Үнэт цаасны мэдлэг №15: Хөрөнгө оруулалтын сангийн талаар таны мэдэх хэрэгтэй 7 зүйл

Хөрөнгө оруулалтын сангийн талаар таны мэдэхгүй ямар зүйлс байна вэ?
Үнэт цаасны мэдлэг №15: Хөрөнгө оруулалтын сангийн талаар таны мэдэх хэрэгтэй 7 зүйл

1.Хөрөнгө оруулалтын сан гэж юу вэ?

Хөрөнгө оруулалтын сан гэдэг нь олон тооны хөрөнгө оруулагчдын мөнгөн хөрөнгийг нийлүүлж, хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнд үр ашигтай байдлаар судалгаа шинжилгээ хийж, хөрөнгө оруулдаг мэргэжлийн байгууллага юм. Тэд хөрөнгө оруулалтаас бий болох өгөөжийг хөрөнгө оруулалтын санд хөрөнгө оруулсан нэгж эрх эзэмшигчдэд олгодог байна.

2. Тэд юунд хөрөнгө оруулдаг вэ?

Тус байгууллагын хувьд үнэт цаасны зах зээл дээрх бүхий л төрлийн бүтээгдэхүүнд хөрөнгө оруулалт хийх бөгөөд ихэнх тохиолдолд эрсдэл багатай санхүүгийн хэрэгсэлд тулгуурлан хөрөнгө оруулалтын багцаа бүрдүүлдэг ажээ. Эрсдэл багатай санхүүгийн хэрэгсэлд ЗГ-ын бондууд, томоохон компаниудын хувьцаа орох бол эсрэгээрээ эрсдэл өндөртэй санхүүгийн хэрэгсэлд ETF, крипто, жижиг компаниудын хувьцаа, бонд зэрэг орно.

3. Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх гэж юу вэ?

Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх гэдэг нь хөрөнгө оруулагчдын санд оруулсан хөрөнгийг өмчилж буйг гэрчлэх үнэт цаас ба тус нэгж эрх нь компанийн хувьцаатай зарим талаар төстэй юм. Хэрэв та хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийг худалдан авахыг хүсвэл ҮЦК-д хандаж, хөрөнгийн бирж дээрээс авах боломжтой.

4. Хэдэн төрлийн хөрөнгө оруулалтын сан байдаг вэ?

Ерөнхийдөө хөрөнгө оруулалтын санг нээлттэй болон хаалттай гэж 2 ангилж болно. Нээлттэй сангийн хувьд хөрөнгө оруулагчдаас хүссэн хэмжээгээрээ хөрөнгө оруулалт татдаг ба хөрөнгө оруулагчид оруулсан хөрөнгөө хэрэг гарсан үед буцаан татах боломж нээлттэй байна. Харин хаалттай хөрөнгө оруулалтын сангийн тухайд хөрөнгө оруулагчдын тоо хязгаарлагдмал, хөрөнгө оруулагчид хэрэгтэй үедээ хөрөнгө оруулалтаа буцаан татах боломж байдаггүй онцлогтой. Аль ч хөрөнгө оруулалтын сангийн үнэ цэнийг цэвэр хөрөнгийн үнэ цэнээр тодорхойлно.

Эх сурвалж: Santander
Эх сурвалж: Santander

5.Цэвэр хөрөнгийн үнэ цэнийг хэрхэн тооцдог вэ?

Цэвэр хөрөнгийн үнэ цэн нь сангийн нэгж эрхийн цэвэр үнэ цэнийг илэрхийлэх бөгөөд сангийн нийт хөрөнгөөс нийт өр төлбөрийг хасаж, нийт нэгж эрхийн тоонд хуваах замаар тооцдог байна. Ингэснээр нэгж эрхийн цэвэр үнэ цэн гарах ба та зах зээл дээр арилжаалагдаж буй нэгж эрхийн үнэтэй харьцуулах замаар сангийн нэгж эрх үнэтэй эсвэл хямд байгааг олох боломжтой.

6.Хөрөнгө оруулалтын сангаас хэрхэн ашиг хүртэх вэ?

Хөрөнгө оруулалтын сангаас та ногдол ашиг хүртэх, нэгж эрхээ худалдах замаар өгөөж хүртэнэ. Таны хөрөнгө оруулсан сан тухайн жилд ашигтай ажилласан бол сан нэгж эрх эзэмшигчдэд тодорхой хэмжээний ашгийг тараадаг байна. Мөн та өөрийн эзэмшиж буй сангийн нэгж эрхээ анх худалдан авснаас өндөр үнээр худалдаж, ашиг хүртэх боломжтой.

7.Хэрхэн хөрөнгө оруулалтын санд хөрөнгө оруулалт хийх вэ?

Манай улсад Үндэсний Хувьчлалын Сан (XOC) болон Мандал Ирээдүйн өсөлт (MFG) гэсэн 2 хамтын хөрөнгө оруулалтын сан үйл ажиллагаа явуулж байгаа ба хэрэв та хялбар байдлаар хөрөнгө оруулалтын санд хөрөнгө оруулалт хийхийг хүсвэл ҮЦК-аар дамжуулж, дээрх сангуудын нэгж эрхийг худалдан авч болно. Гэхдээ ямар ч хөрөнгө оруулалтад судалгаа, шинжилгээ хийх шаардлагатай байдгийг санаарай.

Нэг үгээр хэлбэл ямар зүйлд хөрөнгө оруулалт хийхээ мэдэхгүй байгаа хүмүүст хөрөнгө оруулалтын сан томоохон боломжийг олгох ажээ. Хөрөнгө оруулалтын сан нь тэдний судалгаа, шинжилгээ хийх цагийг хэмнэж, мөнгөн хөрөнгийг оновчтой байдлаар удирдаж, өгөөж хүртэхэд нь нэг алхам ойртуулж байна.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn