Жендэрийн тэгш эрх №3: Орхидос

Хүн ямар ч зан араншинтай байж болно. Сайхан сэтгэлтэй, хүүхдэд хайртай, шударга хүнийг хойд ээж эсвэл аав гэсэн статусаас болоод харгис хэрцгий мэтээр дүгнэж болохгүй.
Жендэрийн тэгш эрх №3: Орхидос

2009 онд монголын кино урлагт өөр нэгэн өнгө төрх нэмсэн кино бол яах аргагүй “Орхидос” билээ. Тухайн үед нийгмийн томоохон асуудлыг хөндсөн уг киног хүүхэд хүчирхийллийн утга агуулгаар нь бүгд мэдэх биз. Насанд хүрээгүй хүүхдийн хүчирхийлэл төдийгүй ялгаварлан гадуурхсан байдал, хүүхдийн сурах эрхэд халдсан үйл явдал гардаг уг кино нээлтээ хийсэн даруйдаа хүмүүсийн ярианы сэдэв болж байв.

Бид кинонд тусгагдсан өөр асуудлуудыг гаргахыг зорилоо.

1. Гэрийн ажил, хүүхдээ өсгөх зэрэг нь зөвхөн эмэгтэй хүний ажил биш.

2. Хойд ээж, аав болгон харгис хэрцгий биш.

3. Эцэг эхчүүд хүүхдэдээ өөрийн үүргийг тулгах ёсгүй

1. Гэрийн ажил, хүүхдээ өсгөх зэрэг нь зөвхөн эмэгтэй хүний ажил биш

@ depositphotos

"Орхидос" кинонд эмэгтэй хүн гэрийн ажлыг хийдэг, хүүхдүүдээ өсгөдөг гэсэн агуулгатай үзэгдлүүд гардаг. Бидний амьдрал нийгмийн шилжилтийн шуурганд үнэхээр л ийм болсон нь худлаа биш. Нөхөр ажил хийдэг, сайн цалин авдаг байх нь түүнийг тодорхойлдог. Тэгвэл өнөөдөр Монгол Улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420,000 төгрөг байна. Нэг ёсондоо эрэгтэй хүний бүтэн сарын хөдөлмөр энэ хэмжээнээс эхлэн үнэлэгдэж, гэр бүлийнх нь гол орлого болдог. Харин эхнэрүүд гэрээ цэвэрлэж, хоол хийж, хүүхдээ өсгөх үүрэг ихэвчлэн гүйцэтгэнэ.

Английн либерал үзэлт сэтгэгч Ж.Стюарт Милл “Эмэгтэйчүүдийг хүүхэд төрүүлдгээр нь шалтаглан нийгмээс ад шоо үзэн дарамталж байдаг” гэж бичсэн байдаг. Үнэхээр бид ээж хүн хүүхдээ өсгөх нь илүү дээр гэж боддог. Харин хүүхдээ өсгөх энэ асуудал бол нийгмээс, ажлын байр, хамт олноос тусгаарлагдаж байгаа асуудал бөгөөд эргээд хүүхдээ өсгөдөг эмэгтэйчүүд гэрийн ажлыг нэмэлт байдлаар хийсээр байдаг. Яагаад зөвхөн эмэгтэй хүн хүүхдээ өсгөх ёстой гэж?

Өнөөдөр Монгол Улсын "Хөдөлмөрийн тухай хуулийн" 10 дугаар бүлгийн 139.1-т Гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, эцэг өөрөө хүсэлт гаргасан бол ажил олгогч түүнд хүүхэд асрах чөлөө олгох бөгөөд энэ хугацаанд тэтгэмж олгох асуудлыг холбогдох хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр зохицуулна гэж заасан байдаг.

Сайн харвал өнөөдөр хуулийн хүрээнд хүүхэд өсгөх үүрэг ганцхан ээжийнх байхаа больсон. Эмэгтэй хүн хүүхэд төрүүлдэг гэсэн биологийн онцлог нь нийгмээс тусгаарлагдах, хүүхдийн өсөлт, хүмүүжлийн үйл явцыг ганцаараа хариуцах ёстой гэсэн үг биш. Хүүхдийн хүмүүжил, өсөлтөд зөвхөн ээжийн биш бас аавын үүрэг ч гэсэн чухал.

2. Хойд ээж, аав болгон харгис хэрцгий биш

Хэдийнээс тогтсон нь тодорхойгүй боловч бидний дунд "хүүхдээ хойд эцгийн бараа харуулж болохгүй, хойд эх хэзээ ч хүүхдийг хайрлаж чадахгүй" гэсэн үнэмшил байдаг. Бидэнд хүнийг хувийн өнцгөөр дүгнэж, нийгэм дэх аль нэг статусаар нь үнэлэх тохиолдол цөөнгүй бий.

Хойд ээж эсвэл хойд аав гэдэг бол тухайн хүний нийгэмд оршин байх нэг л статус болохоос тэр хүнийг тодорхойлох хэмжүүр биш. Хүн ямар ч зан араншинтай байж болно. Сайхан сэтгэлтэй, хүүхдэд хайртай, шударга хүнийг хойд ээж эсвэл аав гэсэн статусаас болоод харгис хэрцгий мэтээр дүгнэж болохгүй шүү дээ. Ийм агуулга, дүрслэлтэй кино, магадгүй зарим бодит түүхээс болоод нийтлэг шинжийг нь тодорхойлж болохгүй. Хойд ээж, аав бол ялгаагүй л ээж, аав бас мэдээж хүн.

3. Эцэг эхчүүд хүүхдэдээ өөрийн үүргийг тулгах ёсгүй

Бид бүгд л хүүхэд ахуй насандаа тоглож наадах дуртай байдаг. Хүүхэд өөрийн сэтгэхүйн онцлогоосоо хамааран аливаа зүйлсийг танин мэдэхдээ тоглож наадах, хөгжилдөх зэргээр үйл ажиллагаа явуулдаг. Хүүхдийн танин мэдэх үйл ажиллагаа албаны, хатуу чанга, тулгасан нөхцөл байдалд ажиллах нь ховор. Бид хүүхдийг орилж тоглолоо, үймүүллээ, хурдан гүйлээ гэх мэтээр зэмлэдэг гэвч энэ бол хүүхдийн танин мэдэх үйл ажиллагааны хэрэгжилт юм. Нэг ёсондоо хүүхэд байгаль орчин, нийгэмтэйгээ танилцаж буй хэлбэр билээ. Зарим тохиолдолд бид хүүхдээ эгч болохоор эсвэл ах болохоор дүүгээ хар, хоолоо хий, хичээлээ хий, гарч тоглохгүй шүү, наад утсаа боль дүүтэйгээ тогло, дэлгүүр гар гэх мэтчилэн шаардлага тавьдаг. Бидний уламжлалт тогтсон хэвшмэл ойлголт боловч хүүхэд өөрийн хариуцлага хүлээх боломжгүй ажлыг гүйцэтгэх, томчуудын өмнөөс хариуцлага хүлээх үүрэггүй.

Бид хүүхдийг төрүүлдэг, тиймээс хариуцлага хүлээх насанд нь хүртэл бид өөрсдөө хариуцлага хүлээх ёстой. Та "Орхидос" киног үзэж байсан бол гол дүрийн охины багш ирээд хүүхдийн эрхийн тухай асуудал хөндөж ярьдаг. Гэтэл ээж нь "Бидний үед ийм л байсан. Тэглээ гээд муудсан юм алга" хэмээдэг. Хэрэв таны эргэн тойронд тийм бодолтой хүн байгаа бол та ирээдүй хойч үеийнхээ төлөө дуу хоолойгоо хүргэх хэрэгтэй. Дахин хэлэхэд хүүхэд хүсэж төрдөг биш, харин бид хүсэж төрүүлдэг юм шүү.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn