Нийтийн тээврээр үйлчлүүлэгчийн нийтлэг ЭМЗЭГЛЭЛ

Иргэд нийтийн тээврээр зорчих хүсэлгүй байгаа нь Улаанбаатар хотын түгжрэлийн нэг шалтгаан. Нийтийн тээврийн газраас чиглэл нэмэх, богино эргэлт, уртасгасан цагийн үйлчилгээ, цахим систем зэрэг хүртээмж, үйлчилгээний соёлыг нэмэх арга хэмжээ авсаар байгаа ч автобусаар зорчиход стресс бухимдал үүссэн хэвээр.
Гэрэл зургийг:
Гэрэл зургийг:Э. Алтанзаяа

"U-money" карт

2015 оноос эхлэн автобусны төлбөрийг бэлэн мөнгөөр бус картаар төлдөг болсон ч одоо хэр нь "U-money" карт худалдаж аваагүй зорчигчид олон бий. Тэд нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ төлбөрөө жолоочид бэлнээр өгдөг. Тэр мөнгө үйлчилгээ үзүүлж буй зохих эзэндээ хүрдэг эсэх нь мэдээж эргэлзээтэй. Өмнө нь карт цэнэглэх цэгүүд хүртээмжгүй байсан бол одоо гэрээт цэг, ТҮЦ-нүүдээс гадна гар утас, банкны пос машинаар ч цэнэглэх боломжтой болсон төдийгүй нийтийн тээвэрт уншдаг банкны карт ч бий. Тиймээс зорчигчид үйлчилгээний чанараа сайжруулах шаардлага тавихын тулд өөрсдөө төлбөрөө зохих ёсоор нь төлөх хэрэгтэй.

Тусгай картаар зорчдог иргэдийн эрх

"Би маргаашгүй амьдралаар их удаан амьдарсан нэртэй" ярилцлага өгч байсан Г.Номун ярианыхаа дунд "Автобусанд карт уншуулахаар нийтэд зарладаг нь эвгүй санагддаг. Би лав хөгжлийн бэрхшээлтэй гэдгээ дуудуулаад автобусаар явж чадахгүй байх" гэж хэлсэн юм.

Автобусанд зорчих 5 төрлийн карт бий. Алийг нь уншуулж байгаагаас хамааран жолоочид төдийгүй бусад хүмүүст ч тод сонсогдохоор "Ахмад настан, хүүхэд, оюутан, хөнгөлөлттэй зорчигч, баярлалаа" гэсэн үгсийн аль нэгийг хэлдэг.

Тэгж зарлах нь нэг талаар автобусанд сууж байгаа нэгнийг бусад хүмүүс сонжин харах нөхцөлийг бий болгож байна. "Тэтгэврийн насных гэхэд ямар залуу харагдаж байна аа, энэ хүүхдийн карт уншуулж байгаа ч оюутан байх, хөөрхий дөө өвчтэй юм байх даа эсвэл эрүүл байж өөр хүний картаар зорчиж байгаа юм болов уу" гэх мэт бусдын тухай ямар ч хэрэггүй зүйлс бодох сэдэл түүнээс бий болдог. Өмнө нь бичиж байсанчлан хөгжлийн бэрхшээлтэй иргэд хүмүүсийн харцнаас зугтдаг. Гэтэл яагаад олон нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо заавал зарлуулан, хүний харцыг өөр дээрээ татах ёстой гэж.

Ахмад настныг хүндлэх ёс

Монгол Улсын хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд "хөгжлийн бэрхшээлтэй хүн гэдэгт бие махбод, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн байнгын согог нь орчны бусад саадтай нийлсний улмаас бусдын адил нийгмийн амьдралд бүрэн дүүрэн, үр дүнтэй оролцох чадвар нь хязгаарлагдсан хүнийг хамааруулна" гэжээ. Түүнчлэн хөдөлмөрийн чадвараа 6-аас дээш сар алдсан хүнийг ч энэ бүлэгт оруулдаг. Тиймээс хөгжлийн бэрхшээлийг суга таяг, тэргэнцэр, дохионы хэл, хар нүдний шил+цагаан таяг зэрэг нүдэнд шууд харагдах зүйлсээр хязгаарлах нь дэндүү өрөөсгөл.

Гаднаасаа эрүүл хүн шиг харагдах өчнөөн төрлийн өвчлөл бий. Бие муутай залуу хүмүүс зайлшгүй шалтгаанаар нийтийн тээврээр зорчихоор бол тайван суух нөхцөл үгүй. Ахмад настныг хүндлэх ёс автобусанд хамгийн их хөндөгддөг.

Жирэмсэн эх, өндөр настай хүмүүсийн гэх ягаан, шар бүтээлэгтэй тусгай суудал байдаг ч амьдрал дээр огт үүргээ биелүүлж чаддаггүй. Дуртай нь очоод суучихдаг болохоор бага сартай жирэмсэн хүн сууж байхад хижээл насныхан босгох тохиолдол цөөнгүй.

Автобусаар зорчдог хүний хувьд өөрийн саналыг хэлэхэд:

Мэдээж нас ахихын хэрээр бие тэнхээ муудаж, залуу үеийнх шиг ачаалал авч чадахгүй учраас тэднийг хайрлан, хүнлэг чанараар суудал тавьж өгөх нь огтхон ч буруу биш. Нэг хүүхэд суудал тавьж өгөөгүйн төлөө "Одоогийн хүүхдүүд ийм хүмүүжилгүй..." гэх нь өрөөсгөл. Тэр хүүхдэд бие нь өвдсөн, унтаж амарч чадаагүй, өөр ямар ч шалтгаан байж болно. Заавал түүнийгээ олон нийтийн дунд, танихгүй хүнд тайлагнах албагүй. Түүнчлэн хүн өөрийнхөө тав тухыг бодолгүй суудлаа өгч байхад талархдаггүй хүмүүс ч олон байдаг.

Ер нь "Хүнд төвөг удахгүй, өөрийнхөө сонголтод эзэн болоод амьдрах ёстой" гэдэг зарчим автобусанд ч үйлчилдэг бол амар. Нийтийн тээврээр зорчих сонголтыг хүн өөрөө л хийж байгаа. Ахимаг настай гэдгээрээ түрүү барьдаг хүмүүст "тэр тусмаа хувийн унаатай болох боломж, цаг хугацаа өөрт нь залуу хүүхдийнхээс илүү байсан" гэдгийг сануулах хэрэгтэй ч юм шиг.

Ашиглах хугацаа нь дуусах дөхөж буй нийтийн тээвэр хорт хий ялгаруулдаг

Манай улсад жил бүр 120-150 автобусны ашиглах хугацаа дуусаж үйлчилгээнээс гардаг байна. Ерөнхийдөө он хуучинтай олон тэрэг замын хөдөлгөөнд оролцдог гэсэн үг. Насжилт өндөртэй тээврийн хэрэгслээс нүүрстөрөгчийн дутуу болон давхар исэл, хүхэрлэг хий, хөө тортог, хар тугалга, кадмий, алдегид зэрэг 260 гаруй төрлийн хорт бодис агаарт ялгаруулдаг болохыг ДЭМБ тогтоожээ.

Бие давхар, үнэрлэх чадвар өндөртэй үед энэ угаар илүү мэдрэгддэг юм шиг надад санагдсан. Жирэмсэн хүн зорчиход үнэхээр ээлгүй тээвэр бол автобус. Суудлын төлөөх өрсөлдөөн, огцом тоормос, урд талын автобусны угаар, жолоочийн татах тамхины үнэрээс болж ихэнхдээ бие муудан бууж ирэх энүүхэнд. Заримдаа урд талын дэлгэцээр гарах бичлэгийн дуутай давхцан радио явах нь ч бий. Түүний хажуугаар хэн нэгэн утсаар амьдралаа ярих нь хүссэн хүсээгүй сонсогдоно. Ер нь одоогийн залуус чихэвч зүүгээд орчлонгоос тасардаг нь тэд нийтийн тээврээр их зорчдогтой холбоотой юм шиг санагдсан шүү. Үнэхээр л өөрийнхөө дуртай дууг тултал нь чангалаад явахгүй бол стрессдэх маягтай болоод ирнэ.

Сэтгүүлч Б.Гэрэлмаа жилийн өмнө өөрийн сошиал хуудаснаа "Японд жирэмсний хяналтад ороход эмнэлгээс давхар биетэйг мэдэгдэх тэмдэг өгдөг" тухай бичиж байсан нь хуулаад хэрэгжүүлчихмээр сайхан санаа харагдсан шүү. Тэр тэмдгээ олон нийтийн газар хүний нүдэнд ил харагдахаар зүүчихвэл өөрийгөө зарлах шаардлагагүйгээр дараалал, автобусны суудлыг зохицуулж болмоор юм шиг. Саяхан яг ийм зорилготой жирэмсний тэмдэгтэй картын түрүүвч худалдаанд гарсан байсан ч хүн өөрөө худалдаж авдаггүй, албан ёсоор эмнэлгээс өгдөг бол илүү зүгээр юм.

Санал хүсэлт хүлээн авах утас

Хэрэв автобусны жолооч өөрийн бүхээгтээ тамхи татвал "олон нийтийн газар тамхи татах хориотой" учраас нийтийн тээврийн үйлчилгээний санал хүсэлт авах 7004 4040 дугаар руу залгаж, автобусны номер чиглэлийг хэлээд тамхи татсан жолоочид арга хэмжээ авхуулах боломжтой.

Тэр утас авахаасаа авахгүй нь их байдаг ч хүн бүр асуудлыг дор бүр нь байнга хэлэх нь ирээдүйд илүү тохилог нийтийн тээвэртэй болоход хувь нэмрээ оруулж байна гэсэн үг. Ер нь сүүлийн үед аливааг шүүмжлэх нь буруу юм шиг хандлага олон нийт дунд бий болсон. Гэхдээ шүүмж, доромж, санал хүсэлтийг ялгаж салган, нэгэндээ зөв шаардлага тавьж сурах нь одоо байгаа нийтлэг ойлголт, нийгмийн стандартыг арай илүү дээшлүүлэх боломж ч байж мэднэ.

Японд хүн бүр хогоо ангилан хаядаг. Энэ нь тэд бүгдээрээ ухамсартай сайн хүмүүс гэсэн үг биш, харин нэгэндээ шаардлага тавьж чаддаг учраас ингэж сайн хэрэгждэг юм билээ. Танил эгч Японд аялахаар очихдоо хог ангилах тухай ямар ч ойлголтгүй учир зүгээр бөөгнүүлж байгаад хогийн саванд хаясан чинь холоос түүнийг харсан настай эмэгтэй хаясан ууттай хогийг нь буцааж авчирч өгөөд, ангилж хаяхыг шаардсан гэсэн.

Бид ч бас "надад хамаагүй" гэж чимээгүй өнгөрөхийн оронд нэгэндээ шаардлага тавьснаар илүү дээр нийгмийг бүтээх боломжтой.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn