Хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт: Хүүхдийн эрхийн тухай конвенц

Энэхүү баримт бичигт хүүхдийг хамгаалах, өв тэгш хөгжүүлэхэд ард түмэн бүрийн уламжлал, соёлын үнэт зүйлсэд тулгуурлан, улс бүрд, ялангуяа хөгжиж байгаа орнуудад хүүхдийн амьдралын нөхцөлийг сайжруулахад олон улсын хамтын ажиллагаа чухал болохыг баталгаажуулж тунхагласан байдаг бөгөөд удиртгал, 3 хэсэг, 54 зүйлтэй.
Хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт: Хүүхдийн эрхийн тухай конвенц

Олон улсын гэрээ, конвенцүүд нэгдсэн улс орны хууль, эрх зүйн орчинд чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд дотоодын хууль тогтоомжоор шийдвэрлэж чадахгүй байгаа асуудлуудыг шийдвэрлэх гол эрх зүйн үндэс болдог. Улс орнуудын дотоодын хууль тогтоомж нь нэгдэн орсон гэрээ, конвенцын агуулгаас зөрөхгүй байх ёстой бөгөөд түүнийг давж үйлчлэх эрх зүйн хүчин чадалгүй гэж үздэг юм.

Хүүхдийн эрхийн тухай конвенцыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 1989 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 44/25 тогтоолоор баталж, 1990 оны 9 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болгожээ. Монгол Улсын хувьд 1990 оны 7 дугаар сарын 5-ны өдөр уг конвенцыг соёрхон баталж, тус оны 9 дүгээр сарын 2-ны өдөр хүчин төгөлдөр болсон түүхтэй.

Энэхүү баримт бичигт хүүхдийг хамгаалах, өв тэгш хөгжүүлэхэд ард түмэн бүрийн уламжлал, соёлын үнэт зүйлсэд тулгуурлан, улс бүрд, ялангуяа хөгжиж байгаа орнуудад хүүхдийн амьдралын нөхцөлийг сайжруулахад олон улсын хамтын ажиллагаа чухал болохыг баталгаажуулж тунхагласан байдаг бөгөөд удиртгал, 3 хэсэг, 54 зүйлтэй.

Хүүхдүүд уншаад ойлгоход зориулсан хялбаршуулсан хувилбартай тул хууль, эрх зүйн мэдлэггүй хэн ч байсан уншиж ойлгох бүрэн боломжтой.

Үндсэндээ Хүүхдийн эрхийн тухай конвенцоор хүний эрхийн түгээмэл бүхий л үндсэн шинж, агуулгыг хүүхэд ч мөн адил эдлэх эрхтэй гэдгийг зарлан тунхагласан бөгөөд хүүхэд бол нийгмийг бүрдүүлэгч эмзэг, нандин оролцогч мөн гэдгийг улам бүр тодотгож өгсөн байдаг.

Тухайлбал, хүн бүр хүүхдийн эрхийн тухай мэддэг байх тухайд:

Хүүхэд эрхээ мэдэх эрхтэй. Насанд хүрэгчид хүүхдийн эрхүүдийг мэддэг байх ёстой бөгөөд эрхээ мэдэхэд нь хүүхдэд туслах үүрэгтэй хэмээн тусгасан.

Энэ нь насанд хүрэгчдэд хүүхдийн эрхийн мэдлэгтэй, мэдрэмжтэй, мэдээлэлтэй байх үүргийг баталгаажуулж өгч байгаа хэлбэр юм.

Түүнчлэн уг конвенцод бага боловсролыг үнэ төлбөргүй заавал эзэмшүүлэх, дунд боловсролын олон хэлбэр, түүний дотор ерөнхий болон мэргэжлийн боловсролыг хүүхэд бүрд хүртээмжтэй болгох, хөгжүүлэх, шаардлагатай тохиолдолд санхүүгийн тусламж үзүүлэх буюу үнэ төлбөргүй боловсрол олгох талаар тусгасан байдгийг санаж хүүхдэд боловсрол эзэмшүүлэх үүрэг эцэг эхэд бий гэдгийг мөн анхаарах нь зүйтэй.

Хүүхдийн эрхийг хамгаалах энэ өдөр хүүхэд бүр өөрт олгогдсон жам ёсны болон хууль ёсны эрхээ мэдэж, өөрийнхөө зөрчигдөж буй эрхийг хамгаалуулахаар насанд хүрэгчид болон, бусад хүүхдийн байгууллагад хандах боломжтой гэдгээ мэддэг байгаасай хэмээн хүсэж хүүхдийн эрхийн талаар бичигдсэн өмнөх бичвэрүүдээс доор нэгтгэн оруулав.

Хүүхдийн эрх гэж юу вэ?

Хүүхэд бүрд бусад том хүмүүсийн адил эдлэх эрх, хүлээх үүрэг хариуцлага гэж бий.

Эрх гэдэг нь таны “амьдрах, идэх, уух, ямар шашинтай байх, ямар кино үзэх, ямар хөгжим сонсох, хэнтэй найзлах” гэх мэт хийх дуртай бүх зүйлийг хэн ч хориглож чадахгүй байх тэр “хамгаалалтыг” хэлж байгаа юм.

Өөрөөр хэлбэл, эрх гэдэг нь танд олгогдсон боломж юм. Хүн болж төрсөн хэн бүхэн эрх чөлөөтэй, нэр төр, эрхийнхээ хувьд адил тэгш байна. Тэдэнд оюун ухаан, өрлөг сэтгэл заяасан бөгөөд өөр хоорондоо ахан дүүсийн ёсоор харилцах ёстой гэж Хүний эрхийн түгээмэл тунхаглалд заасан бөгөөд хүний эрх хэн бүхнийг хүний зэрэгтэй амьдрахад шаардагдах наад захын баталгаа юм.

Хүүхдийн эрхийг хуулиар хамгаална. Өөрөөр хэлбэл, эцэг, эх, асран хамгаалагч хэн бүхэн хууль тогтоомжид заасны дагуу хүүхдийн эрхийг хамгаалах үүргээ алхам тутамдаа ухамсарлаж явах учиртай.

Хүүхдийн эрхийн зөрчлийн талаар дуудлага мэдээллийг хүлээн авах:

  • 102,

  • 108 гэх мэт тусгай дугаар,

  • Дүүргийн хүүхэд, гэр бүлийн асуудал эрхэлсэн газрын дуудлагын утас гэсэн дугаарууд тогтмол ажиллаж байна. Мөн Гэр бүлийн хүчирхийллийн үед 107 тоот утсаар мэдээлэл өгөх ба Хүний Эрхийн Үндэсний Комисст хандан гомдол гаргаж болдог.

child
childright

Хүүхэд эсэн мэнд амьдрах эрхтэй.

Хүүхдийн ГЭР сэтгэл санаа болоод, бие махбодын дарамт, хүчирхийлэлгүй байж, СУРАХ ОРЧИН нь эрүүл мэндэд аюул учруулахааргүй байна гэдэг бол тэдний эрхээ эдэлж байгаа хамгийн том ХЭЛБЭР юм. Төр харин хүүхдэд үргэлж эрх тэгш, нээлттэй, хүртээмжтэй боломжийг олгох ёстой.

Хүүхдийн эсэн мэнд амьдрах эрх гэдэг бол томчууд бидний тэдэнд зориулж байгаа сэтгэл, хайр гэж ойлгосон ч болно.

Хүүхэд хөгжих эрхтэй. Нийгмийн ямар нэгэн ялгаварлал, тэгш бус оролцооны золиос бололгүйгээр сурч боловсрох, үзэл бодлоо илэрхийлэх эрх хүүхдэд үргэлж нээлттэй байх ёстой. Тиймээс ч хүний эрх хүүхдийн эрхээс эхэлдэг хэмээн судлаачид нэгэн дуугаар хэлж чаддаг билээ.

Заримдаа бид хүүхдийн сурч боловсрох эрхэд халдаагүй боловч ямар хүн болох, хэн болохыг нь зааж, хүссэн мэргэжлээ сонгож, дуртай зүйлсээ сурах боломжийг нь хязгаарлаж хаалт, хориг тавих үе ч байдаг. Үүнийгээ бид үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө хийж байгаа зөвлөгөө, тусламж л хэмээн ойлгодог.

Хүүхэд хамгаалуулах эрхтэй.

Хүүхдийг зүй бус харилцаанаас үргэлж хамгаалж байх нь зүйтэй. Хүүхэдтэй зүй бус харилцана гэдэг нь хүүхдийг хүчирхийлэх, үл хайхрах, дарамтлах, мөлжих зэргээр хүүхдэд хор хохирол учруулах аливаа үйлдлийг хэлнэ. Үүнийг бие махбодын хүчирхийлэл, бэлгийн хүчирхийлэл, сэтгэл санааны дарамт, үл хайхрах явдал гэж дөрөв хувааж болох юм. Эдгээр нь дангаараа үйлдэгддэггүй бөгөөд хавсарч үйлдэгддэг. Жишээ нь, хүүхдийг загнах, зодох бол бие махбодын болон сэтгэл санааны дарамт хавсарч үйлдэгдэж байна гэсэн үг. Тэгэхээр хүүхдийг зүй бус харилцаанаас хамгаалах нь насанд хүрсэн хүн бүрийн үүрэг юм.

Хүүхэд нийгмийн амьдралд оролцох эрхтэй.

Хүнийг төрөхөд эхэлж, үхэхэд нь хамт дуусдаг хамгийн чухал, жам ёсны эрхүүдийн нэг бол итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо илэрхийлэх эрх байдаг. Өөрөөр хэлбэл, хууль тогтоогчид хууль тогтоох замаар ч өөрчилж болохгүй энэ эрх нь хүүхдэд мөн адил үйлчилнэ.

Тиймээс хүүхэд нийгмийн амьдралд оролцох эрхээ баталгаатай эдлэх ёстой юм. Эхлээд энэ талаар Хүүхдийн эрхийн тухай хуульд хэрхэн тусгасныг харья. Хуульд:

  • Хүүхэд нас, бие, сэтгэхүйн онцлогт тохирсон хуулиар хориглоогүй арга хэмжээнд оролцох, эвлэлдэн нэгдэх;

  • Хүүхэд өөрт хамаарах аливаа асуудлаар шийдвэр гаргах, үнэлэлт өгөхөд оролцох;

  • Хүүхэд өөрийн бүтээсэн зохиогчийн эрх, шинэ бүтээл, оновчтой саналыг хууль тогтоомжид заасны дагуу өмчлөх, түүний үр шимийг хүртэх;

  • Хүүхэд хуульд заасан үндэслэл журмын дагуу өөрт ногдох эд хөрөнгийг өмчлөх, өвлөх, ажил, үйлчилгээний хөлс, урамшуулал авах;

  • Хуулиар олгогдсон эрхээ эдлэх, шаардах гэж тус тус заажээ.

Эндээс харвал томчууд бидний эдэлдэг бүх эрхийг хуулиар заасан. Хүүхэд бидэнтэй яг адил бие хүн юм гэдгийг энэхүү хүүхдийн нийгмийн амьдралд оролцох эрхээс харж болно.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn