Дэлхий даяар олон эмэгтэйчүүд эм бэлэг эрхтнийг зэрэмдэглэх зан үйлийн улмаас эрүүл мэндийн эрсдэлд орж байна

Африкийн холбоо 2003 онд Мапутогийн протоколдоо эм бэлэг эрхтнийг зэрэмдэглэх зан үйл (FGM-Female genital mutilation) нь эмэгтэйчүүдийн эрхийг хөндөж буй хортой үйлдэл гэж буруушаасан. Гэвч ийм төрлийн ажилбарууд зогссонгүй, одоог хүртэл байсаар байна.
UNISEF
UNISEF

Эм бэлэг эрхтнийг зэрэмдэглэх зан үйлийн (FGM-Female genital mutilation) гэдэг нь эмнэлгийн бус шалтгаанаар эмэгтэй хүний гадна бэлэг эрхтнийг авах эсвэл эмэгтэй бэлэг эрхтнийг гэмтээх ажилбар юм. Үүнд хэлүүг тайрах, хэлүүг бэлгийн их бага уруултай хамт тайрах, үтрээний үүдэвч хэсгийг нарийсгах, битүүлж оёх, эм бэлэг эрхтний аль нэг хэсгийг цоолох, ээмэг шигтгээ зүүх зэрэг ажилбарууд хамаардаг.

Африкийн зарим улс орнуудад энэхүү ажилбарыг бэлгийн эрүүл ахуйг сайжруулдаг гэсэн итгэл үнэмшлийн дагуу хийдэг байна. Түүнчлэн судалгаанаас үзэхэд энэхүү ажилбарыг хийлгэх нийтлэг шалтгаануудад нийгэмдээ хүлээн зөвшөөрөгдөх, шашин шүтлэг, эрүүл ахуй, онгон байдлаа хадгалах, гэрлэх боломжтой болох, эрэгтэйчүүдийн бэлгийн таашаал ханамжийг нэмэгдүүлэх явдал зэрэг нь хамаардаг байна.

Гэвч FGM-ийг олон улсын хүний эрхийн болон эрүүл мэндийн байгууллагууд эмэгтэйчүүд, охидын эсрэг хүний эрхийг зөрчиж буй хүчирхийллийн маш ноцтой нэг хэлбэр гэж үздэг. Африкийн холбоо 2003 онд Мапутогийн протоколдоо FGM нь эмэгтэйчүүдийн эрхийг хөндөж буй хортой үйлдэл гэж буруушаасан. Гэвч ийм төрлийн ажилбарууд зогссонгүй, одоог хүртэл байсаар байна.

21 настай Масерай Сэй хэмээх залуухан бүсгүй Сьерра-Леонд ийм мэс засал хийлгэсний маргааш нь цус алдаж нас барсан нь асуудлыг дахин олны анхаарлын төвд оруулаад байна.

Сүүлийн 30 жилийн хугацаанд FGM тодорхой хэмжээгээр буурсан ч бүх улс орон адилхан ахиц дэвшил гаргаж чадаагүй байна. ЮНИСЕФ-ийн тайлангаас үзэхэд Египетэд амьдардаг 15-19 насны охидын дунд 1985 онд 97% байсан бол 2015 онд 70% болж буурсан байна. Үүнтэй төстэй хандлага хөрш орнуудад нь ч ажиглагдаж байна.

Африкийн Сьерра-Леон улс нь FGM хийлгэдэг эмэгтэйчүүдийн тоогоор тэргүүлж байгаа бөгөөд охид, эмэгтэйчүүдийн 83% нь энэ ажилбарыг хийлгэсэн байдаг байна.

Энэ нь зөвхөн Африкийг орнууд төдийгүй дэлхийн бусад орнуудад ч байсаар байна. Жишээ нь Индонез улсад маш түгээмэл хийгддэг мэс ажилбар ажээ. Түүнчлэн Нидерландад 41,000 орчим охид, эмэгтэйчүүдийн бэлэг эрхтнээ ийм маягаар зэрэмдэглүүлсэн гэсэн тооцоо байдаг. CDC-ийн мэдээлснээр, АНУ-д хүртэл хагас сая охид, эмэгтэйчүүд FGM мэс засал хийлгэсэн байна.

Дэлхий даяар хийгдсэн судалгаанаас үзэхэд 30 гаруй улс оронд 200 сая орчим эмэгтэйчүүд FGM мэс засал хийлгэсэн бөгөөд үүний 44 сая нь 15-аас доош насныхан гэсэн тооцоо байна.

Энэ тоо цаашид буурахгүйгээр барахгүй эмнэлгийн бус орчинд ийм ажилбар хийх тоо нэмэгдвэл богино хугацаандаа цус алдах, шарх бохирдох зэргээс гадна урт хугацаандаа шээх үед өвдөх, шээсний замын халдвар, сарын тэмдэг ирэхэд хүндрэлтэй болох, хүүхэд төрүүлэх боломжгүй болох, бэлгийн харьцааны асуудал, нярайн нас баралт, сэтгэл гутрал, айдас түгшүүр, гэмтлийн дараах стрессийн эмгэг (PTSD) зэрэг ирээдүйд асар их эрсдэлийг дагуулах магадлалтай юм.

“Equality Now” олон улсын хүний ​​эрхийн байгууллага нь дэлхий даяар эмэгтэйчүүд, охидын эрхийг хамгаалах, дэмжих хууль тогтоомжийг өөрчлөхөд анхаарлаа хандуулж, FGM-ийг гэмт хэрэг гэж үзэхийг, ялангуяа Сьерра-Леон улсын засгийн газраас энэ чиглэлээр иж бүрэн хууль баталж, хэрэгжүүлэхийг уриалсан байна.

“Equality Now” байгууллагын тэргүүн Асенат Мвитигагийн мэдэгдсэнээр одоогоор дэлхийн хэмжээнд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах 130 байгууллага тэдний уриалгыг дэмжиж гарын үсэг зурсан байна.

Тэрээр 2022 оны 2 дугаар сарын 10-нд болсон уулзалтын үеэр “Бид цаашид энэ залуу эмэгтэйчүүдийг эмгэнэлт үхэлд буруутай бүх этгээдийг цагдаагийн байгууллагаас иж бүрэн, шуурхай мөрдөн шалгах ажиллагааг зохион байгуулахыг шаардаж байна” гэжээ.

Эх сурвалж: Equality Now, WHO, CDC

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn