Жендэрийн тэгш эрхийн тухай №2: Бүтэн амьдрал

“Эрэгтэй хүн л үнэнч биш, гэр бүлээс гадуурх харилцааг үүсгэдэг”, “Эмэгтэй хүн гэртээ уйлаад үлддэг” гэсэн хандлагаа засах цаг болсон. Энэ асуудалтай холбоотойгоор хохирогчид буруу өгөх, сөргөөр үнэлэх хандлагыг мөн өөрчлөх хэрэгтэй.
Жендэрийн тэгш эрхийн тухай №2: Бүтэн амьдрал

Монгол Улсад гэр бүлийн хүчирхийлэл чимээгүй тахал мэт бидний дунд оршин байсаар байна. Өмнөх нийтлэлд бичсэнчлэн сүүлийн үед гэр бүлийн хүчирхийллийн золиос эмэгтэй хүн, харин хүчирхийлэл үйлдэгч эрэгтэй хүн мэтээр хардаг болсон нь нийтийн үнэлэмжээр тодорхойлогдсоор байгаа билээ.

Түүнчлэн гэр бүлийн хүчирхийллийг зөвхөн бие махбодын хүчирхийлэлд хамааруулж үздэг байдал ч бий. Гэтэл "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай" хуулийн 1 дүгээр бүлгийн 5.1.1-т "гэр бүлийн хүчирхийлэл"-ийг тодорхойлохдоо хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг тооцно хэмээн заасан байдаг. Бидний өнгөцхөн хардаг дан бие махбодын хүчирхийллээс илүү өргөн хүрээний асуудал энд байгаа юм. Тиймээс хууль эрхзүйн тодорхой түвшний ойлголттой байх нь бидэнд өөрийн эрхийг хамгаалах, эрх чөлөөгөө эдлэх зэрэг чухал ач холбогдолтой. Бид хуульд заасан тодорхойлолт, тогтоолуудыг бүрэн мэддэггүйн улмаас хэнд хэрхэн хандах талаараа мэддэггүй асуудал гарч байгаа нь харамсалтай.

Энэ асуудалтай холбоотойгоор 2020 оны 2 дугаар сарын 15-ны өдөр нээлтээ хийсэн "Бүтэн амьдрал" МОАК-ны үйл явдлыг задлан шинжлэхээр шийдсэн юм. Кинонд тусгагдаж буй гол асуудлууд:

1. Гэрлэлтийн үнэнч байдлыг алдагдуулах нь сэтгэл санааны дарамт мөн.

2. Эрэгтэй хүн л гэр бүлээс гадуурх харилцааг үүсгэдэг гэж үү?

3. Гэр бүл салалтын гол хохирогч бол хүүхэд.

1. Гэрлэлтийн үнэнч байдлыг алдагдуулах нь сэтгэл санааны дарамт мөн

@ BBC

2021 онд гэр бүл цуцлалтын тоо хэмжээ Монгол Улс даяар 3,391 байсан талаар Статистикийн ерөнхий хорооноос мэдээлсэн байдаг. Хэдийгээр гэр бүл цуцалсан тохиолдол бүр гэр бүлээс гадуурх харилцаанаас үүдэлтэй гэж хэлж болохгүй ч тодорхой хэдэн шалтгааны нэг нь энэ мөн.

Гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн гишүүн нөгөө гишүүндээ сэтгэл зүйн хүчтэй дарамт учруулж байдаг. Цочирдох, түгших, гомдох, уурлах зэрэг сэтгэлийн хөдөлгөөнүүд идэвхтэй илрэх бөгөөд цаашлаад ирээдүйн амьдралаа хэрхэх талаар дангаараа төлөвлөгөө гаргах хүртэл асуудал яригдана. Гэтэл Монгол Улсын "Гэр бүлийн тухай" хуульд энэ талаар тодорхой хууль заалт байдаггүй. Тиймээс энэ төрлийн сэтгэл санааны дарамт учруулж буй гомдлыг шийдвэрлэхдээ төстэй хуулийн заалтаар шийдвэрлэх хандлагатай байдаг.

Өнөөдөр гэр бүлийн хамтрагч "араар тавьж" байгааг мэдсэн хүмүүс гэнэтийн цочирдолд орж ихэвчлэн найз нөхөд, таньдаг хүмүүс эсвэл фэйсбүүкийн группүүдээр дамжуулан гарц гаргалгаа хайж эхэлдэг. Гэтэл ийм асуудалтай өмнө нь нүүр тулж байсан эсвэл дэргэдээс нь харж байсан хүн бүр тухайн хүний нөхцөл байдалд таарсан зөвлөгөөг өгч чадахгүй. Тиймээс юун түрүүнд сэтгэлзүйч (мэргэжлийн) дээр очих хэрэгтэй.

Гэр бүлээс гадуурх харилцаа хэнд ч эерэг, сайхан төгсгөлтэй байхгүй нь лав шүү дээ.

2. Эрэгтэй хүн л гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэдэг гэж үү?

Бид "гэр бүлээс гадуурх харилцаа" хэмээн хайлтын системээс хайвал хамгийн эхэнд энэ зураг гарч ирнэ. Эрэгтэй хүн явж, эмэгтэй хүн хүүхдүүдтэйгээ үлдэж байгаа дүрслэл бүхий нийтлэг дүр зураг. Бид төдийлөн анзаардаггүй боловч яг энд алдаа гаргасаар байна. Бид шууд утгаараа гэр бүлээс гадуурх харилцааны хохирогч нь эмэгтэй хүн байдаг мэтээр хүлээн авдаг. Магадгүй тийм тохиолдол олон нийтэд мэдэгдэх нь их байдагтай холбоотой байж болох юм. Гэтэл зөвхөн эрэгтэй хүн ийм төрлийн асуудал үүсгэдэг гэсэн үг биш.

Гол асуудал нь нийгэм эрэгтэй хүнийг гэр бүлээс гадуурх харилцаатай болсныг мэдэхээрээ "Эр ганц алдаа л биз, эрэг нэг нураа л биз”, “Эрэгтэй хүн ер нь ийм л байдаг шүү дээ”, “Нөхрөө тогтоогоод барьж чадахгүй бол эхнэрийн буруу" гэх хандлагатай байдаг. Харин эмэгтэй хүн энэ төрлийн асуудалтай холбогдохоор "Ээж хүн, эх хүн юм байж арай ч дээ. Эмэгтэй юм байж ийм асуудал гаргаж байгаа юм уу”, “Ёстой өөрийнх нь л буруу”, “Сайн нөхрийн буян даагаад явж чадахгүй" гэсэн хандлагатай.

Эмэгтэй хүнийг шүүмжлэх хандлага нийгэмд илүү хурцаар тавигддаг учраас энэ төрлийн асуудлууд тийм ч ил гаргадаггүй байж мэднэ. Гэтэл гэр бүлээс гадуурх харилцааны хохирогч хэн ч байж болно. Энэ мэт асуудал дээр хүйсээр ялгаварлан гадуурхах үйлдэл гарч байгаа асуудлыг илүү тодруулах гэсэн юм. "Бүтэн амьдрал" олон ангит кинон дээрх дүрслэлээр бол эмэгтэй хүн хохирогч, эрэгтэй хүн араар тавигч байдаг. Үүнийг шууд хүлээж авах нь зөв хандлага биш. “Эрэгтэй хүн үнэнч биш, гэр бүлээс гадуурх харилцааг үүсгэдэг”, “Эмэгтэй хүн гэртээ уйлаад үлддэг” гэсэн хандлагаа засах цаг болсон. Нөгөө талаар энэ асуудалтай холбоотойгоор хохирогчид буруу өгөх, сөргөөр үнэлэх хандлагыг мөн өөрчлөх хэрэгтэй.

3. Гэр бүл салалтын гол хохирогч бол хүүхэд

@ Humanium

Гэр бүл болно гэдэг насанд хүрсэн хоёр иргэний сайн дурын хүсэлт боловч хүүхэдтэй болно гэдэг нь хариуцлага нэмэгдэхийн нэр. Гэр бүл салалт хүүхдийн сэтгэл зүйд хэр хүчтэй сөрөг нөлөө үзүүлдэг талаар маш олон нийтлэл, мэдээлэл уншихад нээлттэй бий.

Хүүхдийг жаахан, юу ч ойлгохгүй гэдэг байдлаар өнгөцхөн дүгнэж болохгүй. Хүүхэд өөрийн сэтгэхүйн онцлогт тохируулан аливаа зүйлийг хүлээн авч байдаг. Тиймээс энэ мэтээр хүүхдийг ялгаварлан гадуурхаж огт болохгүй. Хүүхдийн сэтгэлд ийм шарх үлдээснээр хүүхдийн гэр бүлийг харах өнцөгт нөлөөлнө. Хүүхэд бол гэр бүлийн тусгал гэж бид ярьдаг. Харин ямар тусгал байх вэ гэдгийг эцэг эх шийддэг.

"Гэр бүлийн тухай" хуулийн 2 дугаар бүлгийн 14.7-д:

- Хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ хэмээх заалт бий ч төдийлөн дурддаггүй юм. Та өөрийгөө хүүхдийн оронд тавиад үзээрэй. "Аав ээж хоёрынхоо хэнтэй нь цуг амьдармаар байна?" гэдэг асуулт "Аав ээж хоёрынхоо хэнд нь илүү хайртай вэ?" гэдэг асуулттай ижил. Гэтэл хайрыг хэмжих нэгж байхгүй. Тиймээс энэ асуултад зохих хариулт байхгүй.

Хүүхэд ч гэсэн хүн.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn