Үнэт цаасны мэдлэг №11: Хөрөнгө оруулалт хийхэд таны анхаарах ёстой 4 зүйл

Амжилттай хөрөнгө оруулагчдын баримталдаг энгийн дүрмийг эндээс уншаарай.
Эх сурвалж: Frank Busch
Эх сурвалж: Frank Busch

Хувьцаа, бонд, хадгаламж, криптовалют гэх мэт олон янзын санхүүгийн хэрэгсэл худалдан авч, хөрөнгө оруулалт хийхэд харьцангуй хялбар болсон үед та бид амьдарч байна. Гэвч амжилттай хөрөнгө оруулалт хийнэ гэдэг тийм ч амархан зүйл биш юм.

Жил бүр мэргэжлийн бус олон хөрөнгө оруулагч нар судлах цаг багатай болон мэдлэг дутмаг байдлаас шалтгаалж зах зээлээс мөнгөө алдсаар байдаг ажээ. Тиймээс "Үнэт цаасны мэдлэг" цувралын энэ удаагийн дугаарт хөрөнгө оруулалт хийхэд анхаарах ёстой 4 зүйлийг онцолж хүргэхэд бэлэн боллоо.

1.Эрсдэл болон өгөөж

Ямар ч хөрөнгө оруулалт тодорхой хэмжээний эрсдэлийг өөртөө дагуулдаг. Үүнд эрсдэл хэдий чинээ байна, өгөөж төдий чинээ байхыг ойлгох хэрэгтэй. Хэрэв та хөрөнгө оруулалтаа хэр эрсдэлтэй, ямар хэмжээний өгөөжтэй болохыг мэдэхийг хүсвэл эрсдэл/өгөөжийн харьцааг ашиглаарай.

Тус харьцааг энгийнээр тооцоод үзвэл: Таны хийх гэж буй хөрөнгө оруулалтын эрсдэл/өгөөжийн харьцаа 1:7 байв. Энэ нь 7,000 төгрөгийн өгөөж хүртэхийн тулд 1,000 төгрөгийн эрсдэл гаргах ёстойг харуулж байна. Эрсдэл/өгөөжийн харьцааг дан ганц үнэт цаас худалдан авахдаа бус мөрийтэй тоглоом тоглох үед ч ашигладаг ажээ.

2.Эрсдэлд дуртай байдал

Нэг хүнд таалагдаж буй зүйл нөгөө нэгэнд нь таалагдахгүй байх тохиолдол амьдрал дээр элбэг билээ. Хөрөнгө оруулалтын шийдвэр ч үүнтэй төстэй. Найз тань криптовалютад хөрөнгө оруулалт хийх талаар зөвлөгөө өгөхөд танд өндөр эрсдэлтэй санагдаж болно. Үүний шалтгаан нь хүн бүрийн эрсдэлд хандах хандлага ондоо байдагтай холбоотой.

Жишээлбэл: хөрөнгө оруулагч A компанийн хувьцаанд хөрөнгө оруулалт хийжээ. Тэрээр компани дээр хувьцаатай холбоотой судалгааг хангалттай хийсэн ба тус хувьцаа маргааш нь мэдээний улмаас 15%-аар унасан байна. Тэгвэл тухайн хувьцааг хөрөнгө оруулагч зарах хэрэгтэй юу эсвэл хүлээх үү. Энэ бүхэн түүний эрсдэлд дуртай байдлаас хамаарах юм. Хэрэв та өөрийн хэр эрсдэлд дуртайг мэдэхийг хүсвэл энд дараарай.

3.Хөрөнгө оруулалтын хэмжээ

Таны хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж буй мөнгөний хэмжээ хөрөнгө оруулалтын шийдвэрт томоохон нөлөөтэй юм. Учир нь Б компанийн бондод 1 сая төгрөгөөр хөрөнгө оруулах 100 сая төгрөгөөр хөрөнгө оруулах тэнгэр газар шиг л ялгаатай. Та 1 сая төгрөгөөр эрсдэлтэй зүйлд хөрөнгө оруулалт хийж болох ч 100 сая төгрөгөөр маш сайн судалж, мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авах нь зүйтэй.

Монголд хүн бүр ипотекийн зээлийг муугаар төсөөлдөг ч үнэн хэрэгтээ энэ нь хөрөнгө оруулалт юм. Яагаад гэвэл таны худалдан авч буй байрны ирээдүйн үнэ цэн нэмэгдэх магадал маш өндөр ба 100 саяар авсан байрны үнэ 10 жилийн дараа 200 сая болсон байхыг үгүйсгэхгүй. Тийм учир аливаа хөрөнгө оруулалтыг шийдвэр гаргахдаа мөнгөний хэмжээг чухалчилж үзэх хэрэгтэй шүү.

4. Цаг хугацаа

Ямар хугацаанд хөрөнгө оруулалт хийх нь анхаарах ёстой чухал зүйлсийн нэг ба та хөрөнгө оруулалт болон арилжааны ялгааг ойлгох хэрэгтэй. Хөрөнгө оруулалт илүү урт хугацаанд суурилдаг бол арилжаа харьцангуй богино юм. Мөн өгөөжийн хувьд ч урт хугацааны хөрөнгө оруулалт нь илүү байх тал өндөр байдаг.

Цаг хугацааг хэдий хэмжээний өгөөж хүртэхээр төлөвлөж байгаатай хамтад нь тооцох хэрэгтэй. Ингэснээр богино хугацаанд үнэт цаасаа зарж, алдагдал хүлээхээс сэргийлэхэд тань туслах юм. Өөр нэг шалтгаан нь урт хугацааны туршид зах зээл харьцангуй тогтворгүй байдалд байх бөгөөд цаг хугацааны явцад тогтвортой байдал үүсэж, зах зээл эргээд сэргэх төлөвт ордог байна.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn