Монголбанкны зээлийн мэдээллийн лавлагааг шинжлэхүй

Та зээлийн мэдээллийн лавлагаа гэх нэртэй хуудсыг хэвлээд эсвэл зургийг нь аваад сайтар шинжээд үзээрэй. Таны мэдээлэлд алдаа эсвэл эргэлзээтэй зүйл илэрвэл та засаад зээл авахад илүү дөхөм болох ч юм билүү.
Монголбанкны зээлийн мэдээллийн лавлагааг шинжлэхүй
www.wesselcpa.com

Зээлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагаас зээл авахаар хүсэлт гаргаж байгаагүй Монгол хүн хайгаад олъё гэвэл өвсөн дотроос зүү эрэхтэй адилхан бэрх болов уу. Тэгвэл зээлийн хүсэлт гаргахад зээлийн эдийн засагчийн хамгийн түрүүнд муу, хугацаа хэтэрсэн зээлийн түүхтэй эсэхийг асуудаг. Ихэнх хүмүүс түгдрэлгүй "ҮГҮЙ" гээд шуудхан хариулахыг хичээнэ, та ч бас.

Танд өөрөөсөө мөнгө зээлэх гэж буй мэт ширүүхэн царай гаргасан зээлийн эдийн засагч одоохон шалгаадахъя гээд Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн (ЗМС) зээлийн мэдээллийн лавлагаа гэсэн хуудсыг гарган ирж танд харуулна. Бичвэрийн сэдэв "Монголд зээл авахад хэр хүнд вэ?" биш учир энэ яриаг энд хүргээд дуусгая, магадгүй дараа жаахан дэлгэрүүлээд зовлонгоо хамтдаа хуваалцаж болох юм. Харин одоо энэхүү зээлийн мэдээллийн лавлагааны мөр бүрд ямар мэдээлэл агуулагддаг талаар анхаарлаа хандуулцгаая.

Зээлийн мэдээллийн лавлагаа
Зээлийн мэдээллийн лавлагааwww.burenscore.mn

Монголбанкны одоогийн Зээлийн мэдээллийн лавлагаа

Баганын дээр иргэн бол овог, нэр, аж ахуй нэгж бол оноосон нэр болоод регистрийн дугаар байдаг. Энэ хэсгийг сайтар нягтлах шаардлагатайг бүү мартаарай.

Жич: Нэр нь "зээлийн мэдээллийн лавлагаа" боловч Зээлийн мэдээллийн тухай хуульд бусад өр төлбөрийн талаарх мэдээллийг ч оруулж байхаар зохицуулагдсан байдаг. Одоогоор зээлээс бусад ямар ямар мэдээлэл нийлүүлэгддэг талаар энд дарж лавлаарай.

  • I багана: Таны өнөөдрийг хүртэл авсан зээл эсвэл өр төлбөрийн тоо

  • II багана: Зээл эсвэл өр төлбөрийн төрөл. Бидний сайн мэдэх ипотек, цалин, хэрэглээ, автомашин, бизнес, лизингийн зээл гэх мэт гарчигтай байх боломжтой ч өнөөдрийг хүртэл Монголбанк энэ хөгжүүлэлтээ хийж чадаагүй л байгаа юм.

  • III багана: Таны авсан зээл болон өр төлбөрийн эргэн төлөх валютын нэр

IV-VII баганын мэдээллийг тайлбарлах шаардлагагүй биз ээ.

  • IV багана: Анх олгосон зээлийн хэмжээ

  • V багана: Олгосон огноо

  • VI багана: Төлөгдөх огноо

  • VII багана: Төлөгдсөн огноо

  • VIII багана: Үндсэн зээлийн үлдэгдэл буюу анх олгосон зээлээс өнөөдрийг хүртэл төлөөд үлдсэн зээлийн үлдэгдэл

  • IX багана: Зээлийн ангилал. Энэ бол биднийг зээл авахад хамгийн ихээр тушаа болдог хэсэг гээд хэлчихэд хилсдэхгүй болов уу...

Иргэн, аж ахуй нэгж аль нэг зээл олгодог байгууллагаас зээл аваад төлөгдөж дуусах хугацаа хэтэрсэн эсэхээс хамаарч доорх байдлаар зээлдэгчийн зээл болон өр төлбөрийг ангилдаг байна. Үүнд:

  1. Эргэн төлөлтийн хугацаа хэтрэлт 15 хүртэл хоног - Хэвийн

  2. 90 хүртэл хоног - Анхаарал хандуулах /хугацаа хэтэрсэн/

  3. 91-180 хоног – Хэвийн бус

  4. 181-360 хоног – Эргэлзээтэй

  5. 361-с дээш хоног – Муу

Дэлгэрэнгүй үзэх бол дараах журмуудтай танилцана уу. Банк болон Банк бус санхүүгийн байгууллага (ББСБ).

Тэгэхээр лавлагааны энэ хэсгийг нөгөөх ширүүн царайтай зээлийн эдийн засагч анхааралтай хараад л таны зээлийг үргэлжлүүлэн судлах эсэх талаар хариулт өгнө дөө.

  • X багана: Энэ багана хоёр хуваагдсан байх бөгөөд таны зээлийн барьцаанд тавьсан хөрөнгийн дэлгэрэнгүй мэдээллийг агуулах хэдий ч мэдээллээ гаргаж чадахгүй байсаар байгаа юм.

  • XI багана: Танд зээл олгосон эсвэл таны өр төлбөрөө төлж барагдуулах байгууллагын нэр байна. Энэ хэсэг мөн л асуудалтай.

  • XII багана: Эцэст нь сүүлийн багана, тайлбар хэсэг. Яг юу байх талаар би ч мэдэхгүй, та ч гадарлахгүй байгаа байх. Гэхдээ Монголбанкны ЗМС болоод зээлийн үйлчилгээ үзүүлэгч компани хоорондын мэдээлэл солилцох протоколд юу бичих нь тусгагдсан байдаг ч төдийлөн ашиглах шаардлагагүй талбар гээд бодчихъё.

Та дараа зээлийн мэдээллийн лавлагаа гэх энэ хуудсыг хэвлээд эсвэл зургийг нь аваад сайтар шинжээд үзээрэй, таны мэдээлэл алдаатай эсвэл эргэлзээтэй зүйл илэрвэл та засаад зээл авахад илүү дөхөм болох ч юм билүү, амжилт хүсье.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn