоод байгаа бус харин ч Европ, Хойд Америк, Зүүн Азид гэсэн хэдхэн газар төвлөрсөн бүтэцтэй, одоо ч ихэнх эдийн засгийн үйл ажиллагаа улс улсынхаа хүрээнд өрнөж байгаа гэж мэтгэдэг.

  • Тодотгогч нарын хувьд мэдээж даяаршил хүчтэй байгаа ч дутуу дулимаг тайлбарлаад байна гэдэг. Өнөө цагийн дэлхийн эдийн засаг Дэлхийн нэгдүгээр дайны өмнөх эдийн засгаас хэд хэдэн зүйлээрээ дутуу буюу харилцан хамаарал багатай гэнэ. Жишээ нь тухайн үед ажиллах хүчний урсгал өнөө цагаас хамаагүй илүү байж, капитализм гэж ярьдаг зүйл саяханыг биш, заавал даяаршилтай холбоотой байх албагүй, орчин үежилт гэж ярьдаг байсан үйл явцыг даяаршил үргэлжлүүлж байгаа гэсэн баримтыг энэ хандлагын баримтлагчид дурддаг (Steger 2015, 6-7) байна.

Дээрх судлаачид бүгд даяаршил гэдэг ганц хэлбэртэй үйл явц бус харин ч олон янзын хэлбэртэй, олон янзын өнцгөөс тайлбарлагдах нарийн түвэгтэй үзэгдэл гэж үзэж байна. Мөн Барууны бус судлаачдын даяаршлын тухай хийсэн судалгааны үнэ цэн, ач холбогдлыг орхигдуулахгүй байх тэдний харах өнцөг, ойлголтоос суралцахын чухлыг дурдахаа мартсангүй. Энэ утгаараа даяаршил гэдэг дан ганц АНУ-ын эсвэл Баруун Европын соёл, зан заншил, сэтгэлгээ дэлхий даяар тархаад байгаа хэрэг бус өөр бусад соёл тухайлбал, Солонгос, Япон, Энэтхэг Улсын үнэт зүйлс ч түгэн дэлгэрч байгаа олон талтай үйл явц болж байгаа юм.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn