Зээлийн мэдээллийн сангийн хөгжлийн дараагийн үе

Монголбанк зөвхөн тусгай зөвшөөрөл олгосон хоёр компанитай харилцана. Харин тусгай зөвшөөрөлтэй компаниуд мэдээлэл нийлүүлэгч нартайгаа мэдээлэл солилцох байдлаар ажиллана. Зээлийн мэдээллийн лавлагаа, бусад шинээр гарах бүтээгдэхүүн үйлчилгээнүүд "төлбөртэй" болно!
Зээлийн мэдээллийн сангийн хөгжлийн дараагийн үе
Venture Beat

Өмнөх нийтлэлд одоогийн Монголбанкны Зээлийн мэдээллийн сан (ЗМС)-ийн үйл ажиллагааны талаар цухас дурдсан бол энэ удаа илүү дэлгэрүүлж, мөн тусгай зөвшөөрөлтэй байгууллага, тэдний үйл ажиллагааны талаар тодруулж харцгаая.

2022 оны 5 дугаар сарын 24-ний байдлаар:

  • Арилжааны 14 банк

  • Банк бус санхүүгийн 545 байгууллага

  • Хадгаламж зээлийн 259 хоршоо

  • Даатгалын 17 компани,

  • Зээлийн батлан даалтын сан

  • Монголын ипотекийн корпорац

  • Төрийн яам, агентлагуудын дэргэдэх сангууд

  • Нийгмийн даатгал, лизинг, харилцаа холбооны компаниуд болон хуульд заагдсан бусад хуулийн этгээд ЗМС-д мэдээлэл нийлүүлдэг, эргээд лавлагаа хэлбэрээр мэдээлэл авдаг байна.

ЗМС-ийн өгөгдлийг нэмэгдүүлэх нь чухал ч харилцаа холбоо, гааль, татвар, нийгмийн даатгалаас "өр төлбөр"-ийн мэдээлэл нийлүүлэх нь зөв үү?

Тэгэхээр дээр дурдсан байгууллагууд Монголбанктай шууд харьцдаг байсан бол энэ үүргээ хувийн хэвшилд шилжүүлэв. Ингэснээр зээлийн мэдээллийн лавлагаа авах хэрэгцээт байгууллагууд "тусгай зөвшөөрөлтэй компаниуд"-тай шинээр, дахин гэрээ байгуулж зээлийн мэдээллийн үйлчилгээ авна гэсэн үг.

Цаашид Монголбанк тусгай зөвшөөрөл олгосон хоёр компанитайгаа, харин тусгай зөвшөөрөлтэй компаниуд бусад оролцогч талуудтай мэдээлэл солилцох байдлаар ажиллана.

Хэрвээ та анзаарсан бол И-Монголиа төсөл зээлийн мэдээллийн лавлагааг мөн цахимаар олгож байгаа ч тусгай зөвшөөрөлтэй компаниудын үйл ажиллагаатай зөрчилдөх асуудал үүсэх боломжтой харагдаж байна.

Зээлийн мэдээллийн сангийн лавлагаа, бусад шинээр гарах бүтээгдэхүүн үйлчилгээнүүд "төлбөртэй" болно

Зээлийн мэдээллийн тухай хуулийн 12 дугаар зүйлд Үйлчилгээний хөлс гэсэн заалт бий. Товчхондоо, таны зээл, төлбөрийн мэдээлэл “лавлагаа, тайлан, скоринг, анхааруулга, зөвлөмж...” гэх мэт бүтээгдэхүүн үйлчилгээ болон танд эсвэл санхүүгийн үйлчилгээ үзүүлэх компаниудад эргэн очихдоо тодорхой хэмжээний төлбөртэй болно гэсэн үг.

Нөгөө талдаа иргэн болон аж ахуйн нэгжийн зээл, төлбөрийн талаарх мэдээлэл нь маш нууц ангилалд багтах бөгөөд зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээд нь мэдээллийн аюулгүй байдлыг хангах, нууцлалыг хадгалах мэдээллийн систем, программ хангамжийг бүрдүүлж, холбогдох стандартыг нэвтрүүлэх шаардлагатай.

Тун удахгүй тусгай зөвшөөрөлтэй компаниуд үйл ажиллагаагаа албан ёсоор эхэлж зээлийн мэдээллийн үйлчилгээгээ эхлэх бололтой. Харин тухайн компаниуд стандарт, шаардлагуудыг хэр сайн хангаж зээлийн мэдээллийн лавлагаа олгох, төлбөр, бусад тайлан, скорингийн бүтээгдэхүүнүүд дараагийн ахисан шатанд гарч чадах эсэхийг дэнсэлж эхлэх нь ээ.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn