Жендэрийн тэгш эрхийн тухай №1: Эмили Парист очсон нь

Хүн өөрийн рациональ дүгнэлтийн хүрээнд сонголтоо хийх нь хүний эрхийн асуудал. Гэвч сонголтын үр дагавраас болж өөр хүн хохирогч болж байвал асуудлыг дахин нухацтай бодож үзэх шаардлагатай юм.
Жендэрийн тэгш эрхийн тухай №1: Эмили Парист очсон нь

Улс орон бүрийн үндэсний онцлог өөр байдаг билээ. Үүнтэй холбоотойгоор кино урлагийн салбар ч өөр өөр соёлын онцлогтой тулгардаг. Тиймээс өнөөдрийн бичвэртээ улс орнуудын соёлын онцлог хийгээд үүнтэй холбоотойгоор зөрчигдөж буй жендэрийн тэгш эрхийн тухай асуудлыг хөндөж гаргахыг зорилоо. Бидний мэдээ мэдээлэл хүлээн авах цар хүрээ бидэнтэй ойр асуудал болоод энтертайнмент агуулгатай байвал илүү хүртээмжтэй байдаг.

Үүнтэй холбогдуулан киноны задлан хийх арга барилаар жендэрийн тухай ойлголтыг түгээх нь илүү үр дүнтэй гэж үзэж байна.

Бид Ковид-19 цар тахлын улмаас хүнд нөхцөл байдалд орсон билээ. Энэ үед хүмүүс өдрийн ихэнх цагийг гэртээ өнгөрөөж байсан учир "Гэрийн үзвэр" гэх томьёо гарч ирсэн юм. Хүмүүс дэлхий нийтийг хамарсан төдийгүй монголын кино түрээслэгч үйлчилгээг ч эрчимтэй хэрэглэж эхэлсэн. Ингэснээр бидний танин мэдэх мэдээллийн хүрээ хумигджээ.

Мэдээ мэдээллийн цар хүрээ хумигдаж, аливааг хүлээн авах томоохон эх сурвалжийн тоо цөөрснөөр бидний сэтгэл зүйд нөлөөлсөн. Сэтгэл судлалын шинжлэх ухаанд аливаа цуврал кино, нэг ангитай киног өдөрт 3 цагаас дээш хэмжээгээр өдөр бүр давталттай үздэг бол үүнийг донтолт гэдэг. Нэг талаар киноны донтолт, нөгөөтээгүүр дэлгэцийн донтолт үүсдэг байна.

Хүн өөрийн идэвхтэй хэрэглэж, үзэж байгаа зүйлийнхээ хүрээнд аливаа мэдээллийг шүүх хандлагатай байдаг. Үүнийг бидний сайн мэддэгээр "Кинондоо орох" гэж ч хэлж болох юм. Бид кинонд орсон үедээ харилцаандаа тухайн киног дүрслэх, дараа дараагийн үйл явдлыг төсөөлөх, бодит амьдрал дээр киноны үйл явдлын аливаа нэгэн хэсгийг оруулах зэрэг үйлдлийг гаргадаг. Энэ нь хүний сэтгэц аливаа зүйлийн нөлөөнд автах үзэгдэл юм. Хүн хэт удаан хугацаанд ямар нэгэн зүйлд автах, олон удаагийн давтамжтайгаар зуршил болгох зэрэг тохиолдолд хамгаалалтын механизмаа алдаж эхэлдэг. Оюун ухаан өөрийн байнга хийж буй зүйлээ ямар нэгэн аюулгүй гэж боддог аж.

Тэгвэл 2020 онд нээлтээ хийсэн "Эмили Парист очсон нь" кинонд францийн уламжлалт соёл, үндэсний зан төлөв, амьдралын хэв маягийг түлхүү тусгасан байдаг бөгөөд эдгээрээс гадна цочрол өгч болохуйц дараах санаануудыг илэрхийлдэг:

1. Эмэгтэй хүн өөрийн гоо сайхныг эрэгтэй хүний төлөө зориулах ёстой.

2. Гэр бүлийн үнэнч байдлаас илүүтэйгээр биологийн хэрэгцээг хангах хэрэгтэй.

3. Эмэгтэй хүний бие эрэгтэй хүнд л зориулагдсан.

Эмэгтэй хүн өөрийн гоо сайхныг эрэгтэй хүний төлөө зориулах ёстой юу?

Дэлхий дахины түүхийн замналд эрэгтэй хүн ноёрхох, эзэрхэх байр суурьтай байсан үеүд цөөнгүй бий. Үүнийг эртний өрнийн түүхээс харж болно. Хүн төрөлхтний соёлын онцлогт "Патриарх" соёл хүчтэй оршин тогтнож байсан бөгөөд сүүлийн 200 хүрэхгүй жилийн туршид бид эмэгтэй хүний эрх, чөлөөг дээдлэх, эмэгтэй хүний мөн чанарын асуудлыг хөндөх, тодорхойлох зэргээр үйл ажиллагаа явуулж байгаа билээ.

Монгол Улсын хувьд хүйсийн харилцаагаар хуваасан олон төрлийн судалгаа байдаг бөгөөд эрс эмэгтэй хүний эрх зөрчигдсөн эсвэл эрс эрэгтэй хүний эрх зөрчигдсөн тохиолдол байдаггүй. Бид хүйсийн ялгаварлан гадуурхалтын түвшнээр дэлхийд дундаж байр эзэлдэг. Энэ нь бид хэт туйлширсан үзлээсээ салж яваа хөгжиж буй орон гэдгийг илтгэж байгаа юм. Тиймээс бид эмэгтэй хүн өөрийн гоо сайхныг эрэгтэй хүнд зориулах ёстой гэж үздэггүй. Үндсэндээ хүн өөрийн гоо сайхнаа эрэгтэй хүнд зориулж байгаа бол энэ нь тухайн хүний сонголт бөгөөд бид ямар ч нөхцөлд ёстой, шаардлагатай зэргээр шууд тулгах нь жендэрийн тэгш эрхэд халдаж буй байдал юм.

Гэр бүлийн үнэнч байдлаас илүүтэйгээр биологийн хэрэгцээг хангах хэрэгтэй юу?

Зигмунд Фройдын психоаналитик онолд хүний сэтгэцийн үйл ажиллагааг бэлгийн үйл ажиллагаатай холбосон байдаг. Нөгөө талаараа бид үр удмаа үлдээхийн тулд бэлгийн хавьталд ордог бөгөөд амьтнаас ялгаатай нь бид энэ хэрэгцээгээ хязгаарлах, зогсоох, дотоод нөөц бололцоогоороо хангах ч боломжтой. Монгол Улсын "Гэр бүлийн тухай хууль"-н 2 дугаар бүлгийн 10.3-т зааснаар Гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх, угийн бичиг хөтлөх үүргийг адил хүлээнэ гэж заасан байдаг.

Үүнээс үзэхэд Монгол Улсад гэр бүлийн гадуурх харилцаа, үнэнч бус байдлыг хуулиар хориглодог. Хүн өөрийн рациональ дүгнэлтийн хүрээнд сонголтоо хийх нь хүний эрхийн асуудал. Гэвч сонголтын үр дүнд өөр хүн хохирогч болж байвал асуудлыг дахин нухацтай бодож үзэх шаардлагатай. Өөрийн нөөц бололцоогоор шийдвэрлэх боломжтой асуудалд зайлшгүй бодит хохирол үүсгэх хэрэггүй шүү дээ.

Эмэгтэй хүний бие эрэгтэй хүнд л зориулагдсан

Киноны эхний бүлэгт "Эмэгтэйчүүдийн үтрээ чангалах эм"-ийн сурталчилгааны идэвхжүүлэлтийн үйл ажиллагаа явагдах бөгөөд энэ хэсэгт тухайн эмийн хайрцаг дээр эмэгтэй хүнийг франц хэлнээ өгүүлэхдээ эр хүйсийн үгний угтвартайгаар бичиж байгаа нь харагдана. Үүнээс хамааран гол дүрийн америк эмэгтэй болох Эмили энэ асуудлыг эсэргүүцэж байгаа нь ч мөн дүрслэгдэнэ.

Францын соёлын нэгэн онцлог энд тусгагдсан бөгөөд нийтлэг хүлээн зөвшөөрсөн үнэлэмжийн тогтолцоогоор эмэгтэй хүнийг эрэгтэй хүнд зориулагдсан гэж үзэх, эмэгтэй хүний гоо үзэсгэлэн бол гагцхүү эрчүүдийн харцыг өөртөө татах хэрэгсэл зэрэг онцлогтой. Дэлхийн нэг улс үндэстэн гэх үүднээс бид үүнд хатуу шаардлага тавьж шууд үгүйсгэх боломжгүй. Учир нь аливаа улсын үндэсний соёл, үзэл бодлын нийтлэгийг хүндэтгэх үүрэг бидэнд бий. Гэхдээ энэ нь тус улсын соёлыг даяаршуулах өөриймшүүлэх шаардлагатай гэсэн үг биш. Монгол Улсын үндсэн хуульд Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно гэж заасан байдаг. Тиймээс бид кинон дээр гарч буй үзэл санаанд шүүлтүүртэй хандаж, оюун дүгнэлт хийх хэрэгтэй.

Кино бол кино бүтээгчдийн субьектив агуулга бүхий мэдээлэл бөгөөд бид таашаан үзэж, олон мэдрэмжийг хүлээн авах боломжтой ч эцсийн дүндээ олж авсан мэдээллүүд нь бодит байдалтай хэрхэн уялдаж байгааг тодорхойлох нь чухал ач холбогдолтой юм.

Аливаа мэдээ мэдээлэлд шууд автах нь сөрөг нөлөөтэй бөгөөд бидний алдаа мадаггүй үнэн гэж итгэдэг байсан дэлхий төвт онол ч эцэстээ шинжлэх ухааны хөгжлийн шатанд худлаа болох нь нотлогдсон. Тиймээс бид юун түрүүнд хүнийг заяагдмал байдлаар нь хэн болж төрөх, эсвэл төлөвшлийн байдал нь ямар байхаас үл хамааран хүний эрх үүргийн тогтолцоонд үндэслэн хүлээн зөвшөөрч хүндэтгэх хэрэгтэй.

Та мэдлэгтэй бас мэдрэмжтэй үзэгч байж чадна.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn