Орос-Украины дайн- Хөдөө аж ахуйн салбар дахь зарим боломжууд

Сүүлийн үед дэлхийн ХАА-н түүхий эдийн зах зээлийн чухал тоглогчид болох ОХУ ба Украин нь цэрэг дайны зөрчил мөргөлдөөнт байдалд татагдан орж, тэдгээрийн зөрчил хурцдаж буй нь дотоодын болон олон улсын хүнсний үнийн тогтворгүй байдал, хүнсний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй талаар дэлхий нийт ихээхэн санаа зовниж байна.
Орос-Украины дайн- Хөдөө аж ахуйн салбар дахь зарим боломжууд

НҮБ-ын Хүнс Хөдөө аж ахуйн байгууллагаас энэ талаар гаргасан зөвлөмжөөс манай улсад хамааралтай байж болох зарим зөвлөмжийг дурдвал:

· Дотооддоо энэ нь улс орнуудын хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг шууд хязгаарлах бөгөөд эдийн засгийн идэвхжилийг бууруулж, үнэ нэмэгдэхтэй зэрэгцэн орон нутгийн хүн амын худалдан авах чадварыг бууруулж болзошгүй юм. Дэлхийн хэмжээнд аль ч улс орны хүнсний экспортыг гэнэт, удаан хугацаагаар бууруулахад хүргэдэг дайн гэх мэт зөрчил нь олон улсын хүнсний түүхий эдийн үнэд нэмэлт дарамт учруулж, ялангуяа бага орлоготой хүнсний хомсдолтой улс орнууд (LIFDCs)-д хохирол учруулж болзошгүй юм. Улс орнуудын хамгийн их арилжаалагддаг хүнсний бүтээгдэхүүний олон улсын үнийн өсөлт бусад хүнсний салбарт дам нөлөө үзүүлж, түүнчлэн дэлхийн хоол тэжээлийн дутагдалтай хүмүүсийн тоо нэмэгдэхэд хүргэж болох юм гэж үзэж байна.

· Украин, ОХУ-ын хүнсний импортоос шууд хамааралтай улс орнуудын хүнсний хангамжийг “солонгоруулах” нь (diversification) мөргөлдөөний үед цочролыг шингээж, уян хатан байлгахад туслах түлхүүр болно. Аль болох худалдааны олон түншээс хүнс импортлох нь нэг дор үүсэх шокийг багасгах юм. Нэг боломж нь олон улсын худалдааны бусад эх үүсвэрээр дамжуулан “солонгоруулах” явдал, өөр нэг боломж бол одоо байгаа хүнсний нөөц, дотоодын үйлдвэрлэл дээрээ түшиглэж хүнсний олон янз байдлыг сайжруулж, хүнсний хангамжаа тогтвортой шийдэх явдал юм гэжээ.

Зураг 1. ОХУ ба Украины дэлхийн зарим үр тарианы үйлдвэрлэлд эзлэх хувь хэмжээ

1. Наран цэцгийн үр 2. Арвай 3. Улаан буудай 4. Эрдэнэшиш 5. Рапс

Монгол Улсын Засгийн газар шинээр үүссэн энэхүү нөхцөл байдалд хүнс, хөдөө аж ахуйн салбарт гарч болзошгүй сөрөг үр дагаврыг судалж, урьдчилан сэргийлэх бодлогын арга хэмжээ авах шаардлага тулгарч байна. Тухайлбал, манай улс жилд 230 орчим мянган тонн гурил хэрэглэдэг бөгөөд энэхүү хэрэгцээг хангахад 300 мянган тонн улаанбуудай шаардлагатай байдаг гэж ХХААХҮЯ-наас мэдээлсэн. 2020 оны гурилын хэрэгцээний 80 орчим хувийг дотооддоо хангаж, үлдсэн хувийг ОХУ-аас импортолж байжээ.

Ковид цар тахлын үед л ОХУ, Казахстан, Украин улаанбуудайн экспортдоо хязгаарлалт тогтоож буйгаа зарласан нь улаан буудайн эрэлтийг нэмэгдүүлээд байв. Одоо дайны байдалд буй тус хоёр улсын экспорт хязгаарлагдаад буй дээрхээс улам хүндэрсэн нөхцөлд манай улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарт ямар сөрөг нөлөөлөл гарах бол? Наад захын өргөн хэрэглээний хүнсний ихээхэн хэрэгцээгээ импортоор хангадаг манай улс ургамлын тос, масло гэхчлэн өдөр тутмын хүнсний хангамжаа цаашид хэрхэн шийдэх, хүнсний импортыг "солонгоруулах" тал дээр юу бодож төлөвлөж суугаа бол?

Нөгөө талаар хоол, хүнсний хомсдолын асуудал бол эртнээс глобал асуудлын нэг байсаар ирсэн. Аль 2010 онд НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллагаас /ХХААБ/ гаргасан судалгаагаар дэлхийн 30 оронд хүнсний хомсдол үүсэж, нөөц багассан гэжээ. (Б.Санжмятав. Монгол Улсын эдийн засгийн гадаад хамтын ажиллагаа) Түүний дотор Монгол Улс байгаа нь манай төрийн харалган, арчаагүй бодлогын шууд үр дүн гэхээс өөр аргагүй юм.

Дэлхийн хүн амын өсөлт, уур амьсгалын дулаарлаас (одоо олон улсад үүсээд буй нөхцөл байдлын улмаас хоол, хүнсний үнийн өсөлт, эрэлт нийлүүлэлтээс) шалтгаалан хүнсний зүйлсийн хүрэлцээ муудах нь тодорхой болсон энэ цаг үед улс орнууд хүнсний нөөц бүрдүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хүнсний баталгаат байдлыг хангах, олон улсын худалдаанд эв найртайгаар хүнс худалдан авах эрхийг баталгаажуулах, мөнгөтэй орнууд газар түрээслэх буюу худалдан авч тариалах зэргээр самбаачлан ажиллах болов. Ийм нөхцөлд Монгол Улс өөрийн үйлдвэрлэлээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаад зогсолгүй оновчтой сонгосон хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүнээ /лаазалсан мах, сүү, сүүн бүтээгдэхүүн, улаан буудай, лаазалсан ногоо, органик жимс зэрэг экологийн цэвэр бүтээгдэхүүн/ хүнсний дутагдалтай улс орнуудад экспортлох боломж байгаа харагдана. Түүнчлэн бусад улс орнуудтай хамтран хүнсний банк байгуулан ажиллах бололцоо байгаа гэж судлаачид үзэж байна.

Үүний тулд төр дотоодын хөдөө аж ахуйн олон жижиг хоршоолол, үйлдвэрүүдийг дэмжих бодлогоо чанаржуулах, нэгдсэн бодлогод зангидах, кластер үүсгэх, хамгийн тэргүүний техник технологи нэвтрүүлэх, гадаад зах зээл дээр нэгдмэл байдлаар гаргах, олон улсын стандартыг нэвтрүүлэх, шаардлага хангасан лабораторитой болох, хил гаалийн асуудлыг холбогдох улс оронтой ярьж цэгцлэх, процедурыг хялбарчлах зэрэг салбарын дэд бүтэц, худалдааны менежментийн бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байна. Ер нь Монгол Улсын эдийн засаг бүхэлдээ гадаад худалдаа, хамтын ажиллагаанаас ихээхэн хамааралтай байдаг тул хүнс, хөдөө аж ахуйн салбарын бодлого ч гадаад орчноо мэдэрч, гадаад нөхцөл байдалдаа уялдан боловсрогдож байх ёстой билээ.

Нөгөөтээгүүр ХАА нь дэлхийн хүн амын 70%-ийг ажил, хоол хүнсээр хангадаг гэсэн статистик байдаг. Манай улс ХАА-н гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэлдээ тэргүүн зэргийн ач холбогдол өгч, дээр дурдсан бодлогыг хэрэгжүүлбэл ажлын байр хэд дахин нэмэгдэнэ. Өнгөрсөн 15 жилд Азид экспортын бүтээгдэхүүний үйлдвэрүүд байгуулагдсанаар 300 сая хүнийг ажлын байртай болгож, ядуурлаас гаргажээ. “Шинэ сэргэлтийн бодлого” гэдэг нь чухам үүнд чиглэх ёстой болов уу.

ХАА-н салбарт хөрөнгө оруулах бас нэгэн томоохон шалтгаан бол хүнсний хангамжийн асуудлыг шийдвэрлэхээс гадна хөрөнгийн үнэ цэнийг хадгалах, ашиг олох ач холбогдолтойд байдаг. 2007 оноос эхэлсэн олон улсын мөнгө, санхүүгийн хямралын үед барууны орнуудын хөрөнгийн зах зээл дээр үнэт цаасны үнэ дунджаар 50%, хөгжиж буй орнуудад 60% орчим буурч байсан бол хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл эрхэлдэг компаниудын хувьцаа бараг буураагүй учир энэ үеэр үнэт цаасны арилжаа эрхлэгчид гадаадын ХАА-н компаниуд, ХАА-н сан, ойн сан, хүнс ХАА-н үйлдвэрүүдийн хувьцааг худалдаж авч байжээ. Ер нь олон улсын мөнгө санхүүгийн хямралын үед ХАА-н компаниудын хувьцааны үнэ унахгүй байдаг нь энэ салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хүчин зүйл болдог байна.

Манай төр засгийн өмнө дэлхийн эдийн засаг, худалдааны даяаршил хийгээд үүсээд буй шинэ нөхцөл байдлын үр дүнд бий болж буй шинэ бололцоог ашиглах, төрийн бодлогоо гадаад орчин, олон улсын зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан боловсруулж, хэрэгжүүлж чаддаг байх, мэдээлэл судалгаагүй хөлдүү, хөшүүн хандлагаа халах шаардлага тулгарч байгааг энд нурших илүүц биз ээ.

Эх сурвалж: FAO

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn