Тамхи татдаг хүний эрхийг хамгаалъя!

Энэ нийтлэлээр тамхи татдаг хүнийг буруутгах гэсэнгүй. Гагцхүү хүний сонголтын эрх чөлөөг хүндэтгэж, ойлгуулахыг хүслээ. Тамхи татдаг хүн 500 метр алхаж зөвшөөрөгдсөн тамхины цэгт тамхи татна гэдэг нь талх авах гэж 2 буудал газрыг туулж байгаатай ижил асуудал юм. Ингэхэд тамхи татдаг зөвшөөрөгдсөн цэг хаана байна аа?
Тамхи татдаг хүний эрхийг хамгаалъя!

Жил бүрийн 5 дугаар сарын 31-ний өдрийг дэлхий нийтээр тамхины хор хөнөөлийг бусдад ухуулан, тамхи татдаггүй өдөр болгон тэмдэглэдэг билээ. Энэ өдрийг монголчууд бид тэмдэглээд багагүй хугацаа өнгөрчээ.

Тамхи хүний дотоод эрхтэн, мэдрэлийн систем эрхтэн болоод гадаад байдал (арьс, шүд, үс) зэрэгт хортойгоор нөлөөлдөг бүтээгдэхүүн юм. Монголд 2005 оны 7 дугаар сарын 1-нд анх "Тамхины хяналтын тухай хууль" хэрэгжиж эхэлсэн. Өнөөдрийг хүртэлх хугацаанд тус хуульд 5 удаа нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг.

Өчигдөр буюу 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Тусгаар тогтнолын ордны урд талын "Улаанбаатар нийтийн цэцэрлэг"-т тамхи татаж байсан 3 хүнийг цагдаа нар торгож байхтай таарлаа. Мэдээж тамхины хяналтын тухай хуулийн 2 дугаар бүлгийн 9.1.8-т зааснаар цэцэрлэг, бүх шатны сургууль, сургуулийн дотуур байр, эмнэлэг, сувилал, тэдгээрийн гаднах орчин, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн орц, шат, цахилгаан шат, хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэнд тамхи татаж болохгүй хэмээсэн байдаг учир сүртэй зүйл бодсонгүй явж байлаа.

Гэтэл эргэн тойронд тамхи татахыг хориглосон тэмдэг тун цөөн байх ба зарим нь урагдаж халцраад, хүн хараад ойлгох аргагүй болжээ. Ингээд надад тамхины хяналтын тухай хууль болон бусад тамхитай холбоотой мэдээ мэдээллийг судлах хүсэл төрсөн юм.

Хогийн сав, сандалтай газруудад хүмүүс ихэвчлэн тамхи татдаг учир доорх зургуудыг орууллаа.

"Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэн" тамхи татахыг хориглосон тэмдэггүй байгаа байдал.
"Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэн" тамхи татахыг хориглосон тэмдэггүй байгаа байдал.
"Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэн" тамхи татахыг хориглосон тэмдэггүй байгаа байдал.
"Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэн" тамхи татахыг хориглосон тэмдэггүй байгаа байдал.

Бид сайн мэддэггүй учраас анзаардаггүй маш олон хуулийн заалт байдаг. Юуны өмнө хаана, ямар газруудад тамхи татах хориотой байдаг талаар хүргэх нь зүйтэй байх.

Тамхины хууль

Тамхины хяналтын тухай хуулийн 2 дугаар бүлгийн 9 дүгээр зүйлд зааснаар 9.1.Дараах газар утаат тамхи татахыг хориглоно:

9.1.1. Бүх төрлийн нийтийн тээврийн хэрэгсэл;

9.1.2. Олон нийтийн үзвэр, үйлчилгээний газар;

9.1.3. Шатахуун түгээгүүрийн газар, шатах, тослох, тэсэрч, дэлбэрэх бодис, материалын үйлдвэр, түүний нөөцийн агуулах;

9.1.4. Зорчигч тээврийн буудал, зочид буудлын нийтийн танхим, тамхи татахыг хориглосон өрөө;

9.1.5. Нийтийн хоол, худалдаа, баар, цэнгээний газрын утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгээс бусад орчин;

9.1.6. Аж ахуйн нэгж, байгууллагын утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгээс бусад ажлын байрын дотоод орчин;

9.1.7. Агаарын хөлөг, зорчигч тээврийн галт тэрэг;

9.1.8. Цэцэрлэг, бүх шатны сургууль, сургуулийн дотуур байр, эмнэлэг, сувилал, тэдгээрийн гаднах орчин, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн орц, шат, цахилгаан шат, хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэн гэж заасан байдаг.

Болсон явдал

Энэ хуулийг үгүйсгээгүй гэдгээ эхлээд хэлэх нь зүйтэй байх. Гэхдээ зарим энгийн зүйлийг бодоод үзье. Галт тэргээр зорчиж буй зорчигч тамхи татдаг. Мэдээж хуулийн дагуу галт тэргэн дотор тамхи татах хориотой. Тиймээс зорчигч хамгийн ойрын 10-15 минут зогсох галт тэрэгний буудлыг хүлээнэ. Ингээд буудал болоход тамхи татах хүсэлтэй нийт зорчигчид бууж тамхи татна. Гэтэл тухайн газар нутгийн бүсэд байрлах галт тэрэгний буудалд болохгүй бас тамхины цэг олох хэрэгтэй болно. Харамсалтай нь тус тамхины цэг хүний нүдэнд ил харагдахаар биш бөгөөд тамхи татахыг зөвшөөрсөн ямар нэгэн тэмдэг тэмдэглэгээ байхгүй. Танд тамхины цэг энд бий гээд хэлээд өгөх хэн ч байхгүй. Ингээд та цагдаад торгуулна. Учир нь та тамхины цэгээс өөр газар тамхи татсан болж таарна.

Дээрх тохиолдол бол энэ оны 2 дугаар сарын 26-нд бодитоор өөрт минь тохиолдсон явдал юм. Тухайн үед би торгуулаад явсан. Учир нь хуулийн заалт мэдэхгүй дээр нэмээд цагдаагийн тавьж буй шаардлага зөв зүйтэй санагдсан нь тэр. Гэтэл тамхины хяналтын тухай хуулийн 1 дүгээр бүлгийн 5.2.4-д утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгт утаат тамхи татахыг зөвшөөрсөн анхааруулах тэмдэг байрлуулна хэмээн зааж өгсөн байдаг юм билээ. Мэдээж би өөрийн буруутай үйлдэлдээ шийтгэл хүлээн зөвшөөрөх ч эргээд тухайн газрын орон нутгийн иргэдийн төлөөлөгч болон бусад холбогдох албаны газар, албан тушаалтанд гомдол гаргах эрхтэй байсан байгаа юм. Үнэн хэрэгтээ бидний дунд нэгэнт хэвшсэн үзлээс үүдэн хүмүүс хаа сайгүй тамхи татдаг. Гэхдээ ойлгомжтой зураглал бүхий зөвшөөрөгдсөн цэг рүү хүмүүс зүглэх нь гарцаагүй шүү дээ.

Тамхины тухай эргэцүүлэх нь

Утаат тамхи нь эрүүл мэндэд муу бөгөөд сурталчлан дэлгэрүүлж болохгүй талаар хуульд тусгасан байдаг ч 21 нас хүрсэн Монгол Улсын иргэн хүний сонголтыг хүндлэх хэрэгтэй. Тамхи татдаг байлаа гээд муу хүн гэсэн үг биш. Агаарт хор хөнөөлтэй утаа үүсгэж байгаа боловч үүнээс үүдэн нийгмийн заналт дайсан болох ёсгүй. Тодорхойгүй, учир дутагдалтай нөхцөлөөс үүдэн торгуулах ч ёсгүй юм.

"Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэн" тамхи татахыг хориглосон тэмдэггүй байгаа байдал.
"Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэн" тамхи татахыг хориглосон тэмдэггүй байгаа байдал.

Улаанбаатар хотын төлөвлөлт муу гэдгийг бид мэднэ. Үүнээс хамаараад байшин барилга, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, тоглоомын талбай, оффис гээд нарийн төлөвлөгөөгүй нэг газраа багширсан байдалтай оршдог. Хуулийнхаа дагуу сургууль, цэцэрлэг, эмнэлгийн гадна талбайд тамхи татмааргүй байвч тус газар оффис байрлана. Тамхины хяналтын тухай хуульд зааснаар утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгийг 300м2-аас доошгүй талбай бүхий барилга байгууламжид нэгээс илүүгүй байхаар тухайн аж ахуйн нэгж, байгууллага байгуулж болохоор байдаг. Гэтэл өнөөх хуульд заасан газарт нь давхар хориглогдоод байдаг юм. Одоо яавал дээр вэ?

Цэцэрлэг, сургуулийн хажууд ажилтай болсон нь чиний хохь гээд өнгөрөх үү. Мэдээж булан тохой бараадаад, аль болох хүнд харагдахгүй байдлаар тамхи татаж л таараа. Харин тэр үед нь цагдаа очоод торгох уу. Учир шалтгаанаа хэлбэл яах вэ. “Тэр чинь ямар хамаатай юм бэ, xуульдаа ингэж заасан байгаа” л гэж хэлнэ. Яагаад нэг хуулийн хоёр заалт хоорондоо зөрчилтэй байдаг билээ. Ийм байж болох юм уу?

Тамхины хяналтын тухай хууль нь тамхи татдаггүй олон хүмүүсийн эрх ашгийг хамгаалах зөв зүйтэй сайн хууль болсон. Гэхдээ тамхи татдаг хүмүүсийн эрхийн асуудлыг ч гэсэн харгалзан үзэх хэрэгтэй билээ. Бид хэн нэгнийг тамхи татдаг, эсвэл татдаггүйгээр нь ялгаварлан үзэж болохгүй. Тамхи татах нь зөв үйлдэл биш гэдгийг би өөртөө итгэлтэйгээр хэлж чадна. Гэхдээ хувь хүний сонголтыг ч бас хүндлээсэй гэж хүссэн юм. Хуулийн зүйл заалтыг нийтэд сурталчлах, дахин засварлах, хориглосон болон зөвшөөрсөн цэгүүдийг илүү хүртээмжтэй байдлаар сурталчлах нь иргэд бие биеэ хүндлэх, ойлгоход чухал алхам болох юм. Иргэд тамхины зөвшөөрөгдсөн, хүртээмжтэй цэг дээр тамхи татахыг хүсдэг.

Эелдэг харилцаанаас эелдэг харилцаа үүсдэг.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn