НДШ-ийн буцаан олголттой холбоотой анхаарах гол асуудал

Өчигдөр буюу 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Монгол Улсын Засгийн газраас Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүдээ хэвлэлийнхэнд танилцуулж, мэдээлэл хийлээ. Үүнтэй холбоотой анхаарах гол асуудлыг хөндлөө.
НДШ-ийн буцаан олголттой холбоотой анхаарах гол асуудал
www.ubbirj.ub.gov.mn

Тус мэдээллийн үеэр сэтгүүлч Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн зарим даатгуулагчийн шимтгэлийн 50%-ийг буцаан олгох тухай Монгол Улсын хуулийн хэрэгжилтийн талаар, “Нийгмийн даатгалын шимтгэлийн 50%-ийн буцаан олголт хэзээнээс олгогдох вэ” гэх асуултыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяагаас асуусан.

Сайд уг асуултад хариулахдаа нэг сая төгрөгөөс доош цалин хөлс, түүнтэй адилтгах орлоготой нийгмийн даатгалын шимтгэл төлөгч буцаан олголтод хамрагдах талаар дурдсан нь хэвлэл мэдээллийнхэн болон иргэдийн дунд яг нэг сая төгрөгийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоосоо нийгмийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагч энэ буцаан олголтод хамрагдахгүй юм байна гэсэн ойлголт өгснийг өчигдрийн хэвлэлийн мэдээ, сэтгэгдлүүдээс харах боломжтой.

Тэгвэл нэг сая төгрөгийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоосоо нийгмийн даатгалын шимтгэл төлдөг даатгуулагч буцаан олголтод хамрагдах уу?

Монгол Улсын Их хурал 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн зарим даатгуулагчийн шимтгэлийн 50%-ийг буцаан олгох тухай хууль (“НДШ буцаан олгох тухай хууль”)-ийг баталж, хууль мөн өдрөөсөө хүчин төгөлдөр болсон билээ. Хуулийг бүрэн эхээр нь ЭНД-ээс үзнэ үү.

НДШ буцаан олгох тухай хуулийн 1 дүгээр зүйлд “1,000,000 /нэг сая/ ба түүнээс доош төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос албан журмаар болон сайн дураар даатгуулсан даатгуулагч /Монгол Улсын иргэн/-д өөрийнх нь 2022 оны 5-12 дугаар сард хариуцан төлсөн тэтгэврийн, тэтгэмжийн, ажилгүйдлийн, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн 50%-ийг сар бүр буцаан олгоно” гэж заажээ. Иймд нэг сая төгрөгийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлого бүхий нийгмийн даатгал төлөгч иргэд энэ буцаан олголтод хамрагдахаар байна.

Энэ талаарх хэвлэлийн мэдээнүүдийн төгсгөлд “Харин газрын тос болон уул уурхайн салбарт ажилладаг иргэдэд хамаарахгүй” гэжээ. Эдгээр салбарт ажилладаг, хуулийн шаардлага хангаж буй даатгуулагчид нийгмийн даатгалын шимтгэлийн буцаан олголтод хамрагдах уу?

НДШ буцаан олгох тухай хууль нийт 4 зүйлээс бүрдэж байгаа ба хууль газрын тос болон уул уурхайн салбарт ажилладаг даатгуулагчдад хамаарахгүй гэж энэ хуульд заагаагүй. Харин уг хуулийн 1 дүгээр зүйл (өмнө эш татсан)-д заасан шаардлага хангаж буй Монгол Улсын иргэн салбар хамаарахгүй буцаан олголтод хамрагдахаар байна.

НДШ буцаан олгох тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан нийгмийн даатгалын шимтгэлийг буцаан олгох, бүртгэх, тайлагнах, хяналт тавихтай холбогдсон журмыг Засгийн газар 2022 оны 6 дугаар сарын 8-ны өдөр баталжээ. Засгийн газрын журамд ийнхүү салбар заасан хязгаарлалт бий эсэхийг тодруулах гэсэн боловч журам өнөөдрийн байдлаар олон нийтэд ил болоогүй, www.legalinfo.mn цахим хаягт ороогүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 2 дугаар хэсэгт “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна” гэж заасан бөгөөд Монгол Улсын Засгийн газар гаргаж буй журмаараа Монгол Улсын иргэдийг ажилладаг салбар, эрхэлсэн ажлаар нь ялгаварлан гадуурхахгүй болов уу хэмээн итгэж байна. Үндсэн хууль давсан хууль, журам байх ёсгүй, хууль иргэн бүрд тэгш үйлчлэх зарчимтай билээ.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn