Монгол Улсын Хэнтий аймаг юм уу? Хэнтий аймгийн Монгол Улс юм уу?

Хөшөө бариад хөгжих үү?
Монгол Улсын Хэнтий аймаг юм уу?  Хэнтий аймгийн Монгол Улс юм уу?

Би хэн нэгний хийж бүтээе гэсэн хүсэл эрмэлзлэлийг үгүйсгэгч, хөгжил дэвшил, бүтээн байгуулалтыг эсэргүүцэгч нэгэн биш, урлагийн бүтээлийг шүүмжлэгч бүр ч биш.

Улс орны минь өнөөгийн байгаа нүүр царай, ард иргэдийн аж амьдрал улам л уруудан доройтож, уур бухимдал дээд цэгтээ хүрч, ирээдүйдээ итгэх итгэл, урам зориг алдарч буй энэ цаг дор Монгол төрийн бодлого гэж байдаг бол хаашаа явж, юуг зориод байгаа, хаана хүрснээр нэг учраа олж, удирдагч шиг удирдагчтай, улс шиг улс болох юм бэ гэдэгт сэтгэл зовинон, сэмэрч яваа эгэл нэгэн сэтгүүлч билээ.

Энэ удаад зөвхөн учир холбогдол нь үл ойлгогдох элдэв хөшөө дурсгал, суварга, суурин газар бүхэнд өрсөлдөн босгосон угтах, үдэх хаалга зэрэг үр дүн багатай зүйлд төсвийн хөрөнгийг үргүй зарж байгаа нь эдийн засгийн хямралтай энэ цагт үнэхээр тулгамдсан асуудал, зайлшгүй шийдвэрлэх ёстой зүйл, нэн түрүүн эхний ээлжид хийвэл зохих ажил мөн бишийг хөндөх гэсэн юм.

Миний нүдээр дээрээсээ эхлээд дунд, доод шатны бүхий л дарга нарын мөнгө угаах нэгэн арга, өөрийн нэр төрийг тамгалах гэсэн өнгөц хүсэл, өөр хоорондын явцуу өрсөлдөөн, ард иргэддээ таалагдах, араа бодож ахин дахин сонгогдох, аз нь таарвал албан тушаал ахичих гэсэн амин хувийн амбиц, товчхондоо эрх мэдэлтнүүдийн сэтгэлгээний ядуурал, хязгааргүй шунал, үнэн төрх, чадвар, чадамж л юм даа гэж дүгнэхээр...

Олон улсын байгууллагуудын дүгнэлтээр Монгол Улс нэг хүнд оногдох хөшөө дурсгалаараа дэлхийд тэргүүлдэг тухай мэдээлэл цахимаар явж, иргэдийн эгдүүцлийг хүргэж байна лээ.

Манай Улсад Чингис хааны-27, Өүлэн эхийн-11, түүхэн алдарт хүмүүсийн-341, бөхийн-538, Морины-1032, хонь, ямааны-1652, үхэр, тэмээний-756, аргаль, янгирын-123, эвтэй дөрвөн амьтны-26, нохойны-231, таравганы-25 хөшөө байдаг гэнэ.

Зөвхөн 1996 оноос хойших хугацаанд хөшөөнд зарцуулсан хөрөнгөөр атомын цахилгаан станц-2, цэцэрлэг-6000, сургууль-2500 нэгж, өөр юу юу ч гэв байгуулж болох байжээ гэсэн тооцоо гаргасныг үгүйсгэх аргагүй санагдана.

Энд нөгөө аймаг, сум, орон нутаг бүрийн угтах, үдэх мундаг хаалганууд, даваа гүвээ тутамд босгосон суварга зэргийг оруулаагүй ба тэдгээрт зарцуулсан мөнгөн дүнг тооцвол хэчнээн үргүй зардал, мөнгө угаалт явж байдаг нь ойлгомжтой биз ээ.

Их Эзэн Чингис хааны үнэнч анд хөлөг жанжин Боорчийн өлгий нутаг өнөөгийн Хэнтий аймгийн Батноров сумын Эхэн бүрд багийн Дэлгэр-Өлзийт хэмээх тахилгат хайрханы өвөрт “Хөлөгбаатар Боорчи-Андлалын өргөө” хэмээх түүхэн өгүүлэмж бүхий аялал жуулчлалын цогцолбор байгууламж гэх, иргэдийн нэрлэснээр бол Андлалын хөшөөг тухайн үеийн УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн санаачилга, одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэмжлэгээр Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач, дизайнер Д.Эрдэмбилэг агсаны зохиомжоор 2018 оноос эхлэн төсвийн 2 тэрбум төгрөгөөр барьж, улсын комисс ч сүр дуулиантай хүлээн авч байсан нь саяхан.

Эзэн Чингис хаан, Боорчи нарын дүрслэл бүхий уг хөшөө Монгол гэр, дээшээ харан ульж байгаа чоно, суварга гээд олон санааг агуулсан бүтээл байсан хэдий ч хөшөөний гүйцэтгэл огт өөр болсон нь ар гэрийхний дургүйцлийг хүргэсэн л гэнэ, Өвөр Монголчуудад зарснаар илүү их унацтай болсон л гэнэ. Ямартаа ч олны доог тохуу болсны эцэст нураагдлаа.

Уг нь цугласан хандив, түүний зарцуулалтыг гардан зохион байгуулсан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, "Бидний цөөхөн Монголчууд" төслийн санаачлагч М.Зоригт нар зоригтойхон тайлагнаж, иргэдийн эргэлзээ, хардлагыг тайлах хэрэгтэй дээ.

Хандив өргөлөө сурталчлахгүйг бодоход үнэнхүү хоншоортой баячууд нь л тэрбум тэрбумаар нь шидсэн байлгүй. Зөв л жишиг. Даанч олигтой юм бололгүй нураачихлаа. Үүнийг нь мэдсэн бол очиж үздэг байж.

Гэтэл манай өнөө тууштай гэх үү, зөрүүд гэх үү Ерөнхий сайд маань “Эр хүн зорьсондоо, эмээлт морь харайсандаа” заавал хийнэ, эрх мэдэл байна, мөнгө байна, өөр ч нэг их хийгээд байх ч ажил алга даа гээд дараагийн хөшөөгөө үтэр түргэн хугацаанд үнэмшил муутай хандив нэрийн дор босгоодхов.

Өмнөх хөшөөнд хандив өргөгсөд нь ч хэл амгүй, хэрүүл хараалгүй дахиад л өгчихдөг буянууд бололтой. Баян хүн луувангаа иднэ үү, лаагаа иднэ үү ямар хамаа байж. Хандив нэрийн дор татвар төлөгчдийн мөнгө хэрлэнгийн хөдөө аралд хийсчихээгүй л бол баячуудын багтааж ядсан хөрөнгөөр нэг ч гэсэн бүтээн байгуулалт босож байвал яамай.

Төрийн 3 өндөрлөгийн хоёр нь болсон, бас УИХ-ын гишүүн, чухал байнгын хорооны дарга, бөхөө дээдэлдэг /байсан/ ард олондоо бяр чадлаараа хүндлэгдсэн нэгэн эрхэм гээд Хэнтийн 3 анд ямар өөрсдийнхөө хөшөөг төсвийн хөрөнгөөр босгочихсон биш.

/Нэгэнтээ 2000-аад оны үед нийтлэлч Б.Баабар “Хаа газрын тэнэгүүд ганц ганцаараа тэнэдэг байхад, Хэнтийн гурван тэнэг хөтлөлцөж дандаа тэнэгтэх юм” гэж бичиж байсан нь санаанд ороодхов/.

Улс орон хямралтай, хүн ардын амьдрал ахуй өдрөөс өдөрт доройтон буй ийм хүнд хэцүү цаг үед улс орон чинь хөгжлийн биш, хэрэглээний хязгаарлагдмал төсвөөр дөнгөн данган амь зууж байхад хөшөө дурсгал босгохыг чухалчилж, гэхдээ түүхэн газар нутаг гэхээс гадна, хамгийн эмзэг нь зөвхөн өөрсдийн төрсөн нутаг, сонгогдсон тойрогтоо төсөв хөрөнгийг илт илүүтэй хуваарилж, нэн чухал биш зүйлд хөрөнгө оруулалт хийж байгаад л иргэд эгдүүцээд байгаа юм.

Энд ганц жишээ авахад яг одоо хэлэлцэж байгаа Монгол Улсын 2022 оны төсвийн задаргааны төслийг хараад бухимдахгүй байх арга алга байна шүү дээ.

Улсын хэмжээнд ирэх онд 18 их наяд төгрөгийн төсөв батлагдахаас 3,3 сая хүнтэй, Нийслэл болоод 21 аймагтай бүхэл бүтэн орны нэгэн эд эс 78 мянган хүн амтай Хэнтий аймагт нийт төсвийн 10% буюу 214 тэрбум төгрөгийг хуваарилахаар оруулж ирж байгааг юу гэж дүгнэх вэ. /Хүн амын тал хувь нь оршин суудаг нийслэлдээ 549 тэрбумыг л хуваарилах юм билээ/.

Энэ нь хүн амын тоонд харьцуулахад Хэнтийн нэг хүнд төсвийн 2 сая 700 мянган төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэх нь гэж ойлговол, Завхан аймагт гэхэд нэг хүнд оногдох хөрөнгө оруулалт 372 мянган төгрөг болж байгааг бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьж бичиж байна. Энэ тэгээд шударга явдал уу.

Үүнийгээ төсвийн хөрөнгийг аль болох тарамдуулахгүй, тодорхой салбарт, нэг цэгт үе шат, системтэйгээр төвлөрүүлж үр дүнтэй томоохон бүтээн байгуулалт хийх, өнөөх л аялал, жуулчлалтайгаа холбох бодлого, ирэх онд тус аймагт 90 төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө гэж зөвтгөх биз.

Иргэдийн тодорхой хэсэг нь уг цогцолборыг дэмжиж байгаа ч хаа хол, эзгүй хээр, ээрэм талд барьсан энэ хөшөөг үзэх гэж манай нөгөөдөхийн хийсвэр сэтгэхүй. Сэтгэлийн хөөрлөөр зарласан 400 сая жуулчин чинь ирэх үү, хаяанд байгаа 2 суманд онгоцны буудал барихын хэрэг юу байна, тийм л аялал жуулчлалыг хөгжүүлэх гэж байгаа юм бол байгалийн үзэмж үлэмж цогцолсон, гадна дотныхны мэддэг, зорьдог болсон алслагдмал Хөвсгөл нуур, Баян-Өлгийн үзэсгэлэнт газруудад шууд нислэг хийх боломж бүрдүүлэх нь яасан юм гэх мэт олон санал, шүүмжлэл хөвөрсөөр.

Улс орон тэнхэл тэнхээтэй шиг болсон үед Тэнгэрийн андгай шиг цогцолбор хэдийг ч барьсан яахав. Уг цогцолбор аялал жуулчлалын жишиг болж, алс ирээдүйн бүтээн байгуулалтуудын жим нь болоосой доо гэж амьхандаа залбирч л байна.

Аливаа хөшөө баримлыг улс орны бахдам түүх, бахархан дуурайх хүмүүнээ үеийн үед дурсан санах, түүний сайн сайхан үйлийг хойч үедээ өвлүүлэн үлдээх, түүнчлэн түүхийн нугачаанд хараар бичигдсэн гунигт үйл явдлыг дүрслэн сануулж, үеийн үед дахин давтагдахаас сэрэмжлэх зорилгоор байгуулдаг ч тал бий.

Харин Андлалын болон Тэнгэрийн андгай хөшөөний агуулга, өгүүлэмж, хэнд юуг таниулах зорилго нь төдийлөн тодорхойгүй, түүнийг хэлж тайлбарлаагүй, барьж байгуулж байгаагаа л бахархал дүүрэн яриад буйн учир хэл ам дагуулсаар байгаа бус уу.

Чингис хаан түүний анд Жамуха хоёр уу, Боорчи юм уу, бүр Зэв, Сүбэдэй хоёр юм биш үү, бүү мэд гэх олон маргаан явж, зарим нэг шооч нь салхинд гандсан салбархай хувцастай хэрмэл гуйлгачин шиг байна гэх зэргээр ёжилж буйн учир түүхчид, уран бүтээлчдээр нь яриулж, таниулах нь зүйтэй санагдана. Ер нь Тэмүүжин Жамуха хоёр анд барилцсан гэдэг болохоос, Боорчи Тэмүүжин хоёр анд Барилцсан уу?

Ямартаа ч талын нүүдэлчин Монголчуудын дэлхийг эрхшээсэн их түүхийн улбаа, хавт эрчүүдийн нөхөрлөлийн билэгдэл "Тэнгэрийн андгай" гэх хөшөөт цогцолборыг Москвад буй эх орны дайны ялалтад үнэт хувь нэмэр оруулсан Монгол морины хөшөөг бүтээсэн, Урлагийн гавьяат зүтгэлтэн, уран барималч А.Очирболдын загвар, зохиомжоор Боржин суварга компани 2 сарын хугацаанд барьж дуусгаж байгаа гэнэ.

Тэрээр "Тэнгэрийн андгай" хэмээх бүтээлээ урлахдаа ариун газар буюу уулын орой дээр үүл малгайлах үед бүсээ солилцож буй Монгол эрсийг дүрсэлжээ. Учир нь үүл нэгдэн бороо хур ордгийн адил Монголчууд эвлэлдэн нэгдсэн үедээ дэлхийг тохинуулж чадсан түүхтэй ард түмэн.

Иймд анд барилдана, андгай тангараг өргөнө, өөр хоорондоо эв нэгдэлтэй байна гэдэг хүний оюун санаанд байдаг, үүнийг асааж өгөх нь маш чухал. Энэхүү хөшөө нь эрчүүдийн, Монгол туургатны эв нэгдлийн маш том гүн ухаан хэмээн хэлсэн байна. Ярих ч амархан л даа. Заавал яагаад эрчүүдэд зориулсан хөшөө байх ёстой юм Монгол хатдаа мөнхжүүлж бас болно уг нь...

Эцэст нь хэлэхэд татвар төлөгчдийн мөнгө уйлдаггүй гэдэг үнэнг мэдэхийн дээдээр мэдсэн ихэс дээдэс минь эгэл Монголчуудынхаа төлж буй татвараар туйлаад дуусдаг жишээ олон доо. Тийм зүйл л бүү давтагдаасай билээ.

2020 онд төсвийн 3.2 тэрбум төгрөгөөр төв талбайд хийгдсэн ажиллагаагүй усан оргилуур, Төв талбайд саарал ордноо тойруулан ямар зорилготой нь үл мэдэгдэх 396 ширхэг боржин чулуун хаалтыг 151 сая төгрөгөөр мөн л талбайд байршуулаад авч хаясан зэрэг үргүй зардлыг тоочоод баршгүй.

2019 оны 8 дугаар сард ашиглалтад орох ёстой байсан 14 тэрбумын төсөвтэй "Их хуралдай" цогцолбор, мөн онд ашиглалтад орох ёстой 2 тэрбумын төсөвтэй "Шихихутуг их засаг" цогцолбор, 1.5 тэрбумын төсөвтэй "Монголын нууц товчоо" цогцолбор, 1.5 тэрбумын төсөвтэй "Чингис хаан" аялал жуулчлалын цогцолбор, 3.5 тэрбумын төсөвтэй "Монголын далд уул уурхайн музей" гээд хэзээ сүндэрлэж, хэдэн зуун сая жуулчны нүдийг бүлтийлгэж, мөнгийг саах нь тодорхойгүй бүтээн байгуулалт гэг мэт хөвөрнө.

Дэд бүтэц, засмал зам, цахилгаан шугмаар бүрэн холбогдоогүй, Хэнтийн сумдын нутагт босох эдгээр төсөл хэзээ үр дүнгээ өгч зардлаа нөхөхийг хэн ч таашгүй.

Тэнгэрийн андгай нэгэнт босдгоороо босно. Гэнэтхэн дургүй нь хүрээд нураагаад хаячихгүй л бол эцэстээ хээр хөдөө хэн ч тоож очдоггүй, хаягдмал зэвхий, оршуулгын газар лугаа дүнсийж, хөсрийтэх вий дээ л гэж санаа зовном.

Монголын заяа ихээ. Эзэн богд их хаан минь эргэж ирсэн мэт цэцэглэн хөгжиг.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
logo
Press Center
www.presscenter.mn