А.Урангоо: Асуудалгүй салбар алга, бид хөгжиж л байна

"REAL ESTATE MONGOLIA 2022" форум бол нийт зах зээл дээр ажиллаж байгаа агентуудын хувьд бүх талаараа чухал үйл явдал болно.
А.Урангоо: Асуудалгүй салбар алга, бид хөгжиж л байна

UA Properties компанийн гүйцэтгэх захирал А.Урангоотой үл хөдлөх хөрөнгийн салбар болон удахгүй болох "REAL ESTATE MONGOLIA 2022" форумын талаар ярилцлаа.

Үл хөдлөх хөрөнгийн салбарт таныг танихгүй хүн байхгүй байх. Олон агентуудын үлгэр дуурайлал болж манлайлж яваа танд баяр хүргэе. Өөрийн амьдралын хэмнэл, үзэл бодол, сошиал хэрэглээ гээд яах аргагүй агент хүний ажлыг олонд зөвөөр таниулж яваа хүн гэж хардаг. Ингээд таны сүүлийн үед хийж буй ажил, Америкт үл хөдлөх хөрөнгө судлаад яваад ирсэн сонин хачнаас нь ярилцлагаа эхэлье.

-Баярлалаа. Төрсөн өдрийн бэлэг гээд нөхөр маань Америк авч явсан. Амрангаа бас тэнд байр авах зорилготой байсан. Тэнд өөрийнхөө авахаар сонирхсон байрнуудыг стори хийгээд явсны дараа маш олон хүн холбогдож, байр худалдаж авах мэдээлэл болон зээлийн нөхцөлүүдийн талаар сонирхож бичсэн. Бид Монголдоо л үл хөдлөх борлуулж байснаас Америкт хүмүүс тэгж их үл хөдлөх хөрөнгө сонирхоно гэж бодоогүй. Би UA Properties компаниа байгуулсан жилдээ Сөүлд салбараа нээж байлаа. Тухайн үед Сөүл Улаанбаатар хоёрын дунд өдөрт 2 онгоц нисдэг байсан боломжийг хараад нээсэн боловч монголчууд яг Сөүлд байр тэр болгон үл хөдлөх хөрөнгө худалдаж авдаггүйг анзаарсан. Ер нь манайхан гадаадад үл хөдлөх авах нь маш бага юм байна гээд энэ санаагаа орхисон байлаа. Саяхан бас дэлхийн нэг том франчайз Монголд орж ирэх гээд санал тавьсан, тэнд үл хөдлөх хөрөнгө авбал иргэншил олгодог улсуудыг онцлон үл хөдлөх борлуулдаг юм байна лээ. Гэвч монголчууд маань бас тэр болгон авах шийдвэр гаргах нь юу бол гэж бодож байсан. Гэвч Монголд төгрөгийн ханш унаж, хадгаламжийн хүү нь буугаад, эдийн засгийн хүнд нөхцөл байдлууд үүсээд эхлэхээр бас хүмүүс доллароор орлого олох эх үүсвэр хайгаад эхэлж байгаагийн нэг нь үл хөдлөх хөрөнгө худалдаж авч түрээслүүлж болохыг анзаарлаа. Тэгээд би өөрөө байраа сонгочихоод ирсэн. Одоо зээлээ хөөцөлдөж байна. Би Америк улсад 10 жил сурч амьдарсан, миний хувьд 2 дахь эх орон юм.

Манай зах зээл жижигхэн, зөв сайн байр сууриа олсон байхад хэрэглэгч харилцагч байнга л байж байдаг.

А.Урангоо

Тун удахгүй үл хөдлөх хөрөнгийн "REAL ESTATE MONGOLIA 2022" форум зохион байгуулагдах гэж байна. Танай байгууллага энэ арга хэмжээнд оролцох уу. Форумаас ямар хүлээлттэй байна вэ?

-Салбарын хэмжээний форум учраас бид оролцоно. Үл хөдлөх хөрөнгийн салбарын хөгжил эрс мэдэгдэхүйц сайжирч, олон улсын стандартын үйлчилгээнүүд нэвтэрч, салбар маань боловсон хүчнүүдийн хувьд хүртэл өсөн нэмэгдэж чадваржиж байгааг бид бүгд харж байна. Үүнтэй зэрэгцэн асуудлууд ч гарч ирсэн. Форумын ач холбогдол нь салбарын өрсөлдөх чадвар, бодит үнэлэмж, ирээдүйн үнэ цэн, боломжийн талаар хэлэлцэх ба ямарваа нэгэн үйл ажиллагаа өөрөө нетворк хийх боломж байдаг. Тийм учраас нийт зах зээл дээр ажиллаж байгаа агентуудын хувьд бүх талаараа чухал үйл явдал юм. Манай компани үл хөдлөхийн холбогдолтой бүх үйл ажиллагаануудад идэвхтэй оролцоотой ирсэн мөн бүх холбоонуудын гишүүн байгууллага.

UA Properties компани үл хөдлөх зуучлалын салбарт 10 гаруй жил ажилласан туршлагатай. Тэгэхээр тулгарч буй асуудал, шийдлийн талаар хамгийн сайн мэднэ. Энэ талаараа ч форумаар хөндөх байх?

-Бид ажилдаа, ажиллаж байгаа салбартаа маш их хайртай. Бидэнд хязгааргүй хөгжих боломж, хязгааргүй орлого олох боломжийг олгодог. Манай зах зээл жижигхэн, зөв сайн байр сууриа олсон байхад хэрэглэгч харилцагч байнга л байж байдаг. Сүүлийн үед хэтэрхий их зуучлалын компаниуд гарч ирснээр зах зээл дээрх агентуудын тоо ч нэмэгдэж тэр хэрээрээ агентууд хоорондын өрсөлдөөн дунд хэрэглэгчид хохирох асуудлууд их гарч ирж байна. Үнэ нэмж худалдах асуудал хэрээс хэтэрч, итгэж хандсан хэрэглэгчийнхээ үл хөдлөхийг зүгээр листэдээ оруулчихаад борлуулахгүй байх тохиолдол их гарах болсон. Бас франчайз бизнесүүд тэлэх бодлого барих нь ойлгомжтой, гэхдээ цөөхөн боловсон хүчинтэй манай улсын хувьд чадварлаг хүний нөөц цөөхөнтэй. Зүгээр нягтлан хийж байгаа хүнийг эсвэл сайхан барилгын инженерийг аваачаад реалтор болгочихдог асуудал нийтлэг харагдаж байна. Тэгээд хэсэг хугацаанд реалтор хийгээд больдог, оролт гаралт ихтэй салбар. Тооны олон бол чанар огт биш! Хүний нөөцийн салбараас үл хөдлөхийн салбарт орсон болохоор чадварлаг сайн борлуулалтын биш төрлийн хүмүүс энэ салбарт орж карьераа баллаж байгааг харахад таатай биш байдаг. Энэ дээр бодлого хэрэгтэй байх гэж бодож байна. Энэ мэтчилэн салбартаа тулгамдаж байгаа асуудлыг форумд оролцохдоо хөндөж, гарц шийдлийн талаар ярилцсан, үр өгөөжтэй арга хэмжээ болно гэж хүлээж байна.

Үнэ нэмэх асуудал гардаг гэж та хэлж байна. Ер нь одоогийн орон сууцны үнийн өсөлтийг хэрхэн харж, дүгнэж байна вэ?

-Ойлгомжтой шүү дээ, яриад байх юм байхгүй. Монгол Улс эдийн засгийн хувьд 2 хөршөөс хэт хараат, манай улс хөрөнгө оруулагчдад таагүй хандаж байна. Мөн Монгол Улс ашигтай зах зээл биш байна. Би одоо 36 настай, 2 хүүхэдтэй яг идэвхтэй ажиллаж амьдрах насны залуу гэр бүлүүдийн төлөөлөл. Яагаад гадаадад үл хөдлөх хөрөнгө авахаар сонирхоод байна. Ямар учраас доллароор орлогожих бизнес сонирхоод эхлэв гээд бодохоор энэ бүхэнд Монголын эдийн засгийн байдал нөлөөлж байна. Энэ өсөлт зогсохгүй шүү дээ. Яваандаа Монголд өндөр үнийн дүнтэй үл хөдлөхүүд худалдаж аваад ашиг бол хэзээ ч гарахгүй нь бараг ойлгомжтой болж байх шиг байна. Гэхдээ хүн өөрөө өөрийгөө хүндлээд өөрийн тав тух, амьдрах орчноо хамгийн сайнаар сонгодог байх ёстой. Яг өнөөдрийн байдлаар бол ажил, хүүхдүүдийн сургууль, амьдралын хэмнэлтэй хамгийн ойр байрлалтай үл хөдлөх байх нь тансаглал болоод байна.

Яагаад заавал үл хөдлөх хөрөнгийн агент, зуучаар дамжих ёстой юм гэсэн бодолтой хүмүүс ч бий шүү дээ?

-Байр авах гэж байгаа хүнд бол үнэгүй үйлчилгээ. Байраа худалдах гэж байгаа хүнд хугацаа хэмнэх үйлчилгээ. Үйлчлүүлэх үйлчлүүлэхгүй байх нь хувь хүний сонголт. Үйлчлүүлсэн хүмүүст сэтгэл хангалуун байлгах нь зуучлалын компанийн чанар, хариуцлага чадварын асуудал.

Канадын Ванкувэр болон Карибын тэнгис гэх зэрэг хаана ч хөрөнгө оруулалт хийж болно

А.Урангоо

Сүүлийн үед манайхан Туркт орон сууц авах хандлагатай болж. Монголд 2, 3 өрөө тансаг орон сууц авах үнээр тэнд 2 өрөө боломжийн орон сууц авч байх жишээний. Ер нь ямар улсуудад үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулалт хийвэл хамгийн хялбар, үнэ ханшийн хувьд боломжтой вэ?

-Туркийн барилгын компаниуд холбогдож байсан. Хувь хүний өөрийнх нь гадаад дотоод дахь холбоо сүлжээ, ирж очих боломжоос шалтгаалаад хаана ч авч болно. Үнэндээ дэлхийд үл хөдлөх хөрөнгийн үнэ өсөж байгаа олон газар байгаа. Канадын Ванкувэр болон Карибын тэнгис гэх зэрэг хаана ч хөрөнгө оруулалт хийж болно. Туркт бол аялал жуулчлал, эрүүл мэндийн аялал гээд Европ Азийг холбосон гоё газар ч шашны нөлөөлөл өндөр бас Монголоос ирж очиход хол. Харин Сингапур, Солонгос зэрэг улс монголчуудад ойр байх.

Үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулах сонирхолтой хүмүүст өгөх зөвлөгөө гэвэл?

-Ямар ч байсан үл хөдлөхөд хөрөнгө оруулах нь зөв. Амьдарч байхдаа л ашигтай байх боломж бүх хүнд байгаа. Зөв шийдвэрийг өөрөө маш сайн судалж хайж зөвлөж, хүлээж байж олдог. Ашигтай хөрөнгө оруулалт тэгээд л бэлэн байж байна гэж байхгүй. Манай компани үл хөдлөх хөрөнгө зуучлахаас гадна хөрөнгө оруулалт хийдэг болоод нэлээн удаж байна. Бид хөрөнгө оруулалтын үл хөдлөхүүд яаж олдож, хэрхэн ашгаа өгдгийг маш сайн мэддэг болсон. Их олон хэрэглэгчдэдээ гоё хөрөнгө оруулалт олж өгч хамтарч ажиллаж байсан. Энэ бүгдийг мэддэг болохын тулд алдаа оноо их байсан ч үр дүнд нь зөв буруу хөрөнгө оруулалтыг сайн ялгадаг болсон арвин туршлагатай болжээ.

Энэ салбарын нэг гол хүч нь агент. Агент хүн ямар байх ёстой вэ. Нөгөө талаасаа агентын мэргэжил ямар хүнд илүү тохиромжтой юм бол?

-Монголд ажиллаж байгаа агентууд өөрсдөө судалгаа сайтай, боловсорсон байх ёстой. Хүнд зөвлөх хэмжээнд очих хүртэл урт хугацааны туршлага хэрэгтэй. Тэр туршлагыг товчилъё гэвэл сайн туршлагатай, мэдрэмж, мэдээлэл сайтай удирдлагатай байх хэрэгтэй. Агентууд хүний шийдвэрт маш их нөлөөлдөг. Худалдан авч байгаа хүн ч гэсэн хэний үгийг сонсох уу гэж агентаа сонгох хэрэгтэй. Манай Монголын агентуудын нийтлэг шинж нь хамтарч ажиллаж огт чаддаггүй.

Та сошиал орчинд идэвхтэй байдаг инфлүнсэрүүдийн нэг. Магадгүй энэ нь таныг ажлаа амжилттай хийхэд нөлөөлдөг үү?

-Энэ ажил маань өөрөө намайг инфлүнсэр болгочихсон. Хүсээд зориод байсан юм бол байхгүй. Магадгүй ажлаа сайн хийсний үр дүнд сошиал орчинд өөрийн нөлөөлөлтэй болсон байх. Гэхдээ олон дагагчтай олон хүн таньдаг, олны дунд байх нь зарим нэг байр сууриа илэрхийлэхэд л хэрэгтэй болохоос яг бодит амьдралд бол ядаргаатай санагддаг. Хэлсэн үг, бичсэн зүйлсээс өө хайсан хүмүүс их. Заримдаа нүүрээ будахгүй хүссэнээрээ явж ч болохгүй. Алдаа гаргаж болохгүй, хувийн орон зай бүх хүнд ил амьдрах гээд хэцүү зүйлүүд их байдаг юм байна. Гэхдээ миний болон манай компанийн байр суурь, үзэл бодол нөлөөлөл үл хөдлөхийн салбарт үргэлж нөлөөтэй байдагт бол баярладаг. Үл хөдлөхийн салбарын олон агентууд сошиал орчноор биднийг дагаж харж байдаг болохоор үлгэр жишээ, сайн ажиллах хариуцлага бүр илүү нэмэгддэг. UA Properties компаниа ямар ч байсан үлгэр жишээ зуучлалын компанийн нэг болгож чадсан.

Эцэст нь үл хөдлөх хөрөнгийн ирээдүйн чиг хандлага, төлөвлөлтийн талаар сонирхож асууя?

-Та маш их мөнгө зарж өөрийн байр орон сууцаа авсан байгаа. Үр хүүхдэдээ өвлүүлэх өмч, өөрийн тань хөрөнгө шүү дээ. Тэгэхээр үл хөдлөхийн салбар маань хүн болгонд хамаатай. Би Төв аймаг ирэх 5 жилд маш гоё хөгжих болов уу гэж боддог. Бүр илүү сайн хөгжөөсэй, үл хөдлөхийн салбарын сонирхолтой төвлөрөл бас үүсэх болов уу гэж хардаг. Метавэрс орчин бол үйлчилгээний үл хөдлөхүүдийн орон зайд хүчтэй гарч ирж байгаа. Манай компани Улаанбаатар хотыг метавэрс болгосон анхны өндөр технологийн компанид хөрөнгө оруулалт хийгээд газруудаа худалдаалаад эхэлсэн. Төвийн байрлалууд маань дуусаад Монголын томоохон групп компаниудын ихэнх нь өөрсдийн газраа бий болгосон байгаа. Удахгүй нээлттэй мэдээллүүд зарлагдах байх.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn