Зээлийн мэдээллийн сангийн тухай

Зээлийн мэдээллийн сангийн (ЗМС) голлох бүтээгдэхүүн бол зээлийн оноо (credit scoring) бөгөөд үүний суурь философи нь зээлдэгч алдаа гаргаж болно, алдаагаа засаж болно, бүүр сайн ч болж өөрчлөгдөх боломжтой гэдэг.
Зээлийн мэдээллийн сангийн тухай
Зээлийн онооны хүрээ (Credit score range)https://www.clearcoastdebt.com

"Зээлдэгчид муу, хугацаа хэтэрсэн зээлийн түүхтэй байсан ч зээл авах боломжийг ЗМС бүрдүүлэх учиртай"

Бидний сайн мэдэхээр банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, өөр бусад зээлийн үйлчилгээ үзүүлэгч компани, финтекүүдэд зээл авахаар хандахад онцгойлон чухалчилж шалгадаг зүйл бол Монголбанкны зээлийн мэдээллийн сан (ЗМС)-ийн лавлагаа”. Хэрэв таны лавлагаанд ямар нэгэн “хугацаа хэтэрсэн эсвэл муу зээл, төлбөрийн үлдэгдэл” байх юм бол тухайн зээлдүүлэгч танд зээл өгөх шийдвэрээ бараг л тэр дор нь “үгүй” гэдэг хариу өгнө. Тэгээд л бид өндөр хүү, хувьтай ломбард юм уу өөр байгууллага руу явахаас өөр сонголтгүй болдог. Тийм үү?

Зээлийн мэдээллийн тухай хуульд зээл, “төлбөр”-ийн мэдээлэл нийлүүлнэ гэж заасны дагуу татвар, нийгмийн даатгал, гааль, эрчим хүч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын өр, төлбөртэй холбоотой мэдээлэл нийлүүлэгдээд зогсохгүй сүүлдээ үүрэн телефоны оператор, сургалтын төрийн сан, дараа нь ямар ч байгууллагад ямар мэдээлэл нийлүүлэгдэхийг бид таашгүй.

  • Монголын ЗМС-ийн хөгжлийн үе шат хаана явна вэ. Юуг анхаарах ёстой вэ?

  • Тэгвэл ЗМС ийм зарчмаар ажиллах нь зөв үү. Таны лавлагаанд дурдагдсан ганц хугацаа хэтэрсэн эсвэл муу зээлээс болоод танд зээл олгохгүй байх үндэслэл болох уу?

Дэлхийн стандарт

Олон улсын зээлийн мэдээллийн тогтолцоо нь төр болон хувийн хэвшил хосолсон бүтэцтэй байдаг. Харин манайд 2021 оны 10 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл улс буюу төрийн мэдэлд байж байгаад “Зээлийн мэдээллийн тухай хууль” болон “Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлийн журам”-ын дагуу анх удаа хувийн хэвшилтэй хамтарсан хосолсон бүтэцтэй болсон юм. Одоо л хөгжлийн шатандаа гарав уу гэтэл ЗМС хувийн хэвшилтэй хамтарснаар бий болдог давуу талууд бий болсонгүй.

Товчхондоо, Зээлийн мэдээллийн сан буюу товчооны (Credit information bureau) үйлчилгээ ганц лавлагаагаар хязгаарлагддаггүй. Үүнээс гадна зээлийн оноо (credit scoring), зээлийн тайлан (credit report), анхааруулгын систем (alarming system) гэх мэт олон төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх боломжтой. Гэтэл Монголбанк өнөөдрийг хүртэл ЗМС-нд байгаа их өгөгдлөөсөө (large data) иргэд, аж ахуй нэгжүүдэд лавлагаа л арай гэж гаргаж (агуулагдаж буй мэдээлэл нь бас бүрэн бус) өгдөг.

ЗМС-ийн голлох бүтээгдэхүүн бол зээлийн оноо (credit scoring) бөгөөд зээлдэгч та алдаж болно, алдаагаа засаж болно, бүүр сайн ч болж өөрчлөгдөх боломжтой гэдэг философитой. Өөрөөр хэлбэл, зээлдэгчид муу, хугацаа хэтэрсэн зээлийн түүхтэй байсан ч зээл авах боломжийг бүрдүүлэх зорилготой юм.

Цаашид

Юутай ч Монголбанк Зээлийн мэдээллийн тухай хууль батлагдсанаас хойш 18 жилийн дараа “Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлийн журам”-аа баталж, 20 жилийн дараа улсын болон хувийн хэвшил хосолсон хоёр шатлалт бүхий зээлийн мэдээллийн бүтэцтэй болсон учир тусгай зөвшөөрлөө 2 компанид олгоод байна.

ЗМС-ийн эрүүл хөгжил нь эдийн засгийн өсөлтийг дэмжих, зээлийн эрсдэлийг бууруулах, зээлийн үйл ажиллагааны зардлыг бууруулах дээр нэмээд зээлийн хүү буурах боломжийг бүрдүүлэх, мэдээллийн тэгш бус байдлыг бууруулах, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх гээд олон давуу тал, боломжийг иргэд, аж ахуй нэгжүүдэд олгодог юм.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn