Зээлийн мэдээллийн сан олон улсад хэрхэн ажилладаг вэ?

Монголбанкны зээлийн мэдээллийн сан (ЗМС) “зээлийн мэдээллийн лавлагаа” гэх ганцхан төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Харин олон улсад уг сан "зээлийн тайлан", "зээлийн оноо", "зээлийн хяналт", "анхааруулгын систем" гэх мэт олон төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээл, харилцагчдадаа санал болгодог ажээ.
Зээлийн мэдээллийн сан олон улсад хэрхэн ажилладаг вэ?

Хэрэглээний зээлийн зах зээл өргөжихтэй зэрэгцэн бизнесээ өргөжүүлэх эрмэлзэлтэй, төлбөрийн тодорхой түвшний чадвартай зээлдэгчид санхүүгийн байгууллагуудад хандаж зээлийн хүсэлт гаргах болов. Нөхцөл байдал эхэндээ хэвийн үргэлжилж, зээлийн олголт болон эргэн төлөлт хэвийн явагдаж байсан ч урт хугацаандаа зээлдэгчийн зээлийн эрсдэл бодит асуудал үүсгэсэн юм.

Тухайлбал, нэг зээлдэгч олон газраас зэрэг зээл авах боломжтой бөгөөд тэдний зээлийн түүхийн мэдээллийг олж авах, шинжилгээ хийх, шийдвэр гаргалтад ашиглах процесс нь хугацаа ихээр шаардсан, зардал ихтэй, төвөгтэй асуудал болсон. Ингэснээр түүхийг нь яривал зээлдэгчийн зээлийн түүхийн талаарх бүрэн бус, хангалтгүй мэдээллээр зээлээ эргэн төлөх магадлалыг тооцоолох, эрсдэлийг үнэлэх боломжгүй байсаар 1800 оныг угтлаа.

Гэтэл 1837-1840 оны хооронд үргэлжилсэн санхүүгийн томоохон хямрал АНУ-ыг элгээр нь хэвтүүлсэн (The Panic of 1837). Үүний шалтгааныг тухайн үед явуулж байсан зээлийн бодлого, шийдвэрүүдтэй холбон тайлбарладаг бөгөөд энэхүү хямралын дараагаар арилжааны зээлийн тайлангийн анхны байгууллагууд бий болж, 1850-аад он гэхэд кодлогдсон лавлах номыг (coded reference books) бөөний худалдаачид, мерчантууд, банк болон даатгалын компаниуд хамтдаа ашиглах боломжтой болсон байна.

Ийнхүү зах зээлийн хэрэгцээ шаардлагын дагуу зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага зээлдэгчдийн зээлийн мэдээллийг цуглуулан их өгөгдөл (big data) үүсгэн, түүнийгээ боловсруулан олон төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нийлүүлж эхлэв...

Өнөө үед дэлхийн дийлэнх улс орны банк, санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулалт, зээлийн үйлчилгээ үзүүлэгч компаниуд зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагаар дамжуулан өөр хоорондоо зээлдэгчдийн зээлийн түүхийн мэдээллийг тогтмол горимоор солилцох, дүн шинжилгээ хийх, шийдвэр гаргалтад шууд нөлөөлөхүйц бүтээгдэхүүн үйлчилгээг ашигладаг болсон байна.

Зээлийн мэдээллийн тогтолцооноос үүссэн бүтээгдэхүүн үйлчилгээ

Өнөөдөр Монголбанкны зээлийн мэдээллийн сан зээлдэгч болон зээлдүүлэгчид “зээлийн мэдээллийн лавлагаа” гэх ганцхан төрлийн үйлчилгээ үзүүлж байгаа юм. Харин олон улсад "зээлийн тайлан", "зээлийн оноо", "зээлийн царцаалт", "зээлийн хяналт" гэх мэт олон төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгодог аж.

www.mongolbank.mn, www.fico.com, www.transunion.com, www.experian.com, www.equifax.com, www.innovis.com
  • Зээлийн мэдээллийн лавлагаа: Зээлийн мэдээллийн сангаас цахим болон бичгийн хэлбэрээр хэрэглэгчид өгөх зээлийн мэдээлэл болон зээлийн түүхийн мэдээлэл. /Зээлийн мэдээллийн тухай хуульд тусгаснаар/ Тайлбар: Олон улсад лавлагаа-тайлан гэж нэрлэж заншсан бололтой.

  • Зээлийн тайлан (credit report): Зээлдэгчийн зээлийн мэдээллийн түүхийг агуулсан дэлгэрэнгүй тайлан бүхий баримт бичиг.

  • Зээлийн оноо (credit score): Зээлдэгчийн зээлийн мэдээллийн түүхэнд математик, статистик арга аргачлал ашиглан зээлжих чадвар, зээлийн эрсдэлийн үнэлгээ хийх систем.

  • Зээлийн царцаалт (freeze credit): Аюулгүй байдлын хязгаарлалт гэж өөрөөр нэрлэдэг энэхүү үйлчилгээ нь таны зөвшөөрөлгүйгээр зээлийн тайланд хандах хандалтын хязгаарлалтыг хэлдэг.

  • Зээлийн хяналт (credit monitoring): Зээлдэгч зээлийн тайлан, оноогоо хянах, тодорхойгүй өөрчлөлт орох, ангилал шилжих зэрэг үед сэрэмжлүүлэг өгдөг үйлчилгээ.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn