Зээлийн мэдээллийн сангийн хэлбэр, томоохон компаниуд

Анхны зээлийн мэдээллийн компани хувийн хэвшил хэлбэртэйгээр XIX зуунд Англи, дараа нь АНУ, Швед, Герман зэрэг улсуудад үүссэн гэж үздэг бөгөөд өнөөдрийн байдлаар дэлхийн 200 гаруй оронд зээлийн мэдээллийн тогтолцоо бүрэлдэн бий болсон байна.
Зээлийн мэдээллийн сангийн хэлбэр, томоохон компаниуд
Credit Registries & Credit Bureaus

Зээлийн мэдээллийн сангийн хэлбэр

Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэгч институт - бидний нэрлэж заншсанаар “Зээлийн мэдээллийн сан (ЗМС)” нь олон улсад Улсын зээлийн бүртгэл (public credit registry), Хувийн зээлийн товчоо (private credit bureau) болон хосолсон хэлбэртэйгээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд манай улсын хувьд Зээлийн мэдээллийн тухай хууль-аараа хосолсон бүтэцтэй байхаар хуульчилсан байдаг.

Анхны зээлийн мэдээллийн компани хувийн хэвшил хэлбэртэйгээр XIX зуунд Англи, дараа нь Америкийн Нэгдсэн Улс (АНУ), Швед, Герман зэрэг улсуудад үүссэн гэж үздэг бөгөөд Дэлхийн банкнаас жил бүр эрхлэн гаргадаг Doing business 2020 оны тайлангаар дэлхийн 200 гаруй улсад зээлийн мэдээллийн тогтолцоо бүрэлдэн бий болсон талаар дурджээ. Хэлбэрээр нь харвал улсын ЗМС - 96 улсад, хувийн ЗМС - 115 улсад, хосолсон бүтэцтэй хэлбэр 44 улсад үйл ажиллагаагаа явуулж байна.

ЗМС-ийн хөгжлөө даган хувийн ЗМС арай өөр нэр ашиглаж эхэлсэн байна. Жишээ нь, АНУ Харилцагчийн тайлагналын агентлаг (consumer reporting agency), Их Британи Зээлийн лавлагааны агентлаг (credit reference agency), Австрали Зээлийн тайлагналын байгууллага (credit reporting body), Энэтхэг Зээлийн мэдээллийн компани (credit information company), Филиппин Тусгай хандалтын байгууллага (special accessing entity), Монгол Зээлийн мэдээллийн сан гэх мэт.

ЗМС-ийн хэлбэрүүд
ЗМС-ийн хэлбэрүүд

Зээлийн мэдээллийн ил тод, нээлттэй байдал нь эрсдэлийн оновчтой удирдлага, санхүүгийн тогтвортой байдал, зээлийн зах зээлийн үр ашгийг дэмждэг. Нөгөөтээгүүр өрсөлдөөнт зээлийн зах зээлд эдгээр нөлөөлөл нь зээлийн хүү буурч хэрэглэгчдэд ашигтай байдлыг үүсгэх боломжтой юм.

Олон улсад ЗМС-ийн программ хангамж хөгжүүлэгч томоохон байгууллагууд

Дээр дурдсан ЗМС-ийн үйлчилгээ үзүүлэгч компаниуд нь Финтек (FinTech-Financial Technology) буюу технологид суурилсан санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч бөгөөд их/том өгөгдлийг боловсруулах, бүтээгдэхүүн үйлчилгээ болгон тухайн улсын харилцагчид нийлүүлэх үндэстэн дамнасан томоохон компаниуд байдаг.

  • Experian – Ирланд улсын нийслэл Дублин хотод төвтэй тус компани Бразил, Их Британи, АНУ зэрэг 37 оронд үйл ажиллагаа явуулдаг. АНУ-ын 235 сая иргэн болон 25 сая гаруй ААН-ийн ойролцоогоор 1 тэрбум гаруй зээлийн мэдээллийг нэгтгэдэг. Тус компани нь ойролцоогоор 17,000 ажилтантай бөгөөд 2018 онд 4.6 тэрбум ам.долларын борлуулалт хийсэн.

  • Equifax Inc. - АНУ-ын Атланта хотод төвтэй, дэлхий даяар нийт 800 сая иргэн болон 88 сая гаруй ААН-ийн зээлийн мэдээллийг цуглуулж, нэгтгэдэг. Тус компани нь Америк, Европ болон Ази Номхон далайн 24 оронд хөрөнгө оруулалт хийдэг, нийт 10,000 гаруй ажиллагсадтай, жилд ойролцоогоор 3.1 тэрбум ам.долларын борлуулалт хийдэг.

  • TransUnion - АНУ-ын Чикаго хотод төвтэй, 30 гаруй орны 1 тэрбум гаруй иргэн, ААН-ийн мэдээллийг цуглуулж, нэгтгэдэг. Тус компани нь нийт 65,000 гаруй хэрэглэгчтэй бөгөөд 2014 онд 1.3 тэрбум ам.долларын борлуулалт хийсэн

  • CreditInfo - Исланд улсад төвтэй, нийт 33 оронд зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхэлдэг компани юм. 2020 оны байдлаар тус компанид нийт 450 гаруй хүн ажиллаж байна.

  • CRIF - Итали улсын Болонья хотод 1988 онд байгуулагдсан, зээлийн товчоо, бизнесийн мэдээлэл, аутсорсинг болон мэдээлэл боловсруулах үйлчилгээгээр мэргэшсэн компани юм. Одоогийн байдлаар нийт 35 гаруй оронд үйл ажиллагаа явуулж байна.

Харин Монгол Улсад шинээр байгуулагдсан хувийн ЗМС-ийн компаниуд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, чанарын стандарт хангасан технологи, үйлчилгээ ашиглах уу, эсвэл дотооддоо хөгжүүлэлт хийсэн технологиор зээлийн мэдээллийн үйлчилгээг иргэд, байгууллагууддаа санал болгох уу?

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn