Хүчирхийллийн хохирогчдоо нийгэм дахин "хүчирхийлсээр" байх уу?

Бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн хохирогчдын дийлэнх хувийг 8-17 насны хүүхэд эзэлж байна.
Хүчирхийллийн хохирогчдоо нийгэм дахин "хүчирхийлсээр" байх уу?
@ Unsplash

Мянган хүчирхийлэл дундах нэг түүх

Насанд хүрээгүй байхдаа буюу 14 настайдаа бэлгийн хүчирхийлэлд өртөж, улмаар жирэмсэн болсон нэгэн охины түүхийг Цахиур.мн сайт сурвалжлан хүргэсэн юм.

Хохирогч охины нагац ах өөрийн найзад охин дүүгийнхээ гэрийг зааж өгснөөр тухайн этгээд ирж хонохдоо охиныг хүчирхийлжээ. Өөрийгөө хамгаалах чадваргүй бага насны охиныг хүчирхийлээд, хэн нэгэнд хэлбэл ээжийг чинь насанд хүрээгүй хүүхдээ хараа хяналтгүй орхисон хэргээр шоронд явуулна гэж сүрдүүлсэн байна.

Болсон явдлыг хэлэхээс айсан наймдугаар ангийн жаахан охин ээждээ ч хэлж зүрхлэлгүй зургаан сар хүржээ. Бие нь өөрчлөгдөж байгааг анзаарсан ээж нь гадарлаж, охин ч болсон явдлыг ээждээ хэлсэн байна. Тухайн хэрэг болсны дараа хэргийг үйлдсэн этгээд “Би эхнэр хоёр хүүхэдтэй хүн, хэрэв наад хүүхэд чинь хүү байвал би авна охин байвал миний хүүхэд биш” гэж хэлжээ.

Хэргийг үйлдсэн этгээд Босоо Хөх Монгол ТББ-д гишүүнчлэлтэй байдаг. Танил тал олон, асуудлаас гарч чадна гэж гэм буруутай үйлдэлдээ гэмшсэн шинжгүй байгаа нь бухимдал төрүүлмээр.

Удалгүй түүний эгч гэх эмэгтэй охиныг эмчид үзүүлж, ЭХО-д харуулсан байна. Гурван сарын хугацаа өнгөрсөн учир, авхуулах боломжгүй гэж эмч хэлжээ. Хохирогч охин хэвлий дэх үрийнхээ зүрхний цохилтыг сонсоод авхуулах хүсэл огт төрөлгүй, хүүхдээ төрүүлэхээр шийдсэн байна.

Одоо 15 настай тэрээр хүүхдийнхээ живхний мөнгийг яаж олох вэ гэж бодож, шаналж суухад, үеийнх нь хүүхдүүд хичээлдээ явна, хөгжиж дэвшинэ.

Охин ээждээ хожимдож мэдэгдсэн тул жирэмсний хяналтдаа ч орой орсон юм. Эмнэлэгт байхад зарим эмч ялгавартай хандаж, жаахан хүүхэд байж яаж яваад жирэмсэн болчихдог байна аа гэх хатуу үгсийг шидэж байлаа.

Энэ бүх хэцүү зүйлийг туулж гараад, хэд хэдэн оёдол тавиулж хүүхдээ төрүүлэв. Сэтгэл зүйн болон бие махбодын ямар их шаналал, өвдөлт мэдрээ бол. Охин эргэн тойрноос ирж буй дарамт, доромжлолыг яаж давж гараа бол?

Өнөөдөр Монгол Улсад ийм байдалтай амьдарч буй хэчнээн охид байхыг хэлж мэдэхгүй. Хэлье гэсэн ч хэн нэгний хэл амнаас санаа зовоод, хэлэх аргаа ч олохгүй, хэнд хандахаа ч мэдэхгүй айж, түгшин яваа хэр олон хүүхэд байгаа бол?

Бага насны охидыг жаахан хүүхэд байж жирэмсэн боллоо, замбараагүй гэх зэргээр доромжилж, өнгөц дүгнэхийн оронд хүчирхийллийн хохирогч болсон байх вий гэдгийг нийгмийн хүрээнд бодолцож үзэх шаардлагатай байна.

Бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг ба нийгмийн хандлага

Энэ мэт хэрэг манай нийгэмд олон гардаг. Нэг жишээ дурдахад, одоогоос таван жилийн өмнө буюу 2017 онд Увс аймагт амьдардаг нэгэн охин хүчирхийлүүлж, жирэмсэн болж хүүхдээ төрүүлсэн. Охины биеийн байдал хүүхдээ төрүүлэх хүртэл хэвийн байв. Гэтэл амаржсаны дараа охины сэтгэцэд өөрчлөлт орж, заримдаа өөрийгөө хянах чадваргүй байдалд ордог болсон. Аав ээж нь хөдөө амьдардаг хүмүүс учир яаж ч чадахгүй явсаар аргаа барахдаа СЭМҮТ-д эмчлүүлэхээр явуулсан байдаг.

Unsplash

Хүчирхийлд өртсөн хүүхэд сэтгэл зүйн болоод сэтгэцийн хувьд өөрчлөлтөд орж, хямрах, гутрах, хяналтаа алдах тохиолдол бий.

Хүний амьдралыг үгүй хийж, хүүхдийн хүсэл мөрөөдлийн цогийг унтраасан хүмүүст өгөх ёстой ял, шийтгэлийг нь өгч чадахгүй, хохирогчид эргэн тойрноосоо эмээгээд хэлж зүрхлэхгүй дарагдсан өөр олон хэрэг байгаа.

Эрүүгийн хуулийн 12.1-д "Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заасан байдаг.

Энэ гэмт хэргийг:

2.1. Арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэж;

/Энэ заалтад 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2.2. Бүлэглэж;

2.3. Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндэж;

2.4. Хохирогчийг жирэмсэн болгож;

2.5. Хохирогчид бэлгийн замын халдварт өвчин халдааж;

2.6. Хоёр, түүнээс олон хүнийг хүчиндэж;

2.7. Урьд нь энэ бүлэгт заасан гэмт хэргийг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан хүн;

2.8. Харгис хэрцгий аргаар;

2.10. Хохирогчийг тохуурхан доромжилж үйлдсэн бол 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3. Энэ гэмт хэргийн улмаас ураг зулбасан, эсхүл 16 насанд хүрээгүй хүнийг жирэмсэн болгосон; гэр бүлийн хамаарал бүхий 16 насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн бол 8-15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Дээр дурдсан хэргийн жишээг аваад үзэхэд насанд хүрээгүй, 14 настай охины хүсэл зоригийн эсрэг, хүч хэрэглэн, улмаар хохирогчийг жирэмсэн болгосон учир эрүүгийн хуулиар 8-15 жилийн ял оногдуулах ёстой аж.

Хохирогч охин тухайн этгээдийн өөр ийм хүүхдүүд байдаг гэж яриандаа дурдсан. Хэрэв өмнө нь ийм бүлэгт заасан гэмт хэрэг үйлдсэн бол ял хүндрэх магадлалтай юм. Гэвч өмнө нь ийм гэмт хэрэг үйлдээд гэм буруутайд тооцогдож байгаагүй бол ялын хэмжээ нэмэгдэхгүй байх боломжтой.

Үндэсний Статистикийн Хорооноос гаргасан үзүүлэлтээс харахад 2021 онд 458 хүн бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн хохирогч болжээ. Үүнээс 441 нь буюу нийт хохирогчдын 96.2%-ийг эмэгтэй хохирогч эзэлж байна.
ҮСХ

Доорх хүснэгтээс хохирогчдын тоо болон насны бүлгийн ангиллыг харна уу.

Хохирогч гэж Монгол Улсын “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай” хуульд заасны дагуу гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг ойлгоно.

Нэг талаас хохирогч гэмт этгээдийг мэдээлдэг болгохын тулд олон нийтээс хандах хандлагаа өөрчлөх нь ихээхэн чухал юм. Учир нь хохирогч болсон явдалд шаналж, зовж, бусдаас эмээж, яах учраа олохгүй байдалтай байхад олон нийтээс ирэх хандлага хохирогчийг өөрт нь тохиолдсон хэргийг нуухад хүргэдэг.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд 2019 оны байдлаар нийт 582 хохирогчид шинжилгээ явуулахад 46 хохирогчоос л эр бэлгийн эс илэрч, бусад 578 хохирогчоос эр бэлгийн эс илрээгүй юм. Үүнээс үзэхэд гэмт хэрэг үйлдэгдсэн даруйд шинжилгээнд хамрагдалгүй, хэрэг нуугдмал байдалд үргэлжлэх тохиолдол их гардгийг харуулж байна.

Тиймээс хүчирхийлэлд өртсөн нь хохирогчийн хувьд нуух, буруутай зүйл биш бөгөөд итгэлт хүндээ цаг алдалгүй хэлэх нь зөв гэдгийг аль аль талдаа ойлгох хэрэгтэй. Ийнхүү мэдээлж байж гэм буруутай этгээдэд ялыг нь оногдуулж, дахин ийм явдал гарахаас сэргийлж чадах юм.

Unsplash

Нөгөө талаас гэм буруутай этгээдийг олж тогтоолоо гэхэд эрүүгийн хуулийн дагуу, шударгаар шийтгэж, ял оногдуулах асуудлыг хөндөх шаардлагатай байна. Гэвч өнөөдөр хийсэн хэргээсээ үүдэн авч буй ял авах ёстой хэмжээний хоёрны нэг эсвэл гуравны нэгтэй тэнцэх хэмжээнд байгаа нь ажиглагддаг.

Монгол Улсад 2012-2016 онд үйлдэгдсэн “18 насанд хүрээгүй хүнийг хүчиндэх гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг судалсан суурь судалгаа” тайланд дурдсанаар:

-Судалгаанд бага насны хүүхэд /7-11нас/ хүчирхийлсэн эрүүгийн 20 хэргийн материалтай танилцахад гэмт хэрэгтний бие, сэтгэл зүйн онцлогийг бүрэн гаргаж, нарийвчлан тодорхойлоогүйн зэрэгцээ гэмт хэрэг үйлдэгчийн бэлгийн амьдралын хэв маяг, хувь хүний үзэл бодол, чиг хандлагын талаар мэдээлэл харьцангуй бага тусгагдсан байлаа.

Энэ талаар УЕПГ-ын Сургалт, судалгааны төвийн гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судлах хүрээлэнгээс хийсэн судалгаанд 250 эрүүгийн хэргийг авч үзжээ. Судалгаанд хүчингийн гэмт хэрэг үйлдсэн хүний амьдралын түүхийг тодруулахдаа гэр бүлийн гишүүдээс нь түүний зан төлөвийн талаар тодруулсан бөгөөд тухайн хүний бэлгийн амьдрал, чиг хандлага, нийгэмд дасан зохицох чадвар, сэтгэл зүйн онцлогийг тодорхойлоогүй байгаа нь мөрдөн шалгах ажиллагаанд тогтсон стандарт байхгүйг харуулж байна.

Хавтаст хэргийн судалгаагаар гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн 45% эцэг, эх нь салсан, 35% нь согтуудаа уг гэмт хэргийг үйлдсэн байна.

Гэмт хэрэг үйлдэгсдийн 68.7% нь үг дуу цөөн, бүрэг зантай, 25% нь эрхэлсэн ажилгүй, 37.5% нь ажил эрхэлдэг, 25% нь сурдаг, 12.5% тодорхой бичээгүй, 25% нь урьд ял шийтгэл эдэлж байжээ.

Олон улсын судалгааны Equality now байгууллагын үүсгэн байгуулагч Таина Биен-Айм “Том зургаар харвал эмэгтэйчүүд өөрийгөө аюулгүй байдалд байгаа гэж бүрэн төгс бодох нэг ч улс орон алга, нэг бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн цаана 10 хохирогч нуугдаж байдаг” гэж үзсэн байдаг.

Тиймээс гэм буруутай этгээдийг мөрдөн шалгах явцдаа хохирогч болсон хэдэн хүн байж болох вэ гэдгийг тандан судалдаг байх нь чухал.

Үүнээс гадна энэ мэт эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг нээн илрүүлэх зорилго бүхий хууль манайд бий.

Монгол Улсад хүүхэд хамгааллын болон Хүүхдийн эрхийн тухай хуулиуд батлагдсанаар хүүхэд хамгааллын үндэсний тогтолцоо бий болж, тэдний эрхийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн байгууллага, оролцогч талуудын харилцааг тодорхойлон, хүүхдийг үл хайхрах байдал, дарамт, мөлжлөг, хүчирхийллийн бүх хэлбэр, эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, хариу үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулсан.

Хүүхэд хамгааллын тухай хуулиар “хүүхдийн эрхийн хууль зүйн хороо”, “хамтарсан баг” хүүхдэд үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн байгууллагын төлөөлөл хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг үзүүлж, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэх, нөхцөл байдлын үнэлгээ хийх, аюулгүй байдлыг хангах, дэмжих, холбон зуучлах, нийгмийн харилцаанд дасган зохицуулах, гэр бүлд нь эргэн нэгтгэх үйлчилгээг үзүүлэх талаар тодорхойлсон байна.

“Хүүхдийн тусламжийн” 108 дугаар:

-Сард дунджаар 10-15 мянга гаруй дуудлага хүлээн авч, хүүхэд, өсвөр үеийнхэнд зөвлөгөө, мэдээлэл өгөн, хүүхэд хамгааллын тусламж үйлчилгээг үзүүлсэн.

2018 оны байдлаар тус төвд бэлгийн хүчирхийлэлд өртсөний улмаас тусламж үйлчилгээ авахаар хандсан охидын 112 нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн тухайгаа хэлж, тусламж, зөвлөгөө авснаас 51.7% нь нийслэлд, 48.2% нь орон нутагт амьдардаг байна.

Хүчирхийлэл үйлдсэн хүнийг 2018 оны байдлаар харвал:

Хүчирхийлэл үйлдсэн газрыг 2018 оны байдлаар харвал:

Хүүхдэд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг ихэвчлэн гэр, орон сууцанд үйлдэгдсэн байх тул:

  • Хорооны анхан шатны нэгжид ажиллаж байгаа ажилтнуудын үүрэг оролцоог дээшлүүлэх

  • Тухайн баг, хороонд амьдардаг эрхэлсэн ажилгүй, архины хамааралтай, хүүхдэд тавих халамж, анхаарал султай айл өрхийн судалгааг гаргах

  • Эрсдэлтэй гэх гэр бүлийг хэсгийн байцаагчийн хяналтад авах

  • Бэлгийн болон гэр бүлийн хүчирхийлэлд өртөж болзошгүй хүүхдүүдийг тандалтын аргаар судлан, шаардлагатай бол мэргэжлийн сэтгэлзүйчээр хүүхэдтэй ярилцлага хийлгэж, эрсдэл байгаа эсэхийг тогтоох нь чухал.

Түүнчлэн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдыг бэлгийн гаж зан үйл, эмгэг үүсэхээс сэргийлсэн сэтгэцийн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах, бэлгийн халдлагад өртсөн хохирогчийг эрт үед нь илрүүлэх, гэмт этгээдийн үйлдлийг таслан зогсоох, хохирогчид сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээг цаг алдалгүй өгөх ажлыг зохион байгуулах хэрэгтэй.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn