Г.Уранцоож: Монголд хөгжил зөвхөн төр эсвэл хувийн хэвшилд ашигтай байна

Иргэдийн оролцоотой ардчилсан нийгмийг бэхжүүлэхийн тулд иргэний нийгмийн байгууллагууд (ИНБ) энэ чиглэлд сэтгэл, зүтгэл гарган ажилладаг билээ. Тиймээс иргэний нийгмийн талбарт 20 гаруй жилийн турш өөрийн гэсэн орон зай, нөлөөллийг бий болгон ажиллаж байгаа “Хүний-Эрх Хөгжил” төвийн тэргүүн Г.Уранцоожтой ярилцлаа.
Г.Уранцоож: Монголд хөгжил зөвхөн төр эсвэл хувийн хэвшилд ашигтай байна

-Сайн байна уу. Сүүлийн үед өрнөж байгаа Холбоо, Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт иргэний нийгмийн салбарын дуу хоолойг сонсох шаардлагатай болов уу. Гэхдээ шууд энэ хуулийн төслийн талаар ярихаас өмнө одоо иргэний нийгмийн орчныг та хэрхэн үнэлж байна вэ?

-Иргэний нийгмийн байгууллагууд үр дүнтэй ажиллахад улс төр, хууль эрх зүй, эдийн засаг, нийгмийн хүрээнд дэмжлэг бүхий таатай орчин бий болсон байх шаардлагатай. Монголын хувьд ИНБ-ууд даацтай ажиллахад дээр дурдсан таатай орчин бүрэлдсэн гэж хэлэхэд хэцүү. Ялангуяа улс төрийн орчинд ИНБ, ТББ-ыг ил байдлаар хавчиж, гадуурхахгүй ч зарим тохиолдолд хааж боох оролдлого, хандлага гаргадаг гэдгийг хэлэх нь зүйтэй байх.

Хууль эрх зүйн орчинд аваад үзвэл ТББ-ууд бүртгүүлсэн байх ёстой. Гэвч хөдөө орон нутагт бүртгүүлэх боломжгүй, бүртгүүлээгүй хэр нь үр дүнтэй ажиллаж байгаа иргэдийн сайн дурын бүлгүүд бий. Тэднийг яаж дэмжих нь тодорхойгүй. Мөн эдийн засгийн хувьд ч таатай орчин байхгүй. Хуулийн этгээд гэж үзвэл ОАТ-аас чөлөөлдөг. Гэхдээ өөр нэмэлт санхүүжилт олгох зүйл байдаггүй.

-Тэгвэл манайд иргэний нийгмийн байгууллагуудын санхүүжилт, эх үүсвэр ямар байгаа вэ. Олон улсад ямар байна вэ?

-Манайд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжихээр өгсөн 10 хүртэлх сая төгрөгийг татвараас чөлөөлдөг. Бусад тохиолдолд тийм зүйл байхгүй. Олон улсад иргэний нийгмийн байгууллагууд гадаадын донор улсуудын төсөл, хөтөлбөр, дотоодын иргэд, ААНБ-уудын хандив, тусламж гээд санхүүжилтийн олон эх үүсвэртэй байх боломжтой. Төсвийнхөө дийлэнх хэсгийг иргэд, ААН-үүдийн хандиваас бүрдүүлдэг. Жишээлбэл, гаднын зарим улсад иргэд сар бүр тав, арван долларын хандивыг иргэний нийгэмдээ тогтмол хандивладаг. Бага юм шиг санагдаж байгаа ч далайд дусал нэмэр гэдэг шүү дээ. Тэгээд ч тухайн хандив нь тухайн улсын иргэний нийгмийн хөгжилд дэм болж байгаад гол ач холбогдол нь оршиж байгаа юм. Цахим платформууд хөгжиж эхэлснээс хойш хандив цуглуулах явц улам л хялбар болсон.

Мөн томоохон хувийн хэвшлийн байгууллагууд нь хүртэл санхүүжүүлдэг. Гол нь үүнийг татвараас чөлөөлдөг. Гаднын улс орнуудад ИНБ-уудын гол санхүүжилт ингэж л босдог. Харин манайд нийгмийн халамж, байгаль орчин, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг, хүүхэд хамгаалал гэх мэт чиглэлийн ТББ-ууд төсвөөс санхүүжилтээ босгоод байх шиг байгаа юм. Бусад засаглал, хүний эрх, ардчиллыг бэхжүүлэхэд чиглэж ажилладаг ТББ-ууд ихэвчлэн гаднын төсөл хөтөлбөрөөс санхүүжиж байна гэхэд буруудахгүй болов уу. Манай байгууллага л гэхэд 20 гаруй жил ажиллаж байна. Энэ хугацаанд төрөөс санхүүжилт авч байгаагүй.

-Одоо тэгвэл хуулийн төсөлдөө оръё. Хэлэлцүүлгийн үеэр иргэний нийгмийн байгууллагууд гаднын санхүүжилтээр ажиллах нь буруу гэх хандлага зарим улстөрч харуулж байсан. Тэгвэл ямар шалгуурыг давж тухайн санхүүжилтийг авдаг юм бэ. Тийм амархан олдохгүй биз дээ?

-Тийм. Бид маш их шалгуур давж олон улсын төсөл, хөтөлбөрөөс санхүүжилт авдаг. Байгууллагын дүрэм журам нь ямар юм, яаж хэрэгжүүлдэг, байгууллагын стратеги бодлого, түүнийг хэрхэн хэрэгжүүлдэг, эргээд тайлагнадаг эсэх, санхүүгийн тайлан, тайландаа аудитын шалгалт оруулсан уу гэх мэт маш олон зүйлээ тодорхой баталж байж бичсэн төсөлдөө санхүүжилт авдаг.

“Хүний-Эрх Хөгжил” төвийн тэргүүн Г.Уранцоож
“Хүний-Эрх Хөгжил” төвийн тэргүүн Г.Уранцоож

-Хуулийн төсөлд төрийн бус байгууллагууд хууль батлагдсанаас хойш дахин бүртгүүлэх талаар тусгасан. Хөлөө олоогүй, санхүүгийн чадавх тааруу ТББ-уудад хүндээр тусах болов уу?

-Дахиж бүртгүүлнэ гэдэг дахиад л хүн хүч, цаг хугацаа алдана гэсэн үг шүү дээ. Бүртгэл цахим болж байгаа гэж хэлж байгаа ч хэчнээн нь ашиглаж чадах вэ гэдэг өөр асуудал. Үнэнийг хэлэхэд ТББ-ууд хаана байгаагаас шалтгаалаад ажилчдын чадавх, ажиллаж байгаа орчин нөхцөл өөр өөр байгаа. Нийтлэг ажиглагддаг зүйл нь орон нутагт өөрсдийн санаачилгаар ТББ гэж бүртгүүлээгүй иргэдийн санаачилгын бүлгүүд төрийн бодлогын дэмжлэггүйгээр л ажиллаж байгаа юм.

Сайн санааны үүднээс юм хийж чадвал хийнэ, чадахгүй бол санаанаас хэтрэхгүй сууж байгаа тохиолдол олон. Гэтэл монголын ардчилал орон нутаг, хороо, баг, сум, аймагт байх ёстой. Тэгж байж төрийн үйлчилгээ номоороо явна. Нийтийн баялгийг шамшигдуулахгүй зарцуулж байгааг хянадаг нь иргэний нийгэм шүү дээ. Өнөөдөр манайд ийм газар авсан авлига, хариуцлага байхгүй байгаа нь хариуцлага нэхдэг иргэний нийгмийн бүтэн сектор байхгүйтэй холбоотой гэж бодож байна.

-Хуулийн төслийн хүрээнд Ерөнхий сайдын дэргэд Иргэний Нийгмийн Хөгжлийг Дэмжих Зөвлөл (ИНХДЗ) байгуулахаар тусгасан. Энэ талаар юу гэж бодож байна вэ?

-Улс төрийн хүсэл эрмэлзэл байгаад, зөвлөл нь хараат бусаар ажиллаж чадвал хэрэгтэй. Үүнийг байгуулах санаачилга төрөөс л гарч хийнэ. Тэрнээс биш ИНБ-ууд ийм санаачилга гаргаад хийж чадахгүй шүү дээ. Яг үнэндээ иргэний нийгэм гэдэг салбарыг хөгжүүлнэ гэдэг чинь бодлого. Бодлогыг хэрэгжүүлэх бүтцийг төр засгаас, УИХ-аас шийдвэр гарч байж хэрэгжинэ. Тэрнээс иргэний нийгмийн байгууллагууд тийм зүйлээс илүү өдөр тутмынхаа санхүүжилтийг олоод, тодорхой асуудалд төвлөрч ажиллахаас хэтрэхгүй шүү дээ.

Дээрээс нь энэ хуулийн төслийг үзэл баримтлалын хувьд үзвэл иргэний нийгмийг бүхэлд нь дэмжих эсэхэд учир дутагдалтай. Жишээлбэл, орон нутагт байгаа иргэний нийгэм, ТББ-ууд бүртгэлгүй хэдий ч үнэхээр хэрэгтэй зүйлс хийдэг. Малчдын бүлэг байгуулж бэлчээрийн менежмент хийх, байгалийн нөөцийг иргэдийн санаачилгаар хамгаалах гэх мэт. Иргэдийн бүлгүүд энэ зөвлөлд хавьтах ч үгүй явж байгаа. Тиймээс үнэхээр иргэний нийгмийг дэмжих гэж байгаа бол тэр хэсэг бүлгүүдийг ч хамруулах ёстой гэж харагдаад байгаа юм.

-Иргэний Нийгмийн Хөгжлийг Дэмжих Зөвлөлөөс ИНБ-уудад санхүүжилт олгох талаар мөн тусгасан байсан. Хэрвээ санхүүжилт нэг дор төвлөрвөл эрсдэлтэй юу?

-Төр Иргэний Нийгмийн Хөгжлийг Дэмжих Сантай болчихвол гаднын болон дотоодын тусламж, дэмжлэгүүдийг тэр сандаа л төвлөрүүлээд байх эрсдэлтэй. Гэхдээ гаднын донор улс орнууд, төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаа хүмүүс бас сохор биш шүү дээ. Тиймээс арай ч тийм зүйл болохгүй байх. Гагцхүү хараат бусаар ажиллаж чадаж байна уу, тэнд ашиг сонирхол орсон зүйлийг л дэмжээд байна уу гэдгийг харж, ялгаж салгах л хэрэгтэй болно. Нөгөө талдаа төрөөс гарч байгаа бүх санхүүжилтийг ил тод тайлагнана.

Төрөөс зарим ТББ-уудад маш их хэмжээний санхүүжилт очдог. АТГ-аас хянах оролдлого хийгээд, үнэлгээ хийсэн боловч тэрнийхээ дүгнэлт, зөвлөмжийг ил болгож чадахгүй байгаа. Тэгэхээр төсвөөс гарч байгаа санхүүжилтийг хэдхэн нөхөд халаасны ТББ-ууд руугаа өгөөд байна уу, хэрхэн өгөөд байна вэ гэдгийг бид нар мэдэх боломжгүй явж байгаа гэсэн үг.

-Тэгвэл бор зүрхээрээ санхүүжилтээ бүрдүүлээд, нийгмийн сайн сайхны төлөө ажиллаж байгаа ТББ-ууд халаасны гэх ТББ-уудаас яаж ялгарах вэ. Иргэдэд ялгаж, салгахад хүндрэлтэй байх?

-Уг нь бүх иргэний нийгмийн байгууллагууд өөрсдийн гэсэн бүртгэлтэй. Түүнийг нь нэгдсэн нэг сайтад байршуулчихдаг. Түүндээ байгууллагууд тайлангаа оруулдаг. Гол нь тэрийг нэг дороос үзэх боломжтой болчихвол аль нь ямар байгууллага вэ гэдэг нь тодорхой болно. Жишээлбэл, байгаль орчны чиглэл, хүний эрх, ардчиллын чиглэлээр ямар, ямар ТББ байна гэдгийг нэгтгэсэн болон дан байдлаар харж болдог баймаар байна.

Бүх ТББ-ын нэгдсэн мэдээлэлтэй, санхүүжилтээ хаанаас авсан, ямар ажилд яаж зарцуулсан гэдгийг нэг доороос харж болдог, лавшруулах шаардлага гарвал тухайн байгууллагатай нь холбогдоод асуух боломжтой байх хэрэгтэй. Наад зах нь хандив өгөх гэж байгаа иргэн бүгдийнх нь мэдээллийг хараад алинд нь хандив өгөхөө шийддэг байвал болох нь тэр.

-Иргэний нийгмийн байгууллагууд төрөөс хараат бус ажиллах нөхцөлийг яаж бүрдүүлэх хэрэгтэй вэ?

-Ер нь ИНБ-ууд тогтвортой үйл ажиллагаа явуулах санхүүжилтээ 100% төрөөс авч болохгүй гэж ярьдаг юм. Тэр бүү хэл санхүүжилтийн 30-аас доошгүй хувийг төрөөс авах хэрэгтэй гэж зарим газар үздэг. Хэрвээ 100% төрөөс санхүүжээд аваад заншчихвал төрөөс ургасан салаа мөчир шиг л болно. Тиймээс бодлоготой байх ёстой.

-Танай байгууллага 20 гаруй жил ажиллахдаа төрөөс огт санхүүжилт авч байгаагүй гэсэн. Төрөөс хараат бусаар хэрхэн ажиллаж, ямар үнэ цэнийг бүтээсэн бэ?

-Манайх 1998 онд байгуулагдсан. Анх хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийг хамгаалах, өмгөөллийн тусламж үйлчилгээ үзүүлэх чиглэлээр ажиллаж эхэлсэн юм. Өнөөдрийг хүртэл хугацаанд хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон 100 орчим хүнд өмгөөллийн үйлчилгээ авахад тусалсан байна.

Үүний дараа нөлөөллийн ажил буюу бодлого, хууль тогтоомжид нөлөөлөх ёстой юм байна гэж үзсэн. Учир нь ихэнх асуудалд нэг бол хууль өөрөө шаардлага хангахгүй байх, хуульд асуудал байхгүй ч хэрэгжүүлж байгаа механизм нь ажиллахгүй байгааг олж харсан. Үүнээс улбаалаад хуулиа сайжруулъя, бодлоготой болгоё, хэрэгжүүлдэг эрх зүйн зохицуулалттай болгоё, чадавхыг сайжруулах ёстой юм байна гэж үзсэн. Тэгээд хүний эрхийн нөлөөллийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Дараа нь илүү тогтолцооны хувьд аваад үзэхээр нийгэмд маш их ядуурал бий болсон нь хүний эрхийн зөрчил үүсэх шалтгаан болсон байсан. Нөгөө талаас хүний эрхийн зөрчил байгаа учраас ядуурал байгаад байна гэж үзсэн юм. Нэгдүгээрт шалтгаан, хоёрдугаарт үр дагавар. Ингээд хараад үзэхээр ядуурал бол хөгжлийн асуудал. Тиймээс хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн.

Манай үйл ажиллагааны эхний чиглэл нь дээр хэлсэнчлэн хохирогчдод тусламж үзүүлэх бол хоёр дахь чиглэл нь нөлөөллийн үйл ажиллагаа. Ялангуяа байгаль орчны чиглэлээр хууль эрх зүйн орчныг сайжруулахад иргэдийн оролцоог бий болгох шаардлагатай байдаг. Тиймээс хамт олонд суурилсан хөгжлийн хөтөлбөр буюу иргэд өөрсдөө олноороо бүлэг болж, эрх ашгийнхаа төлөө нэгдэх, оролцоход нөлөөлж эхэлсэн. Ийм гурван хөтөлбөрийг тогтмол явуулж ирсэн.

Ер нь иргэн өөрөө оролцоотой байх, оролцоогоо хангах ёстой. Өөрийнхөө эрх ашгийг хамгаалж асуудлаа гаргаж хэлэх, шийдвэр гаргахад оролцох хэрэгтэй. Хэрвээ тэр эрхүүд зөрчигдсөн тохиолдолд манай байгууллагын хувьд шударга ёсыг шаардаж, асуудлыг шийдвэрлүүлэхэд иргэдэд дэмжлэг үзүүлэхэд анхаарч ажилладаг. Байгаль орчны асуудлаар гэхэд 20 гаруй хэрэг дээр олон нийтийн эрх ашгийн өмгөөлөл хийсэн байна.

-Холбоо, сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлтэй холбоотой нэмж хэлэх зүйл байна уу?

-Бидний зүгээс төр яг яах гэж байгаагаа, бодлогоо тодорхой болгох хэрэгтэй гэж үзэж байна. Нэгэнт ардчилсан улс болно гээд үндсэн хуульдаа тунхаглачихсан. Ардчилсан гэдэг чинь иргэд засаглана л гэсэн үг. Яаж засаглуулах вэ гэвэл тэдний оролцоог хангах ёстой. Тийм зүйлийг хийе гэж байгаа ямар ч улс төрийн нам, засгийн газрын мөрийн хөтөлбөр бол иргэний нийгмийг бэхжүүлэх л ёстой юм.

Иргэний нийгэм өнөөдөр ямар хэмжээнд байна вэ гэдгийг маш сайн үнэлэх ёстой. Өнөөдрийн байдлаар энэ хуулийн хүрээнд хийсэн зүйлс одоо байгаа ТББ-ууд ямар байна вэ гэдэг чиглэлээр л үнэлсэн болохоос биш тэрнээс гадна өөр өөр хэлбэрээр ажиллаж байгаа иргэдийн нэгдэл, бүлгийг яах вэ, яаж хөгжүүлэх вэ гэдэг асуудлыг тусгаагүй. Орон нутагт байгаа иргэдийн бүлгүүд л өөрсдөө ардчиллаа бий болгоод, орон нутагтаа хөгжлөө бий болгоно. Тэрнээс биш төр засаг хувийн хэвшил хоёр нийлээд хөгжлийг бий болгохгүй. Бүх нийтээрээ оролцож байж л бүгдэд үр шимээ өгөх хөгжил бий болно.

Одоо бол зөвхөн төр эсвэл хувийн хэвшилд ашигтай хөгжил монголд яваад байна. Иргэний нийгмийг хөгжүүлэх бодлогоо бий болгосон цагт орон нутгийн иргэдийн нэгдэл, ТББ-уудыг хэрхэн дэмжих вэ гэдэг нь тодроод гарч ирнэ. Зөвхөн Холбоо, сангийн хуулийн төслийн дагуу ИНХДС-аас санхүүждэг ТББ-уудтай болбол ардчиллыг бий болгоход нэмэр болохгүй. Үүнийг ойлгох ёстой. Үнэхээр ардчиллыг бэхжүүлмээр байгаа бол төрийг хянадаг тогтолцоог л бий болгох хэрэгтэй. Тэрнээс биш тэдний мөнгөөр заасан чиглэлийн юмыг нь хийгээд явдаг ТББ-ууд биш. Үүнийг л сайн ялгаж ойлгож байж хууль гаргах хэрэгтэй.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn