Үнэт цаасны мэдлэг №14: Хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох хэрэгтэй юу?

Хувьцаа эзэмшигчдийн хуралд яагаад оролцох хэрэгтэй талаар энэхүү нийтлэлээс уншаарай.
Эх сурвалж: Nexans
Эх сурвалж: Nexans

Хөрөнгө оруулагчдын хувьд зах зээл болон компанитай холбоотой мэдээ, мэдээллийг найдвартай эх сурвалжаас авах шаардлага үргэлж үүсдэг. Тэгвэл хамгийн найдвартай мэдээллийн эх сурвалж юу байж болох вэ. Мэдээж энэ нь компанийн мэдээлэлтэй шууд холбогддог. Тэгвэл энэ удаагийн "Үнэт цаасны мэдлэг" цувралын ээлжит дугаарт хувьцаа эзэмшигчдийн хурлын талаар тайлбарлан хүргэхэд бэлэн боллоо.

Хувьцаа эзэмшигчдийн хурал гэдэг нь компанийн хувь нийлүүлэгчид буюу хувьцаа эзэмшигчдэд компанийн асуудлаар санал, зөвлөмж өгөх зорилготой хурал юм. Ингэхдээ компанийн хэлбэрийг өөрчлөх, дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, ТУЗ-ийн гишүүдийг сонгон шалгаруулах гэх мэт асуудлын талаар хуралддаг байна. Дийлэнх компаниудын хувьд хувьцаа эзэмшигчдийн хурлыг жилд нэг удаа зохион байгуулдаг бол зарим тохиолдолд нэгээс олон удаа болж өнгөрөх ба тус хурлыг ээлжит бус хувьцаа эзэмшигчдийн хурал гэж нэрлэх аж.

Монгол Улсын хувьд хувьцаа эзэмшигчдийн хурлыг санхүүгийн жил дууссанаас хойш 4 сарын дотор зохион байгуулах хуультай. Тиймдээ ч ихэнх нээлттэй хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал жилийн эхний хагаст зохион байгуулагддаг байна. Ерөнхийд нь харж үзвэл томоохон компаниудын хувьд энэхүү хурал хувьцаа эзэмшигчид болон удирдах албан тушаалтнууд хоорондоо харьцах боломжийг бий болгодог ажээ.

@ Gazprom

Яагаад оролцох хэрэгтэй вэ?

  • Хяналт: Та компанийн хувьцаанд хөрөнгө оруулсан л бол тухайн компанийн тодорхой хувийг эзэмшиж буй эзэн нь гэж хэлж болно. Өөрийн эзэмшиж буй компанийн үйл ажиллагаанд хяналт тавих боломжийг хувьцаа эзэмшигчдийн хурал бий болгодог байна. Жишээлбэл, А компанийн хувьцааг хөрөнгө оруулагч эзэмшиж буй бол хуралд оролцсоноор компанийн үйл ажиллагаанд хяналт тавьж, удирдах албан тушаалтнуудтай харьцах боломжтой.

  • Саналын эрх: Хувьцаа эзэмшигчид хуулийн дагуу хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож, үйл ажиллагаатай холбоотой шийдвэр гаргалтад санал өгөх эрхтэй. Ингэснээр саналын эрхээр дамжуулж, үйл ажиллагаагаа тэлэхэд туслалцаа үзүүлдэг байна. Хэрэв та Мандал Даатгал, Түмэн Шувуут, Сэнтрал Экспресс Си Ви Эс зэрэг хувьцаат компаниудын хувьцааг эзэмшигч бол энэ амралтын өдрөөр "Хөрөнгө оруулалтын экспо"-д болох хуралдаа идэвхтэй оролцоорой.

Хэрхэн хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох вэ?

Та тухайн нээлттэй хувьцаат компанийн хувьцааг эзэмшиж буй бол хуралд оролцох бүрэн эрхтэй. Хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцохын тулд өмнө бүртгүүлэх хэрэг л тулгарах ба хуралтай холбоотой мэдээ, мэдээллийг компаниуд холбогдох байгууллагаар дамжуулж, урьдчилж мэдээлдэг аж.

Дүгнээд үзэхэд хувьцаа эзэмшигчдийн хурал нь компанийн засаглалыг илтгэх чухал үзүүлэлт юм. Нөгөө талаар хувьцаа эзэмшигчид хувьцаа эзэмшигчдийн хуралд идэвхтэй оролцсоноор компанийн үйл ажиллагаанд хяналт тавих, санал зөвлөмж өгөх болон чухал шийдвэр гаргалтуудад санал өгөх эрхийг эдэлдэг байна.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn