Орос-Украины дайн Монголын эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ?

Хэдийгээр дэлхий дахин энэ дайн болно гэхэд төдийлөн итгэж чадахгүй байсан ч 2022 оны 2 дугаар сарын 24-нд ОХУ-ын зэвсэгт хүчин Украины газар нутаг руу дайрч эхэлснээр Европ тивд шинэ дайн эхэллээ. ОХУ бол Монгол Улсын мөнхийн хөрш бөгөөд худалдааны түнш улс билээ.
Орос-Украины дайн Монголын эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ?
www.worldbank.org

Монгол Банкнаас гаргасан 2020 оны сүүлийн улирлын статистик мэдээгээр Монгол Улсын

· Аялал жуулчлалын зардлын зөвхөн 4-5% нь л ОХУ-д ноогддог,

· Монголын эдийн засгийн хийж байгаа нийт хувийн гуйвуулгын 19% нь ОХУ-тай холбоотой шилжүүлэг,

· ОХУ-аас манай эдийн засагт оруулах гадаадын шууд хөрөнгө оруулалт тун бага буюу 2 сая орчим ам.доллар юм.

Монгол Улс бол Европын ихэнх улсууд шиг ОХУ-аас байгалийн хий, Африкийн зарим улсууд шиг ОХУ болон Украины гурил, ургамлын тос, хүнсний бүтээгдэхүүн зэрэг гол гол бүтээгдэхүүнээс хамааралтай улс биш юм. Тиймээс энэ дайны нөлөө нэгдүгээрт, Монголын эдийн засагт шатахууны импортын хэмжээ, үнийн өөрчлөлтийн сувгаар л нөлөөлнө. Учир нь Монголын нийт импортын 21%-ийг нефть, шатахууны бүтээгдэхүүн эзэлдэг. Хоёрдугаарт, төлбөр логистикийн хувьд нөлөөлөх юм.

ОХУ бол 1.4 их наядын ам.долларын ДНБ-тэй эдийн засаг. Дайны улмаас ОХУ-аас импортолдог шатахууны үнэд өөрчлөлт орно. Учир нь Европын Холбоо болон НАТО-гийн гишүүн орнууд ОХУ-ыг олон улсын төлбөрийн систем болох SWIFT системээс хассан. Энэ системд өнөөдөр дэлхийн 200 улсын 11 мянга орчим банк, санхүүгийн байгууллагууд нэгдсэн, нэг өдөрт ойролцоогоор 40 орчим сая төлбөрийн гүйлгээ хийж байдаг систем юм. Орчин үед дэлхий нийтийн санхүүгийн систем бол маш их харилцан уялдаатай болсон, цахимаар их хэмжээний төлбөрийг секундийн дотор хийж байдаг найдвартай системд ОХУ шиг 1 том эдийн засаг оролцох боломжгүй болоход энэ хязгаарлалт зөвхөн ОХУ-ын эдийн засагт нөлөөлөөд зогсохгүй ОХУ-ын хамтран худалдаа арилжаа хийдэг бүх эдийн засгуудад их бага хэмжээгээр нөлөөлнө.

Монголын импортын төлбөр тооцоонд, хувийн салбарын шилжүүлэгт сөргөөр нөлөөлнө.

2022 оны 2 дугаар сарын 27-нд Европын Холбоо болон түншүүд нь ОХУ-ын Төв Банкны активыг царцаах шийдвэр гаргасан. ОХУ-ын Төв Банкны актив бол ойролцоогоор 643 тэрбум ам.доллар бөгөөд үүний 132 тэрбум ам.доллар нь алт хэлбэрээр ОХУ-д байгаа юм. Оросын эдийн засаг нь түүхий эдийн экспортоос маш их хамаардаг тул эдгээр түүхий эдийн эрэлт нь эрс буураад, төлбөр тооцоо хийх боломжгүй болох нь Оросын хувьд борлуулж болох, үнээс хамаарах эрэлтийн мэдрэмж муутай хий, шатахуун зэрэг барааны үнийг өсгөх бодлого явуулахад хүргэнэ.

Монголын шатахуун импортолдог компаниуд төлбөр, тооцоогоо илүү зардалтайгаар, магадгүй бэлнээр төлж байх байдалд орох нь шатахууны зардлыг нэмэгдүүлнэ. Монголын өрхүүдийн болон аж ахуйн нэгжүүдийн шатахууны хэрэглээ нь тогтмол хэмжээнд байна гэж үзвэл үнэ өсөх нь өрхийн, аж ахуйн нэгжүүдийн зардлыг өсгөж, импорт тасалдах байдлыг үүсгэнэ.

2021 оны сүүлийн улирлын байдлаар, Орос-Украины дайнаас өмнө л гэхэд шатахуун, тээврийн үнэ 15.8 -21.1%-аар өссөн юм. Монгол Улс 1.3 сая тонн шатахуун түлшийг импортолдог. Монгол Улсын Засгийн газраас ихэвчлэн шатахууны үнэд татаас өгдөг боловч эдийн засагт үзүүлэх Ковид-19-ийн дарамт их, төсвийн алдагдал өндөр байгаа энэ үед засгийн газар ийм их хэмжээний татаасыг нефть импортлогч нарт өгөхгүй байх үндэслэлтэй. Эсвэл Засгийн газар импортын татварыг бууруулах, нефть импортлогч нарт татаас өгөх хувилбар байна гэж үзье.

Ийм хоёр хувилбарын хувьд Монгол Улсын эдийн засаг ямар зардал гарах вэ гэдгийг тайлбарлая. Эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн гаргасан, 68 бүтээгдэхүүн, 54 салбарын хэмжээгээр тооцсон Монгол Улсын Нийгмийн Тооцооллын Хүснэгтээр харахад (Social Accounting Matrix- SAM) шатахууны үнэ 15% нэмэгдэхэд, засгийн газар ийм их хэмжээний татаасыг нефть импортлогч нарт өгөхгүй байх үед:

  • Тээвэр, барилга, бусад аж үйлдвэрийн салбарууд, эрчим хүч, эрүүл мэндийн салбаруудын гарц 1- 4.5%-аар буурна.

  • 900 мянга орчим өрхүүдийн хэрэглээ, хадгаламж 2.4%-аар буурна,

  • Нийт хөрөнгө оруулалт 2.8%-аар буурна,

  • ДНБ-ний хэмжээ 2.6%-аар буурна,

  • Тээвэр, барилга, бусад аж үйлдвэрийн салбаруудад ажилгүйдэл 4.5-8.2%-аар нэмэгдэнэ,

  • Ядуурал одоо байгаа түвшин дээр 1.2%-аар нэмэгдэх буюу нэмж 36 мянга орчим иргэд ядуурлын түвшнээс доогуур хэрэглээтэй болно,

  • Татаас өгөхгүй үед засгийн газрын онцгой албан татварын орлого 190 орчим тэрбум төгрөг болно,

  • Засгийн газрын хэрэглээ 190 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ,

  • Хэрэглээний үнэ, инфляц одоо байгаа түвшин дээрээ нэмж 0.2%-аар нэмэгдэх болно.

ДНБ 2.6%-аар буурна гэдэг бол 2021 оны хувьд дөнгөж 1.4% өссөн манай эдийн засагт том цохилт болох болно. Үнэ улам бүр өсөж, ажилгүйдэл, ядуурал нэмэгдэх нь Ковид-19 дараах эдийн засгийн сэргээн босголтод хэцүү асуудлуудыг үүсгэж байна. Тиймээс, бодлогын хоёрдугаар хувилбар буюу Засгийн газар нефть онцгой импортлогч нарт татаас олгож, бензин, шатахууны үнийг барих бодлого явуулбал Монгол Улсын эдийн засагт ямар зардал гарах вэ гэдгийг тайлбарлая.

Эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн гаргасан тооцоогоор Монгол Улсын Нийгмийн Тооцооллын Хүснэгтээс харахад шатахууны үнэ 15%-аар нэмэгдэхэд:

  • Засгийн газар шатахууны импортоос авах онцгой албан татварыг өөрчилж, нефть импортлогч нарт татаас өгөх үед, өрхүүд, аж ахуйн нэгжүүдийн хувьд арай хямд үнээр бензин, түлшээ авах болно, тиймээс өрхүүдийн хэрэглээ, хадгаламж 2.4% биш 0.82%-аар буурна,

  • Гэвч, нийт хөрөнгө оруулалт 2.8% биш бүүр 6%-аар буурна,

  • ДНБ-ний хэмжээ 2.4%-аар буурна,

  • Ажил эрхлэлт 1,73%-аар буурна,

  • Засгийн газрын онцгой албан татварын орлого 164 орчим тэрбум төгрөгөөр дутаж, засгийн газрын хэрэглээ, хадгаламж ийм хэмжээгээр алдагдалтай гарна,

  • Инфляц одоо байгаа түвшин дээр 0.6%-аар нэмэгдэнэ,

  • Ядуурал одоо байгаа түвшин дээр 1.2% биш 0.4%-аар нэмэгдэх буюу нэмж 11 мянга орчим иргэд ядуурлын түвшнээс доогуур хэрэглээтэй болно.

ДНБ 2.4%-аар буурна гэдэг бол эдийн засагт мөн л том цохилт болох юм. Орос-Украины дайн Монголын эдийн засагт Ковид-19 дараах эдийн засгийн сэргээн босголтод хэцүү даваа, эдийн засгийн өсөлтийн болон орлогын хуваарилалтын сөрөг асуудлуудыг дагуулна. Эдийн засгийн бодлогын аль хувилбарыг хэрэгжүүлэх талаар Засгийн газар шийдвэр гаргана, гэвч судлаачдын хийсэн тооцоолол, тэдний тавьсан урьдчилсан нөхцөл, таамаглалуудыг сайн ойлгож, танилцаж, зөвлөлдөж байж шийдвэр гаргавал гуравдагч, богино хугацаанд хохирол багатай, гэхдээ урт хугацаанд гадаад өрийн, төлбөрийн асуудалтай тулгарах зарим өөр шийдлүүдийг олж болох юм.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn