Эмэгтэйчүүд нийгмийн хоёр дахь хүйстэн биш

Хүн бүр автобусанд суугаад хувийн амьдралаа л бодоцгооно. Гэтэл нийгмийн автобус хаашаа явж байгааг үл хайхарна. Чиглэл нь бус суух нь ач холбогдолтой мэт. Хурдан хэр нь буруу цэг рүү зүглэх үү эсвэл удаан ч гэсэн зөв цэг рүү чиглэх үү гэдгийг шалгаж шүүх хэрэгтэй. Тэгж гэмээ нь замналаа тодорхойлно.
Эмэгтэйчүүд нийгмийн хоёр дахь хүйстэн биш

Сүүлийн үед эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг хүйсийн ялгаа гаргалгүйгээр тэгш авч үзэх хандлага массын олонх руу чиглэж байна. Гэвч энэ нь ямар үр дүнд хүрэх вэ?

Нийгмийн хүйсийн асуудал юун түрүүнд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн бэлгийн харилцааны ялгаан дээр үндэслэдэг. Эрэгтэй хүн хувиа хичээсэн шийдвэр гаргаж эмэгтэйн хүлээн зөвшөөрлийг сонсохгүйгээр үйлдэл хийхийг эрмэлзэж, давуу байдлаа харуулахыг хүсдэг. Ингэснээр эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн харилцан тохиролцооны зарчим алдагдаж эмэгтэйн хувьд таашаалын мэдрэмж авахаасаа илүүтэйгээр хамаг л эрх чөлөөгөө хэн нэгэнд хориулж буй мэт сэтгэгдэл төрнө. Энэ байдал өнөөгийн нийгмийн амьдралд өөрчлөгдөж байгалийн шинжүүд социал шинжүүдээр солигдох ёстой. Гэтэл өдөр тутмын амьдралд гудамжинд болон ажлын байран дээр эмэгтэй хүний хажуугаар залуус өнгөрөхдөө биед нь зөвшөөрөлгүйгээр хүрч, элдвээр гоочилдог.

2017 онд ажлын байран дахь бэлгийн дарамтын талаар 17-70 насны 753 хүнээс судалгаа авахад 79.6% нь “ажлын байранд бэлгийн дарамт их байдаг” гэжээ.

Энэ нь хэн өөртөө тааламжтайгаар гоёж гангална тэр эмэгтэй өөртөө итгэлтэй болох ёстой байтал ичих ёстой болж байна гэсэн үг. Орчин үеийн шаардлага бол гоо үзэсгэлэнг булаан эзэмшиж өөриймшүүлэх биш харин хүндлэн улам цэцэглүүлэхэд орших ёстой. Гэтэл өнөөдөр хэн нэгэн хүчиндүүлсэн /бэлгийн дарамтад өртсөн/ тухай мэдсэн ч мэдээгүй юм шиг чимээгүй өнгөрөхөд маргааш таны эргэн тойронд эл нөхцөлд хэн нэгэн ороход дуугарах хэн ч байхгүй. Яагаад гэвэл зөвхөн өөрийн асуудалд л санаа зовж, хувиа хичээх нь муу муухайг цэцэглүүлэх үндэс юм. Учир нь муу муухайг үйлдэгчийн хүлээлтэд нь нийцсэн тул давтан хэрэг үйлдэнэ. Тиймээс таны дуу хоолой нийгэмд үгүйлэгдсээр байна. Заавал бид ойр дотно хүний цуурайгаар ухаарах юм гэж үү...

Эрэгтэйчүүд объект гэж эмэгтэйчүүдийг үзэх хэвшмэл ойлголт юунаас үүдэлтэй гэсэн учир шалтгааны гүнээс үзвэл өмнөх нийгмийн аль ч үед эмэгтэйчүүдийн тэгш эрх дарагдмал байсан бол өнөөдөр нөхцөл байдал өнгөрснөөсөө диваажин мэт болсон. Тэгсэн атлаа энэ асуудал улам хурцаар тавигдаж байгаа нь эмэгтэйчүүд нэгэнт хүчээ авсныг илтгэнэ. Уламжлал зан заншлын өмнө эмэгтэй хүн өөрийн бие даасан байдлынхаа хагасыг алдаж, хагас нь харийн хүн мэт болдог. Өөрийнх нь мөн чанар бусдад хамаатай болж, толгой мэдэн үйлдэл хийвэл бусдыг хүндлээгүй хэрэг ногдоно. Жишээ нь, цай чанавал өөртөө эхлэн аягалж болохгүй, зөвхөн эрчүүдэд эхэнд аягална. Өрхийн тэргүүн хог асгаж болохгүй, тэр ч бүү хэл тостой аяга ч угаах ёсгүй гэнэ. Учир нь эдгээр нь дор ажил тул хүний хийморь, сүлдийг доройтуулдаг гэлцэнэ. Эндээс үзвэл эрэгтэй хүн цаад мөн чанараараа эмэгтэйчүүдээс эмзэг мэт. Өнөөдөр эмэгтэйчүүдийн нийгмийн чиг хандлага үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь гэр бүл салалт үүсэх эхлэлийн цэг болж байна. Яагаад гэвэл мухар сүсгийн шинжтэй итгэл үнэмшлүүд нь социалист болон эцгийн эрхт нийгмийн мөлжлөгийн үргэлжлэл мэт. Гэтэл уламжлагдаад ирсэн энэ ойлголтыг эрэгтэйчүүд заавал мөрдөгдөх ёстой дэг жаяг мэтээр эмэгтэйчүүдэд тулгах болсон нь өнөөгийн ардчилсан нийгмийн хүлээлтэд хүрэхгүй байгаа.

Жилд дунджаар 3,000-4,000 орчим гэр бүл шүүхээр гэрлэлтээ цуцлуулж байна.

Энэ тоо баримт зөвхөн албан ёсоор гэр бүлээ цуцлуулсан иргэдийнх юм. Салж байгаа гэр бүлүүд 1-2 хүүхэдтэй. Тэгвэл жилд дунджаар 10,000 орчим хүүхэд гэр бүл салалтын золиос болж байна. Салж байгаа эмэгтэйчүүдийн 90 орчим хувь нь өрх толгойлж үлддэг. Салалтын үндсэн шалтгаан нь өмнөх арван жилд эдийн засгийн чадамж нөлөөлдөг байсан бол сүүлийн арван жилд соёлын ялгаатай байдал буюу нэг нэгнийхээ үзэл бодлыг үл хүндэтгэснээс үүдэж байна. Өөрөөр хэлбэл, хэн юу хийхээ тохиролцож чаддаггүй, хүлээлтэд хүрэхгүй байна гэсэн үг. Энэ нь соёлын ялгаатай байдлын үр дагавар. Эрэгтэй хүн уламжлалт хандлагатай байдаг бол эмэгтэйчүүд илүү орчин үеэ дагаж хувьсан өөрчлөгдсөөр гэр бүл хооронд ойлголцлын орон зай алсарч байдаг гэж харж болохоор байна. Үүнийг гэрлэлтийн эхний 2-3 жилд салалт маш бага байдаг бол 6-7 жилд нэмэгдэж, 10-аас дээш жил хамт амьдарсан хосууд хоёр тийш болдог байна гэсэн статистик батлах мэт. Үүнээс харвал хүүхэд ямар ч буруу зүйл хийгээгүй байхад томчуудын үйлдлээс болж хохирдог. Бусадтай өөрийгөө жишиж сэтгэл зүйгээ өвтгөдөг. Ганцаараа ингэж амьдрахгүйн тулд бусдыг ч гэсэн өөр шигээ хохироохыг хүсдэг. Энэ нь ухамсаргүйгээр хамтын мэдрэхүйг үүсгэдэг.

Мөн нийгмээс ирэх хандлага хаяад явсан нөхрийг нь биш өрх толгойлсон эмэгтэйг дорд үздэг. “Нөхөртөө хаягдсан” эмэгтэй арчаагүй болоод үлддэг эсвэл хэн нэгэн өрөвдөх сэтгэл гаргаснаараа чадамжгүй хийгээд доромж сэтгэгдлийг эмэгтэйд төрүүлэх халтай. Сэтгэлээсээ дэм болохыг хичээх нь түүнээс өөрийгөө илүү мэтээр ойлгуулдаг. Үүнээс халширсан хэсэг нь “Хүчирхэг эмэгтэй” гэсэн ухагдахууныг бий болгож дээрхийг үгүйсгэж байна. Үнэхээр тусламж хэрэгтэй хэсэг байгаа ч нийгмээрээ тийм гэсэн хүлээн зөвшөөрөгдсөн ойлголт байж болохгүй.

Бид бүхний хамгийн аз жаргалтай, амар тайван, сэтгэл ханамжтай байх ёстой газар бол гэр болох байтал хаагдмал институт болсон. Гэр бүлийн асуудлаас үүдэн гарч байгаа үр дагаврын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан (мөсөн уулын орой хэсгийн) мэдээлэл дээр л нийгэм фокуслаж, тойрч ярьж байгаа ба цаана нь олон бэрхшээлийг чимээгүйгээр даван туулах гэж эмэгтэйчүүд хохирсоор буйг даанч таашгүй. Цаасан дээр эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй эрх тэгш байна гэж тунхаглаж буй нь жендэрийн шалгуурын доголдол болж байна.

Эрэгтэйчүүдийн эрх мэдэл, боломж давамгайлсан байдал одоо хүртэл оршсоор буй нь нийт эмэгтэйчүүдийг эрэгтэй хүмүүстэй эн тэнцүү ажиллах, хүлээн зөвшөөрөх суурь нөхцөлийг хангаагүйтэй холбоотой юм. Эмэгтэйчүүддээ хайргүй нийгмийг монгол айл өрхүүдэд хамгийн ач холбогдолтой өмч болох орон сууцыг хэн эзэмшиж буйг 2019 онд хийсэн жендэрийн нөхцөл байдлын судалгаанаас харж болно. Үүнд дурдсанаар нийт эрэгтэйчүүдийн 60, эмэгтэйчүүдийн 33% нь орон сууцаа өөрсдөө өмчилдөг. Мөн эдийн засгийн тэргүүлэх салбар болох уул уурхай, хөдөө аж ахуйд эрэгтэйчүүд зонхилон ажилладаг. Уул уурхайн салбарт ажиллаж буй эрэгтэйчүүдийн тоо 43,100 бол эмэгтэйчүүд 9,355. Тэгэхээр орон нутагт жижиг, дунд бизнесийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж буй төрийн үйлчилгээ, хөнгөлөлттэй зээлийг юуны өмнө эдийн засгийн тэргүүлэх салбарт зориулдаг, дээрээс нь барьцаа хөрөнгө зэрэг босго өндөртэй учраас эргээд л эрчүүддээ үйлчилсэн бодлого болж, эрчүүдийн өмч хөрөнгийг улам арвижуулж, баялгийн тэгш бус хуваарилалтыг нэмэгдүүлдэг байна. Эрэгтэйчүүдээ бодлогоор дэмжээд байгаа гэсэн үг биш л дээ, санамсаргүйгээр эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ялгааг анзаарахгүй байгаагаас болоод өөрсдөө ч мэдэлгүй эмэгтэйчүүд давахад хэт өндөр босго тавьчихдаг. Ингээд эрэгтэйчүүд илүү олноороо, илүү хэмжээний хөнгөлөлттэй зээл авдаг бол өмч хөрөнгө багатай, барьцаа хөрөнгө хязгаарлагдмал эмэгтэйчүүд шалгарах нь цөөхөн, шалгарлаа ч бага дүнтэй зээл авдаг ажээ.

Энгийн жишээ дурдахад, нэг аймагт өнгөрсөн онд зохион байгуулсан малчдын чадавхыг бэхжүүлэх танилцах аялалд оролцогчдын 80% нь эрэгтэй, 20% нь л эмэгтэй байжээ. Эмэгтэйчүүд хамрагдаж чаддаггүй шалтгаан нь ахуйн ажил, хүүхэд, өндөр настай ээж, ааваа асрах, гэр бүлийн гишүүд нь явуулахгүй гэж татгалзах, хардах зэрэг бэрхшээл тулгардагтай холбоотой гэнэ. Тэгвэл эмэгтэйчүүд нь хардахгүй, итгэл үзүүлээд нөхрөө явуулдаг уу гэвэл үгүй. Багийн хэлэлцүүлгийн үеэр үл итгэлцэл газар авсан мэт байна, онцлог нь нөхөр нь хардсан бол эхнэр явахгүй, гэргий нь хардсан ч нөхөр нь явдаг дүр зураг байгаа мэт ажиглагдаж байна. Өрхийн шийдвэр гаргах үйл явц хүчний тэнцвэргүй байдалтай байсаар байгааг харж болно. Мөн амжилттай яваа эрэгтэйчүүд миний нууц бол ар гэрийн асуудлыг зохицуулж байгаа гэргий минь гэж үздэг нь бусад хүмүүсийн үнэлэгдэхгүй байгаа шалтгаан эхнэртэй холбоотой мэт ойлголт нийгэмд эргэцүүлэхэд хүргэж байна.

Хүүхэд төрүүлж хөхүүлдэг натурлаг шинж нь гэрийн ажил эмэгтэйчүүдэд л хамааралтай гэх шалтгаан болж болохгүй. Яагаад гэвэл жендэр бол биологийн биш харин нийгмийн хүйс. Тиймээс цэвэрхэн гэр оронтой айл гэхээрээ сайн эзэгтэйтэй юм гэж харах өнцгөө өөрчлөх хэрэгтэй.

Гэрийн эзэгтэй нэрийдлээр гэрийн цэвэрлэгч болгох овжин хандлагаас татгалзсанаар хэн ч хэний удаах буюу хоёр дугаар хүйстэн болохгүй. Энэ бол нийгмийн хүйсээр хамтын амьдрал дахь үнэт зүйлсийг хадгалан хэрэгжүүлэх бололцоо, бэхжүүлэх тогтолцоо. Эмэгтэйчүүд бэлэн үү эрэгтэйчүүд зөвшөөрч байна уу ... Эргэх холбоо, харилцан хамаарал. Энгийн мэт боловч ээдрээтэй дээ.

Чадан ядан өөрийгөө чамлан бичсэн дээрх утга санааг Социологич Миллс 2 өгүүлбэрээр илэрхийлсэн байна. Тэрээр: "Эгэл жирийн хүмүүс хувийн бэрхшээлүүдээ зөвхөн өөртөө л үлдээдэг ба тэгэх ч ёстой гэж бат итгэдэг. Гэтэл угтаа хувийн бэрхшээлүүд нь бүхэл социал асуудлуудтай холбогдсон байдаг” гэжээ.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn