
Хүүхэд хамгааллын үндэсний тогтолцоо, оролцогч талуудын харилцааг тодорхойлж, хүүхдийг үл хайхрах байдал, дарамт, мөлжлөг, хүчирхийллийн бүх хэлбэр, эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, хариу үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон харилцааг Хүүхэд хамгааллын тухай хуулиар зохицуулдаг.
Хүүхэд хамгааллын тухай хуулийн 8 дугаар зүйлд Хэвлэл мэдээлэл, цахим орчин дахь хүүхэд хамгааллын талаар:
"Эцэг, эх, асран хамгаалагч гэр бүлийн орчинд, багш, сургуулийн ажилтан сургуулийн орчинд, хуулиар үүрэг хүлээсэн төрийн байгууллага, хуулийн этгээд бусад орчинд өөрсдийн эрх, үүргээ хэрэгжүүлэх замаар хүүхдийг түүний хөгжил, эрүүл мэнд, хүмүүжил, төлөвшилд, сөрөг нөлөө үзүүлэхүйц тоглоом ном, урлагийн бүтээл, мэдээ, мэдээлэл зар сурталчилгаа, цахим сүлжээнээс хамгаална" гэж заасан байдаг.
Өнөөгийн нийгэмд хүүхдийн цахим орчны хэрэглээ нэгэнт хяналтаас гарсан гэж хэлж болно.
Нийслэл болон хөдөө орон нутгийн ерөнхий боловсролын 10 орчим сургуулийн 6-12 дугаар ангийн сурагчидтай "Цахим орчны аюулгүй хэрэглээ" сэдвээр уулзалт, ярилцлага хийж сургалт зохион байгуулахад 14 нас хүрээгүй буюу фэйсбүүк хаяг нээж ашиглахыг зөвшөөрсөн насанд хүрээгүй сурагчид өөрийн төрсөн он сарыг буруу бүртгүүлж цахим хаяг ашигладаг тохиолдол цөөнгүй гарсан. Тухайлбал Увс аймгийн Улаангом хотын ЕБС-ийн 23 сурагч, Нийслэлийн 50 дугаар дунд сургуулийн 16 сурагч ийнхүү буруу мэдээллээр цахим хаяг нээн ашиглаж байгаа талаараа дурдаж байв.
Мөн цахим орчинд хүн худалдаалах, түүнтэй төстэй гэмт хэрэг болон бусад гэмт хэргийн хохирогч болох эрсдэл өндөр байдаг талаар ЕБС-ийн багш, нийгмийн ажилтнууд тодорхой ойлголтгүй, сурагчдадаа хүргэх мэдээлэл, мэдлэггүй байгаа байдал ажиглагдаж байсан нь энэ хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг харуулж байгаа юм.
Түүнээс гадна энэ хуулиар соёлын үйлчилгээ, бүтээгдэхүүнд тавих хяналтыг мөн баталгаажуулж өгчээ. Өнөөгийн нийгэмд хүүхдийн биед учирч болох эрсдэлээс гадна сэтгэл санаанд нөлөөлөхүйц зүй бус хандлага, хүчирхийлэл зэргээс хүүхдийг хамгаалах тогтолцоог мөн сайжруулах шаардлагатай байгаа нь анзаарагдах болсонтой иргэд, эцэг эхчүүд та бүхэн санал нийлэх биз ээ.
Хүүхдийн сурч боловсрох орчинд ажиллаж буй мэргэжилтнүүд, хүүхдийг соён гэгээрүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын соёлын бүтээгдэхүүнд хяналт тавих зэрэг нь иргэн бүрийн хуулиар хүлээсэн хүүхдээ хамгаалах үүрэг мөн юм.
Түүнээс гадна Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн цахим хуудсаар хоногт ямар төрлийн гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэл улсын хэмжээнд бүртгэгдэж байгаа талаарх танилцуулдаг мэдээллийн 3 сарын дунджид анализ хийв. Ингэхэд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл хоногт 110+ бүртгэгдэж байна. \жишээ болгож 5 дугаар сарын 30-ны өдрийн хоногийн нөхцөл байдлын танилцуулга оруулав\
Хүүхэд гэр бүлийн гишүүн тул шууд халдах объект нь хүүхэд биш ба гэр бүлийн хүчирхийллийн дам хохирогч нь үргэлж хүүхэд байдаг.
Бидний зарим нь байдаг ч гэж мэдэхгүй энэхүү Хүүхэд хамгааллын тухайн хуулийн хүүхдийг хамгаалах 9 чиглэлийн ердөө 2 нь л энэ хэмжээгээр зөрчигдөж байгааг анхаарах цаг нэгэнт ирсэн байна.
Хүүхдийн баяр бол хүүхдийг баярлуулах өдөр биш, хүүхдэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулж, дуу хоолойгоо хүргэж, тэдний эрүүл, эсэн мэнд өсөн торних, сурч боловсрох боломжийг нэмэгдүүлэх гарцыг хайх өдөр юм гэдгийг хаа хаанаа санаж, мэддэг байх нь зөв болов уу?