Үнэт цаасны мэдлэг №2: Хэрхэн үнэт цаастай болох вэ?

Үнэт цаас худалдаж авах хэр амархан гэдгийг хэдхэн минут зарцуулж, олж мэдээрэй.
Эх сурвалж: Getty Images
Эх сурвалж: Getty Images

Хөрөнгө оруулалт нь хүн төрөлхтний түүхэнд гарч ирсэн томоохон амжилт, ололтын жишээ юм. Учир нь хөрөнгө оруулагч нар үүний тусламжтай хөрөнгө, чинээгээ нэмэгдүүлж, эдийн засгийн ухааныг ойлгох алхамд орсоор байдаг. Тэгвэл энэ удаагийн "Үнэт цаасны мэдлэг" цувралын удаах дугаартаа хэрхэн үнэт цаас худалдаж авах буюу үнэт цаасанд хөрөнгө оруулалт хийх талаар тайлбарлая.

Монголчууд бидний дунд цэнхэр, ягаан тасалбарын талаар сонсоогүй хүн ховор билээ. Энэхүү тасалбарууд нь үнэт цаасны төрөл тэр дундаа хувьцаа бөгөөд хэрэв танд байгаа бол та үнэт цаастай гэсэн үг юм. Мөн хамгийн сүүлд олны анхаарлын төвд орсон 1072 хувьцааны талаар дурдах нь зүйтэй. Гэвч эдгээр хувьцаанууд нь улсаас иргэдэд тараасан үнэт цаас ба иргэд өөрсдийн сонирхол, хүсэл эрмэлзлээр үнэт цаастай болсон гэсэн үг биш ажээ.

Хэрхэн үнэт цаастай болох вэ?

Үнэт цаастай болно гэдэг нь интернэтээс бараа захиалж авахаас арай өөр зүйл юм. Худалдаж авсан хувцасны дийлэнх нь он цаг өнгөрөх тусам муудаж, ганддаг бол үнэт цаас харин ч эсрэгээрээ илүү үнэ цэнтэй болж, хөрөнгө оруулалтын өгөөжийг нэмэгдүүлэх талтай байдаг. Үнэ цэн нэмэгдсээр байх үнэт цаастай болоход танд ердөө 4 энгийн алхам л хэрэгтэй.

1.Брокер, дилерийн компанид данс нээлгэ

Өмнө нь хэлсэнчлэн үнэт цаас авах нь дэлгүүрээс хувцас авахаас тэс өөр. Та хувцас авахдаа дурын дэлгүүрээс хүссэнээрээ авдаг бол үнэт цаас авахад танд зуучлагч байгууллага хэрэгтэй. Тухайн зуучлагч байгууллага нь албан ёсны эрхтэйгээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд үнэт цаасны данс нээж өгнө. Ингэснээр та үнэт цаас авах боломжтой болдог аж. Хэрэв та үнэт цаасны данстай эсэхээ мэдэхийг хүсвэл энд дараарай. Мөн дурын Үнэт цаасны компани дээр данс нээлгэх боломжтой гэдгийг санах хэрэгтэй.

2.Хөрөнгө оруулах гэж буй үнэт цаасаа судал

Үнэт цаасны тань өгөөж ирээдүйд ямар түвшинд очих нь таны одоо хийх гэж буй үйлдлээс шууд хамаарна. Учир нь сайн үнэт цаас үнэ цэнээ жил бүр нэмэгдүүлсээр ирэх бөгөөд өнгөрсөн оны байдлаар Монголд 314 ХК-ний хувьцааг худалдан авах боломжтой байгаа аж. Мөн бонд гаргаж, санхүүжилт татаж буй компаниудыг дурдах нь зүйтэй. Та алийг нь авахаа мэдэхгүй бол сайтар судлаарай. Ингэхдээ найдвартай эх сурвалжаас бизнес, эдийн засагтай холбоотой мэдээ, мэдээлэл авч, хөрөнгө оруулалтын хэмжээ, хугацаа, хүртэх өгөөжөө тооцох хэрэгтэй.

Хэрэв найдвартай эх сурвалж мэдэхгүй байгаа бол МХБ, СЗХ, Press Center, Marketinfo болон Lemon Press-ийг сонирхоод үзээрэй.

Эх сурвалж: Asia Nikkei / Anand Tumurtogoo
Эх сурвалж: Asia Nikkei / Anand Tumurtogoo

3.Мөнгөө дансандаа байршуул

Хэрэв та компанийн хувьцаа, бонд гэх мэт үнэт цаасыг дээрээс авах бол данс нээлгэсэн ҮЦК-даа хандаарай. Одоо та үнэт цаас авахад шаардлагатай мөнгөө тооцож, дансандаа байршуулах хэрэгтэй ба ҮЦК-иудын зүгээс авдаг шимтгэлийг бодоорой. Сонирхуулахад өнгөрсөн онд нийт 1.4 их наяд төгрөгийн үнэт цаас зах зээлд арилжаалагдсан ба энэ нь 2020 оноос 21.6 дахин өссөн үзүүлэлт байжээ. Харин нийт арилжааны 74.1%-ийг компанийн бондын, 4.0%-ийг хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн, 0.3%-ийг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны, 21.6%-ийг хувьцааны арилжаа тус тус эзэлсэн байна.

4.Брокертоо захиалга өг

Хамгийн сүүлийн ажил бол үнэт цаас худалдан авах захиалгаа өгөх юм. Ингэхдээ өөрийн биеэр, утсаар болон интернэтээр захиалга өгөх боломжтой. Анхаарал, болгоомжгүй байдлаас шалтгаалж үнэт цаас худалдан авахад алдаа гарч болзошгүй тул захиалга өгөх үедээ худалдан авалтын нөхцөл, нэгжийн үнэ, үнэт цаасны тоо ширхэг болон нийт дүн зэргийг сайтар шалгаарай.

Эцэст нь дүгнэхэд санхүүгийн үйлчилгээнүүд улам бүр л хүртээмжтэй болж, хөрөнгө оруулагчдын тоог нэмэгдүүлжээ. Энэхүү санхүүгийн үйлчилгээ хүртээмжтэй байгаа цаг үед амьдарч буй та хөрөнгө оруулалтын тал дээр бусдаас битгий хоцроорой.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn