“Даншиг наадам-Хүрээ цам 2022” аялал жуулчлал, эдийн засгийн салбарт эерэг нөлөөтэй

Наймдугаар сарын 6,7-ны өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулах “Даншиг наадам-Хүрээ цам 2022” шашин соёлын наадмын талаар Нийслэлийн Аялал жуулчлалын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга В.Батчимэгтэй ярилцлаа.
“Даншиг наадам-Хүрээ цам 2022” аялал жуулчлал, эдийн засгийн салбарт эерэг нөлөөтэй
MIGMARSUREN

-Даншиг наадмыг хэзээнээс сэргээн зохион байгуулж эхэлсэн бэ. Энэ жилийн зохион байгуулалтын талаар танилцуулна уу?

-Даншиг наадам нь анх 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Монгол түмний шашны тэргүүн, анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн залах үеэс эхлэлтэй бөгөөд Монголын шашин соёлын томоохон баяр наадам юм. Нийслэлийн Засаг даргын санаачилгаар эл наадмыг соёл, аялал жуулчлалын томоохон арга хэмжээ болгон өргөжүүлж, 2015 оноос зохион байгуулж эхэлсэн. 2015-1018 онуудад нийслэл, Монголын Бурхан шашны төв Гандантэгчэнлин хийд хамтран зохион байгуулсан. Харин 2019-2021 онд завсарласан. Энэ жил сэргээн зохион байгуулахаар төлөвлөж байна. “Даншиг наадам-Хүрээ цам 2022”-ыг наймдугаар сарын 6, 7-нд Хүй долоон худагт хоёр өдрийн турш зохион байгуулна.

-Шашин соёлын энэхүү наадам аялал жуулчлал, эдийн засгийн салбарт ямар эерэг нөлөө үзүүлдэг вэ?

-Ганцхан жишээ дурдахад, 2018 онд долоо хоногийн өмнө олон улсад эл наадмын тухай зарлахад 2500 жуулчин ирж байсан. Энэ нь аялал жуулчлалын салбарт төдийгүй эдийн засагт ч үр өгөөжөө өгч байсан. Энэ жилийн хувьд оны эхнээс эл наадмыг олон улсын хэмжээнд зарласан. Зөвхөн морь уралдах, бөх барилдахаас гадна жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн худалдаа, үйлчилгээ, хоол үйлдвэрлэлийн салбарт эдийн засгийн өндөр үр өгөөжтэй байдаг.

-Энэ жилийн Даншиг наадамд ямар ямар хөтөлбөр багтаж байгаа вэ?

-Наадмын үеэр Очирваань бурхны дүрийг залж, тахидаг. Энэхvv шvтээн нь Монгол орныг даасан бурхан юм. Очирваань бурхныг тахихад 500 гаруй лам ном хурдаг. Мөн бурханы шашны бага таван ухааны бүжиглэлийн ухаанд багтах цам нь Даншиг наадмын гол онцлог юм. Цамын үеэр Очирваань бурхан болон уран хошин, инээдмийн дүр бүхий цагаан өвгөн мөн нийслэл хотыг хүрээлэх дөрвөн дагшин уулын эзэд болох хангарди, гахай, нохой, хөх өвгөн болон бусад дүрүүдэд хувирсан 120 гаруй цамчид хамгийн дэлгэр том баг өмсгөл, ур хийц уран нарийн, гоёмсог чимэг зүүлт, барьц хэрэгслээрээ гоён дотоод агуулгын хувьд гүнзгий гар, хөл, биеийн хөдөлгөөнөөр дотоод сэтгэлийн бясалгалыг илэрхийлэн хортон дайсан, ад зэтгэрийг догшдын хөдөлгөөнөөр даран сөнөөж буй хөдөлгөөнүүдийг уран яруугаар үзүүлдэг.

Түүнчлэн 256 хүчит бөх барилдан, даага, их нас болон жороо морьд уралдах бөгөөд морьт харвааны үзүүлбэр зохион байгуулна. Лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн зохиож, цам харайх, маань татах, Соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх, шашин соёлын үзэсгэлэн худалдаа зэрэг жуулчдыг татах олон сонирхолтой арга хэмжээнүүд болдог. Цаашдаа нийслэлээс Даншиг наадмыг Азийн Буддистуудын цугладаг томоохон наадам болгож хөгжүүлнэ гэсэн зорилт дэвшүүлсэн.

-Даншиг наадмын бэлтгэл ажил ямар шаттай явж байна вэ?

-“Даншиг наадам-Хүрээ цам 2022” шашин соёлын наадмыг уламжлал ёсоор Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран зохион байгуулна. Энэ хүрээнд Ажлын хэсэг гарч, Хүй долоон худагт бэлтгэлээ хангаж байна. Одоогоор бэлтгэл ажил 50 хувьтай байна.

-Хүй долоон худаг руу иргэдэд нийтийн тээвэр үйлчлэх үү?

-Даншиг наадмын хүрээнд нийтийн тээврийн хэрэгслээр Таван шараас Хүй долоон худаг чиглэлд үйлчилдэг. Мөн “Сити-тур” автобусаар жуулчдад үйлчилнэ. Мөн хэвлэл мэдээллийнхэнд зориулан “Мэдээллийн төв”-ийг Хүй долоон худагт ажиллуулахаар төлөвлөсөн.

/GsP/

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn