Тэтгэврийн шинэчлэл хийх нь зөв үү?

Нэг сая төгрөгийн дундаж цалинтай иргэн тэтгэвэрт гараад орлого нь хоёр дахин буурч, бага орлоготой түвшинд шууд шилжиж байна.
Тэтгэврийн шинэчлэл хийх нь зөв үү?

Иргэн тэтгэвэрт гарахад түүний хэрэглээний түвшнийг тогтвортой байлгах, өндөр настныг ядууралд өртөхөөс сэргийлж, санхүүгийн баталгаа нь болох, бусад эрсдэлээс хамгаалах нь тэтгэврийн үндсэн гол үүрэг. Тэгвэл өнөөдөр энэ үүргээ биелүүлж чадаж байна уу?

Манай улсын тэтгэврийн сан хуримтлалын бус “эв санааны нэгдэл” хэлбэрээр ажилладаг. Энэ тогтолцоо өндөр настнуудыг орлогын доройтол, ядуурлаас хамгаалах наад захын зорилгоо биелүүлж чаддаггүй. Хатуухан хэлэхэд гудамжинд гуйлга гуйсан настнууд, автобусанд “тэтгэврийн хэдэн төгрөг нь хаанаа ч хүрэхгүй байна” гэж ярих эмээ, өвөө нар, өөртөө наахаас илүүтэй, үр хүүхдэдээ тэтгэврээ зээлж өгөөд халаасандаа мөнгөгүй суух ахмадууд олон байна. Өнөөдөр бидний эргэн тойронд ийм өнгө төрх байгааг нуух юун.

Нэг сая төгрөгийн дундаж цалинтай иргэн тэтгэвэрт гарахад орлого нь хоёр дахин буурч, бага орлоготой түвшинд шууд шилжиж байна. Үүнээс гадна өнөөгийн тэтгэврийн сан санхүүгийн хувьд энэ хэвээрээ оршин тогтнох орон зай нь улам хумигдсаар, 10 жилийн дараа гэхэд тэтгэвэр олгох чадамжгүй болно гэсэн дүгнэлт бий. Үүнийг аргацаахын тулд тэтгэврийн параметрүүд болох нас, шимтгэлийг нэмэхээс өөр аргагүй байдалд хүрсэн. Гэвч энэ байдал удаан үргэлжлэхгүй. Иймээс өнөөдөр бидэнд тэтгэврийн шинэчлэлт зайлшгүй хэрэгтэй байгаа юм.

Бусад улсад ямар сайн жишиг байна вэ?

Тэтгэврийн тогтолцооны чиг баримжаа болсон олон давхаргат тогтолцооны хувилбарууд бий. Үүнд, Дэлхийн банк, ОУ-н хөдөлмөрийн байгууллага, Женевийн холбооноос гаргасан хувилбарууд гол байр суурь эзэлдэг. Тэтгэврийн тогтолцооны үндсэн зорилтыг хангахын тулд хэрэгжүүлэх боломжтой 4-5 давхарга бүхий тэтгэврийн тогтолцооны боломжит хувилбаруудыг ашигладаг байна. Эдгээр нь шимтгэлд суурилаагүй бүх нийтийг хамарсан тэтгэврийн суурь давхаргаас хувийн тэтгэврийн олон хувилбаруудыг хамарсан цогц шийдлүүдийг санал болгосон байдаг.

Ялангуяа, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын (ЭЗХАХБ) орнуудын хүрээнд олон давхаргат тэтгэврийн тогтолцоо амжилттай хэрэгжиж байна. Тод жишээ нь Австрали улс. Энэ улсын хувьд 1900-аад оны эхнээс тэтгэврийн тогтолцооны үндсийг тавьсан ба одоогоор тогтолцооны бүхий л давхаргад хамгийн өндөр түвшинд хамруулдаг орон болж чадсан. Хөгжиж буй орнуудын хувьд ч хуримтлалын хувилбарыг амжилттай хэрэгжүүлж буй туршлагууд бий. Үүний дотор Эстони, Латви зэрэг улс тодорхой санхүүгийн хөшүүрэг ашиглан хувийн тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлээд удаан хугацаа өнгөрчээ.

Бидэнд зоримог шийдэл хэрэгтэй

Манай улсын хувьд тэтгэврийн шинэчлэлийг хэрэгжүүлэхэд хамгийн том саад болж байгаа зүйл нь дээд түвшний шийдвэр гаргах явц юм. Өнөөгийн тогтолцоог огцом өөрчлөх хүсэл, зориг хууль тогтоох түвшинд хэрэгтэй байна. 2000 оноос хагас хуримтлалын тогтолцоог тэтгэврийн нэрийн дансны хуулийн хүрээнд шийдвэрлэхийг зорьж, 2015 он хүртэл төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогыг баталсан байдаг. Гэвч энэ хугацаанд дорвитой үр дүнд хүрээгүй. Үр дүнд нь төр өөрөө иргэдийн тэтгэврийн нэрийн дансанд үлдэгдлийн өртэй болсон. Түүнчлэн уламжлал ёсоор 2015 онд бодлогынхоо хугацааг хойшлуулж 2030 болгон баталсан. Иймд үүнийг хэрэгжүүлэхэд дээд түвшний тэтгэврийн шинэчлэл хийх зоримог шийдэл чухал байна.

Өнөөдрийн хөрөнгийн зах зээлийн өнгө төрх

Сүүлийн жилүүдэд IPO нэмэгдэж, цаашид олон компани нийтийн эзэмшил болохоор хүлээгдэж байна. Үүнээс гадна хөрөнгийн зах зээлийн арилжааны идэвх сүүлийн жилүүдэд ахицтай байгаа юм. Ялангуяа, 2021 онд цар тахлаас үүдсэн эдийн засгийн царцанги байдал, мөнгөний хэт нийлүүлэлт зэрэг үйл явдал нөлөөлсөн боловч энэ зах зээл рүү чиглэсэн шинэ хандлагыг үгүйсгэх аргагүй. Хөрөнгийн хоёр бирж ажиллаж байгаагийн зэрэгцээ биржийн бус зах зээлийн үйл ажиллагаа эхэлж амжилттай хэрэгжиж байна. Үүн дээр банкны салбарын өөрчлөлт том хүлээлт үүсгэсэн. Энэ мэт хөрөнгийн зах зээлийн талаарх эерэг мэдээ олон байна.

2022 он гарснаас хойших зах зээлийн уналт ойрын хугацаанд үргэлжлэх нь тодорхой боловч дээр дурдсан цар тахал, мөнгөний нийлүүлэлтийн үр дагавар арилснаар тогтворжих боломжтой.

Тэтгэврийн санг хуримтлалын тогтолцоонд шилжүүлэх нь хөрөнгийн зах зээлд эерэг нөлөөтэй

Хэрэв тэтгэврийн шинэчлэлийг хийж чадвал хөрөнгийн зах зээлийн хөгжилд томоохон түлхэц болох нөлөөтэй юм. Тэтгэврийн санд хуримтлуулсан мөнгийг хөрөнгийн зах зээл арвижуулж, хөрөнгө оруулалт хийдэг. Ингэснээр хөрөнгө татаж байгаа газар хөгжиж, нөгөө талдаа мөнгөө хадгалсан хүмүүсийн мөнгө арвижна. Үүнд бас эрсдэл бий. Буруу хөрөнгө оруулалт хийвэл алдагдалд хүргэнэ. Гэхдээ үүнээс сэргийлэхийн тулд мэргэжлийн зөвлөхүүд эрсдэлийг саармагжуулна. Тиймээс хуримтлалын тогтолцоонд шилжээд дорвитой хэмжээний сан бүрдүүлж чадвал эерэг нөлөө үзүүлэх нь гарцаагүй гэдгийг ОУ-ын хандлагаас харж болохоор байна. Товчхондоо сангийн мөнгөөр хөрөнгийн зах зээл дэмжигдэх боломжтой гэсэн үг. Энэ тохиолдолд сангийн удирдлага, хяналтыг хэн хэрэгжүүлэх, төрийн оролцоо ямар байх асуудал нь бидний гол шийдэх зүйл байх болно.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn