Эмэгтэйчүүдийн талаарх хэвшмэл ойлголтыг бууруулахад хувь нэмрээ оруулах нь цэцэг өгөхөөс илүү үнэ цэнтэй

Эмэгтэйчүүдийн асуудал зөвхөн эмэгтэйчүүдийнх биш
Эмэгтэйчүүдийн талаарх хэвшмэл ойлголтыг бууруулахад хувь нэмрээ оруулах нь цэцэг өгөхөөс илүү үнэ цэнтэй

Жендэрийн хэвшмэл ойлголтыг бууруулахад хувь нэмрээ оруулах нь үхэшгүй мөнхийн цэцэг тарьж буйтай адил...

“Эзэгтэй таны гэрийн ажлын супер туслагч” гэсэн томоос том бичигтэй, нар салхинд хэдэн сар болсон нь үл мэдэгдэх халтартсан сурталчилгааны самбарыг үзэн ядах зуур өчигдөрхөн “Эмэгтэй хүн байж намбатай байгаач” гэсэн өөр нэгний үг гол зурж байв... Байз, утсанд минь мэдэгдэл ирж байна. “Охид минь гэдэс арилгаж, гэрийн ажил сайн хийж сурсныхаа дараа л айлын эхнэр болно гэж ярь” гэх нэгэн залуугийн постыг 18-хан настай охин дүү минь хуваалцсан байх юм. Угаалгын нунтаг зөвхөн эмэгтэйчүүдэд л тусалдаг юм бол эрчүүд хэзээ ч хувцсаа угаах шаардлагагүй юм биш үү? Эмэгтэйчүүд бид гэр цэвэрлэж, гэдэс арилгахын төлөө л энэ ертөнц дээр оршдог гэж үү? Бухимдаж ч амжаагүй байтал залгуулаад “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр хайртдаа цэцэг бэлэглээрэй” тэргүүтэй хэдэн арван сурталчилгаа нүдний өмнө эрээлжлэх нь тэр.

Жилийн 364 өдрийн турш санаатай, санаагүй байдлаар эрхийг нь зөрчдөг боловч яруу алдарт тэрхүү өдрөөр янаг халуун үгсээр булж, янз янзын бэлэг сэлтээр торддог нь заримдаа утгагүй санагддаг юм. Жендэрийн мэдрэмжгүй сурталчилгаа самбараас буухын адил эмэгтэйчүүдийн талаарх хэвшмэл ойлголтууд нийгмийн оюун санааны индрээс бууна гэдэгт итгэж амьдрахыг хүсэвч тэрхүү цагийг бүтээхэд олон хүчин зүйл шаардлагатай нь доорх графикаас харагдана.

Дээр дурдагдаж буй тэгш бус байдлуудаас гадна охид эмэгтэйчүүд олон төрлийн хэвшмэл хандлагатай нүүр тулдаг байна.

Эмэгтэйчүүдийн талаарх хэвшмэл ойлголтыг бууруулахад эрэгтэйчүүд ямар үүрэгтэй вэ?

Хүүхдийг жендэрийн мэдрэмжтэй иргэн болгож төлөвшүүлэхэд аавуудын оролцоо хамгийн чухал

А.Ариунзаяа

/Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд/

Хүүхэд асран хүмүүжүүлэх ажил зөвхөн ээжүүдийн үүрэг биш. Аав нар хүүхэд хүмүүжүүлэх үүрэг зөвхөн эмэгтэйчүүдэд ногддог гэх хэвшмэл хандлагаасаа салж, үр хүүхдээ жендэрийн мэдрэмжтэй болгож хүмүүжүүлэхэд маш чухал үүрэгтэй. Тиймээс Хөдөлмөрийн тухай хуульд хүйс үл ялгаварлан эцэг, эхийн хэн хэн нь ажлаасаа чөлөө авах, гэр бүлдээ цаг зарцуулах боломжийг тусгаж өгсөн.

Эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх тухай ярих бус бодитоор хүлээн зөвшөөрөх, хүндэтгэх шаардлагатай

Ж.Сүхбаатар

/УИХ-ын гишүүн/

Эмэгтэйчүүдийн оролцоог онцлон ярихаас илүүтэй тэдний төлөөллийг нэмэгдүүлэхэд анхаарч, дараагийн шатны хөтөлбөрүүдийг бодлогоор дэмжих ёстой. Шийдвэр гаргах түвшинд эрэгтэйчүүдийн төлөөлөл байнга өндөр хувьтай байж ирснээс үүдэн хүйсийн ялгаатай байдлын талаарх ойлголт мэдлэг илт дутуу байдаг. Тиймээс эрэгтэйчүүдийн хэвшмэл ойлголт хандлага, мэдлэгийг өөрчлөхөөс энэ ажил эхэлнэ.

Эрэгтэйчүүд хөлсгүй хөдөлмөрт зарцуулах цагаа нэмэгдүүлж, хамтын хариуцлага хүлээх хэрэгтэй

О.Амарболд

/Ард Лайф ХК-ийн Гүйцэтгэх захирал/

Өнөө цагт эмэгтэй хүн хүүхдээ хардаг, гэртээ үлддэг гэсэн ойлголтууд үеэ өнгөрөөж, хамтын хариуцлагыг ухамсарлах шаардлагатай болсон. Хөлсгүй хөдөлмөр буюу гэр орны ажил, хүүхэд асрах зэрэгт ижил тэнцүү хариуцлага хүлээх нь эрэгтэйчүүдийн хамтын үүрэг болсон гэж хэлж болно. Зөвхөн гэр бүлийн хүрээнд төдийгүй бизнесийн үйл ажиллагаандаа ч жендэрийн мэдрэмжтэй бодлогыг нэвтрүүлэх нь зүйтэй.

Ажил хэргийн харилцаанд хүйс үл хамааран хүндэтгэлтэй хандах ёстой

Э.Азжаргал

/Маяара брэндийн үүсгэн байгуулагч, захирал/

Бизнесийн талбарт ажиллаж буй эмэгтэйчүүдийг зарим эрэгтэйчүүд эсрэг хүйстэн гэсэн байр сууринаас харж, өөрсдөө ч анзаарахгүйгээр таагүй сэтгэгдэл төрүүлдэг. Улмаар ажлын байран дээр эрэгтэйлэг шинж байдал үзүүлэх, амжилтад хүрэхийн тулд өөрөөсөө өөр хүн мэт дүрд хувирах шаардлагатай болдог. Хувцаслалт, биеэ авч явах байдал зэрэг физиологи, соёлын зарим шинжээрээ ялгаатай боловч ажлын хэргийн харилцаанд хүйс ямар байх нь огт хамаагүй учраас эрэгтэйчүүдийн зүгээс хүндэтгэлтэй байгаасай гэж хүсдэг.

Аливаа ажил хөдөлмөрийг эмэгтэй хүнийх гэж хязгаарлахгүй байх нь чухал

М.Уранцэцэг

/МУГТ, Хөдөлмөрийн баатар/

Эмэгтэй, эрэгтэйгээсээ үл хамааран нэг нэгнийгээ хүлээн зөвшөөрөх нь хэвшмэл ойлголтыг бууруулахад хувь нэмэр оруулж буй хэлбэр гэж боддог. Нөхөр бид хоёрын хувьд гэр орны ажлаа хэн боломжтой нь л хийж, бие биеэ дэмждэг. Аливаа ажил хөдөлмөрийг зөвхөн эмэгтэй хүнийх гэж хязгаарлахгүйгээр харилцан бие биедээ туслах нь жендэрийн хэвшмэл ойлголтыг бууруулахад хамгийн чухал.

Аав нар хүүхдүүддээ зөв үлгэр дуурайлал үзүүлээсэй

Д.Дэлгэрням

/3x3 үндэсний шигшээ багийн ахлагч/

Ээж маань аав, дүү би гэсэн гурван эр хүний дунд амьдардаг байсан учраас дүү бид хоёр үнээ саахаас эхлээд, тараг бүрэх, хоол хийх, хог асгах гээд бүх л ажилд гэрт гадаагүй тусалдаг байлаа. Ажил хөдөлмөрт суралцаагүй хүн л ийм ажлыг “эрэгтэй хүн хийх ёсгүй” гэх мэтээр хойш суудаг болов уу. Тиймээс хүүхдүүдээ зөв хүмүүжүүлж, аливаа ажил хөдөлмөрт хүйс үл хамааран сургах хэрэгтэй.

Эмэгтэйчүүдийн мэдлэг чадвар, сайн талыг илэрхийлсэн дүрүүд нэмэгдээсэй

А. Мөнгөн

/Кино нийтлэлч/

Монгол кино, тайзны бүтээл, сошиал контентуудад эмэгтэй хүнийг өөрийгөө өмгөөлж хамгаалах чадамжгүй, эрэгтэй хүнгүй бол амьдрал нь сүйрэх гэж буй мэтээр дүрслэх нь элбэг. Гэтэл бодит амьдрал дээр олон төрлийн авьяастай, мэдлэг чадвартай, эрэгтэй хүнтэй жишигдэх нь бүү хэл тэдэнд үлгэр дуурайл болсон хүчирхэг эмэгтэйчүүд олон. Тиймээс үнэ цэнийг нь зөвхөн гаднах төрхөөр нь тодорхойлдог, нэг хэв шинжид баригдсан дүрүүдээс татгалзах нь эмэгтэйчүүдийн талаар хэвшмэл ойлголт хандлагыг бууруулахад ач холбогдолтой байх болов уу.

Эрэгтэй уран бүтээлчид жендэрийн талаарх ойлголт мэдлэгээ дээшлүүлэх нь зөв

М.Аззаяа

/Найруулагч, жүжигчин/

Анх энэ салбарт хөл тавьж байхад эмэгтэй уран бүтээлчдийг дутуу үнэлэх, удирдах албанд байх ёсгүй гэж үзэх хандлагууд мэдрэгддэг байсан. Тухайн салбарт аль нэг хүйсийн хүн давамгайлсан эсэхээс үл хамааран ажил мэргэжилд хүйс гэж байдаггүйг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хэвшмэл хандлагыг бууруулахад эрэгтэй уран бүтээлчид жендэрийн мэдрэмжээ дээшлүүлж, уран бүтээлээрээ дамжуулан нийгэмд нөлөөлөх нь чухал гэж боддог.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
logo
Press Center
www.presscenter.mn