Винод Ахужа: Монголчуудын 20%-д хүнсний баталгаат байдал алдагдсан

-Монголд бусад орон шиг “өлсгөлөн” байхгүй гэх боловч 5 хүн тутмын 1 нь шим тэжээлтэй, чанартай хоол хүнсийг хүссэн үедээ хангалттай хэмжээгээр худалдаж авч хэрэглэж чадахгүй байна-
Винод Ахужа: Монголчуудын 20%-д хүнсний баталгаат байдал алдагдсан

Монголчуудын хүнсний хангамж, аюулгүй байдал өнөөдөр нэн тулгамдсан асуудал боллоо. Энэ талаар Ерөнхийлөгчийн зүгээс хуулийн төсөл санаачлан, УИХ-аар хэлэлцүүлж байна. Энэ үед НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч, ноён Винод Ахужаг урьж цаг үеийн асуудлаар ярилцлаа. Тэрээр “Байцаалтад орох цаг болчихов уу” гэсээр өрөөндөө биднийг хүлээн авсан юм.

Та манай улсад амьдарч байгаагийн хувьд үнийн өсөлт, эдийн засгийн хүндрэлийг хэрхэн мэдэрч байна вэ?

-Хувь хүний зүгээс хариулах асуулт байна гэж ойлголоо. Мэдээж хүнсний үнэ өссөөр байгааг бид бүгд бодитоор харж байна. Дэлгүүрт ороод гарахдаа үнийн өсөлт, үүнээс үүсэх хүндрэлийг адилхан мэдэрч байгаа.

Тэгвэл “ам халаад” дараа нь энэ тухай лавлаж асууя. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын ажлын чиглэлийг товчхон танилцуулна уу?

-Манай байгууллагын үндсэн зорилго бол хүн эрүүл, идэвхтэй амьдрахад өөрт хэрэгтэй, чанартай хүнсийг хангалттай хэмжээгээр тогтмол хүртэж байх нөхцөлийг бий болгох юм. Үүний тулд шим тэжээлийн байдлыг дээшлүүлэх, хөдөө аж ахуйн бүтээмжийг сайжруулах, хөдөөгийн хөгжлийг дэмжих, эдийн засгийн өсөлтөд хөдөө аж ахуйн салбарын хувь нэмрийг нэмэгдүүлэхэд бүх талуудтай хамтран ажиллаж байна. Бид хүн амын, ялангуяа эмзэг, орлого багатай хүмүүсийн хүнсний баталгаат болон шим тэжээлийн тэнцвэрт байдлыг хангахад онцгой анхаарч ажилладаг.

Өнөөдөр хүнсний үнэ тогтвортой өсөж буй нь ямар эрсдэлийг дагуулж байна вэ?

-Үүнд хариулахын тулд олон талаас нь судалж, харах хэрэгтэй болно. Үйлдвэрлэл, үнэ, логистик гэх мэт олон эрсдэл бий. Мөн богино болон дунд хугацаанд ямар эрсдэл гарах тухайд бодох хэрэгтэй болно. Монгол Улсын хувьд хүүхдийн шим тэжээлийн байдлыг дээшлүүлэхэд хүрсэн ололт амжилтыг нэлээд хойш татах эрсдэл учруулж байна. Тодруулбал, хүүхдийн өсөлт, хоцролт болон тураалын үзүүлэлтээр Монгол Улс Ази тивдээ хамгийн бага хэмжээтэй орнуудын нэг, энэ тал дээр маш их амжилт гаргаж чадсан. Гэтэл хүнсний үнийн огцом өсөлт энэ байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй. Түүнчлэн өсвөр үе болон насанд хүрэгсдийн дунд шим тэжээлийн дутагдал, таргалалт зэрэг шим тэжээлийн давхар дарамттай хүмүүсийн тоо их байгаа, энэ байдал улам даамжрах вий.

Тэгвэл богино хугацаандаа ямар эрсдэл ажиглагдаж байна вэ?

-Богино хугацаанд үйлдвэрлэл талаас нь харвал мах болон гурилын нөөц хангалттай гэж салбарын яамнаас статистик гаргасныг харж болно. Ялангуяа өнгөрсөн жил Монгол Улс улаан буудайн ургац сайн авсан. Үүнээс гадна хүнсний ногоо, элсэн чихэр, тосны тодорхой нөөцтэй байгаа ч гэсэн үнэ нь нэмэгдсээр байна. Цаашид ч гэсэн эрчим хүчний үнийн өсөлтөөс хамаараад нэмэгдэх хандлагатай байна. Үнэ нэмэгдэхийн хэрээр хангамж, хүртээмжийн асуудал мөн хүндэрдэг. Түүнчлэн, аливаа үнийн өсөлтийн үед өртгийн сүлжээнд оролцогч аль нэг тал байдлыг ашиглан үнийг хуурамчаар өсгөдөг гэдгийг ч бид тооцож үүнийг тодруулах хэрэгтэй болно. Иймд бид анхааралтай ажиглах шаардлагатай байдаг.

Шинэ технологи нэвтрүүлэх, хүнсний ногооны тариалалт болон хүнс боловсруулах салбарт илүү хөрөнгө оруулах хэрэгтэй.

Винод Ахужа

Манай улсад зохиомол үнийн хөөргөдөл давхар бий болдог нь үнэн. Харин урт хугацаандаа ямар эрсдэл бий болно гэж харж байна вэ?

-Ургац хураалт, дараагийн тариалалтад тулгарч болзошгүй эрсдэлээ тооцож үзэх шаардлагатай. Ялангуяа ОХУ-аас хамааралтай улаан буудай, бордоо, үрийн үнэ нэмэгдэх хандлагатай боллоо. Энэ нь эрчим хүч, шатахууны үнийн өсөлтөөс шалтгаалж байна. Мөн ОХУ экспортдоо хориг арга хэмжээ, нэмэлт шаардлагууд тавьж эхэллээ. Энэ бүгдийг бодолцох шаардлагатай.

Яах аргагүй 2 хөрш орны хязгаарлалтад орсон. Гурил, махаа л дотооддоо хангадаг. Ерөнхийлөгчийн санаачилгаар хүнсний хангамжийн талаар томоохон зөвлөгөөн болж, монголчууд хүнсээ дотооддоо үйлдвэрлэх шаардлагатай болсныг онцолсон. Энэ тухайд ямар зөвлөмж өгч байгаа вэ?

-Хоёр зүйл дээр тодотгож яримаар байна. Эхлээд үйлдвэрлэлийн зардлыг багасгаж, илүү үр өгөөжтэй, бүтээмжтэй болгох нь чухал. Өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Өртгийн сүлжээний хувьд тухайн бүтээгдэхүүний үнийг яаж тогтоодог нь тодорхойгүй байдаг. Оролцогч талууд зах зээлийн судалгаагүйгээр өөрсдөө үнээ тогтоодог. Тэгэхээр өртгийн сүлжээг илүү ил тодорхой болгож, үр ашигтай, бүтээмжтэй болгох талаар ажиллах шаардлагатай гэж харж байна. Хоёрдугаарт, худалдааны сагсаа өргөжүүлэх, олон болгох хэрэгтэй. Үүнд зөвхөн импортоор орж буй бүтээгдэхүүн биш, экспортыг ч гэсэн нэмж хэлмээр байна. Хоёр хөрштэйгөө л худалдааны салбарт илүү ажилладаг. Иймд урд хил хязгаартай, хойд талд дайнтай байгаа энэ үед хоёр улсаас хамааралтай худалдаанд сөрөг үр дагавар гарч байна. Экспортын хувьд ч гэсэн илүү олон улстай харилцах талаар ажиллахыг зөвлөж байна. Үүнд шинэ боломж болгох хэрэгтэй.

Энэхүү хүнд сорилт нь 2 хөршөөс бусад улс оронтой хүнс, худалдааны харилцааг тэлж болох шинэ боломж гэж үү?

-Ковид, дайн гээд олон цочрол дараалан болж, хэцүү үе тулгарсан ч гэсэн боломж гэж нөгөө талаас нь харж болно. Нөхцөл байдал хүнсний тогтолцоонд ямар асуудал байна вэ гэдгийг тодорхой гаргаад өгч байгаа учраас шинэ бодлого, үйл ажиллагаа явуулж шийдэх боломжтой. Ялангуяа хүнс, хөдөө аж ахуйн салбарт шинэ технологи нэвтрүүлэх, хүнсний ногооны тариалалт болон хүнс боловсруулах салбарт илүү хөрөнгө оруулах хэрэгтэй. Үүнийг зөв ухаалаг шийдэж чадвал импортын хүнснээс хамааралтай байдлыг халах, олон талын худалдааны харилцаа үүсгэх боломж бий болно гэж харж байна.

Та өнгөрсөн 4 дүгээр сард болсон Монголын эдийн засгийн чуулганд оролцохдоо огцом цочрол 10-20%-ийн үнийн өсөлт бий болгож болзошгүй гэж хэлж байсан. Энэ нь одоогийн нөхцөл байдал мөн үү?

-НҮБ-ын ХХААБ-аас хийсэн дүн шинжилгээгээр олон улсын хэмжээнд ийм өсөлт гарч болзошгүй гэсэн таамаглал гаргасан юм. Үүнийгээ дунд болон хурцадмал хэмжээний цочрол гэж ангилсан. Дайн хэр удаан үргэлжлэх вэ, байдал хэр хурцадмал болох вэ гэдгээс ихээхэн шалтгаалахаар байна. Учир нь нэг баррель газрын тосны үнэ 70 доллар байснаа 100 доллар болж өссөн. Үүнээс дахиж нэмэгдэхгүй гэж тооцсон тохиолдолд үнийн өсөлт, тэр дундаа улаан буудайн үнэ 10% өснө гэсэн тооцоолол гаргасан. Энэ нь олон улсын хэмжээнд гаргасан зураглал. Хэрэв хурцадмал цочрол үүсвэл 20%-д хүрнэ гэсэн тооцоо бий.

Хурцадмал цочрол гэдэгт юуг тооцож байна вэ?

-ОХУ-аас олон улс оронд нийлүүлдэг буудайн үйлдвэрлэл бараг зогсож байна. Үүнтэй холбоотойгоор олон улсад ийм цочрол үүсэж болзошгүй байгаа юм.

Худалдааны сагсаа өргөжүүлэх, олон оронтой олон нэр төрлийн хүнсний худалдаа хийхийг зөвлөж байна.

Винод Ахужа

НҮБ манайхтай ижил төстэй орнуудад ямар зөвлөмж өгч байна вэ. Дэлхийн хэмжээнд хүнсний хангамж багассан гээд байна шүү дээ?

-НҮБ-аас бодлогын зөвлөмжүүдийг улс орнуудад өгч байгаа. Мэдээж орон бүр өөрийн онцлогтой. Ерөнхийд нь худалдааны сагсаа өргөжүүлэх, олон оронтой олон нэр төрлийн хүнсний худалдаа хийхийг зөвлөж байна. Зөрчил, мөргөлдөөнтэй улсуудад эмзэг бүлэг, орлого багатай хэсэгтээ нийгмийн халамжийг сайжруулах зөвлөмж өгч байна. Шаардлагатай бол хүнсний буцалтгүй тусламж олгох талаар төлөвлөгөөнүүд гаргаж байгаа. Хөгжиж байгаа болон хөгжсөн орнуудад өгч буй нийтлэг зөвлөмж гэвэл экспортод ямар нэгэн хориг тавихгүй байхыг зөвлөж байна. Ихэнх улс экспортод хориг тавьснаар дотоодын хүнсний баталгаат байдлаа хангана гэж үздэг боловч яг үнэндээ үр өгөөжтэй байгаагүйг өнгөрсөн туршлага харуулж байгаа. Ялангуяа эмзэг бүлгийнхэнд хүндээр тусдаг. Тэгэхээр аль болох олон улсын худалдааны зах зээлд нээлттэй, ил тод бодлого явуулах шаардлагатайг зөвлөдөг.

Хүнсний экспорт гэхээр Монголын хувьд яг одоо мах, гурил л байна даа?

-Монголын хувьд махаа экспортлох бүрэн нөөцтэй гэж хардаг. Гэвч малын тоо хангалттай байгаа нь экспорт хийчихнэ гэсэн ойлголт биш. Махны экспортыг тодорхой зорилго, алсын хараатай, нэгдсэн зохион байгуулалттай, системтэй хөгжүүлж хийх шаардлагатай. Улаан буудайн хувьд өнгөрсөн жил Монгол Улс хангалттай нөөц бүрдүүлсэн. Энэ салбар тодорхой түвшинд хөгжсөн, хийх зүйл харьцангуй бага. Гэхдээ чанарыг сайжруулах, үйлдвэрлэлийн зардал, өртгийг багасгах талаар нэмж ажиллах шаардлагатай. Мөн хүнсний ногооны үйлдвэрлэлийн зардлыг бууруулах, үр ашгийг нэмэх хэрэгтэй гэж харж байна. Сүүлийн 10 жилд монголчууд хүнсний ногооны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд хичээл зүтгэл их гаргасан нь үр дүнгээ өгч дотоодын хэрэгцээний тодорхой хувийг хангадаг болсон. Гэвч бас боомилдог хэд хэдэн хүчин зүйл бий. Хангалттай туршлага байгаа боловч хаана хөрөнгө оруулах вэ, ямар төрлийн технологи нэвтрүүлэх вэ гэдэгт илүү анхаарч, бодлогоор дэмжиж, хувийн хэвшлүүд энэ салбарт ороход таатай орчин бүрдүүлж чадвал илүү үр дүнтэй болно.

Хүүхдийн шим тэжээл, томчуудын эрдэс бодисын хангамж гэж чухал зүйлийг та өмнө нь хөндлөө. Энэ талаар танайх судалгаа хийсэн болов уу. Хүнсний баталгаат бус байдал гэдэгт юуг ойлгодог юм бэ?

-Хүнсний баталгаат байдлын бодлогын цөм нь хүн зөвхөн өлсөхгүй байхад бус, хамгийн гол нь өөрийн бие махбодийн хэрэгцээнд нийцсэн тэжээллэг, чанарын баталгаатай хоол хүнсийг хэрэглэх боломжоор хангагдаж үр дүнд нь хүн эрүүл саруул байж сурч, хөдөлмөрлөх өндөр чадвартай, чанартай амьдралын үндэс болох зорилготой юм. Иймээс сүүлийн жилүүдэд хүнсний баталгаат байдал гэсэн нэр томъёо хүнс, шим тэжээлийн баталгаат байдал гэсэн томъёололд шилжин 1996 оны Дэлхийн Хүнсний чуулга уулзалтаар тодорхойлолтыг улам өргөн хүрээтэй болгосон. Үүнийг “Хүн амьдралынхаа бүх цаг үед аюулгүй, тэжээллэг, хоол хүнсийг хангалттай хэмжээгээр хүртэж эрүүл, идэвхтэй амьдрахад шаардлагатай шим тэжээлийн хэрэгцээгээ хангах нөхцөл бүрдэх”-г хэлнэ гэж тодорхойлсон.

Судалгаанаас харахад монголчуудын 20%-д дээрх нөхцөл хангагдахгүй байна. Монголд бусад оронд байдаг шиг “өлсгөлөн” байхгүй гэх боловч 5 хүн тутмын нэг нь шим тэжээлтэй, чанартай хоол хүнс хүссэн үедээ хангалттай хэмжээгээр худалдаж авч хэрэглэж чадахгүй байна гэсэн үг. Нэмж хэлэхэд монголчууд цөөн нэр төрлийн хүнс хэрэглэдэг нь нийтлэг. Мах, гурилд суурилсан хоол их иддэг. Цагаан будаанаас өөр төрлийн будаа, шош, хүнсний олон төрлийн ногоо, жимс, жимсгэнэ бага хэрэглэдэг тул үүнээс шалтгаалан эрдэс бодис, А, Д аминдэм, төмрийн дутагдалд илүү ордог. Энэ нь урт хугацаандаа халдварт бус өвчнүүд, зүрх судасны болон хавдраар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Эдгээр нь өвчнүүд нь осол гэмтэл биш, идэж, ууж буй хоол хүнснээс ихээхэн шалтгаалдаг. Санаа зовоосон асуудал энэ болоод байна.

Манайд төрөөс хүнсний талон өгдөг хэсэг бий. Яг өдийд хүнсний тусламж олгох шаардлагатай болов уу?

-Яг зорилтот бүлэгт хүргэж чадаж байвал дэмжинэ. Одоогийн цочрол нь ковидын олон дараалсан давлагааны дараа, дайны улмаас үүсэж буй үнийн өсөлттэй холбоотой учраас Засгийн газрын хувьд төсвийн хүндрэл байгааг ойлгож байна. Иймд хүнсний хангамжийг төсөвт өндөр ачаалал үүсгэхгүй байхаар сайтар төлөвлөн, оновчтой зохион байгуулж, зорилтот бүлэгтээ хүргэх нь чухал нь болов уу.

Хүнсэндээ хүндэтгэлтэй ханддаг байх, хариуцлагатай хэрэглэгч байх, хөргөгчдөө муутгаж хогийн саванд хаяхгүй байх, аягандаа өөрийн идэж чадах хэмжээнд авдаг соёлтой хэрэглэгч байгаасай гэж монголчуудад хэлмээр байна.

Төрөөс хэмнэхийг зөвлөсөн. Хүнд үед хэмнэх талаар та ямар зөвлөгөө өгөх вэ. Бусад хэрэглээгээ танаад зөвхөн идэх үү, эсвэл идэх зүйлээ багасгах ёстой юм уу?

-Хүнсний хэрэглээний хэмнэлтийн тухайд манай НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын техникийн зөвлөлөөс алдагдал, хаягдлыг л багасгах шаардлагатай гэж зөвлөдөг. Монгол Улсын хэмжээнд хэдий хэмжээний хүнс хорогдож, хаягддаг тухай тооцоо, мэдээлэл байдаггүй. Хорогдол гэдэг нь дэлгүүрийн лангуунд ирэхээс өмнө буюу үйлдвэрлэл, хадгалалт, тээвэрлэлтийн явцад алдагдсан, хэзээ ч хэрэглэгчийн гарт хүрээгүй хүнсийг хэлдэг. Хаягдал гэдэгт дэлгүүрийн лангуунаас бидний голоод аваагүй, эсвэл хөргөгчдөө муутгасан, аягандаа үлдээсэн хүнсийг хэлж байгаа юм. Иймд хүнсэндээ хүндэтгэлтэй ханддаг байх, хариуцлагатай хэрэглэгч байх, хөргөгчдөө муутгаж хогийн саванд хаяхгүй байх, аягандаа өөрийн идэж чадах хэмжээнд авдаг соёлтой хэрэглэгч байгаасай гэж монголчуудад хэлмээр байна.

Энэ талаар өөр ямар нэгэн судалгаа байдаг уу?

-Азийн сангаас хог хаягдлын талаар 3-4 жилийн өмнө судалгаа хийсэн. Нийт хог хаягдлын 1/3 хувь (гуравны нэг хувь) нь хоол хүнс байсан гэсэн ерөнхий дүн гарсан байдаг. Ялангуяа орлого өндөртэй, хотын төвийн бүсэд энэ үзүүлэлт илүү өндөр байсан. Энэ нь зөвхөн Монголд биш олон улсад ажиглагддаг зүйл. Орлого ихсэх тусам хоол хүнсэндээ хайхрамжгүй, хэмнэх нь багасаад ирдэг. Монголд ч ийм дүр зураг ажиглагдаж байна. Ийм үед олон оронд хүнсний хаягдлыг багасгах зорилготойгоор хариуцлагатай хэрэглэгч болохыг уриалдаг.

Маш чухал зөвлөгөө байна. Манайхан хоол хүнсэндээ илүү хариуцлагатай ханддаг болох байх аа?

-Монголчууд хоол хүнснийхээ хаягдлыг багасгах, хариуцлагатай хэрэглэгч байгаасай гэдгийг дамжуулж өгөхийг хүсье. Багахан хоол хүнсийг бэлтгэхийн тулд маш их хөдөлмөр, хөрөнгө, хүч зарцуулж, хол газарт тээвэрлэж, байгалийн нөөц болох хөрс, ус, бэлчээр ашигладаг гэдгийг хүүхдүүд, залуустаа ойлгуулж хүнс, хоолондоо хүндэтгэлтэй, хямгатай байх дадалтай болбол маш их хэрэгтэй гэдгийг бүгдээрээ ойлгож хэрэгжүүлэх нь чухал.

Эцэст нь эхний асуултаа үргэлжлүүлмээр байна. Та хаанаас хүнсээ цуглуулдаг вэ?

-Имарт, Номин, Good price гэх мэт супермаркетаас хүнсээ авдаг. Мөн Саруул зах, Их Наяд орж жижиглэнгийн худалдаа эрхлэгчдийг дэмжихийг илүүд үздэг. Хүнсний захаас шинэ хүнс, ногоо, өндөг, сүүгээ авах дуртай. ­

-Ярилцсанд баярлалаа.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn