Ганц борооны ая даадаггүй замыг хариуцах эзэн алга

Л.Халтар сайдын хар толгойгоороо хариуцсан 200-хан километр зам туузаа хайчилж амжилгүй наана нь үерт урслаа.
ЗТХЯ
ЗТХЯ2022.07.26

Л.Халтар сайдын хар толгойгоороо хариуцсан 200-хан километр зам туузаа хайчилж амжилгүй наана нь үерт урслаа. Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын асфальт бетон хучилт худалч хүнд арван минутын борооноор хагарсан нь нүглийн нүдийг гурилаар хуурахын л үлгэр боллоо.

Угтаа бол тав дахь жилийнхээ нүүрийг үзэж буй дарханы замын чанарт салбарын сайд баталгаа өгсөн нь саяхан.

Үндэсний баяр наадмын өмнөхөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дарханы замын бүтээн байгуулалт ажлын явцтай танилцах үеэр ажлын явц сунжирч байгааг хатуухан шүүмжилсэн. Хариуд нь салбарын сайд “Орон нутагт баригдаж буй замууд суурь нь буталсан чулуун суурьтай. Гэтэл Монголд баригдаж буй хамгийн хүнд хийц нь дарханы замын суурийн доод үе. Энэ бол цементээр бэхжүүлсэн нэгдүгээр үе 20 см. Дахиад цементээр бэхжүүлсэн буталсан чулуун суурь 20 см. Энэ бол хоёрдугаар үе нь. Дараа нь асфальтан хучилт орж ирж байна. .Үнэндээ шалтаг яриагүй дарга минь. Энэ зөвхөн 4 км-т бид 600 км замын дээд үеийн ажлыг хийж байна. Харьцангуй хүнд хийцтэй зам” гэсэн тайлбар өгч байлаа.

Эсрэгээрээ юун чанар, асфальт бетон талхан дээрх маслонаас ч нимгэн байгааг Дархан-Улаанбаатар чиглэлийн автозамын нэгдүгээр багцын Баруун аймаг салах тойрог уулзвараас Хар модотын давааны ар хүртэлх авто замын 13 дахь км дэх авто замын 140 метр газар л бэлхнээ харууллаа. Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.ubinfo.mn/read/ уншина уу

Өчнөөн хөдөлмөр хөлс хүч зарцуулж хийсэн ажил нь ганц борооны аядаахгүй эвдэрч буй нь гүйцэтгэгчид буюу замын компаниудын буруугийнх. Төрөөс хэдэн тэрбумаар нь тендер авчихаад нүд хуурсан ажил хийгээд л өнгөрдөг байдал сүүлдээ хэрээс хэтэрсний жишээг бид хангалттай харж байна. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг 9790 уншина уу.
Үнэндээ ганц зуны борооны ая даадаг замтай болохсон. Нэг нь загнасан болж нөгөө нь загнуулж ажил хийсэн болж дүр эсгэдэг жишиг манайд л тогтжээ.

Автозам, төмөр зам, гүүр, сургууль, цэцэрлэг гээд эхлүүлсэн бүтээн байгуулалт нь ганц зуны борооны ая ч даахгүй болоод удлаа.

Дарханы зам байг гэхэд хамгийн найдвартай гэх төмөр зам нь үерт урсдаггүй байгаасай. Өчигдөр гэхэд л түр зуурын аадар борооны улмаас үер бууж хоёр чиглэлийн галт тэрэг замдаа саатлаа.

Рашаант-Давааны хоорондын 365 километрийн 75 метр газарт төмөр зам угаагдаж 361 километрийн ийн гарам усанд автав. Улмаар Зүүнхараа өртөөнөөс тэгш чиглэлд аялж явсан 2554 дүгээр галт тэрэг 364 км-ийн таван зуутад 14:23 цагт зогссон юм. Мөн Сүхбаатар-Улаанбаатар чиглэлийн зорчигчийн 272 дугаар галт тэргийг Рашаант өртөөнд зогсоож зорчигчдыг автобусаар Улаанбаатар хот руу тээвэрлэхэд хүрсэн. Ийм тохиолдол анхных биш. Өмнө нь борооны улмаас вагон замаасаа гарч байсан тохиолдол цөөнгүй.

2021 оны 06.24-ны 20:00 цаг:

Сануулбал, хүчтэй аадар борооны улмаас үер бууж төмөр зам угаагдаж 9 вагон замаасаа гарсан. Бэлэндалай-Орхонтуул өртөө хоорондын замын 76 дугаар километрт аялж явсан 23 вагонтой 3202 дугаар ачааны галт тэрэгний бүрэлдэхүүн дундаас 9 вагон замаас гарсан тухай мэдээлэл одоо ч хэвлэлийн хуудаснаа байна.

Дорноговь аймгийн Цомог -Айраг өртөөний хоорондын замын 747-р км-ын 9-р зуутад Улаанбаатараас Сайншандын чиглэлд явж байсан суудлын 286-р галт тэрэг 04:50 минутын орчим замаас гарсан байдаг. Улмаар галт тэрэгний зүтгүүр унаж дөрвөн вагон замаас гарч байв. Тухайн үед галт тэргэнд 328 хүн зорчиж байсан бөгөөд хүний амь эрсдээгүй ч бэртсэн хүмүүст тусламж үзүүлж байгааг мэдээлж байлаа.

Жилийн жилд төмөр зам угаагдаж вагон замаас гарах бүрд албаныхан “байгалийн давагдашгүй хүчин зүйл” гэсэн бэлэн тайлбартай ам таглаад сурчээ. Үүнд зөвхөн төмөр зам ч бус автозам, гүүр, сургууль, цэцэрлэгийн барилга хамаатай. Сүүлийн жилүүдэд улсын төсвийн хөрөнгө оруулалттай барилга, бүтээн байгуулалт нь газар хөдлөлтөд бүү хэл ганцхан өдрийн бороо, ширүүн салхины ая даахгүй болоод удсан. Жишээ нь, Орхон аймгийн 17 дугаар сургууль.

2021 оны есдүгээр сарын 2.

Өргөтгөлийн барилга нурж, хана, тааз нь цуурч, шал нь цөмөрснөөс болж 600 хүүхэд сургуульгүй хоцорч, дахин гэрээсээ хичээллэх эсэх асуудал яригдаж байв. Өргөтгөлийн барилга нь орон нутгийн төсвийн хөрөнгөөр баригдаж, 2017 онд ашиглалтад орсон бөгөөд хоёр жилийн өмнөөс бага хэмжээний цууралт үүсэж байсныг тус сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Н.Алтанзаяа хэлж байв. Энэ мэтчилэн ганц борооны ая даахгүй бүтээн байгуулалтыг нь өнөөдөр хариуцах эзэн алга. Үнэндээ төсвийн мөнгийг тарамдуулж татвар төлөгчдийн мөнгөөр тоглодог аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцдог баймаар.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn