Павит Рамачандран: АХБ ирэх жилүүдэд Монголын сэргээгдэх эрчим хүчний салбарт түлхүү ажиллана

-Тус банкнаас Монголд 100 сая ам.долларын өртөг бүхий цэнэг хураагуурын төсөлд улсын секторын зээл олгосон байна-
Павит Рамачандран: АХБ ирэх жилүүдэд Монголын сэргээгдэх эрчим хүчний салбарт түлхүү ажиллана

Монгол Улс 31 жилийн өмнө Азийн Хөгжлийн Банк (АХБ)-д гишүүнээр элссэн түүхтэй. Энэ хугацаан дахь хамтын ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Павит Рамачандрантай ярилцлаа.

Хамтын ажиллагааны энэ хугацаанд хамгийн их санхүүжилт олгосон, үр дүнтэй хэрэгжсэн төсөл хөтөлбөрүүдийн талаар ярилцлагаа эхлүүлье?

-АХБ-наас өнөөг хүртэл нийт 4.1 тэрбум ам.долларын санхүүжилтийг олгоод байна. Үүнд хөдөө аж ахуй, боловсрол, эрчим хүч, санхүү, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, зам тээвэр, хот байгуулалт, хөдөөгийн хөгжил, аж үйлдвэр, худалдаа, мэдээлэл, харилцаа холбооны технологи зэрэг олон салбарт олгосон зээл, буцалтгүй тусламж болон техникийн туслалцааны төсөл хөтөлбөрүүд багтаж байна. Монгол Улсад ажилласан хугацаандаа бид олон салбарыг дэмжиж, үйл ажиллагаагаа өргөжүүлж чадсан. Аливаа төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ улс орны хөгжилд тулгарч буй гол сорилтуудыг шийдвэрлэх, бэрхшээлийг бууруулах, иргэдийн амьдралыг сайжруулахад анхаардаг. Тиймээс аль нэг төслийг хамгийн үр дүнтэй байсан гэж онцлоход хэцүү юм. Гэхдээ Монгол Улсын хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан төслүүдээс жишээ татаж хэлье. Авто зам, иргэний нисэх, төмөр зам, логистик, хот суурин газрын тээврийн хөгжлийг хамрах зам тээврийн салбарт өнөөдрийн байдлаар хамгийн их санхүүжилт олгосон. Энэ салбарт хийгдсэн ажлаас Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замын төслийг дурдаж болно. Төслийн хүрээнд Ховд, Баян-Өлгий аймгийн төвүүдээр дайрч, ОХУ-ыг БНХАУ-тай холбосон баруун бүсийн коридорын дагуух 420 км орчим авто замыг барьсан. Энэхүү коридорыг авто замаар холбосноор Монгол Улсын алслагдсан хөдөө орон нутгийн эдийн засаг, нийгэмд хөгжил, дэвшил авчирч байна. Бодончийн хавцлын 110.8 км авто замын ажил дууссаны хүчинд түүгээр зорчих хугацаа 4-5 дахин буурсан. Энэ нь Монгол Улсын хөрш орнуудтайгаа хийх худалдааг хөнгөвчилж, хамтын ажиллагааг бэхжүүлж, иргэдийн аж амьдралыг сайжруулж байна.

Дараагийн онцлох салбар нь юу байх вэ?

-Би хот байгуулалтын салбарыг онцолмоор байна. 1997 оноос хойш бид Монгол Улсын Засгийн газартай хамтран хотын захиргааны үйлчилгээний хамрах хүрээг өргөжүүлэх, түүний чанар, найдвартай байдлыг сайжруулах шийдлүүдийг эрэлхийлж, санхүүжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж ирсэн. 2020 онд бид хотын үйлчилгээг сайжруулж, гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн гурав дахь ээлжийн санхүүжилт болох 43,65 сая ам.долларыг баталсан. Нийт 320 сая ам.долларын хөрөнгө оруулалт бүхий тус хөтөлбөрийн 163.7 сая ам.долларыг АХБ-наас санхүүжүүлж байгаа бөгөөд хөтөлбөрийн хүрээнд зургаан дэд төвийг хөгжүүлснээр 840 мянган иргэн төслийн үр ашгийг нь шууд хүртэх болно. Өнгөрсөн жил Уур Амьсгалын Ногоон Сангаас АХБ-ны 560 сая ам.долларын санхүүжилттэй “Аймаг сумын бүсчилсэн, ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-т нэмэлт санхүүжилт болох 175 сая ам.долларыг баталсан. Миний дурдах сүүлийн төсөл нь 9 жил хэрэгжээд өнгөрсөн жил дууссан “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” төсөл юм. Энэ төслийн хүрээнд олон улсад магадлан итгэмжлэгдсэн цус сэлбэлт судлалын үндэсний төвийг байгуулж, үндэсний хэмжээнд цусны аюулгүй байдлын стандартыг бэхжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан. Энэ хүрээнд цус, цусан бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг сайжруулж, 21 аймагт 26 цусны салбар төвийг байгуулсан.

АХБ-наас хэрэгжүүлж буй төслүүдийг харвал яах аргагүй эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй болгоход анхаарч байгаа нь ажиглагддаг. Энэ хүрээнд ч олон ажил хийж байна?

-Иргэдэд хүрэх эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах нь АХБ-ны Монгол Улсад хэрэгжүүлж буй үйл ажиллагааны тууштай зорилт байсаар ирсэн. АХБ нь 1993 оноос хойш Монгол Улсад эрүүл мэндийн тогтолцоог шинэчлэхэд туслалцаа үзүүлж ирсэн хамгийн том олон талт хөгжлийн түншүүдийн нэг юм. Эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаа хэрэгжүүлсэн туршлага дээрээ тулгуурлан бид Ковид-19-ийн сөрөг нөлөөллийг бууруулах яаралтай, цогц тусламжийг үзүүлж чадсан. Энэ цогц дэмжлэгийн хүрээнд бид эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлж, Ковид-19 болон цаашид тохиох эрүүл мэндийн хямралын эсрэг хариу арга хэмжээ авах Монгол Улсын бэлэн байдлыг сайжруулах 100 сая ам.долларын бодлогын зээл баталсан.

Танай байгууллага сүүлийн жилүүдэд эрчим хүчний салбарт голчлон ажиллаж байгаа. Энэ тухайд?

-Эрчим хүч бол АХБ-ны тэргүүлэх чиглэлийн нэг төдийгүй Шинэ сэргэлтийн бодлогын хүрээн дэх чухал салбар юм. АХБ-ны Захирлуудын зөвлөлөөс 2020 онд цэнэг хураагуурын систем (ЦХС) байгуулахад зориулан 100 сая ам.долларын зээл болон 3 сая ам.долларын буцалтгүй тусламж олгохоор шийдвэрлэсэн. Монгол Улсын хувьд анхны 125мВт/160мВц-ын хүчин чадалтай дэвшилтэт технологи бүхий энэхүү ЦХС нь эрчим хүчний төвийн сүлжээний найдвартай байдлыг хангахаас гадна эрчим хүчний салбарын нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг багасгахад томоохон хувь нэмэр оруулах юм.

АХБ Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллах стратегиа 4 жил тутамд шинэчлэн баталдаг. 2021-2024 оны стратеги төлөвлөгөөнд эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарт урт хугацааны бодит шинэчлэлт хийх ажлуудыг тусгасан байсан?

-АХБ-наас 2021-2024 онд Монгол Улсад хэрэгжүүлэх түншлэлийн стратеги нь АХБ-ны Стратеги 2030, Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, 2021-2024 онд хэрэгжих Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан бодлогын тэргүүлэх чиглэлтэй нягт уялдаж байна. Шинэ стратеги нь гурван үндсэн чиглэлтэй байна. Нэгдүгээрт, эдийн засгийн боломж, нийгмийн хүртээмжтэй хөгжлийг дэмжих зорилготой. Хоёрдугаарт, Монгол Улсын дэд бүтцийн хөгжилд хувь нэмэр оруулж, эдийн засгийн өрсөлдөх чадвар, бүтцийн төрөлжилтийг дэмжих эрмэлзэлтэй байна. Гуравдугаарт, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, дотоод нөөц боломжийг илүү дайчлах, байгаль орчны менежмент, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадварыг сайжруулах, хүрээлэн буй орчинд ээлтэй ногоон төсөл, бүтээн байгуулалтыг хөгжүүлэх хэрэгцээ шаардлага өндөр хэвээр байгаа. Тиймээс тогтвортой өсөлт, ногоон хөгжлийн төлөөх чадавхыг сайжруулах нь Монгол Улсын хувьд нэн чухал байна. АХБ-ны түншлэлийн стратеги нь цахим шилжилт, хувийн хэвшлийн оролцоо, институтийн чадавх болон хөгжил, жендэрийн эрх тэгш байдал, иргэний нийгмийн оролцоо зэрэг хэд хэдэн тэргүүлэх чиглэлийг мөн хамрах юм. Эрүүл мэндийн салбар бол бидний хувьд нэн чухал салбар гэдгийг дахин онцлон хэлье.

Нийгмийн салбарыг мөн л орхигдуулж болохгүй чухал салбаруудын нэг?

-Нийгмийн хамгаалал бол яахын аргагүй бидний үйл ажиллагааны бас нэгэн тэргүүлэх салбар. Энэ салбарт үзүүлсэн АХБ-ны анхны тусламж 1994 онд техникийн туслалцааны төслөөр эхэлж байсан. Дараа нь 2001 онд нийгмийн хамгааллын тогтолцооны суурийг бий болгох зорилгоор анхны зээлийн төслийг эхлүүлсэн. АХБ-ны тусламж нь Засгийн газрын чадавхыг нэмэгдүүлэх болон олон нийтийн оролцоонд түшиглэсэн нийгмийн халамжийн үйлчилгээний хүртээмжийг иргэний нийгмийн байгууллагуудаар дамжуулан хэрэгжүүлэх тогтолцоог хөгжүүлэх замаар эмзэг бүлэгт хүрэх нийгмийн халамжийн үйлчилгээг сайжруулах зорилготой юм. Мөн АХБ нь нийгмийн хамгааллын бүх төрлийн халамж, үйлчилгээ (нийгмийн даатгал, нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлт гэх зэрэг)-г цогц байдлаар үзүүлэх боломжтой нэг цэгийн үйлчилгээний төвүүдийг байгуулах, хүнсний талон хөтөлбөр болон ядуурлыг онилох системийг хэрэгжүүлэх, хөгжүүлэхэд Засгийн газарт дэмжлэг үзүүлсэн. 2017 онд АХБ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог дээшлүүлэх анхны төслөө баталсан. Мөн бид саяхан, коронавируст цар тахлын үеэр нийгмийн хамгааллын салбарт чиглэсэн тусламж дэмжлэгээ нэлээдгүй өргөжүүлсэн. Тухайлбал, цар тахлаас улбаатай ядуу болон эмзэг бүлэгт тулгарч буй нийгэм-эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор 2020 онд 26.4 сая ам.доллар, 2021 онд 73 сая ам.долларын төслүүдийг тус тус баталсан. Бид цаашид төсвийн хязгаарлагдмал нөөцийг төрийн дэмжлэг нэн чухал бүлэгт зориулан зарцуулах нийгмийн хамгааллын системийг бэхжүүлэхэд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлж ажиллах болно.

Энэ жилийн хувьд аль салбарт, ямар ажлууд хийгдэж байгаа бол?

-Монгол Улсын хувьд 2022 он бол тун онцлох жил. Хэдийгээр энэ оны 2 дугаар сараас эхлэн вакцинжуулалтын үр нөлөөгөөр цар тахалтай холбоотой бүхий л хязгаарлалтууд цуцлагдсан ч БНХАУ-тай хиллэдэг голлох боомтууд хаалттай хэвээр байгаа. Мөн Украин улсын хүнд нөхцөл байдал үргэлжилсээр байгаа нь давхар хүндрэлүүдийг бий болгож байна. Эдгээр хүчин зүйл нь инфляцыг өсгөж, эдийн засгийн өсөлтийг саармагжуулж, Монголын ард түмэнд тун бэрх нөхцөлийг учруулж байна. АХБ-ны хувьд Монгол Улс эдгээр сөрөг нөлөөллүүдийг амжилттай даван туулж, хөгжлийн замдаа орох болно гэдэгт тун итгэлтэй байгаа. Тиймдээ ч бид энэ чиглэлд өөрсдийн тусламж дэмжлэгийг чиглүүлэн ажиллаж байна. Нэг талаас, бид өнөөгийн үүсээд буй эдийн засгийн сорилтуудыг даван туулах, нийгмийн эмзэг бүлгийг дэмжих чиглэлд Засгийн газрыг дэмжин ажиллах болно. Тухайлбал, макро-эдийн засгийн менежментийг сайжруулахад Засгийн газарт төсвийн нэмэлт дэмжлэг үзүүлэхээр бид тодорхой ажлуудыг эхлүүлчихсэн. Мөн, мэргэжлийн боловсролын байгууллагын төгсөгчдөд зориулан ажил хөдөлмөр эрхлэхэд нь нэн шаардлагатай чадваруудыг эзэмшүүлэхэд чиглэсэн төслийг батлахаар ажиллаж байна. Түүнчлэн бид сэргээгдэх эрчим хүчийг ашиглан дулаан хангамжийг сайжруулах, эрчим хүчний салбар дахь нүүрсхүчлийн хийг бууруулах чиглэлд тодорхой ажлуудыг төлөвлөн, хэрэгжүүлж байна.

Хөрөнгө оруулалт, санхүүжилт хийхээс гадна мэдээж ажлын үр дүн чухал. АХБ хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд хэрхэн хяналт тавьдаг юм бол?

-Хөгжлийн туслалцааг сайн үнэлж, хянадаг байх нь чухал ач холбогдолтой талаар тантай бүрэн санал нэг байна. АХБ төсөл боловсруулах, хэрэгжүүлэх үйл явцдаа Засгийн газар, иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшил, төслөөс үр шим хүртэх иргэд зэрэг хамтрагч талуудынхаа оролцоог сайтар хангаж, саналыг нь тусгахад анхаардаг. Төслийн загвар, хяналтын хүрээг төслийг бэлтгэх явцад оролцогч талуудтай зөвшилцөж, боловсруулдаг. Энд мөн АХБ-ны дэмжлэгтэй зээл, буцалтгүй тусламжийг Засгийн газар хэрэгжүүлдэг болохыг хэлэх нь зүйтэй. Тиймээс худалдан авах ажиллагаа, гэрээлэх болон гэрээний удирдлага зэрэг төслийн хэрэгжилтийг Засгийн газар хариуцдаг. Бидний зүгээс төслийн хөрөнгийг батлагдсан зорилгын хүрээнд хэмнэлт, үр ашигтайгаар зарцуулж буй эсэхийг баталгаажуулж, хянах үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлэхийн тулд манай ажилтнууд Засгийн газар болон түүний төсөл хэрэгжүүлэх нэгжүүдтэй нягт хамтран ажиллаж, жилд хоёр ба түүнээс дээш удаа тогтмол үнэлгээ хийдэг. Тендер болон гэрээ олгох явц нь Засгийн газрын худалдан авах ажиллагааны бодлого, АХБ-ны худалдан авах ажиллагааны журмын дагуу явдаг. Төсөл хэрэгжиж дуусахад санхүүжилтийг үр дүнтэй ашигласан эсэх, төсөл зорьсон үр нөлөө, үр дүндээ хүрсэн эсэхийг үнэлэх зорилгоор төслийн хяналтын тайланг бэлтгэдэг. АХБ-ны Хөндлөнгийн үнэлгээний газар (ХҮГ) төслийн үр нөлөө болон сургамжийг үнэлэх зорилгоор төсөл болон түүний хаалтын тайланг бие даасан байдлаар үнэлдэг. Мөн тэрхүү хаалтын тайланг АХБ-ны вэб хуудас дээр олон нийтэд нээлттэй байршуулдаг юм. Бүх төслийн санхүүгийн тайланг жил бүр хөндлөнгийн аудиторууд хянадаг бөгөөд баталгаажсан санхүүгийн тайланг олон нийтэд нээлттэй нийтэлдэг.

Та Ази, Номхон далайн орнуудад бодлогын шинэчлэл хийх, санхүүжилт босгох, чадавхыг бэхжүүлэх зэрэг чиглэлээр 20 гаруй жил ажилласан туршлагатай. Монгол Улс гаднын хөрөнгө оруулалт татахын тулд хэрхэн ажиллах, аль тал дээр нь илүү анхаарах хэрэгтэй гэж хардаг вэ?

-Монгол Улсыг нэг “брэнд” гэж үзвэл энэхүү брэнд нь маш онцгой бүтээгдэхүүн гэж би үздэг. Монгол Улс нь БНХАУ болон ОХУ-тай хиллэдэг, мөн Хойд болон Төв Азитай ойр орших газар зүйн байршлынхаа үүднээс өрнөл ихтэй, нээлттэй эдийн засаг бүхий бүсэд оршдог. Өнөөгийн нөхцөл байдлыг аваад үзвэл урд талаасаа БНХАУ-тай хиллэдэг хилийн боомтууд хаагдсан, хойд талаасаа дайны нөхцөл байдал тулгарч байгаа тул “далайд гарцгүй” улсын байр суурь хаана байх нь илүү тохиромжтой вэ гэдэг сэдвийг ч хөндөж болохоор байна. Монгол эрдэс баялгийн асар их нөөцтэй, мөн уул уурхайн бус, онцгой нөөц болох хөдөө аж ахуйн арвин баялаг түүхтэй орон. Тэгэхээр байгаль орчин, түүх шастир, соёл гээд бусад онцлог шинж чанар болон экспортын арвин нөөц боломж (органик хүнс, эм, эмийн бүтээгдэхүүн, болон бусад онцгой бүтээгдэхүүнүүд) дээрээ тулгуурлан томоохон зах зээлүүдийг онилох, түүн дотроо дэлхийн хоёр дахь том эдийн засаг болох БНХАУ руу чиглэх бүрэн боломжтой. Мөн боловсролтой, залуу, эрч хүчтэй шинэ үе бүхий хүн амтай тул энэхүү хүчээ ашиглан мэдлэгийг экспортлох бүрэн боломжтой гэж би хардаг. Бид экспортод суурилсан гадаадын шууд хөрөнгө оруулалтыг эдийн засгийн шилжилт, хөгжлийн гол хөдөлгөгч хүч болгосон Азийн Бар улсуудын түүхэн жишээг төдийлөн анзаарахгүй байна. Харин тулгарч байгаа сорилтуудын хувьд гэвэл Монгол гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд зарим нэг бүтцийн асуудлуудыг онцгойлон анхаарах хэрэгтэй.

Жишээ нь хууль эрх зүйн орчноо сайжруулах уу. Яг юуг анхаарах ёстой вэ?

-Энэ талаар би гурван сэдвийг хөндье. Юун түрүүнд хөрөнгө оруулалтын орчноо шинэчилж, гадаадын шууд хөрөнгө оруулалтад таатай орчин бүрдүүлэхийн тулд төр, хувийн хэвшлийн салбар хамтарч, “нэгдсэн удирдлага” дор ажиллаж, их хэмжээний хүчин чармайлт гаргах зайлшгүй шаардлагатай байдаг. Өөрөөр хэлбэл, хоёр талыг буюу Засгийн газар болон хувийн хэвшлийн лидерүүдийг нэгтгэн удирдан зохион байгуулах чадвартай, шаардлагатай шийдвэрийг зоригтой гаргах чадвар бүхий удирдагчийг хариуцлагатай албан тушаалд томилох нь маш чухал. Хоёрдугаарт, дэд бүтцийн асуудал байна. Дэлхийн Банкны Логистикийн Гүйцэтгэлийн Индексэд дурдсанаар Монгол Улс Азийн бусад оронтой харьцуулахад нэлээдгүй доогуур байранд жагсаж байна. Энэ нь Монгол Улсад тулгарч буй тээвэр болон логистикийн зардлыг бууруулах, хот суурин, хөдөө нутгийг дэд бүтцээр холбох шаардлагатай байгааг илэрхийлж буй хэрэг юм. Логистикийн бусад зардлыг оруулахгүйгээр, тээврийн зардал нь жижиг, дунд үйлдвэрлэлийн хувьд эрчим хүч, цахилгааны төлбөрийн дараах хоёр дахь том зардал байдаг. Хил дээр зарцуулах цагийг 10%-аар багасгахад Монгол Улсын ДНБ-ий өсөлт 0.65%-аар өсөх боломжтой гэж Ази, Номхон Далайн Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Байгууллага (CAREC)-ын худалдааны замын үзүүлэлтийн тухай судалгаанд дурдсан байна. Иймд голлох дэд бүтцийн бүтээн байгуулалт болон логистикийн төслүүдэд хувийн хэвшлийн оролцоог бий болгох, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих болон хамтарсан санхүүжилт босгох нь хөрөнгө оруулалтын орчны шинэчлэлд нэн чухал үүрэгтэй юм. Гуравдугаарт, бизнесийн орчны шинэчлэлийг бий болгох асуудал байна. Монгол Улс нь засаглалын чанар, төрийн салбарын үр нөлөө, хуулийн хэрэгжилтийг сайжруулах, авлигын үзүүлэлтүүдийг сайжруулах тал дээр үр бүтээлтэй ажиллах бүрэн боломжтой. Энэ чиглэлд Монгол Улс ашиглах бүрэн боломжтой олон сайн жишээ бий. Тэдгээрийг ашиглахдаа өөрийн өвөрмөц соёл, онцлогт тохируулан ашиглах нь зүйтэй. Гэхдээ гадаадын шууд хөрөнгө оруулалтыг амжилттай татаж, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлж чадсан улс орнуудад нийтлэг хэд хэдэн хэв шинж байдаг.

Тухайлбал?

-Брэндинг болон имиж бүрдүүлэлтийг дурдъя. Дэлхийн улс орнуудын хувьд Монгол бол өвөрмөц соёл, түүх нь бараг л мөрөөдлийн гэмээр брэнд гэж хэлж болно. Өнөөгийн сошиал медиагийн хөгжил нь энэхүү өвөрмөц байдлаа ил болгох замаар өөрчлөлтийг авчрах томоохон боломжийг бүрдүүлж байна. Тэгэхээр зөв маркетинг ашиглаж, олонд таниулах замаар өөрийн улс орны тухай ойлголтын зөрүүг эерүүлэх нь тун чухал. Мөн амлалтдаа хүрдэг байх, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх нь хөрөнгө оруулалтын салбарт чухал. Боломжит хөрөнгө оруулагчдыг татахад амлалтаа биелүүлэх, шаардлагатай шинэчлэлүүдийг хийхээс өөр чухал зүйл гэж үгүй. Хөрөнгө оруулалтыг татахад дэмжлэг болох хүчин зүйлс болох нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх, цахим бүртгэл болон хөрөнгө оруулагчдад зориулсан үйлчилгээнүүд тун чухал. Эдийн засгийн тусгай бүс нутаг, хөрөнгө оруулалтыг урамшуулах арга хэмжээ зэргийг тусгайлан ашиглаж болно. Мөн бүсийн хамтын ажиллагаа, тухайлбал, CAREC-ийн орнуудтай хамтран ажиллах нь энэ чиглэлд гарах хөгжлийн хоцрогдлоос сэргийлэх боломжтой. Дараагийн нэг чухал хүчин зүйл бол төрийн бодлогын залгамж халаа бүхий тогтвортой үйл ажиллагаа юм. Бодлогын тасралтгүй байдал, таамаглах боломж бүхий зах зээлийн орчныг бий болгох нь богино хугацааны чухал чиглэлээс илүү дунд болон урт хугацааны тогтвортой байдлыг бүрдүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хөгжил цэцэглэлтэд анхаарлаа хандуулах боломж олгоно. Зах зээл дээр тодорхой бус байдал үүсэх нь хөрөнгө оруулагчдын хувьд үргэлж эрсдэлийг бий болгодог. Тиймээс гадаад хувь эзэмшлийн хязгаарлалт; гадаадын хөрөнгө оруулалттай төслийн үнэлгээ, сонголт; гадаад ажиллах хүчний хязгаарлалт; болон үйл ажиллагааны бусад хязгаарлалтууд (хөрөнгө татах болон газар эзэмших) зэрэг “Гадаадын шууд хөрөнгө оруулалт дахь хууль, журмаар тогтоосон хязгаарлалт”-ыг анхаарч эргэн харах хэрэгтэй.

Та манай улсын эдийн засгийн ирээдүйн боломжуудыг хэрхэн харж байна вэ?

-Эдийн засгийн салбаруудын боломжийн талаар би хоёр зүйлийг чухалчилмаар байна. Нэгдүгээрт, хөдөө аж ахуй болон хүнс үйлдвэрлэлийн салбар. Монгол Улс нь хэдийгээр хүнс хангамжийн индексээр Азидаа 15 дугаар байранд ордог ч бүрэн ашиглагдаагүй олон боломж оршсоор байна. Дотоодоосоо махны хэрэгцээгээ хангах чадвар маш өндөр хэдий ч хүнсний ногооны хэрэгцээний 45%-ийг гаднаас импортолж байна. Махны үйлдвэрлэлийн хувьд үнэ цэнийн сүлжээний дээш, доош чиглэлд зах зээлийн маш том боломж бий. Монгол Улсад 550 мянган тонн мах боловсруулдгийн ердөө 5% нь үйлдвэрлэлийн түвшинд боловсруулагдаж байна. Органик хүнс үйлдвэрлэх, халал мах боловсруулах, экспортлох зэрэг маш том боломж бололцоо энэ зах зээлд байдаг. Хорио цээрийн байгууламжуудыг бэхжүүлэх, нядалгааны газруудыг байгуулах, чанарын шалгалт, сертификатжуулах системийг сайжруулах, улмаар өндөр үнээр худалдан авч чадах гадаадын зах зээлд нэвтрэх замаар хүнсний аюулгүй байдал, чанарын системийг сайжруулах хэрэгтэй. АХБ нь энэ салбарыг чухалчилж, өргөн хүрээнд ажиллаж байна. Тухайлбал, бид малчдын бүлгийг дэмжих, хүнсний гарал үүслийг тодорхойлох системийг хөгжүүлэх, бэлчээрийн удирдлагыг сайжруулах зорилгоор хүнсний ногооны үйлдвэрлэл болон усалгааны систем байгуулах төслүүдийг хэрэгжүүлж байна. Хөдөөгийн хөгжлийг дэмжих зорилгоор Уур амьсгалын ногоон сан, Европын хөрөнгө оруулалтын банк, болон АХБ-ны дэмжлэгээр Увс, Ховд, Баян-Өлгий аймгуудад хэрэгжиж байгаа бэлчээрийн тогтвортой менежмент, ЖДҮ-д зориулан агробизнесийг дэмжих болон үндсэн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөгдсөн томоохон хөтөлбөрийг онцолмоор байна. Хоёрдугаарт, сэргээгдэх эрчим хүчний салбар. АХБ-ны гишүүн, хөгжиж буй орнуудын дотроос Монгол Улс нь нүүрснээс хамгийн их хамааралтай орон юм. Нүүрс түлдэг дулааны станцууд нийт дулааны 90%-ийг, цахилгааны станцууд нийт эрчим хүчний 93%-ийг үйлдвэрлэж байна. Монгол Улсын нийт хүлэмжийн хийн ялгаруулалтын гуравны хоёр нь эрчим хүчний хэрэглээнээс үүдэлтэй байдаг. Одоогийн байдлаар Монгол Улсын салхи болон нарны эрчим хүчний нөөц нь жилд 5,457 тераватт цагийн буюу 2,600 гВт цэвэр эрчим хүчийг үйлдвэрлэх хүчин чадалтай. Энэ нь улсын нийт эрчим хүчний хэрэгцээ болох 1.2гВт эрчим хүчийг бүрэн хангах хүчин чадалтай гэсэн үг юм. Иймд сэргээгдэх эрчим хүчний технологийн зардлыг бууруулах, эрчим хүчний хэрэгцээ болон байгаль орчны асуудлуудыг шийдвэрлэх нь Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний салбарт тун чухал юм. АХБ нь энэ чиглэлд түлхүү ажиллаж эхлээд байгаа. Тухайлбал, бид сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлд төрийн болон хувийн хэвшлийн аль алиных нь оролцоог хангах замаар, хязгаарлагдмал сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхийн тулд 100 сая ам.долларын өртөг бүхий цэнэг хураагуурын төсөлд улсын секторын зээл олгосон. Энэ нь эрчим хүчний хангамжийн найдвартай байдлыг хангах зорилгоор ухаалаг эрчим хүчний сүлжээний системийг хөгжүүлэх, Зүүн хойд эрчим хүчний системийн нэг хэсэг болох говийн болон өмнөд бүсийн эрчим хүчний экспортыг дэмжихэд чиглэж байна.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn