Жендэрийн тэгш эрх №4: Атганд үлдсэн эрдэнэ

Кино урлаг бол харьцангуй чөлөөт урлагийн салбар бөгөөд зохиолч, найруулагчийн гаргахыг, нийтэд түгээхийг зорьсон аливаа санааг уран сайхны өнгө аястайгаар дэлгэцийн уран бүтээл болгодог билээ. Тиймээс үзэгч бид бүхэн үүнд тодорхой нэгэн шүүлтүүр тавьж, үндсэн санааг тунгаан авч үзэх хэрэгтэй. Та мэдрэмжтэй бас соёлтой үзэгч байж чадна.
Жендэрийн тэгш эрх №4: Атганд үлдсэн эрдэнэ

Монголын кино урлагт "Хувьсал продакшн" гарч ирсэн мөчөөсөө эхлэн цоо шинэ өнгө төрхийг бий болгосон билээ. Энэ оны 8 дугаар сарын 26-нд дахин нэгэн шинэ уран бүтээлийнхээ нээлтийг хийхээр төлөвлөсөн байгаа тус продакшны уран бүтээлүүд дээрээ тусган гаргаж буй санаа тийм ч нийтлэг байдаггүйн дээр бидний төдийлөн мэддэггүй боловч хүний эрх, эрх чөлөөнд халдсан ямар хэвшмэл үзлүүд байдгийг илүү нарийн тусган харуулдаг юм. Жендэрийн тэгш эрхтэй холбоотойгоор "Атганд үлдсэн эрдэнэ" киноны үйл явдалд задлал хийхээр шийдлээ.

Кинон дээр гарч буй жендэрийн тэгш эрхийг зөрчсөн дүрслэл бүхий санаанууд:

1. Эмэгтэй хүүхэд удам тасалдаг гэсэн бодлоо хогийн сав руу хий.

2. Эрэгтэй хүн бүр хүч чадалтай байх албагүй.

3. Би ээж аавын хүүхэд, гэхдээ бас хувь хүн.

1. Эмэгтэй хүүхэд удам тасалдаг гэсэн бодлоо хогийн сав руу хий.

Монголчуудын дунд элбэг ажиглагддаг нэг үзэл бол эмэгтэй хүүхэд удам тасалдаг, эрэгтэй хүүхэд удам залгадаг гэсэн санаа юм. Хэдийгээр бид төдийлөн анзаардаггүй боловч эрэгтэй хүүхдийг өхөөрдөн дуудахдаа ч "Удам залгах хүү минь байгаа юм" гэх мэтчилэн ялгаварлал үүсгэсээр байдаг. Түүнчлэн "Эмэгтэй хүн, цагаан зээр хоёр нутаггүй" зэрэг цаад утгаараа гэрийг, удмыг эрэгтэй хүн залгамжлан авч явдаг гэсэн тодорхойлолт бүхий хэллэгүүд ч одоо хэр нь бидний дунд байсаар байна. "Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн" 1-р бүлэг дэх 4.1.3."жендэрийн хэвшмэл үзэл" гэж улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын ба гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй хүний гүйцэтгэх үүрэг, эдлэх эрхийн талаар хүйсийн шинжээр уламжлагдан тогтсон ялгаатай ойлголт, хандлагыг; хэмээсэн бөгөөд дээрх хэлц бол бидний дунд тогтсон жендэрийн тэгш эрхэд халдсан хэвшмэл үзэл юм. Үүнийг сүүлд ард иргэдийн дургүйцлийг ихээхэн хүргэсэн "Дархан бэр" хэмээх цол тэмдгийн албан бичгээс харж болно. Удам залгах гурван хүү дараалан төрүүлсэн эх хүн хадам эцгийн дайтай хүндлэгдэнэ, гэрийн хэрэгт оролцоно гэдэг нь гэр бүлийн уламжлалт харилцаанд эмэгтэй хүн угаас гэр бүлийн асуудалд оролцдоггүй байсныг илтгэж байгаа юм.

Энэ нь "Үндсэн хуулийн" Арван зургаадугаар зүйлийн "1.11 улс төр, эдийн засаг, нийгэм соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй" гэж заасныг зөрчиж байгаа хэрэг бөгөөд дархан бэр хэмээх ойлголтоос гадна "Атганд үлдсэн эрдэнэ" кинон дээр өгүүлэгдэж буй "Эрэгтэй хүүхэд удам залгадаг, Эмэгтэй хүүхэд удам тасалдаг" хэмээх ойлголтыг ч үгүйсгэж байгаа юм. Үндсэндээ нийгмийн аливаа нэгэн харилцаа, бүлэг, гэр бүлд хүйсийн ялгаа байхгүй бөгөөд ямар хүйстэй байхаас үл хамааран ижил тэгш эрхтэй гэж заасан байдаг.

2. Эрэгтэй хүн бүр хүч чадалтай байх албагүй

http://www.hiub.mn/content/read/8032.htm

Хэрэв уншигч та энэхүү киног үзсэн бол үйл явдлыг нь санаж байгаа байх. Эрэгтэй хүн шиг хувцасласан охиныг бүгд хүчгүй, дорой, арчаагүй гэхчилэн доромжилдог хэсэг бий. Биологийн буюу байгалиас заяасан байдлаараа дийлэнх эрэгтэйчүүд эмэгтэй хүнээс илүү хүчтэй байдаг. Гэхдээ энэ нь эрэгтэй хүн болгон хүчтэй байх ёстой гэсэн үг биш. Бид үзэж туулсан, өсөж төлөвшсөн нөхцөлөөсөө хамаараад бүгд өөр. Нийтлэг байдлаас ондоо байх нь тэр хүний онцлог болохоос гадуурхагдан, чичлүүлэх шалтгаан биш. Бидний сайн мэдэж байгаачлан Монгол Улсын Yндсэн хуульд заасан 2-р бүлгийн 2.Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна хэмээх хуулийн заалтад үг бүрчлэн нарийн тусгаагүй боловч бидний ойлгож болох хамгийн энгийн ойлголт бол "Хүнийг бусдаас ондоо аливаа нэг зүйлээр нь ялгаварлан гадуурхаж болохгүй" гэсэн санаа болно.

3. Би ээж аавын хүүхэд, гэхдээ бас хувь хүн

http://www.hiub.mn/content/read/8032.htm

Монгол Улсын Иргэний хуулийн 3-р бүлгийн 16.1.Насанд хүрээгүй буюу 14-өөс 18 хүртэлх насны этгээд иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай байна.

16.2.Насанд хүрээгүй иргэн хуулиар зөвшөөрснөөс бусад хэлцлийг хууль ёсны төлөөлөгч /эцэг, эх, харгалзан дэмжигч/-ийн бичгээр олгосон зөвшөөрлийн үндсэн дээр хийнэ.

17.1. 7-гоос 14 хүртэлх насны этгээд иргэний эрх зүйн зарим чадамжтай байна.

17.2. 7-гоос 14 хүртэлх насны этгээдийн хийсэн өөртөө хохиролгүй бөгөөд хиймэгц биелэх, ахуйн чанартай жижиг хэлцлээс бусад хэлцлийг тэдгээрийн нэрийн өмнөөс хууль ёсны төлөөлөгч /эцэг, эх, асран хамгаалагч/ хийнэ; хэмээн тус тус заасан байдаг. Энэ нь тухайн насны хүүхэд хуулийн өмнө эрх зүйн чадамжтай үгүйг тодорхойлж байгаа бөгөөд асран хамгаалагчийн тусламжтайгаар аливаа эрх зүйн шийдвэрийг гаргах боломжтой гэсэн үг юм. Нөгөө талаасаа эцэг эх болсон хүмүүс хүүхдийн эрх зүйн бүрэн чадамжтай болох хүртэлх бүхий л үйл ажиллагааг хариуцаж, өсгөх, сурах гэх мэт тус хүүхдийн эрхийн хангамжийг хангах ёстой.

Гэвч амьдрал дээр эцэг эхчүүд өөрийн хүүхдийн иргэн болсон, шийдвэр гаргах чадамжтай болсон зэргийг үл хамааран өөрсдийн үзэл бодлоо тулгасаар байдаг. Бидний хамгийн сайн мэддэг жишээ бол мэргэжил сонголтод нөлөөлөх байдал юм. Иргэн хүн өөрийн ирээдүйн мэргэжлийг сонгох үед эцэг эхийн нөлөөлөл ихээхэн түрэмгий байдлаар орж ирснээс болоод хүсээгүй мэргэжлээ сонгох тохиолдол цөөнгүй гардаг. Мөн дээрх кинонд өгүүлдгээр "Чиний ирээдүйг би шийдэх болно" хэмээдэг хэсэг ч гардаг. Таны төрүүлж, өсгөсөн хүүхэд байж болно. Гэхдээ энэ нь та тухайн хувь хүний бүхий л асуудлыг шийдэх, сонголтод нөлөөлөх ёстой гэсэн үг биш.

Насанд хүрсэн иргэн та хүүхдэд зөв үлгэр дуурайлал болох хэрэгтэй ч, өөрийн нас эсвэл статусынхаа үүднээс нөлөөлөх, дарамт учруулах эрхгүй.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn