Ахмадын асрамжийн газар бол хорих байгууллага биш

Эцэг эхийнхээ ачийг хариулах, асарч халамжлах тухай нүүдлийн соёлын хүрээнд тохирдог байсан хэвшмэл үйлдэл, үзэл өнөө үед тохирохоо больжээ. Үүнийг бид ойлгох хэрэгтэй.
Ахмадын асрамжийн газар бол хорих байгууллага биш

Монголчууд бид асрамжийн газрын тухай сөрөг үзэл бодолтой ард түмэн билээ. Ахмадын асрамжийн газрыг эсэргүүцэх төдийгүй эцэг эхтэйгээ хамт амьдарч, ачийг нь хариулна гэж ярих нь түгээмэл. Өнгөрсөн жилийн 12 дугаар сард news.mn сайтад нийтлэгдсэн ахмадын асрамжийн газрын тухай нийтлэлийн гарчиг нь Үрдээ "хаягдсан" ахмадууд. Мөн 2019 онд gogo.mn сайтад нийтлэгдсэн нийтлэл "Гадаа нарлан хөзөр тоглож, банзан гитараа дарж, хууч хөөрсөн ахмадууд хэнийг ч юм хүлээсэн мэт харцаар биднийг угтав" гэж эхэлдэг. Хэвлэл мэдээллийн салбарт ахмадын асрамжийн газрын өнгө төрхийг тодорхойлох нэгэн төрлийн хэвшмэл үзэл тогтсон байгааг эндээс анзаарч болно. Түүнчлэн уншигчид ч энэ байдлаар хүлээн зөвшөөрдөг болсон биз.

Буруутгах аргагүй. Урьд нь Батсүмбэр дэх ахмадын асрамжийн газар хүнд нөхцөлд ажилладаг байсан нь үнэн. Барилга тохижилт муутай, асаргаа үйлчилгээний чанар тааруу байсны дээр монголчуудын амьдралын хэвшилд цоо шинэ зүйл байсан учир ахмадууд хаягдсан мэт мэдрэмжтэйгээр амьдардаг байсан гэлцдэг. Үр хүүхдэдээ гай болохгүй гээд явсан буурай үр хүүхдээ голдоо ортол санадаг байсан тухай ярилцлага ч бий.

2013 онд sonin.mn сайтад нийтлэгдсэн нийтлэлд "Арав гаруй жилийн өмнө намайг сурвалжлах ажлаар очиход нөхөөстэй дээл өмссөн хэдэн хөгшин хүний гар дагуулан харж, зутруухан амьдарч байсныг тод санах юм" гэсэн өгүүлбэр үзэгдэх бөгөөд 2000-аад оны эхэн үеийн хүнд нөхцөл байдлыг нийтлэл гэлтгүй тэр үеийн бүх хүмүүс гадарлана.

Манай улсад ахмад настан, тусгай хэрэгцээт иргэдийг асрах төрөлжсөн асрамжийн, төрийн болон хувийн 12 газар ажиллаж, нийт 386 ахмад настан, тусгай хэрэгцээт иргэд асруулж байна. Орон нутагт Увс, Баян-Өлгий, Ховд, Хөвсгөл, Дорнод, Дорноговь, Баянхонгорт тусгайлсан асрамжийн төв үйл ажиллагаа явуулж байна. Нийслэлд хувийн хэвшлийн оролцоотой асрамжийн 4 төв ажиллаж байгаа талаар montsame.mn сайтаас мэдээлсэн байна.
https://gogo.mn/r/0mx22

Харамсалтай нь хуулийн хүрээнд Ахмадын асрамжийн газрыг эерэг байдлаар тусгаж өгсөн зүйл байдаггүй юм билээ. "Ахмад настны тухай хуулийн" 2-р бүлэгт “Ахмад настанд үзүүлэх үйлчилгээнд асрамжийн үйлчилгээ багтана” хэмээн заасан байдаг. Энэ нь төрөөс ахмадын асрамжийн газрын төсөв, санхүүжилтийн тодорхой хувийг эсвэл бүгдийг нь хариуцан ажиллах тухай тодорхойлж буйг илтгэнэ.

Харин "Нийгмийн халамжийн тухай хуулийн" 4-р бүлэгт төрөлжсөн асрамжийн үйлчилгээнд хамруулах иргэдийг дараах байдлаар тодорхойлон заасан байдаг. Үүнд:

  • Тэжээн тэтгэх хүүхэдгүй, бие даан амьдрах чадваргүй ганц бие

  • Тэжээн тэтгэх хүүхэд нь ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэйн улмаас дэмжлэг, туслалцаа үзүүлэх чадваргүй,

  • Тэжээн тэтгэх үүрэгтэй этгээд нь тухайн ахмад настны эсрэг хүчирхийлэл үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнд хамрагдах боломжгүй ахмад настан;

  • Мэргэжлийн үйлчилгээ, тусгай нөхцөл шаардагдсан

  • Тэжээн тэтгэх хүүхэдгүй, бие даан амьдрах чадваргүй ганц бие хөгжлийн бэрхшээлтэй иргэн.

Энэ хуулийн заалтууд зүйтэй боловч хамрах хүрээ нь хязгаарлагдмал байдалтай байгааг нуух юун. Бид нүүдлийн соёлоос салж суурин соёлтой болж байгаа хэдий ч ийм хуультай учраас эцэг эх, ахмадуудаа асрамжийн газар амьдруулах сонирхолгүй байдаг биз.

Монголчуудын дунд "Нэр хугарахаар яс хугар" гэсэн хэлц үг бий. Бүх зүйл энэ зүйр үгтэй холбоотой гэж хэлэхгүй ч ахмад настнаа асрамжийн газарт асруулах нь дээрх хуульд зааснаар туслалцаа, дэмжлэг үзүүлэх боломжгүй буюу бидний хэлж заншсанаар "Эцэг эхийнхээ тусыг мэддэггүй арчаагүй амьтан" болох учир бид үл ойлголцол, маргаан, салалт зэргээ ч тэвчээд хамт амьдарсаар л байдаг. Харин ахмад буурлууд маань үр хүүхдийг маань муу хэлэх вий гэсэндээ үл ойлголцол, ганцаардал, гомдол, өөрийгөө буруутгасан мөч болгоноо тэвчээд л байгаад байдаг.

https://www.1212.mn/Stat.aspx?LIST_ID=976_L03&type=description

Батсүмбэр дэх улсын ахмад настны үндэсний төвд 2021 оны 12 дугаар сарын байдлаар 160 ахмад настан асруулж, 116 ажилтан ажилладаг гэсэн тоо бий. Гэтэл дээрх хүн амын нас хүйсийн байдлыг харвал ахмад насны буюу тэтгэвэрт гарсан 400 гаруй мянган хүн бий. Харамсалтай нь улсын асрах газар тун цөөхөн бөгөөд хувийн хэвшлийн асрах газартай нийлээд ч нийт ахмадуудын 1%-д ч хүрэхгүй хүртээмжтэй.

Монголд ийн ахмадын асрах газрын хүртээмжтэй байдал муу байдаг учир бидний амьдралын хэвшил өмнөх үеэсээ өөрчлөгдөөгүй ч гэсэн таамаглал байна.

Мөн 2021 онд montsame.mn сайтад нийтэлсэн нийтлэлд “Нийт асруулагч нарын 41%-д нь артерийн даралт ихсэх өвчин, 60%-д нь тархи судасны өвчлөл, судасны хатуурал, 25%-д нь харвалтын дараах үлдэц байна. Энэ нь цаашид зүрхний шигдээс, тархинд цус харвах эрсдэл өндөр байна. Дотрын үзлэгт зонхилох хувийг архаг нойр булчирхай, элэг, ходоодны үрэвсэл эзэлж байна. Мөн насжилттай холбоотойгоор оюуны чадамж, бүтээмж буурах, сонсгол муудах эмгэг түгээмэл байгаа” хэмээн дурдсан байдаг. Үүнээс үзэхэд ахмадууд ямар нэгэн эрүүл мэндийн шалтгаантай, зарим нь хавсарсан өвчлөлтэй байгааг харж болно. Эндээс дүгнэхэд ахмад настай хүмүүсийн ахраг хууч өвчнөөр өвчлөх магадлал өндөр байдаг гэж үзэж болохоор байна.

https://news.mn/r/124397/

Дэлхийн жишиг

Хөгжингүй орнууд дундаас Шведийг онцлохыг хичээлээ. Швед бол ахмадын асрамжийн газрын хөгжлөөрөө дэлхийд нэгт бичигддэг орон юм. Зөвхөн асрамжийн газар гэлтгүй ахмадуудад зориулсан үйл ажиллагаа ихтэй бөгөөд тэдэнд чиглэсэн бодлого, үйл ажиллагааны түвшин, хөгжил өндөртэй.

Шведийн жишээнээс олж харах боломжтой гол санаа бол үр хүүхэд нь заавал муу нэр зүүх эсвэл асрамжийн газар байгаа ахмадууд гунигтай, сэтгэл дундуур, зовж шаналсан байдалтай үр хүүхдээ хүлээж суудаггүй гэх санаа юм. Монголд асрамжийн газрын хүлээж авч буй ахмадуудын ихэнх нь үр хүүхэдгүй, асран халамжлах хүнгүй, үр хүүхэд нь архины хамааралтай, үр хүүхдэдээ төвөг удахгүй гэх шалтгаанаар өөрсдөө ирцгээсэн байдаг. Та эндээс нэг л зүйлийг ойлго. Асрамжийн газар байгаа хөгшчүүдийн үр хүүхэд ямар ч нөхцөлд байж болно.

Бид ахмадын асрамжийн газрыг ийм дүр төрхтэй бүтээчихээд сөрөг дүгнэлт өгөөд суугаад байж болохгүй. Өнөөдөр асрамжийн газар үр хүүхдийнхээ санаачилгыг өөрөө дэмжээд үеийнхэнтэйгээ жаргалтай байх гэж ирсэн ахмад настан байхгүй л болов уу.

Бусад улсын сайн жишгээс суралцахаас гадна өөрсдийн соёл, амьдралын хэвшилд илүү тохирсон бодлогыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Бид заримдаа эцэг, эхтэйгээ л хамт байх сайхан гэж ярьдаг. Гэхдээ эцэг эх минь жаргалтай байгаа болов уу гэж боддоггүй. Бид нийгмийн амьдралын хэвшлээс дагаад өглөө гараад орой ирдэг, хүүхдүүд маань ч ялгаагүй өглөө гараад хичээл дугуйлан гэсээр орой ирдэг. Гэтэл гэрт зурагтаар гарах эрээлжилсэн олон мэдээг сонсож, кино үзэж ганцаараа ярьсан буурай нар л үлддэг. Зуны халуун наранд гарах хэцүү, орцны шат хүртэл төвөгтэй санагдах ахмадууд ийм л замаар нийгмээс тусгаарлагддаг.

https://www.britannica.com/topic/nursing-home
https://www.nytimes.com/2020/10/08/world/a-wave-of-death-in-swedens-nursing-homes-has-exposed-holes-in-a-famously-generous-safety-net.html

Монголд ахмад настнуудыг нийгмийн харилцаанд оруулах илүү хүртээмжтэй институт бол ахмадын асрамжийн газар гэдгийг ойлгох цаг болсон. Хүн нас ахиж ажил хөдөлмөр хийхээ болих тусмаа нийгмийн харилцаанаас илүү алслагдаж, гүн сэтгэл гутралд ордог. Ахмад насны хүмүүсийн хувьд сэтгэл гутрал гэдэг гайхмаар зүйл биш байдаг гэнэ. Энгийнээр бодоход бид олон насны зөрүүтэй хүнтэй харилцахад асуудлууд тулгардаг шүү дээ. Яг үүнтэй адил ахмад настнуудад ч гэсэн хүүхдүүд болон ач зээ нартайгаа харилцахад асуудал тулгарсаар байдаг.

Ялангуяа, манай улс нийгмийн хоёр тогтолцоог туулсан учир үзэл суртлын ялгаа илүү ажиглагддаг. Залуу үеийн хүүхдүүд "Та нарын үе өөр бидний үе өөр” гэж ахмад настнуудад хэлэхийг сонсоогүй хүн цөөхөн биз. Энэ мэтчилэн үл ойлголцсон, ялгаатай үзэл суртлаас үүссэн бэрхшээлүүдийг арилгах арга зам бол зөв зохион байгуулалттай нийтээрээ хүлээн зөвшөөрсөн ахмадын асрамжийн газар, өдөр өнжүүлэх газруудыг бий болгох төрийн бодлого юм.

Санхүүжилтийг зөвхөн төрөөс гэлтгүй асран хамгаалагч буюу үр хүүхдүүдээс нь ч нэгтгэн төвлөрүүлэх боломжтой. Бид эцэг эхийнхээ ачийг хариулж байна гээд хажуудаа байлгахаас илүү нийгмийн нэг субъект гэдгийг нь мэдрүүлж амьдрах хэрэгтэй. Бага насны хүүхдийг гэрт нь үлдээхээс цэрвэж өдөр өнжүүлэхэд явуулдаг хэр нь яагаад ахмад настнуудаа орхидог билээ. Үр хүүхдээ цэцэрлэг, сургуульд явуулж бусадтай харилцаа холбоо тогтоохыг нь дэмждэг хэр нь яагаад ахмад буурлуудаа гэрт нь зурагт үзүүлээд орхих ёстой гэж?

Бид ахмадын асрамжийн газраа илүү хөгжүүлж асаргаа сувилгаа хийх, цаашлаад эмчилгээ үйлчилгээ үзүүлэх эрхтэй болгох, ахмадын өдөр өнжүүлэх төв бий болгож хөгшчүүдэд хүртээмжтэй томоохон институт байгуулах хэрэгтэй. Эцэг эхийнхээ ачийг хариулна, хайрлан хүндэлнэ гэдэг нь ганцаар нь зурагт үзүүлээд орхих харгис үйлдэл биш юм. Нүүдлийн соёлын хүрээнд тохирдог байсан хэвшмэл үйлдэл, үзлүүд өнөө үед тохирохгүй байгааг ойлгох хэрэгтэй.

Ахмадын асрамжийн газар бол хорих байгууллага биш.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn